Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна

2019-05-02 10:31

Х. Эрдэнэбулган 

 
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо. Сайншанд хотоос зүүн зүгт морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд  өөд уруугүй холхино.  Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ. Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

 



 
Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай явагдаж байна
 
Төмөр зам дээгүүр 16 метрийн урттай бетонон гүүр байгуулж буй бөгөөд энэ ажил  70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тус гүүр нь  Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах зам  болон босоо тэнхлэгийн төв магистралтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ. Харин  доод хэсэгт нь үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай бөгөөд энэ нь  Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм. Батлан хамгаалах яамны 7780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмж замын бүтээн байгуулалтад хүчин зүтгэж байна.  Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол:  тооцоот хурд 60 км/цаг, гол зам 16.36 км, авто зогсоолын талбай 350 метр,  салаа зам 743 метр,  далангийн өргөн 15 метр ажээ.  Авто замын хучилт нь 5 см дунд “0” ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөгджээ. Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж  болон тоноглол нь асфальт бетон хучилт,  цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе зэргээс бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс өгч байлаа. 
 
Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна.Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь  жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай явагдаж байна. Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж. Өргөгч кранаар буулгаж байгаа урт төмөр дээр холбосон бетон дэрийг мэргэжилтнүүд “Үе” гэж нэрлэнэ.Үүнийг УБТЗ-ын Зам засварын машин станцын Салхитын өртөө дахь Үе угсардаг баазад угсарч тусгай зориулалтын вагоноор тээвэрлэж авчирдаг. Дараа нь мөн л тусгай зориулалтын өргөгч кранаар ачиж тусгайлан бэлтгэсэн ул шороо дээгүүр суурилуулна. Үүний дараа бетон дэр доогуур болон завсраар шороо асган  “ВПО” гэх машинаар дагтаршуулан  нягтруулж байна.

“Энэ зам дээр галт тэрэг 80 км цагийн хурдтай явна. Үе буюу хавтан нь 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй, 46 ширхэг бетон дэртэй. Нэг км-т 1840 ширхэг бетон дэр орохоор тооцоолсон. Төмөр замын модон болон бетон үе зөөхөд зориулагдсан “УСО” гэдэг вагоноор 10 удаагийн зөөлтөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км  замыг барьж дуусгана. Нэг удаа 6.3 км шинэ үе ачих боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байна.Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 23-ныг хүртэл гүйцэтгэж долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулна. УБТЗ-ын Их засварын цуваа нь хүн амьдрах нөхцлийг бүрдүүлсэн сууцны вагонуудтай. Дотор нь вагон ресторан, вагон клуб,  халуун ус, интернэт гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн бүх зүйлүүд байдаг гэж УБТЗ-ын Зам засварын машин станцын орлогч дарга Т.Пунцаг ярив.  Замчид бетон үе тавьсаны дараах төмөр замын нарийн засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.Үеүдийг хооронд холбох, хадах, эрэг шургийг чангалах, дэрийг тохируулах зэрэг ажил чимхлүүр бөгөөд нарийн юм. Замын ажлын бэхэлгээг Английн “ПОНДРОЛ”  гэх стандарт бэхэлгээгээр тавьж байгааг албаныхан онцолж байлаа. Төмөр зам 1520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Нэг вагон дөрвөн гол буюу дөрвөн дугуйтай. Нэг гол 23.5 тонн ачаа даадаг бол  нэг вагон нийт 93.5 тонн ачаа даах боломжтой аж.

Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн. Дашрамд дурдахад УБТЗ модон дэрээс татгалзаж байгаа бөгөөд эдүгээ модон дэртэй 400 гаруй км замыг бетон дэрээр үе шаттай солихоор ажиллаж байгааг дуулгалаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна. Өртөө нь блочный маягийн релен цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглогдсон байх бөгөөд Сайншанд өртөөтэй оптик шилэн кабелийн шугамаар холбогдоно. Энд мөн л арваад хүний ажлын байр бий болох ажээ. Дээрх бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажлын байраар хангажээ. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Барилгын бетон зуурмаг, хэв хашмал хийгээд цемент, хайрга зэрэг бусад барилгын материалыг худалдан авсан  бол хоол хүнс, ахуйн бараа материалыг ч орон нутгаас чадахаараа хангасан аж. Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татсан харагдана.
 


Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар товчхон... 

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа  валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 59 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тогтож, 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100%-ийн төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргаж, улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулжээ.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 143 дугаар тогтоолоор “Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр, чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, ажил, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан юм. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь “Аи Си Ти-Сайн консалтинг” ХХК-тай түншлэл байгуулж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай  Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. 

Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртөгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон.  Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.  Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутаг дэвсгэрт Газрын тос боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл орон нутгаас үйлдвэрийн байгууламжийн эхний шат болох дэд бүтцийн ажлыг явцад улсын хэрэгцээнд авсан 150 га газар нь Монгол Улсын хууль тогтоомж,  стандартад нийцэхгүй байгаа учир  үйлдвэрийг цаашид өргөтгөх хэрэгцээг тооцож судалгаа хийсний үндсэн дээрх газрыг 404 га болгож  нэмэгдүүлэх саналыг аймгийн ИТХ-ийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн  хурлаар  хэлэлцэн  баталжээ.
 

Сэтгэгдэл (1)

  • Б.Ганцэцэг
    Миний Монголын Төмөр замчид Хамт олондоо Амжилт хүсэн ерөөе Зам Засварын Машинт Станцаас хүүхэд байх наснаасаа эхлэн халуун тогоонд нь чанагдаж явсаар тэтгэвэртээ гарсан даа Хамт олноороо үргэлж бахархаж явдаг шүү ядаж 55 хүртлээ ажилласан бол сайхан байхгүй юу
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 44 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 5 цаг 55 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 11 цаг 3 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.