Эдийн засгийн өсөлтийг хадгалах сорилт тулгарна

2019-04-12 10:14

The Mongolian Mining Journal /Feb.2019/

Б.Төгс

2018 онд Монгол Улсын эдийн засаг 6.9%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Экспорт, хөрөнгө оруулалт бүгд өсч 2014 оноос хойших хамгийн өндөр эдийн засгийн өсөлт тохиосон нь шинжээчдийн тооцоолж байснаас давж чадлаа. Гэхдээ эдийн засгийн шинжээчдийн царай тийм ч өнгөтэй харагдахгүй байгаа нь энэхүү өсөлт гагцхүү зэс, нүүрсний “цоройлт”-оос эхтэй байсан гэдгийг батлан хэлэх шиг. 

Төр засаг аливаа амжилт сайн үр дүнг гагцхүү өөрийн сайнтай холбож тайлбарлах дуртай байдаг талтай. Гэвч үүнийг Олон улсын валютын сан өсөлт чамгүй сайн байсан ч эрдэс түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа шүү хэмээн асуудлыг соёлтойгоор тайлбарласаар хөтөлбөрийн талаас илүүг нь бид хэдийнэ өнгөрүүлчихсэн сууна. 

Засаг тэгвэл юунд анхаарал хандуулах ёстой байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол валютын ханшийн асуудал юм. Засаг өнгөрсөн онд төгрөгийн ханшийн хувьд муу дүн авахаар ажилласан гэвэл хэн ч засгийг өмөөрөхгүй болов уу. Монголбанкны хувьд "бид ханшийг удирддаг байгуулага биш шүү дээ та минь" гэдгээ зарлаж учирлаад удаж байгаа билээ. Шинжээчид урсгал дансны алдагдал их байгаа нь валютын ханшийг өсгөж буй үндсэн нөхцөл хэмээн энгийнээр тайлбарладаг бөгөөд харин үүнд Засгийн газар хэрхэн чиглэж ажиллахаас бүх зүйл хамаарна. Гэвч Засгийн газар бүх асуудлыг Монголбанк мэднэ гэж тайлбарлахыг оролддог нь харамсалтай.

Монголбанкны хувьд гадаад валютын нөөцийг өсгөх чин зорилготой ажиллаж буй бөгөөд өнгөрсөн оны эцэс гэхэд  3.54 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлсэн нь сүүлийн зургаан жилийн дээд үзүүлэлт боллоо. Энэ нь өнгөрсөн онд валютын нөөц 17.74%-иар өссөн гэсэн үг. 
Энэ онд валютын нөөц бүрдүүлэх гол хэрэгсэл болох алтны роялтийн хэмжээг 2.5%-д барих хуулийн хугацааг УИХ-аар хэлэлцүүлэн сунгах асуудал хамгийн их анхаарал татаж байна. Энэ оноос эхлэн Алтны роялтийн хэмжээг бага түвшинд барих хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор оны эхний сард Төв банкны алт худалдан авалт 47%-иар буурч 597 кг-д хүрчээ. Энэ нь алтны салбарынхан хуулийн хугацааг сунгах хүлээлттэй байгааг харуулна. Төв банк валютын нөөцийг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилттойн хувьд алт  худалдан авалтыг хэвийн хэмжээнд барих нь ихээхэн чухал хүчин зүйл болох нь дамжиггүй юм. 

Өнгөрсөн онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 8.9%-иар суларсан. 2018 онд АНУ-Хятадын хооронд үүссэн худалдааны дайн, АНУ-ын Төв банкны бодлогын хүү дөрвөнтөө өссөн болон бусад олон гадаад хүчин зүйлээр долларын ханш өсөх шалтгааныг тоочиж болно. Гэвч Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөр хэрэгжээгүйсэн бол төгрөгийн ханшийн уналт хавьгүй илүү мэдрэгдэх аюул байв. 

Эх сурвалж: Монголбанк
 

2009 онд “хуучин найз” Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжих үед нэг хэсэгтээ долларын ханшийн өсөлт намжиж харин ч буурах янзандаа орсон. Энэ удаагийн тусламжийн хөтөлбөрийн үед ам.долларын ханшийн бууралт ажиглагдахгүй нь бололтой. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, ил уурхайн бүтээн байгуулалтын үеийнх шиг эдийн засгийн өндөр өсөлтийг авчрахгүй гэдэгтэй агаар нэг мэт санагдана. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг томорсоор байгаа бөгөөд үүнийг тогтвортой авч явах нь ухаалаг бодлого шаардсан амаргүй ажил болсоор байгаагийн нэг том дохио болж байна. 

