Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж

П.Нямцэцэг D media агентлагийн сэтгүүлч
 

- Жонш Баяжуулах үйлдвэрийн химийн хорт бодистой ус хөрсний 60-110 см гүнд нэвчжээ -
 

2019 оны  дөрөвдүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч, химийн хорт бодистой ус малын бэлчээр рүү урсаж,  үүний улмаас мал үхсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 16-нд тус суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, болсон үйл явдалд авч буй арга хэмжээний талаар сурвалжиллаа.

Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 8 цаг 30 минутын орчимд жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас химийн хорт бодистой ус урсч байгааг тус компанийн ажилтан сумын байгаль орчны мэргэжилтэнд анх мэдээлсэн байна. Энэ үед үйлдвэрийн зүгээс далангаас урссан химийн хорт бодистой усыг тогтоох арга хэмжээг авч эхэлжээ. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, далангаас химийн хортой ус 1.7 км орчим урссаныг хамгаалалтад авч эргүүл гаргасан аж. Химийн бодисын дэгдэлтийг намдаах зорилгоор бохирдсон газарт нимгэн хучилт хийжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Байгаль орчны байцаагч газар дээр нь шалгалт хийснээр Баяжуулах үйлдвэрийн технологийн шугам /бөмбөлөгт тээрмийн бул/-ыг лацдан үйл ажиллагааг зогсоосон юм.

Болсон үйл явдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, гарсан эрсдэлийн дараа яаралтай авч хэрэгжүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийж,  Даланжаргалан сумын Онцгой комиссыг хуралдууллаа. Онцгой комиссын хуралдаанд 24 гишүүн оролцсон бөгөөд дээрх асуудлын хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг тайлбар хийсэн юм. Тэрээр “Мэдээллийн мөрөөр бид бүхэн шалгалт хийхэд даланд сэтрэлт үүсээгүй. Харин хаягдлын далангийн хуримтлагдсан лагийг авах явцад далан нимгэрч хөрсөнд нэвчилт өгсөнөөр 1,7 км газарт химийн хорт бодистой ус урсаж тогтоц газар 110 см, урсац газар 60 см нэвчсэн байна. Үүнээс болж мал амьтан үхээгүй” тухай албан ёсоор мэдэгдлээ. “Эко хэлхээ” компани орон нутагтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан ч энэ нь хуулийн бусад хяналт, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг Аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газраас онцлов. Ажлын хэсэг, аймгийн прокурорын газрын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад 14 хуудастай материалыг хүргүүлэн шалгуулж байна.

Хариуцагч “Эко хэлхээ” компани үйлдвэрийг түрээсэлж байжээ

Даланжаргалан суманд ашигт малтмалын  ашиглалтын болон хайгуулын 93 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Сумын нутаг дэвсгэрт боловсруулах хоёр, баяжуулах хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь сумын төвөөс зүүн хойш 3 км орчимд Цомог багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эко хэлхээ” ХХК-ийх юм. Тус үйлдвэрийн газрын эзэмшигч нь “Кевин Инвест” ХХК бөгөөд 2008 онд ашиглалтад оруулж 2014 он хүртэл ажиллуулжээ. Улмаар 2014-2018 он хүртэл үйлдвэр түр зогссон байна. 2018 онд жоншны үнэ дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотойгоор “Эко хэлхээ” компани уг үйлдвэрийг “Кевин инвест” компаниас хоёр жилийн хугацаатай түрээслэх гэрээг байгуулжээ. Ингээд өнгөрсөн оны тавдугаар сараас “Эко хэлхээ” компани тус газарт жоншны хүдрийг баяжуулан экспортод гаргаж эхэлсэн бөгөөд 2018 онд 38 мянган тонн баяжмал экспортолжээ. Тус компанид орон нутгийн 54 иргэн, Хятадын 25 мэргэжилтэн ажилладаг. Баяжуулах үйлдвэрийн бүсэд 10 га газар хамаарч, хаягдал сан буюу далангийн талбай 4 га газрыг эзэлдэг байна. Энэхүү хаягдлын далан жонш Баяжуулах үйлдвэрээс 350 метрийн зайд байрладаг бөгөөд 170 мянган шоо метр багтаамжтай.

 

“Эко хэлхээ” компани химийн гурван төрлийн бодис ашиглаж жоншоо баяжуулдаг

Үйлдвэрийн хувьд хөвүүлэн баяжуулах технологиор жоншны хүдрийг баяжмал болгодог байна. Бага агуулгатай жоншны хүдрийг бутлаж бөмбөлгөн тээрмээр оруулж хөвүүлэн баяжуулдаг. Жоншны хүдрээ баяжуулахдаа шингэн шил, тосон хүчил, техникийн сода гэсэн химийн 3 төрлийн бодисыг ашигладаг ажээ. Баяжуулалтад ус ашигладаг бөгөөд үйлдвэрийн технологид ороод гарсан химийн бодистой усыг хаягдлын сан руу хийдэг. Хаягдлын сан хоёр далантай. Эхний даланд химийн бодистой ус орж лаг нь үлдэж тунана. Үүний дараа тунасан цэвэр усыг хоёрдугаар далан руу орж, түүнийгээ буцаан үйлдвэр рүү татаж эргүүлэн ашиглах зарчмаар явагддаг. Хаягдлын сан буюу даланг 2007 онд “Усны эрчим” ХХК барьж гүйцэтгэжээ. Уг нь 3-4 жил тутамд даланд завсар, нөхөн сэргэлтийн ажил хийгдэж явах ёстой ч энэ ажил огт хийгдэлгүй өнөөг хүрснээр өнөөдрийн даланд нэвчилт үүсч химийн хорт бодистой ус 1.7км урсч хөрсний 60-110 см гүнд нэвчсэн байна.
Экологийн хохирлын үнэлгээний дүн 21 хоногийн дараа гарна

