Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хариуцлагатай, "Ногоон уурхай"-г хөгжүүлнэ

 

khongor.mn сайтын эрхлэгч Б.Чинбат

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас тус аймагт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан “Тогтвортой хөгжил-Уул уурхай” ээлжит зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Тус аймагт ашиглалтын болон хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, холбогдох төрийн байгууллага оролцон салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар хамтдаа зөвлөлдсөн юм.

Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Уурхай эрхлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжтэй орон нутаг гэрээ байгуулан ажиллахаа илэрхийллээ. Уул уурхай дагаж гардаг нэг чухал асуудал нь нөхөн сэргээлт байдаг. Тиймээс уурхай бүр тогтвортой хөгжсөн “Ногоон уурхай” болох зорилт дэвшүүлж тухайн жилдээ олборлолт явуулсан талбайн 80%-д техникийн нөхөн сэргээлт, 60-аас доошгүй хувьд биологийн нөхөн сэргээлтийг хийхээр хамтран ажиллах гэрээнд тусгах юм. 

Зөвхөн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн  ажил эхлэх зөвшөөрөл олгогдохоор байна.  Энэ хүрээнд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулахдаа нормынхоо хувцас, талх нарийн боов, төмс хүнсний ногоо зэргийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авахаар тохиролцон баталгаажуулсан гэрээг эхлээд байгуулах шаардлагыг тавьсан байна. Нөгөө талаар ажиллах хүчнийхээ 50-аас доошгүй хувийг орон нутгаас ажиллуулна гэдгийг баримтжуулж мөн гэрээ байгуулна. Тухайн уурхай ажилчдыг авахдаа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллийн санд бүртгэлтэй иргэдээс ажилд авах, ажлын байрны зарыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжуулан зарлах ёстой болж байна. 

Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд өгч буй хандив дэмжлэг, хөрөнгө оруулалтын 70%-ийг  аймагт, 30%-ийг суманд төвлөрүүлэхээр боллоо. Энэ нь жишгийг тус аймаг сүүлийн хоёр жилийн турш мөрдөж байгаа юм.  

Ус ашигласны төлбөрийг тоолуураар биш ноогдуулалтаар тооцож орон нутагт тушаана. Ус ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг ажил эхлэхэд Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байх шаардлагыг тавилаа. Мөн  үйл ажиллагааны ашгаас авах татвараас бусад татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх зэрэг  байр суурийг орон нутгийн зүгээс илэрхийллээ. 

Баянхонгор аймагт бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн нөхөрлөл, хоршоо цөөнгүй бий. Тиймээс аймгийн зүгээс зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурван талт гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллахыг хүсч байгаа юм. 
Нөгөө талаар олборлосон алтаа Баруун бүсийн үнэт металд сорьц тогтоох лаборатораар баталгаажуулж орон нутгийн банк болон Монгол банкинд тушаах зэрэг  шаардлагууд тавигдаж байна. 

Өнгөрсөн онд тус аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компанид үйлдвэрлэлийн осол гарч хоёр хүн химийн бодист хордсон байж болзошгүй тухай мэдээлж байсан. Тиймээс энэ онд тусгай зөвшөөрөл бүхий нийт аж ахуйн нэгжүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажилтнаа бүрэн хамгаалах, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Хэрэв үйлдвэрийн осол гарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлж байх, ажилчдыг Нийгмийн даатгалд бүрэн хамруулах зэрэг шаардлагыг тавилаа. 

Уул уурхайн ажил эхэлж байгаатай холбогдуулан тус аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас бид дараах зүйлийг тодрууллаа. 

 

Г.Батжаргал: Уул уурхай, ашигт малтмал олборлох зэрэг асуудалд манай төр нэгдсэн, нэг бодлоготой болох ёстой



Байгалийн баялагтаа эзэн болох, түүнийг зүй зохистой ашиглах талаар та бүхэн ямар бодлого барьж байна вэ?
Шороон ордын илэрц түгээмэл бий. 1996 онд хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн туршилтын гол золиос нь манай аймаг болсон. Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилт, хяналт сул байсан учраас баахан онгорхой цоорхой газар үлдсэн. Байгалийн нөхөн сэргээлт гэж байхгүй, тэр нүхнүүдийг буцааж булах зорилгоор  2011 онд аймгийн ИТХ-аас “Олборлолт хийгдсэн ашигт малтмалын ордын хаягдал нөөцийг хэрэглэж, түүгээрээ өөрийгөө санхүүжүүлж улмаар байгаль орчныг нөхөн сэргээх” гэсэн журам гаргаж түүнийг хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалж байх шийдвэр гаргасан. 2009 онд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 708 га талбай эвдэрсэн гэсэн тоо гарч байсан. Тэгвэл бид сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ тоог хоёр дахин бууруулж 300 гаруй га эвдэрсэн талбай үлдээд байна. 

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хичнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?
Хууль бус ашиглалт хийсэн, бичиг баримтын бүрдэл дутуу л бол тэр компани манай аймагт үйл ажиллагаа явуулах эрх үүсэхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй  99, ашиглалтын  тусгай зөвшөөрөлтэй 57 компани байдаг.  Энэ 57-гоос 20 гаруй аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байна. Бид тэдэнд нэг л шаардлага тавьж байгаа. Олборлолт хийх гэж байгаа бол зам харгуй, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдчихээд дараа нь тээвэрлэлтээ хийх хэрэгтэй,  байгаль орчин бохирдуулж, хордуулж болохгүй шүү гэдгийг хэлдэг.  2011 онд Баянхонгор аймгийн хөгжлийн тэргүүлэх гурван зорилт нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай байна гээд баталчихсан. Уул уурхайн, ашигт малтмал олборлох зэрэг асуудалд манай төр нэгдсэн, нэг бодлоготой болох ёстой. Эсвэл тусгай зөвшөөрөл  олголтыг багасгаж, тоо хэмжээг цөөлөх хэрэгтэй. Илэрсэн ордыг ашиглуулах эсэхийг улс өөрөө мэддэг. Үндэсний хэмжээний их ордыг төр мэддэг, арай бага нөөцийг аймаг шийддэг, түүнээс багыг нь сум орон нутгийн иргэд шийддэг байх жишгээр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах зарчмаар шийдэж болох юм.

Галуут, Баян-Овоо, Заг, Гурванбулаг гэх сумдад зөвшөөрөлгүй хайгуул, олборлолт явуулж, байгаль орчин сүйдэж байна гэж ярьдаг. Улаанбаатарт хэвлэлийн хурал хүртэл хийж байгаа харагддаг. Аймаг орон нутгийн зүгээс ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дээрх аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авсан юм вэ?
Хариуцлагагүй уул уурхайгаас үүдээд энэ салбарт итгэх итгэлээ алдчихсан иргэд нутаг орноо хамгаалахаас өөр аргагүй. Галуутын “Цагаан дугуй” гэдэг газар лицензтэй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах гэж байгаад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Бид иргэдийнхээ талд зогсож, тухайн газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргуулж байж  авч үлдсэн. Заг суманд “Булгийн эх” гэдэг газарт мөн л хайгуул хийхээр нэг компани, Гурванбулаг сумын Хүрэн гангад үйл ажиллагаа явуулахаар нэг компани мөн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад хоёр жил гаруй болоод гацсан байна.  Энэ мэтээр иргэдийн тэмцэл өрнөсөн хэвээр байна. Тийм ч учраас дээрх компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаас өөр аргагүй. Гол мөрний урсац бүрэлдэх газарт олборлолтын үйл ажиллагаа явуулж болохгүй гэж үзэж байгаа. Харамсалтай нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй байгаад асуудал байна.

Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирт байгаа алтны уурхайг  хүний эрх зөрчиж, химийн хортой бодис ашиглаж, улмаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж яригддаг. Мөн таныг энэ компанитай холбоотой ч гэх яриа ч бас гарч байна. Энэ бүхэн үнэн үү?
Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан  цахирын бүлэг ордод “Спишил Майнз”  гэх компани лицензийн эрхтэй байдаг. 2004-2007 онд БНХАУ-ын аж ахуй компани үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үедээ зөрчил гаргаад мал амьтан хордуулсан учраас үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд гарахдаа тусгай зөвшөөрлөө өөр компанид зарчихаад явсан юм билээ. 2015 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа тус компанитай холбоотой гомдол, хэл ам тасрахгүй л байна. 2019 он гарсны дараахан нэрээ өөрчилж “Наран мандал” ХХК гэсэн нэртэй болж үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймагт жилд 300 гаруй сая төгрөгийн татаас өгдөг. Хууль бус зүйл, бичиг баримт дутуу гэх зөрчил байхгүй. 2017 онд үйлдвэрлэл явуулж байсан газар мөнгөн ус алдагдаж  улмаар нэг иргэний бие муудсан. Тус компаниас бүх зардлыг нь даагаад эмчилгээнд явуулсан. Ийм зөрчил гарсан учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлуулъя гээд холбогдох бичиг олон удаа явуулсан ч цуцлах хэмжээний зөрчил гаргаагүй байна гэж үздэг юм билээ.