Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Ж.Занабазар: Ханбогдод бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого боловсруулж ажиллах шаардлага үүсч байгаа

 

Сэтгүүлч С.СУМЬЯА   /Өмнөговь/

“Орон нутаг ба уул уурхай” булангийн  дугаарын энэ удаагийн зочноор Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Жаргалын Занабазарыг урилаа. 


 

"Хариуцлагатай уул уурхай гэхээсээ илүү хариуцлагатай төрийн бодлого ус агаар мэт хэрэгтэй байна"

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь уул уурхайг дагасан хөгжлийн явцыг та хэрхэн харж байна вэ? Хариуцлагатай уул уурхай бодит утгаараа хөгжиж чадаж байна уу?
Хариуцлагатай байна гэдэг нь өнөөдрийн нийгэмд хоёр талтай асуудал болоод байна. Тодруулбал, нэг нь эрх зүйн талаасаа, нөгөө нь нийгмийн талаасаа  хариуцлагатай байх тухай юм. Эрхзүйн хариуцлагыг иргэн,  аж ахуйн нэгжүүд  татвар төлөхөөс эхлээд хуулийн хүрээнд үүрч явдаг. Харин нийгмийн хариуцлага гэдгийг эрх зүйн орчинд зохицуулж өгөөгүй боловч нийгмээрээ шахаж шаардаж хариуцлага хүлээлгэх тухай ойлголт. Үүнийгээ нийгмийн хариуцлага гэдэг бөгөөд  энэ нь хандив, тусламжаас эхэлдэг.  Одоо үндсэн асуултандаа  оръё. Дэлхийд эхний тавд ордог томоохон уурхайтай сумыг ихэнх хүмүүс өргөн хүрээнд харж төсөөлдөг. Мэдээж  Монгол Улсын  330 сумаас Ханбогд эхний тавд байхыг үгүйсгэхгүй.  Хөгжил харагдаж байгаа хэдий ч  хурд муутай. Уул уурхай бол шавхагдах баялаг. Уул уурхайн салбарын хөгжлийн хурд  эрчимжиж байна. Техник технологи нь цаг минутаар шинэчлэгдэж, хүчин чадал нь нэмэгдсээр байгаа. Бид Эрдэнэт үйлдвэр шиг  зуун дамнаж,  жаран жилээр ашиг шимээ өгдөг уурхайг дахиж бараг харахгүй байх. Салбарын хөгжлийн хурдтай бүс нутгийн хөгжлийн хурд ижил түвшинд явах нь зохистой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. 

Ханбогд сумын хувьд уул уурхайн хөгжил дэлхийн түвшинд гарсан ч бүс нутгийн хөгжил хөдөөгөөсөө холдоогүй л  байна. Дан ганц уул уурхайн салбарын хариуцлага гэхээс төрийн хариуцлага бодлого илүү ус агаар мэт хэрэгтэй байна. 

Төрийн бодлогын уялдаа холбоо  уул уурхайн салбарт учир дутагдалтай байдагт олон нийт  ихээхэн шүүмжлэлттэй ханддаг. Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж буй  Оюутолгой төсөл энэ суманд хэрэгжиж байна шүү дээ?
Ханбогдын хувьд сум дүүргийн статустай учир Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хуулиудад тодорхой заасан эрх зүйн болоод эдийн засгийн хэм хэмжээнд захирагддаг. Томоохон уул уурхайн төслийг дагасан хүн амын төвлөрөл, хөдөлгөөн,  механик өсөлт манай суманд бий болж байна. Өнөөдрийн байдлаар Ханбогд сум 8000 орчим бүртгэлтэй, 30 мянга орчим хөдөлгөөнт хүн амтай. Оюутолгой төслөөс гадна Тавантолгой бүлэг ордын нүүрс тээврийн гаалийн хяналтын бүс  Цагаан хад нь манай сумын нутагт оршдог. Тэнд нүүрс тээврийн 14000 жолоочийн хөдөлгөөн бий. Гэтэл бүртгэлтэй хүн амаар төрийн байгууллагын бүтэц орон тоо төсөв санхүү шийдэгддэг. Жишээ нь эрүүл мэндийн байгууллагын шатахуун, эм тариа бүртгэлтэй хүн амаар тооцож төсөвлөгддөг боловч бодит амьдрал дээр хаана ч хүрдэггүй. Учир нь нутаг дэвсгэрийн харъяаллаараа нүүрс тээврийн замын ачааллаас үүдэн гарсан осол аваарын дуудлага сумын эмнэлэгт ирдэг учраас  төсвөө тэр бүгдэд  зарцуулдаг. Төрийн байгууллагын ажлын ачаалал хөдөлгөөнт хүн амдаа  төвлөрдөг гэж ойлгож болно. Тэхээр хүн амын механик өсөлт хөдөлгөөнийг орон нутгийн төрийн байгууллагын бодлого шийдвэр төсөв санхүү гүйцэж ажиллах боломж алга. Энд шийдвэр гаргах түвшний дээд шатны төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг хэлээд байгаа юм. 

