“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-д  эрсдэл бий юу?

2019-04-19 12:26

Г.Идэрхангай

“Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
Тэрхүү төмөр зам нь өдгөө  “овоолсон шороо” нэр зүүж, харин “Энержи Ресурс”-ийн мэдэлд байсан авто замаар төрийн, хувийн, орон нутгийн гурван компани урд хөрш рүү нүүрсээ зөөсөөр. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж таван Засгийн газар, таван Ерөнхий сайд хүчээ сорьж, стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусан юм. Гэсэн хэдий ч  Монголын улс төрийн бүлэглэл,  фракцуудын тэмцэл, гадаад, дотоод зах зээлийн нөлөөлөл зэргээс үүдэн энэхүү Мега төсөл  бизнесийн утгаараа эдийн засгийн  эргэлтэд орж чадаагүй юм. 2015 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтээр спикер З.Энхболд тендерт шалгарсан консорциум буюу Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шенхуа Энержи”, Японы “Сумитомо” компанийн хамтран боловсруулсан төслийг унагаж, хөрөнгө оруулагчдыг нутаг буцаасан гашуун түүх бий. “Монголын баялгийг Хятадын төрийн өмчит компанид 100 жилээр өгөх нь” гэсэн хардлага бүхий  үндэслэлээр уг төслийг унагааснаас хойш Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчид орж ирэхээс болгоомжлох болсон.

Үүсэн байгуулагдсан цагаасаа улс төрийн хараат байж, бизнесийн “алтан зарчим”-аа хоёрдугаарт тавьж ирсэн “Эрдэнэс Тавантолгой”  сүүлийн хоёр жилийн хугацаанд  ахицтай менежмент хийсний дүнд алдарт “Чалко” болон  “Хөгжлийн банк”-ны өрөөс бүрэн ангижирч, 2018 онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллан  өөрийн гэсэн  эдийн засгийн хүч чадалтай  болсон. Нөгөөтэйгүүр “Тавантолгой төслийг олон улсын биржид гаргаж,  хөрөнгө босгоход улс төрийн талаасаа эрсдэл байхгүй” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ам бардам хэлж байгаа. “Төр сайн менежер гэдгийг Тавантолгой төсөл дээр харуулна” хэмээн салбарын сайд саяхан Канадын Хайгуулч, олборлогчдын  чуулганы үеэр  итгэл төгс өгүүлэв. Ямартаа ч  Тавантолгойн IPO-ийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах төслийн  удирдагч нар урам зоригтой, итгэл дүүрэн  яваа нь сайн хэрэг. Гэхдээ “Мега төсөл бол хаа нэг газраас чулуу шидэхэд хагарч унадаг шилтэй адил” гэсэн үг бий. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанаас гарч, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжсэн  төрийн мэдлийн   “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийж чадвал салбарын сайд тэргүүтэй  төсөл удирдагчид “үндэсний баатар”-аар тодорно, эс чадвал Тавантолгой ордын талаар дахиж лав ойрын жилүүдэд ярихаа больж, ард нийтээрээ хүртэж буй 1072 хувьцаа үнэгүйднэ.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-нд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсан даруйд Засгийн газраас 180 хоногийн хугацаатай хатуу даалгавар авсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр ямар ч байсан хийсэн юмтай,  ярих зүйлтэй болжээ. 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийг 340 сая тонноор нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Жорк” стандартаар 7.6-8 тэрбум тонн болгож бүртгэсэн, 2018 оноос нүүрс худалдан авагчийг нээлттэйгээр анх удаа сонгон шалгаруулж, байгуул­сан гэрээнүүдийн талаарх мэдээллийг ил тод болгосон, “1072 хувьцаа мэдээллийн төв” ажиллуулж, Эрдэмтдийн болон Олон нийтийн зөвлөлийн  бүтцийг бий болгосон гээд дурдвал олон. Төлөвлөсөн ёсоороо энэ гуравдугаар сард багтааж  стратегийн зөвлөх компани болон банкаа сонгох аж. Ажлын эрч хүч, олон нийтэд өгч байгаа төслийн удирдагчдын мэдээллүүд эерэг байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-д учрах эрсдэлийг  хэн нь ч бодитойгоор дүгнэн хэлэхгүй байна. 

Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо нэмэгдэн,  эрх мэдэл  нь  улам данхайж,  хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа шахаж гадуурхсан, айдаст автуулсан үйлдлүүдийг давтамжтайгаар хийж буй эрх баригчдын үйлдэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д шууд болон шууд бусаар нөлөөлж болзошгүй байна. Энэ бол  дотоодын  зүгээс үзүүлж буй  маш  том эрсдэл. 2020 оны парламентын сонгууль хаяанд ирж байна, араас нь Ерөнхийлөгчийн сонгууль айсуй. 

Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид  улс төрийн сонгуулийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруу­лах эсэхээ шийддэг болчихсон.  Монголын эрх баригчдын гэнэ­тийн, ойлгомжгүй, тогтворгүй бодлогууд нэг үгээр хэлбэл тэднийг залхааж орхисон юм. 

IPO-гийн бэлтгэл аж­лыг хангахад  олон улсын жишгээр 1-2 жилийн хугацаа шаард­­лагатай. “IPO-гийн дараах амьдрал” гэж бүр ч их хариуцлагатай үе шат бий.  Ийм чухал үе шатанд “Хө­рөн­гө оруу­лаг­чаа хөөж туулаа, бод­лого шийдвэр өөрч­лөгдлөө” гэсэн ганцхан  мэдээлэл хувьцааны ханшид огцом нөлөөлж, бирж даяараа бужигнана. 

Тийм болохоор IPO гаргахын өмнөх ийм эмзэг цаг үед   Монголын төр элдэв популист бодлогоосоо  татгалзах хэрэгтэй. Мэдээж хэрэг олон улсын биржид хөрөнгө босгосны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н засаглал сайжрах ч дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрхэн зөв менежменттэй өрнөхөөс их зүйл шалтгаална. Биржид гарахаас наана монголчуудад хийх ажил асар их бий. УИХ-ын ээлжит бус чуулганаар Тен­де­рийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Стратегийн түншлэгчээ, банк сан­хүү­гийн байгуул­лагуудаа сонгох болом­жийг  нээж өгөх нь. 
Дэлхийн шилдэг зөвлөхүүд юу гэж зөвлөхийг, түүнийг нь хэрхэн тусгаж авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК ойрын хэдэн сар  үйл ажиллагаагаараа тодорхой харуулах биз.Компанийн 30 хүртэлх хувийг  гадаадын хөрөнгийн биржид арилжаалан, 70%-ийг төрийн мэдэлд авч үлдэх зэрэг тус компани дахь  төрийн мэдлийн засаглал ойлгомжгүй байгааг судлаачид хэлж байна. Цаашид төрийн  хяналт   дор   явна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагаа өнөөдөр ч эргэлзээ төрүүлэхээр байгааг олон нийт шүүмжилдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд УУХҮЯ-ны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүдийг хууль бусаар томилж, Компанийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг Компанийн засаглалын үндэсний төвийнхөн хэлж байна.  Монголчууд дотроо ойлголцоод шийдчих иймэрхүү  зүйл дээр “будлиад” байх нь IPO хийхэд мэдээж нөлөөлнө. Тавантолгой ордоос Монголын нүүрс экспортлогч “Энержи Ресурс” компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа босгосон бэлэн жишээ  бий  ч “Эрдэнэс Тавантолгой” энэ туршлагыг үл ойшоож буй нь анзаарагддаг. Олон улсын зөвлөхүүдээс дутуугүй зөвлөгч нар хажууд нь байна.

“Энержи Ресурс” компани 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Англи-Саксоны хуулийн системтэй бүсэд бүртгүүлж байж амжилтад хүрсэн байдаг. Тэгвэл төрийн өмчийн компани яг ийм замыг сонгох эсэх нь тодорхой биш байгаа бөгөөд стратегийн зөвлөх үйлчилгээний компанийн үгийг эхлээд сонсох бололтой. 

Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Тавантолгой” компани үр ашигтай ажиллаж, ногдол ашиг хүртээх, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөхөд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд эн тэргүүнд компанийн үнэ цэнийг бодитоор тогтоох ёстой. Компанийн бизнесийн болон ордын нөөцийн үнэлгээг хийлгэх, ТЭЗҮ, бизнесийн үнэлгээ төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн анализ хийх, нөхөн сэргээлтийн сан үүсгэх, IPO гаргаж санхүүжүүлэх төслүүдийн тооцоо судалгааг олон улсын стандартын дагуу боловсруулах ажил ямар түвшиндээ яваа нь одоогоор нууцлаг.
2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30%-ийг олон улсын бирж дээр гаргах УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсаны дараа компанийн ТЭЗҮ, үнэлгээ огт хийгдээгүй байсан нь  дурын хүн  өөр өөрийн тооцооллыг хийхэд хүргэсэн. 

Компанийн,  нөөцийн, санхүүгийн үнэлгээнүүд хийгдсэнээр тус компани яг хэдий хэмжээний үнэлгээтэй компани вэ гэдэг нь тодорхой болох учиртай. “Жорк” стандартаар  ордын нүүрсний нөөцийн хэмжээг 7.6-8 тэрбум тонн гэж тооцлоо  ч үүнээс яг ашиглагдах нөөц нь хэд вэ гэдгийг бүр нарийвчлан гаргах ёстой.Юутай ч  Тавантолгойн ТЭЗҮ, “Жорк” стандартын дагуу хийгдсэн ажлын тайлангуудад “update” хийх ажлууд дууссан гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан. Компанид мөн  техникийн үнэлгээ буюу аудитыг  олон улсын мэргэшсэн байгууллагаар хийлгэж, үүн дээр олон улсын банкууд дахин санхүүгийн аудит хийж байж бүх зүйл тодорхой болно. Шат дараалсан энэ бүх ажил үлдсэн цөөхөн сард хийгдэж амжих уу гэдэг эргэлзээтэй. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-д нөлөөлж болзошгүй зүйл бол дотоодын хүчин зүйлсээс гадна нүүрсний зах зээл, үнэ ханш. Коксжих нүүрсний зах зээл ирэх арван жилд өөрчлөгдөх хандлага ажиглагдаад ирлээ. Коксжих нүүрсний үнэ 2018 оны дундаас хойш харьцангуй тогтвортой байгаа ч цаашид буурах таамгийг олон улсын шинжээчид  танилцуулж байна. Европын холбоо болон барууны олон улсын байгууллагууд 2019 оноос нүүрсний салбарт хөрөнгө оруулахгүй байх зарчмын шийдэлд хүрчихлээ.  Цаашид Хятадын эдийн засаг саарах төлөвтэй байгаа бөгөөд нүүрсний үнэ тогтвортойгоор унах хандлага ажиглагдаж буй. 

“Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах  тухай”  73 дугаар тогтоолд Тавантолгой ордын төслийг цогцоор нь хөдөлгөх бодлого иж бүрнээрээ тусгагдсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд бүтцийн(хоёр төмөр зам, дөрвөн авто зам) асуудлаа шийдвэрлэхэд 7.1 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд үүний 1/3 нь зөвхөн IPO хэрхэн гарахаас шалтгаална. Тогтоол гарснаас хойш  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанийн 49%-ийг гадаадын хөрөнгө оруулагчид санал болгох яриа хэлэлцээр эхэлсэн.  Харин өнөөдөр “Үндэсний аюулгүй байдлын өгсөн зөвлөмжийн дагуу ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэдгээс өөр тоймтой зүйлийг салбарын сайд хэлсэнгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-гоос олсон 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашгийн 85%-ийг  Сайншанд-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд зориулж, үлдсэн 15%-ийг иргэдэд ногдол ашиг хэлбэрээр тараахаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Түүний хэлснээр 2019 онд Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг  барьж дуусгаснаар Ерөнхийлөгч Х.Баттулгын  В.В.Путинтай байгуулсан транзит хэлэлцээр хэрэгжиж, Монголын нүүрс УБТЗ-аар дамжин Владивостокийн боомт зорих юм.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн онд зүтгэж олсон мөнгө ийнхүү эхний ээлжинд Ерөнхийлөгчийн мөрөөдлийг биелүүлэхэд  зориулагдах нь.

