Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Б.Эрдэнэцогт:  “Аспайр Майнинг” компаниас хатуу хучилттай зам барих судалгааны ажил эхэлсэн

 

“Аспайр майнинг” ХК-ийн төслүүдийн талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас иргэдэд хүргэх зорилгоор тус компанийн Ерөнхий геологич Б.Эрдэнэцогттой ярилцлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийг танилцуулна уу?
“Аспайр майнинг” нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй,  хувьцаат компани. 2010 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Бид хариуцлагатай уул уурхай, байгаль хамгааллын өндөр стандартыг чанд мөрдөн улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Нийт 2400 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Монгол Улсын иргэд хамгийн өндөр буюу 30 гаруй хувийг эзэмшдэг.

Тэгэхээр иргэд маань танай компанийн хувьцааг эзэмшиж болох нь ээ?
Болно. Хүссэн хүн бүр хувьцаа эзэмшиж болно. Хувьцаа, бондыг брокерийн компаниар дамжуулан худалдах үйлчилгээ үзүүлдэг олон компани Монголд бий.

Одоогоор “Аспайр майнинг“ компани хайгуул болон ашиглалтын хэдэн лиценз эзэмшиж байгаа вэ?
Компани анх 2010 онд хайгуул хийж эхлэх үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох нутагт хайгуу­лын 11 тусгай зөвшөөрөлтэй байсан. Одоо ашиглалтын 2, хайгуулын 2 нийт 4 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүний 3 нь Хөвсгөл аймагт, 1 нь Увс аймагт бий. Одоо байгаа 4 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 2010 оныхтой харьцуулахад 10 дахин багассан. 

Танай компани байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн хийж байна вэ?
“Аспайр майнинг” компани одоогоор олборлолт хийж эхлээгүй байгаа. Овоот ордын хайгуулыг 2010-2012 онд хийсэн. Тухайн үед манай улсад хайгуулын шатанд зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийдэг байсан юм. Харин манай компани техникийн нөхөн сэргээлтээс гадна биологийн нөхөн сэргээлт хийн ургамалжуулж байлаа.

Ер нь уул уурхайн компаниуд Ашигт малтмалын тухай болон Байгаль орчны багц хуулиудын дагуу олборлолтын талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална. “Аспайр Майнинг” компанийн хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Олон улсын хөрөнгө оруулагч нар байгаль орчныг хамгаалах талаар маш хатуу шаардлага тавьдаг. Тиймээс бид Монгол Улсын болон олон улсын хууль, журмын дагуу хайгуулын шатанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ маш нягт биелүүлж ирсэн. Цаашид олборлолтын үе шатанд ч энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно. Уурхайн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг зөв, сайн хийхийн тулд тухайн газрын байгаль орчин болон нийгмийн судалгаа нэн чухал байдаг. Иймд орон нутгийн иргэд энэ тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүсч байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоот ордын уурхай нь хэр хэмжээний талбайтай вэ? Нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой ижил үү?
Овоотын ордын нүүрсний нөөцийг анх 2011 онд 192 сая тонн гэж тооцсон. Ил уурхайн өргөн нь 1 км, урт нь 1.8 км орчим байна. Эл ордын коксжих нүүрс нь Тавантолгойн коксжих нүүрснээс ялгаатай. Мэргэжлийн үгээр бөсжилт маш өндөртэй нүүрс. Ийм төрлийн нүүрсийг дангаар нь коксжуулдаггүй. 

Муу коксждог, үнэ хямд бусад нүүрсэн дээр бага хэмжээтэй хийж холин коксжуулдаг донор нүүрс юм. Тийм болохоор олон улсын зах зээл дээр эрэлт ихтэй. Харьцангуй өндөр үнээр борлуулагддаг нүүрс.

