Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Могойн голын нүүрсний экспорт  түр зогслоо

Хөвсгөл аймгийн  “Эрх чөлөө” сонины эрхлэгч Б.Гэрэлням

“Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани экспортоо түр хугацаагаар зогсоожээ. Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг.  

Гэсэн хэдий  ч  зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдэх, ашиглалтгүй болгох зэрэг  эрсдэл учруулж байгаа юм. Мөн 44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн тухай  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарч, тус компанийн тээврийн автомашинуудыг   зам, гүүрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрчээ.  

Аймгийн ИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар  2019 оны дөрөвдүгээр  сарын 10-наас эхлэн нүүрс тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой  зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд хориглолоо. Уг тогтоолыг аймгийн ИТХ-аар дахин  хэлэлцэж байж хоригийн хугацааг цуцлах юм. 

“Могойн гол” ХК-ийн  2019 оны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бууруулж, бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дотоодод нийлүүлэх нүүрсний нөөцийг бүрдүүлэх, уулын ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулах, компанийн ТУЗ-ийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэгчдэд удирдамж өгч хэрэгжилтийг хангуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өглөө. Түүнчлэн улсын  төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газарт буцаан төлөх гэрээгээр олгосон 651 сая 800 мянган төгрөгийн хөрөнгөөр “Могойн гол” ХК-ийн орон нутгийн  хувь нийлүүлсэн эх үүсвэрийг нэмэгдүүлж батлуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Л.Ганболдод даалгасан юм. 

“Могойн гол” ХК  нь 2018 онд 4 тэрбум 427,1 сая төгрөгийн борлуулалт хийж 1 тэрбум 340,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2019 онд 1842,2 мянган м3 хөрс хуулж, 250,0 мянган тонн нүүрсийг олборлосноо  194,0 мянган тонныг зах зээлд борлуулсан байна. Тус компани энэ жил  3179,7 сая  төгрөгийн цэвэр ашигтай ажиллах зорилт тавьсан хэдий ч нүүрс тээвэрлэлтийн зөрчлийг арилгах хүртэл  компанийн төлөвлөгөө хэр биелэгдэх нь тодорхойгүй байна. 

Могойн голын нүүрсний уурхай нь  Улаанбаатар хотоос 880 км, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 209 км, Завхан аймгийн Улиастай хотоос 226 км зайд  Цэцэрлэг  сумын нутагт оршдог.  1971 онд ашиглалтад  орсон тус уурхайг  1994 онд хувьчилснаар  51% нь орон нутагт, 49% нь хувь нийлүүлэгчид болоод  хувьцааг нь эзэмшиж буй иргэдэд ногддог юм. 


                                                               

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.254.206)
    Нөгөө төмөр зам тавина гэснээ яасын болооо?
    2019 оны 04 сарын 12 | Хариулах