Баяжуулах үйлдвэрийн бүсэд 7 гүний худаг бий. Ойролцоогоор 80метрийн гүнтэй худгууд байдаг. Өнөөдрийн байдлаар бохирдсон бүсийн ойр орчимд 3 өрхийн 10 хүн, 1700 орчим мал байдаг. Экологийн хохирол тооцуулах шинжилгээний дүн гартал эдгээр өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх саналыг сумын удирдлага болон үйлдвэрийн газраас хүргүүлсэн байна. Химийн хорт бодистой ус 1.7км урсаж, 150 метрийн өргөнтэй газрыг бохирдсон буюу нөлөөллийн бүс гэж үзэн хамгаалалтад аваад буй. Химийн хорт бодис урссан газарт экологийн хохирол тооцуулах ажлыг байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй "Эко үнэлгээ" компани гаргахаар дээж авчээ. Тус компани нь нөлөөллийн бүсэд байгаа 4 газраас хөрсний, 2 талбайгаас ургамлын бүсийг тодорхойлох, 3 талбайгаас хөрсний зүсэлт хийж давхаргуудаас дээж авахаас гадна 2 худаг болон далангийн салхин доор байдаг нуураас дээж авсан юм. Экологийн хохирол тооцуулах шинжилгээний дүн 7-21 хоногийн хугацаанд гарах аж.

Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж

“Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрт Мэргэжлийн Хяналтын газраас 2018 оны зургаа, арванхоёрдугаар саруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тус тус хийжээ. Тус ондоо багтаан 4-5 чиглэлээр хяналт шалгалт хийж 27 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлж байсан байна. Үүнд, байгаль орчны хяналтын чиглэлээр химийн бодисын агуулах стандартын шаардлага хангаагүй, ус ашиглах гэрээ байхгүй, хог хаягдлын бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчилд 15 чиглэлийн тодорхой хугацаа бүхий албан шаардлагыг өгч эргээд хариу мэдэгдэхээр тусгажээ.

Түүнчлэн, хаягдлын далан байгуулагдсанаас хойш засвар, нөхөн сэргээлтийн ажил огт хийгдээгүй, мэргэжлийн ажилтан байхгүй, ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн (ХАБЭА) төлөвлөгөөний дагуу ажлаа хийдэггүй зэрэг зөрчлүүд өнөөдрийн ноцтой асуудал үүсэх шалтгаан нөхцөл болж байгаа юм. “Эко хэлхээ” компанийн захирал Б.Энхбат, Баяжуулах үйлдвэрийн дарга Ц.Бат-Ирээдүй нар нутгийн иргэдээс уучлал хүсч, үүссэн нөхцөл байдлыг засч залруулахад бүхий л шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдэн ажиллаж байна.

Өмнө нь Дорноговь аймагт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Янтай уул” ХХК-д ижил төрлийн үйлдвэрлэлийн осол гарч байсан ч шуурхай арга хэмжээг авч чадсанаар эрсдэл үүсэхээс сэргийлж газар авахуулаагүй намжааж байсан гашуун туршлага бий. Өнөөдөр уул уурхайн компаниудад гэнэтийн осол, гамшиг тохиолдоход ямар аргачлалаар, хэрхэн төлөвлөгөө гаргаж хуулийн хүрээнд ажиллах тухай сануулгад хайнга ханддаг нь энэ үйл явдал гэрчилж байна. Одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн” гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад материалыг хүргүүлээд байгаа аж.

Мөн Даланжаргалан сумын Онцгой комиссоос мэргэжлийн ангиудад бохирдсон буюу нөлөөллийн бүсэд ажиллаж буй хүн, малд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, нөлөөллийн бүсэд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөрс суулгалт, хоргүйжүүлэхтэй холбоотой асуудлаар хяналт тавьж зөвлөн туслах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх, Онцгой байдлын газарт өдөр бүр мэдээлэл өгөх, агаар ус хөрсний шинжилгээг үндэслэн иргэдийг зөв мэдээлэл хүргэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. Мөн Сумын Эрүүл мэндийн төв жонш Баяжуулах үйлдвэрийн 36 ажилтанг анхан шатны үзлэгт хамруулж, Мал эмнэлгийн зүгээс бохирдсон бүс дэх 2 айлын малд тандалт хийж байна.

Одоо экологийн хохирлын үнэлгээний дүнг хүлээх л үлдлээ.