Бүтэн арван жил хэрүүл маргааны бай болж ирсэн ТТ-ГС чиглэлийн 267 км төмөр замыг 2020 онд барьж дуусгах үүрэг чиглэлийг ҮАБЗ-өөс мөн гаргасан юм. УИХ-ын 73 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн 51%  хүртэлх оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулагдаад удаагүй байна. Уг 51% дотроо “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” хоёр хувь эзэмшигч болж орж байгаа бөгөөд санхүүжилтээ харилцан тохирч буй гэсэн мэдээлэл бий. Уг нь Засгийн газрын шийдвэрээр бол “Монголын төмөр зам” компани төмөр замын далан шорооны ажилд зарцуулагдсан 279 сая ам.долларыг “Тавантолгой төмөр зам”-д шилжүүлэх ёстой.  

Харин “Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг “Нүүрс урьдчилан борлуулах гэрээ” байгуулах замаар санхүүжилтээ шийдэхээр ажиллаж байгаа гэх боловч эцсийн шийдэл гараагүй байна. Одоогоор ТТ-ГС-ын чиглэлийн төмөр замын далан шорооны ажилд аудит хийгдэж буй бөгөөд аудитын дүгнэлт гарсны дараа МТЗ, ЭТТ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болох юм. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замын бүтээн байгуулалтад 1 тэрбум 70 сая ам.доллар шаардлагатай. Үүнээс 790 сая ам.долларыг бүтээн байгуулалтыг үргэлжүүлэхэд зориулах юм. Харин төмөр замын эзэмшлийн 49%-ийг эзэмших хөрөнгө оруулагч нь Хятадын төрийн өмчит “Шенхуа” групп гэсэн мэдээлэл гарч байсан хэдий ч сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад “Чайна Энержи” энэхүү хувийг эзэмших бололтой байна. Учир нь Хятадын төрийн өмчийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч “Чайна Энержи” компани Тавантолгой төсөл дээр орж ирэхээр бэлтгэж, гэрээ хэлэлцээрийн түвшинд явааг Б.Ганхуяг захирал хэлж байсан билээ. Энэ бүх үйл явцыг ажиглаад байхад  Тавантолгойн төсөл  дээр хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагч, худалдан авагч тал  нь Хятад   байх бөгөөд нэг улсын хамаарлаас ангид байх Үндэсний аюулгүй байдлын зарчим алдагдах эрсдэл байгаа юм.   

УИХ-ын 73 дугаар тогтоолд тусгагдсан бас нэг асуудал бол  “Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгой ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн  шийдвэрлэх тухай” заалт. Ямар ч байсан Монголын Засгийн газар  эрчим хүчний гол худалдан авагч “Оюутолгой” ХХК-тай тохиролцож, шинэ он солигдох торгон мөчид “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ”-гээ үзэглээд амжсан. 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд  Тавантолгой орд дээр  баригдаж  ашиглалтад орох 300 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн цахилгаан станц”төслийн хөрөнгө босгох зарчмыг хоёр тал энэ гуравдугаар сард шийдсэн байх ёстой ч одоогоор энэ талын тодорхой мэдээлэлгүй байна. Төслийн 51%-ийг “Оюутолгой” компани эзэмших эсэх нь шийдэгдээгүй бололтой.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гарахад нөлөөлөх олон хүчин зүйлсийн нэг нь 73 дугаар тогтоолын “Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх” тухай юм. Яг энэ чиглэлээр ямар ажлууд, ямар нөхцөлтэйгээр хийгдэж байгаа талаарх мэдээлэл ч ил тод биш байна.  Энэ бүхнээс  IPO гаргахын өмнө Монголын төрийн дотоод нэгдмэл чанар, ялангуяа бодлогын шийдэл дээр нэг байр суурьтай байх нь юу юунаас чухал болоод байна. 

Сэтгэгдэл (2)

  • Энэ яг юу гэх гэсэн юм бол? Тэгээд эрсдэл байгаа юм уу үгүй юм уу? 9 сард амжих юм уу үгүй юм уу? Ойлгосонгүй
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Хятадаас хамаарал болох гэх юм энэ нүүрсээ өөр хэнд өгөх нээл байгхи юм
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 10 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 15 цаг 59 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.