Уул уурхайг дагасан хичнээн үйлдвэрлэл үйлчилгээ, ажиллагсад байгаа вэ? Татвар бүрдүүлэлтээрээ  тус сум голлох үүрэг гүйцэтгэдэгийн хувьд Орон нутгийн хөгжлийн сан зэрэг төрөөс эргэн хуваарилалт дээр хэр давуу эрх эдэлж чаддаг вэ? 
Ханбогд сумын хувьд  дээд шатны төсвүүдээс татаас авдаггүй онцлогтой. Харин ч улс болон аймгийн төсвийн даацтай хувийг бүрдүүлдэг сум. Багахан тоо баримт ярья. 2018 оны байдлаар аймгийн төсвийн орлогын 20 орчим хувь, татварын орлогын 40 орчим хувийг манай сум дангаараа бүрдүүлж байна. Улсын төсвийн татварын орлогод жилд зөвхөн Оюутолгой төслөөс 400-500 тэрбум төгрөг төвлөрдөг. Мөн Гашуунсухайт хилийн боомт байна. Энэ боомтын эдийн засгийн эргэлт 5-7 их наяд төгрөг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь 7-8 их наяд төгрөг байдаг. Тэгэхээр Ханбогд сумын хувьд эдийн засаг, газар зүйн байрлалын хувьд төвлөрлийг сааруулах суурьшлын шинэ бүс нутаг болох нөөц бололцоо хангалттай бий гэж хэлж болохоор байна. УИХ, Засгийн газраас стратегийн ордуудтай манайх шиг цөөн тооны аймаг суманд эрх зүйн болоод эдийн засгийн зарим зохицуулалтыг шийдэж өгөх шаардлагатай.  Эдийн засгаа дагаад хүн ам төвлөрч  байна. Нэг үгээр хэлбэл мөнгө хаана байна,  тэнд хүмүүс цугларч,  стресс үүсгэж  байгаа юм. Хамгийн том жишээ нь  Улаанбаатар хот.  Тиймээс стратегийн ордуудтай аймаг сумдыг  эдийн засгийн эргэлт оруулах хэрэгтэй.  Эдийн засгийн эргэлтээ дагаад хүн амын төвлөрөл задрана шүү дээ. Ханбогд сумын хувьд эрх зүй, эдийн засгийн орчинг шийдэж өгвөл 40-50 мянган иргэнийг нийслэл хотоос шилжүүлж,  суурьшуулах боломжтой. Үгүйдээ гэхэд энэ хэмжээний хүмүүсийг нийслэлийн хүн амын ачаалалд нэмэхгүй сааруулна гэсэн үг. Энэ мэт стратегийн ордуудтай 15  бүсэд эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлсэнээр багадаа 500 мянган хүнийг нийслэл хотын төвлөрлөөс шилжүүлэх боломжтой юм. Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол бууруулах хамгийн төгс шийдэл энэ байх болов уу гэж боддог. Хатуухан хэлэхэд түгжрэлээсээ гарч чадахгүй, утаанаасаа цааш харж чадахгүй байгаа дарга нар Улаанбаатарын асуудлыг шийдэж чадахгүй.  