Уурхайн үйл ажиллагаа эрхлэх явцад үүсэх тоосжилтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
Ил уурхайд байдаг түгээмэл сөрөг тал бол уурхайн орчны тоосжилт юм. Энэ тоосжилт уурхай дотор үүсэхээс биш Улаанбаатар хотын утаа шиг хол газар тархахгүй. Гэхдээ тоосжилт уурхайн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлдөг тул тоосжилтын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах шаардлагатай. Тиймээс ус шүршин тоосжилтыг дарах арга өргөн хэрэглэгддэг. Үүнээс гадна ус ашиглахгүйгээр тоосжилт бууруулах өөр технологиуд бий. Эдгээрийг судалж, хамгийн тохиромжтой аргыг Овоотын уурхайд хэрэгжүүлнэ. Уурхайгаас гадна тоосжилт үүсч болох бас нэг газар нь тээвэрлэлтийн зам байдаг. Өмнөговь аймагт авто зам баригдахаас өмнө тоосжилтын асуудал маш хүнд байсан. Хатуу хучилттай замаар нүүрсний тээврийг хийдэг болсноос хойш энэ асуудал үндсэндээ шийдэгдсэн. Манай компани нүүрсний тээврийг хатуу хучилттай авто замаар гүйцэтгэнэ. Уурхайн олборлолт эхлэхээс өмнө авто замыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Усны асуудал?
Уурхайн болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд гадаргын ус ашиглахгүй. Иймд Овоот орчмоор урсдаг Тэсийн гол болон бусад гол, нуурт нөлөөлөхгүй гэж бодож байна. Уурхайн үйл ажиллагаа ойр орчмын гол, нуур, ургамал, амьтан болон хүнд хэрхэн нөлөөлөхийг Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлдог. Энэ нарийвчилсан үнэлгээг компани өөрсдөө биш, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Овоот төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил ид эхэлж байна. Үнэлгээнд орон нутгийн иргэдийн саналыг тусгах ба үнэлгээ хийж дуусмагц үр дүнг танилцуулна.

Харин гүний усны судалгааг 2019 онд нарийвчлан хийж, үр дүнг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар баталгаажуулна. Уурхай эхлэх үед орон нутаг болон усны сав газрын захиргаатай ус ашиглах гэрээ хийж, түүний дагуу ус ашиглана. Уурхайн хувьд хэрэглэх усны хэмжээ бага байна. Хэрэглэх усны дийлэнх нь уурхайн ажилчдын ахуйн хэрэглээний ус байх юм. Харин нүүрс баяжуулах үйлдвэрт технологийн ус шаардагдана. Гэхдээ үйлдвэр маань усныхаа 90 гаруй хувийг дахин ашиглах тул нийт хэрэглэгдэх усны хэмжээ бага гэж ойлгож болно.

Овоотын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэрэгжиж эхэлснээр хэд орчим хүн ажлын байраар хангагдах боломж бүрдэх вэ? Мэдээж орон нутгийн иргэд дийлэнх хувийг эзлэх болов уу.
Овоот баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2 үндсэн үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд Овоотод 450-500 тогтмол ажлын байр шинээр бий болно. 

Хоёр дахь үе шатанд шууд болон шууд бус ажлын байр 1300 хүрэх тооцоо бий. Эдгээр ажилчдын ихэнх нь хөвсгөлчүүд байх ёстой. Компани орон нутгаас аль болох олон хүн ажилд авах бодлого баримтлан, аймгийн иргэдийг сургаж, дадлагажуулан Овоотын бүтээн байгуулалтад оролцуулах боломжийг бүрдүүлнэ.
Мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй 500-1300 ажилтан бэлдэхэд тодорхой хугацаа, мөн мэргэжлийн сургуулиуд хэрэгтэй. Иймд Мөрөн болон Эрдэнэтэд байгаа МСҮТ болон дээд сургуулиудтай хамтран ажиллаж, бүтээн байгуулалтад оролцох мэргэжлийн хүмүүсийг бэлдэхээр төлөвлөж байна.

Уурхайн ханган нийлүүлэгчдийг сонгох­доо орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоол, хувцас үйлдвэрлэлийн газрууд давуу эрх эдэлнэ гэж ойлгож байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл чухал байна?
Аливаа уурхай, компани үйл ажиллагаагаа орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уялдаатай байлгахыг эрмэлздэг. 
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан хувцас, эрүүл ахуйн чанарын стандарт шаардлага хангасан ундны ус, мах, сүү, цагаан идээ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг орон нутгаас худалдаж авна. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой.   

