Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Д.Батмагнай: Говь-Алтай аймгийн нийт нутгийн 51%-ийг тусгай хамгаалалтад авсан ч нэмэгдэх хандлагатай

А.Нямбаяр “Алтайн мэдээ” сонины сэтгүүлч
 

-Ашигт малтмалын хүчин төгөлдөр 161 тусгай зөвшөөрөл аймгийн нийт нутаг дэвсгэрийн 6.1%-ийг эзэлж байна-

Говь-Алтай аймагт уул уурхай, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, тэдний үйл ажиллагааны талаар хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнайгаас тодрууллаа.

Говь-Алтай аймагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хэчнээн компани эзэмшиж байгаа вэ? Компаниудаас хэд нь үйл ажиллагаагаа яг одоо явуулж байна?
Ашигт малтмал, Газрын тосны газрын (АМГТГ) сар бүрийн статистик мэдээллээр 2019 оны хоёрдугаар 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 161 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 870.8 мянган га буюу  6.1%-ийг эзэлж байгаа. Ашиглалтын 50 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.6%-ийг, хайгуулын 111 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 5.5%-ийг тус тус эзэлж буй. Тусгай зөвшөөрөл  эзэмшигч нийт  115 аж ахуйн нэгж байна.

2018 онд 7 тусгай зөвшөөрлийн хүрээнд Таяннуур, Хөв булаг, Зээгт, Хуурай, Бөөрөг зэрэг 5 уурхай ажиллаж, 13 суманд хайгуулын 63 тусгай зөвшөөрөлтэй 52 аж ахуйн нэгж үйл ажиллагаа тус тус явуулсан.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, төмрийн хүдрийн Таяннуурын уурхай, Зээгт болон Хөв булгийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Алтны хоёр компани улирлын чанартай үйл ажиллагаатай бөгөөд 5-10 дугаар сард ажилладаг. Эрдэнэ, Алтай, Цогт, Бугат сумдад хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 6 аж ахуйн нэгж байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө бүртгүүлсэн. Одоогоор хайгуулын ажил хийгдэж эхлээгүй байна.

Компаниуд тусгай зөвшөөрлөө 3 жил болоод сунгах ёстой байдаг. Сунгалтаа бүрэн хийсэн үү? Сунгалтаа хийгээгүй үйл ажиллагаа явуулж буй компани бий юу?
Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн сунгалтыг АМГТГ-аас хийдэг. Бүгд сунгалт хийлгэж, хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр орон нутагт хайгуулын ажлаа эхлүүлдэг. Геологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт жил бүр бүртгүүлдэг. Бид бүртгэлийг хийхдээ тусгай зөвшөөрлийн сунгалтыг шалгадаг учир сунгалтаа хийгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байхгүй.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хувьд ашигт малтмалын хайгуул болон  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт тавих чиг үүрэгтэй. Хэрхэн хяналтыг тавин ажиллаж байна. Хяналтын үйл ажиллагаа явуулахад асуудал тулгарч байна уу?
Манай байгууллага Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байгалийн баялаг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа болон ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Ингэхдээ байгаль орчны багц хууль, тогтоомжийн хүрээнд хяналтын ажлыг зохион байгуулдаг. Ялангуяа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гэсэн томоохон баримт бичгийн хэрэгжилтийн байдалд хяналтыг хийдэг. Мөн Усны тухай, Хог хаягдлын тухай хуулиудын хүрээнд хяналт тавьдаг. Усны болон аюултай хог хаягдлын асуудал бол хамгийн чухал анхаарах асуудал юм. Хяналтын үйл ажиллагаа явуулахад тулгамдах асуудал ер нь байхгүй. Аж ахуйн нэгжүүд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгасан ажлуудаа шаардагдах хөрөнгө санхүүжилтийг зарцуулан бүрэн хийсэн, төлбөр, татварын өргүй байх тал дээр манай байгууллагын зүгээс байнга зөвлөн, тусалж ажилладаг.

Ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг дүрэм журам, стандартын дагуу хийж байна уу?
Аймгийн хэмжээнд  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Алтай хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, “Эн Си Жи Ти” ХХК-ийн  “Хуурай” уурхай, “Цогц эрин транс” ХХК-ийн Бөөрөгийн алтны шороон ордын уурхай, “Гоби коул энд энержи” ХХК-ийн Зээгт болоод “Мандал Алтай” группийн Хөв булгийн нүүрсний уурхай гэсэн 5 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тус уурхайдын үйл ажиллагааны улмаас нийт 114.78 га талбай олборлолтод өртсөн бөгөөд “Цогц эрин транс” ХХК-ийн Бөөрөгийн уурхай нь 2018 онд 19.23 га-д техникийн нөхөн сэргээлтийг хийсэн. Үлдсэн 4 уурхай нь ашиглаж буй талбайг хаах болоогүй учир нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байгаа.

Нөхөн сэргээлт хийхгүй байгаа зөрчилтэй компани бий юу. Ийм зөрчилд ямар хариуцлага тооцдог вэ?
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн дагуу 2005-2010 онд олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан “Мандал Алтай” группийн Мааньтийн уурхайн (одоогоор ажиллахгүй байгаа) олборлолтод өртсөн 7.4 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Энэ асуудлыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй учир холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаж байна. Тусгай зөвшөөрөл 30 жилийн хугацаатай олгогдсон. Ер нь бол тусгай зөвшөөрөлтэй уурхайг цаашид ашиглахгүй тохиолдолд хуульд заасан үүргийнх нь дагуу нөхөн сэргээлтийг зайлшгүй хийлгэж, хүлээлгэн өгөх мэдэгдлийг хүргүүлэн ажиллана.

Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Мөн тус хуулийн 66 дугаар зүйлд, Эрүүгийн эсвэл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулан нөхөн сэргээлт хийхэд шаардагдах хөрөнгийг гаргуулан газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлдэг.

Нөхөн сэргээлтийн асуудалд яригдах бас нэг зүйл бол бичил уурхай эрхлэгчид байдаг. Эдгээр хүмүүстэй хэрхэн хамтран ажиллаж, хяналт тавьж байна вэ?
Бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмжин ажиллах талаар тодорхой ажлуудыг аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран жил бүр бичил уурхайчдын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Зөвлөгөөнд сумдын удирдлага, байгаль орчны байцаагч, багийн дарга, бичил уурхайн нөхөрлөл, хоршоо, ТББ-уудын төлөөллийг оролцуулан тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам, цаашид хэрхэн хамтран ажиллах, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх чиглэлээр зөвлөмж гарган ажилладаг. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтад оруулан хууль эрх зүйн хүрээнд ажиллуулах зорилгоор бүсийн болон аймаг, сумдын сургалт семинар, туршлага судлах уулзалтад хамруулан ном гарын авлагыг тараан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор зохион байгуулалтад орсон 1 холбоо, 9 төрийн бус байгууллага, 24 бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нөхөрлөл, 284 бичил уурхайчид бүртгэлтэй. Орон нутгийн төсөв болоод төсөл хөтөлбөр, бичил уурхайн журмын хүрээнд 2014-2018 онуудад нийт 91.15 га-д нөхөн сэргээлт хийсэн.

Аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй томоохон компанийн нэг бол “Алтайн хүдэр” юм. Энэ компанийн хувьд тоосжилт маш ихээр бий болгож байгаа асуудал яригддаг. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
“Алтай хүдэр” компани Таяннуурын уурхайн үйл ажиллагааны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр БОАЖЯ-аар батлуулан хэрэгжилтийг тайлагнан ажилладаг. Төлөвлөгөөний хэрэгжилтэд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг шалгалт хийн үнэлэлт өгч яаманд явуулдаг. Орон нутгийн үнэлгээнд үндэслэн яам дүгнэлтээ гаргадаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тоосжилтын асуудал нэг бүлэг болон орж ирдэг.

Тухайн уурхайгаас тоосжилтыг бууруулах зорилгоор уурхайн бүс болон тээвэрлэлтийн замд усалгаа хийж, уурхай бүс дотор хатуу хучилттай зам тавьсан. Мөн 5-6 дугаар үйлдвэрт тоос сорогч байрлуулан ажиллаж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймд тоосжилт хамгийн их үүсч байгаа тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох ажлыг яаравчлах шаардлага аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тавьж байгаа. Компани уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км замын 86.8 км–ийг асфальт бетон хучилттай болгосон. Цаашид замыг бүрэн хучилттай болгосноор тоосжилтын асуудал багасна гэж үзэж байна.

Аймагт уул уурхайн үйл ажиллагаанд анхаарах болон учир дутагдалтай, цаашид сайжруулах нэн шаардлагатай байгаа ямар асуудлууд байна вэ? Үүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг Та хэрхэн харж байна?
Аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн хариуцлагатай ажиллах нь чухал. Энэ тал дээр аймаг, сумдын асуудал хариуцсан байгууллагуудаас хяналт шалгалтаа хийн зөвлөн тусалж, хамтран ажиллах хэрэгтэй. Харин хуулиар хориглосон газарт нөхөн сэргээлт нэрийн дор өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа асуудалд маш хариуцлагатай байх ёстой. Нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн ойлголт Ашигт малтмалын болон Байгаль орчны салбарын аль ч хуулинд байхгүй. Тиймээс сум орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлуулахыг завдсан аливаа гэрээ хэлцэл байгуулахгүй байх хэрэгтэй. Мөн бичил уурхайгаар ашиглуулах боломжтой газрын асуудлыг шийдвэрлүүлсний дараагаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэрээ хэлцэл хийх шаардлагатай. Хэрэв газрын асуудлыг шийдүүлэхгүйгээр хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулсан тохиолдолд энэ нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа болж холбогдох хууль тогтоомжуудын дагуу хариуцлага хүлээх болно. Иймд эдгээр асуудлуудад анхаарч, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, мэдээ мэдээлэл, хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллах хэрэгтэй байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутагт олгох нь тухайн нутгийн байгаль орчинд эерэг болоод сөрөг нөлөө ихтэй. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олшрох байдалд Та ямар хандлагатай байдаг вэ?
Аль болох нутаг орноо унаган байгалиар нь хадгалан үлдэх нь зөв гэж боддог. Ер нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл их олгогдохоос сэргийлж байгалийн нөөц, түүх соёлын өв, дурсгалт газруудыг улс орон нутгийн тусгай хамгаалалтад авах зорилгыг урдаа тавин ажилладаг. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 51%-ийг тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь “Хүйсийн говь”, “Сутай хайрхан” уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын хамгийн том хэлбэр гэж ойлгож болно. Мөн хуулиараа гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газарт ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглосон байдаг  учир эдгээр газруудад тусгай зөвшөөрөл олгогдохгүй.
Цаг гарган мэдээлэл хүргэсэнд баярлалаа.