Гол шийдэл нь орон нутаг руу төсвийн эргэлт буюу ОНХСангаар болон татварын тодорхой хувиар дэмжлэг үзүүлэх АМНАТ-ын аравхан хувийг, ААНОАТ-ыг харъяаллын дагуу төвлөрүүлбэл орон нутгийн хөгжлийн олон асуудлыг шийднэ. Жишээ нь, Ханбогд сумын хувьд Оюутолгой төслөөс улсад АМНАТ-ын төлбөрт 130-150 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бол 10%  нь 13-15 тэрбум төгрөг үлдэх боломжтой. Мөн байнгын үйл ажиллагаа явуулж татвар төлж буй 100 орчим аж ахуй нэгж бий. Оюутолгой төсөлд 1 тэр бумаас 100 тэрбум давсан орлоготой аж ахуйн нэгжүүд  бий. Төсвийн тухай хуулийн нэг алдаа ААНОАТ шууд улсын төсөвт төвлөрдөг. Тэдгээр  аж ахуйн нэгж Увсын Тэс, Хөвсгөлийн Хатгал, Өмнөговийн Ханбогд, нийслэлийн Баянзүрхэд үйл ажиллагаа явуулж, тухайн бүс нутагтаа нэмүү өртөг шингээж ажлын байр бий болгох нь чухал биш. Эрх зүйн болон эдийн засгийн зарим зохицуулалтыг  хийснээр Ханбогд сумын хувьд 2 тэрбум төгрөгийн төсөв батладаг биш, 20 тэрбум юм уу, 50 тэрбумын төсөв батлаад сургууль, цэцэрлэг, зам дэд бүтцээ 5-10 жилээр цаг алдалгүй  шийдвэрлээд 40-50 мянган хүн амтай хот суурин болох бүрэн боломжтой. 

Ажил горилогч өөртөө биш ажилдаа өндөр шалгуур тавьдаг

Нутгийн иргэд сумынхаа аж ахуйн нэгж, компанид ажиллах гэхээсээ илүү өндөр цалинтай уурхайд ажиллахыг илүүд үздэг. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийг удаашруулахад гол шалтгаан болдог тухай эзэд ярьдаг. Уг нь бол уурхайн салбарыг дагаад бусад салбарууд нь  эдийн засгийн тогтвортой хөгжлийг бэхжүүлээд явах  ёстой  байдаг. Орон нутгийн бодлогын хэмжээнд энэ талаар ямар нэг байдлаар зохицуулалт, төлөвлөсөн зүйл бий юу?
Бүх л салбарт боловсон хүчний дутагдал байна. Өндөр цалин хангамжтай ч гэсэн уул уурхайн салбарт хүртэл боловсон хүчин дутмаг байна. Саяхан Өмнөговь аймгаас Оюутолгой төсөлтэй хамтраад ажлын байрны нээлттэй өдөрлөгөө зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд Оюутолгой  төслийн туслан гүйцэтгэгч 30 орчим компани 370 гаруй ажлын байртай оролцсон боловч тухайн цагт ажлын байранд тавигдах шаардлага хангасан 64 хүн шууд ажлын байраар хангагдсан байдаг. Тэр өдөр аймгийн удирдлагууд Оюутолгой ХХК-ийн удирдлагууд болон гэрээт компанийн удирдлагуудтай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ээлжит уулзалтаа зохион байгуулсан. Тус уулзалтанд ажил олгогчдын зүгээс боловсон хүчний дутагдал хүндрэлтэй байгааг уламжлан  сургадтаа сайжруулах,  илүү олон хүн хамруулах талаараа  санал солилцсон. Эндээс харахад боловсролыг ойлгох боловсрол иргэдэд дутагдаж байна. 

Төрийн албанд мөн адил боловсон хүчин хомс байдаг. Шалтгаан нь арай өөр мэргэжилтэй диплом тэвэрсэн ажил горилогчид элбэг. Гэхдээ өөртөө биш ажилдаа шалгуур өндөр тавьдаг. Хамгийн эхлээд цалин өндөр ажил хайдаг. Өнөөдрийн байдлаар амьдрал дээр хууль хүчний байгууллагаас бусад төрийн байгууллагын албан хаагчдын цалин цалингийн доод хэмжээнээс арай дээгүүр л байна. Энэ нь боловсон хүчин дутагдах гол шалтгаан болдог. Ханбогд сумын хувьд төрийн албанд боловсон хүчин дутмаг дээр нь тогтворгүй байдаг. Оюутолгой төсөлд хамгийн бага цалинтай угаагч, үйлчлэгч насаараа төрийн албанд ажилласан эмч багшаас өндөр цалин авдаг учир нэгдүгээрт төрийн албанд ажиллах сонирхолтой боловсон хүчин хомсдож хоёрдугаарт тогтвор суурьшилтай ажиллах баталгаа алдагддаг. Мэдээж орон нутаг бие дааж цалин тэтгэмж нэмэгдүүлэх эрх зүйн орчин байхгүй. Тиймээс орон нутгаас нөхцөл байдалд уялдуулсан бодлого гаргаж туршлагатай төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцлөөр хангахын тулд гэр бүлийн амьжиргаанд анхаарах, дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулсан. Гэр бүлийн гишүүнийг нь уул уурхайн компанид боломжийн цалинтай ажилд хөдөлмөр халамжийн хэлтсээрээ дамжуулан зуучилж ажилд оруулж өгч байгаа. Нэг үгээр өөрийнх нь цалинг нэмж орлогыг нь нэмэгдүүлэх боломжгүй учир нэг орлоготой гэр бүлийн хүнийг нь боломжийн цалинтай ажилд зуучилснаар тэр айлын орлого нэмэгдэж ачаалал буурч тогтвортой ажиллах нөхцөл нэмэгдэх юм. Яг энэ зарчмаар төрийн албаны боловсон хүчинг татах, тогтоох ажил явж байгаа. Гэхдээ боломжтой цаг хугацаанд боломжит тоогоор. 
2016 оноос эхлэн Ханбогдод  бүс нутгийн онцлогт тохирсон бүсчилсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлж байна-

 

Ашигт малтмал бол  хязгаарлагдмал баялаг, нөгөө талдаа уул уурхайн салбар эрсдэлтэй.  Тэр утгаараа Ханбогд суманд ямар нэгэн хүндрэл учирлаа гэхэд өөр шийдэл гарцуудыг одооноос олж харсан байх ёстой болов уу. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 
Миний хувьд уул уурхайн салбарт 9 жил сурч боловсрон  ажил хөдөлмөр эрхэлсэн. Уурхайн хаалтын төгсгөлд бага агуулгатай хаягдал хүдэр боловсруулах чиглэлээр 4 жил ажиллаж туршлагажсан. Мөн мастерийн зэрэг хамгаалж мэргэжлээ дээшлүүлсэн. Энэ хугацаанд Канадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” ХХК-ний уурхайн хаалтын төлөвлөгөөн дээр ажиллаж байсан. Ямар ч уурхай ашиглалт эхлэхээсээ өмнө хаалтын  төлөвлөгөөгөө хамт төлөвлөж явдаг. Оюутолгой орд бол байгалийн шавхагдах баялаг. Хэзээ ч дуусч магадгүй. Түүхий эдийн үнээс шууд хамаарна. Хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн шийдвэрээс бас хамаардаг гэдэг утгаараа бас хэзээ ч зогсож магадгүй. Ер нь бол дээр хэлсэн шалтгаан нөхцлүүдээр уурхай хэзээ ч зогсоход бэлэн байдалд байдаг. Манай сумын хувьд Оюутолгой төсөлд хөдөлмөрийн насны хүний 60 орчим хувь нь ажилладаг, сумын төсвийн орлогын 90 гаруй хувь, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын 70 гаруй хувь  төслөөс шууд хамааралтай байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл  Оюутолгой төсөл зогсвол сумаараа  орлогын маш хүнд байдалд орно. Тиймээс сумын төсөв болон иргэдийн амьжиргаа нэг салбараас буюу уул уурхайгаас шууд хамааралтай байж болохгүй. Ханбогдыг уурхайгүй, Оюутолгойгүй  төлөвлөж явах нь чухал. Бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого боловсруулж ажиллах шаардлага үүсч байна. 2016 оны орон нутгийн сонгуульд сумын АН-аас яг энэ зарчмаар дунд хугацааны гурван тулгуурт хөгжлийн бодлого мөрийн хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт мэдээж уул уурхайг түшиглэсэн бодлого. Дэлхийн томоохон төсөл Оюутолгой, Тавантолгойг дагасан олон тэрбум долларын эдийн засгийн урсгалаас орон нутагт нэмүү өртөг шингээж үлдээх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого. Тэрбум хол давсан хүн амтай том гүрэнтэй хил залгаж оршдог нь хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх асар том нөөц боломж гэж хардаг. Газарзүйн байршил, түүх соёлын дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий. Гуравдугаарт Монгол орны байгаль цаг уур, нутаг дэвсгэрт хамгийн тохиромжтой хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжих бодлого. Уул уурхай бол газар усаа ухдаг салбар бол хөдөө аж ахуй бол газар дээр ургадаг, үрждэг салбар. Тариа ногоо мөнхөд ургана мал сүрэг мөнхөд өсөж үржинэ. Бидний суурь гурван зорилго энэ. 