Овоотын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуу­лалт 2020 оноос эхэлж Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам тавигдана. Олон голын бэлчир, мал, амьтны хөдөлгөөн ихтэй газруудаар энэхүү төмөр замын маршрут дайран өнгөрөх гээд байгаа. Сөргөөр нөлөөлөхгүй байх арга хэмжээг яаж авах бол?
Олон улсын туршлагад төмөр замыг аль болох нам дор газраар гол мөрний хөндийг дагуулан бүтээн байгуулсан байдаг. Жишээ нь ОХУ-ын Транссибирийн төмөр зам нь Сибирийн Енисей, Обь, Иртыш, Амар зэрэг том гол мөрнийг огтлон, хөндийг нь дагаж баригдсан. Дэлхийн хамгийн том цэнгэг уст Байгаль нуурын   эргийг даган үзэсгэлэнт уулсын дундуур төмөр замаар зорчдогийг ОХУ-д сурч ажиллаж амьдардаг, тус төмөр замаар аялж үзсэн манай улсын олон иргэн мэднэ. БНХАУ-ын хувьд Шар мөрөн, Хөх мөрөн зэрэг томоохон мөрөн бусад олон зуун гол мөрнийг хөндлөн огтолж, ай савыг нь даган өндөр хурдны төмөр зам бүтээн байгуулагдсан байна. Европын орнуудын тухайд мөн л тус тивийн алдарт Висла, Одер, Райн, Дунай гэсэн гол мөрний ай савыг даган болон тэдгээрийг туулсан гүүр  барин ашиглаж буй.
Орчин үеийн төмөр замын байгууламж нь мал болон байгалийн зэрлэг амьтны нүүдлийн замыг хааж боогдуулахгүйгээр, судалгаанд үндэслэн зориулалтын гарцуудтай хийгддэг. “Аспайр майнинг” компани төмөр замын бүтээн байгуулалтаа байгаль экологид сөрөг нөлөөгүй байх тал дээр Монгол Улсын хууль тогтоомжийн бүх шаардлагыг хангаж хэрэгжүүлнэ. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагууд дотоодын хууль тогтоомжоос ч өндөр шаардлага тавьдаг. Тэдгээрийг ширхэгчлэн биелүүлэхгүйгээр барилгын ажил явагдах боломжгүй.

Хатуу хучилттай авто зам тавих ажлын талаар мэдээлэл өгнө үү?
Хатуу хучилттай зам барьж байгуулах судалгааны ажил Зам тээвэр, хөгжлийн яамнаас боловсруулж баталсан ажлын даалгаврын дагуу эхэлж байна. Энэ ажилд манай гэрээт зөвлөх “Эм Ай Эл” компанийн хамтрагч “Ай Си Ти Сайн консалтинг” компани газар дээрх судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Овоотын баяжуулах үйлдвэрээс Эрдэнэтийн терминал хүртэл хойд, урд гэсэн 2 хувилбартай, нийт 560 орчим км урт, хатуу хучилттай замын урьдчилсан судалгааг хийгээд байна. Замын ТЭЗҮ-г боловсруулж дуусмагц ЗТХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

“Аспайр майнинг” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна вэ?
Манай компани хэдийгээр уурхайгаа эхлүүлж орлого олоогүй ч нийгмийн хариуцлагын хүрээнд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутагт хийгээд байна. Энэ хөрөнгө оруулалтыг орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролын салбар,  байгаль орчныг хамгаалахад зарцуулсан. Оюутнуудын сургалтын төлбөр, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн байр барих, ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг нийгмийн олон бүлгийг хамарсан ажлууд багтсан юм. Компани цаашид ч гэсэн эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр өөрийн боломж бололцооны хэрээр орон нутагтай хамтран ажиллана.  Мэдээж олборлолт эхлээд орлоготой болох үед нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын цар хүрээ, далайц нэмэгдэнэ гэж бодож байна.

Уурхайн бүс нутагт оршин суугч малчид, хөдөлмөрчдөд хандаж юу хэлэхсэн бол?
“Аспайр майнинг” компани Монгол Улсад жишиг болохуйц хариуцлагатай уул уурхайн төсөл хөгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл Хөвсгөл аймгийн төдийгүй Монголын хойд бүс нутгийн нийгэм эдийн засаг, дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх хөшүүрэг болно. Бид Хөвсгөл нутгийн өв соёлыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг түүчээлэхэд орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллана.

Танд амжилт хүсье. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.64.46)
    Багшдаа амжилт хүсье. Монголдоо жишиг болсон уурхай байгуулаарай.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах