Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав 

2019-04-22 20:24

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгав.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг  үүрэг болгосон байна. 

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Мөн хоёрдугаар улиралд багтаан “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.

Жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгав. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгав. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, зургаадугаар сарын нэгний дотор танилцуулахыг сайд Д.Цогтбаатарт даалгав. 

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолоооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.

Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг сайд Б.Энх-Амгалан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нарт  даалгав. Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгалаа. 

Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 21 минутын өмнө
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 16 цаг 35 минутын өмнө
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
  • 2019-07-08 12:27
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
  • 2019-07-05 14:19
    Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.