Оюутолгой төсөл зогсоно зогсохгүй, гэрээг цуцлана цуцлахгүй гэдэг асуудлууд нийгмийг төөрөгдүүлж талцуулсаар байна. Салбарт нь ажиллаж байсан мөн орон нутгийн удирдлагыг тэргүүлж байгаа хүний хувьд Оюутолгой гэрээнд өөрчлөлт оруулах талаар таны бодол? 
Энэ асуудалд нийгмээрээ талцаад маргаад байх ямар ч шаардлага байхгүй. Эцсийн шийдвэрийг хувь нийлүүлэгчид л гаргана. Гэрээ байгуулсан талууд гэсэн үг. Засгийн газрын байр суурийг салбарын сайд нь тов тодорхой ярьсан байна лээ. Оюутолгой төсөл зогсохгүй гэхдээ энэ нь гэрээ сайн гэж хэлж байгаа юм биш. Популизм хийж биш хэлцэл хийж ширээний ард талуудын ижил тэгш оролцоотой шийдэх ёстой гэж Сумъяабазар сайд маш зөв маш хариуцлагатай мэдээлэл хийсэн. Бусад талуудын байр суурь чухам ямар байгааг сайн мэдэхгүй байна. Миний хувьд салбар талаасаа ч төр талаасаа ч зарчмын нэг л санаатай. Оюутолгой төслийг зогсоох шаардлагагүй,  харин хөрөнгө оруулалтын гэрээ сайжрах ёстой. Гэхдээ болгоомтой хандах талууд харилцан ашиг сонирхлоо хүндлэх, хэлэлцэх замаар өөрчлөлт орох нь зөв. 

Хариуцлагатай уул уурхайн талаар жишиг болж буй малчдын гурван талт хэлэлцээр зэрэг хөтөлбөрүүд бий? Саяхан хамтын ажиллагааны нээлт болж, нэлээд ажил төлөвлөжээ?
Гурван талт зөвлөлийн талаар товчхон танилцуулъя. Энэ нь анх малчид Оюутолгой хоёрын хооронд үүссэн гомдол маргаан байсан. Ойлголцохгүй гуравдагч талууд орж ирсэн нь орон нутгийн Засаг захиргаа ба талуудыг чиглүүлж ажилласан нь Олон улсын санхүүгийн корпорацийн гомдол барагдуулах механизм юм. Анх хэрхэн эхэлсэн түүх нь Оюутолгой төслийн дэд бүтцийн коридорын ойр орчимд нутаглаж байсан малчид. Төсөл эхэлсэнтэй холбоотой нүүдлийн мал аж ахуй сөрөг нөлөөлөлд өртөж байна гэж үзэж гомдол гаргасан байдаг.  Оюу толгой төслийг санхүүжүүлэгч Дэлхийн банкны групп болох Олон улсын санхүүгийн корпорацид гомдлоо гаргасан. Энэ нь маш зөв нүүдэл байсан. Хэрэв Засгийн газарт хандсан бол гурилаар хуураад л өнгөрөх байсан байх. Олон улсын байгууллага арай өөр өнцгөөс хандсан. Оюутолгой төсөлд зээл олгохдоо олон төрлийн стандарт шаардлага тавьж өгсөн байсан. Стандартын дагуу ажиллаж буй эсэхийг олон талт хөндлөнгийн шинжээчдийн баг гаргаж талуудаас хараат судалгаа явуулсан. Судалгааны дүнд 28 зөвлөмж гарсан байдаг. Тэдгээр зөвлөмжийн хүрээнд гомдлыг барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж албажуулна гэдэг нь өөрөө маш их үр дүнтэй байдаг. Талуудын үүрэг оролцоо тодорхой болж үр дүн гарч эхэлсэн. Малчдын гомдол сүүлд гарсан юм биш л дээ. Анх 2004 онд лицензтэй талбайд байсан 10 орчим айлаас эхэлсэн. Дараа нь 2011 онд 89 болж нэмэгдсэн хэдий ч энэ нь тийм ч зөв шийдэл байгаагүй. Харин ч эсрэгээрээ малчдыг ялгаварлан ангилж, талцуулах улмаар нөхцөл байдлыг хүндрүүлж байсан. 2017 оны тавдугаар сард байгуулсан гомдол барагдуулах гэрээгээр энэ бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Ингэхдээ нийтийн нөхөн олговорын хүрээнд нийт малчдыг хамруулсан олон хөтөлбөр арга хэмжээг урт хугацаанд авч хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан. Заримаас нь дурдвал мал нядалгааны шугам, малчны зах, малчдын хүүхдийн боловсролын тэтгэлэг, хороо бууц, худаг ус сэргээн засах гэх мэт олон төрлийн арга хэмжээг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Ярилцсанд баярлалаа