Эдийн засагчид өсөлтийг цаашид хэрхэн хадгалах  вэ гэдэгт аль хэдийнэ санаа зовоод эхэлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулагдсан “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал 2018” тайлангийн танилцуулгын үеэр тайланг боловсруулагч "Гэрэгэ Партнерс" компанийн Захирал Г.Рагчаасүрэн 2025 оноос эдийн засгийн өсөлт эрчимтэй саарч эхлэх төлөв харагдаж байгааг тэмдэглэжээ. Монголын хөрөнгө оруулалтын буухиаг үргэлжлүүлж яваа ганц төсөл гэж хэлж болох Оюутолгойн өргөтгөл шат дуусахтай зэрэгцэн ийм асуудал чухамдаа ундарна гэсэн гол тайлбартай. 
 
2021 оноос хэдий далд уурхайн зэсийн баяжмалын экспорт эхэлж 2025 онд үйлдвэрлэлийн оргил үед хүрэх төлөвтэй ч эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө нь төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шиг байж чадахгүйг Олон улсын валютын сан тайлбарлаж сануулж байх юм. Зарим шинжээч 2020 оны дунд үеэс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа дуусмагц эдийн засгийн өсөлт саарч эхэлнэ гэсэн таамгийг ч дэвшүүлж байна. 

Энэ бүхэн нь одоогийн Засгийн газрын хувьд санааг нь чилээсэн асуудал мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын сонгууль  айсуй. 
Гэхдээ Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 3 тэрбум хүртэлх ам.доллар босгох амбицтай IPO-ийг сонгуулиас урьтаж хийчих төлөвлөгөөтэй. Үгүйдээ гэхэд Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөчих санаатай ажиллаж буй. Асуудал  нь Тавантолгой бол хичнээн том “шар тос” болохыг хөрөнгө оруулагчид харж буй боловч илүү их ажиглан сонждог зүйл нь хөрөнгийг зарцуулж удирдах хүмүүсийн ёс зүй, сахилга хариуцлага буюу компанийн засаглал гэдэг нь яриангүй үнэн. Энэ нь ажил урагшлахад томоохон бэрхшээл дагуулж мэдэх юм. Хөрөнгийн биржүүдийн босго энэ тал дээр хатуу чанга гэдгийг бүгд мэднэ. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO нь угтаа “Энержи Ресурс”-ийн туршлагыг давтахыг оролдож буй  “би ч бас чадна” уриатай төр засгийн эрмэлзэл ч гэж харагддаг. Гэхдээ энэ ажил ес дэх жилийн нүүрээ үзэж буй нь төр, хувийн хэвшлийн менежментийн чанарын ялгааг ямар ч тайлбаргүйгээр тод харуулна. Аз болоход “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд өндөр  ашигтай ажилласан билээ. Энэ нь нэг талаар аз болох ч нөгөө талаар компанийг амжилтандаа хэт эрдэж, олон зүйл рүү хүчээ тарамдуулах аюулыг давхар учруулж мэднэ. 

Бид өнгөрсөн онд Засгийн газрын өр барагдуулах ажил хэрхэн амжилттай болсон тухай чамгүй дуулсан. Гэхдээ 2018 онд төлөгдсөн Чингис, Дим сам бонд,  тэдний дүү нар болох Хуралдай, Гэрэгэ нэртэй шинэ бондоор “дарсан” гэдгийг санах хэрэгтэй. 

Энэ онд болон ирэх сонгуулийн жил биднийг томоохон өр зээлийн үндсэн төлбөр сандаргахгүй ч бид чамгүй бэлтгэх хэрэгтэй нь тодорхой байна. Өнгөрсөн онд экспорт анх удаагаа 7 тэрбум ам.долларт хүрч өссөн ч, нүүрсний салбар зэсийг хол орхихоор хэмжээнд хүрч өссөнөөр гадаад, дотоод өр төлбөр барагдуулахад түлхэц болсон ч шинэ бондын мөнгөөр өрөө дарахаас өөр арга байсангүй. Тэгэхээр цаашид гадаад бондын төлбөрүүд улсын эдийн засагт хүндхэн дарамт үзүүлэх нь ойлгомжтой байна. Мэдээж “бондыг бондоор” гэдэг энэ зарчим манай улсын эдийн засгийг чимээгүй мэрэх механизм болж үйлчлэх нь тодорхой. Гадаад болон дотоод өр төлбөрүүдийг боломжийн хэрээр хааж барагдуулахгүй бол зөвхөн хүүгийн зардал нь гэхэд төсөвт суулгасан нийт цалингийн зардалтай тэнцэх хэмжээнд хүрчээ.

Тиймээс шинжээчид Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдаж буй хөрөнгөөр юун түрүүнд өр төлбөрөө цайруулах нь зохимжтой гэж үзэж байна. Үүнээс гадна Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь удахгүй дуусахаар хүлээгдэж байна. 


Хүлээгдэж буй гадаад өр төлбөрүүд

Засгийн газар, Төв банк 2020-2024 онд нийтдээ 7.1 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах тооцоотой байгаа ажээ.
Бондын төлбөрийн хугацаа болоход буюу 2021 онд валютын сангийн хөтөлбөр дуусч, шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрэлдэн ажлаа эхлүүлсэн байх болно. Бас дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн далд сурталчилгаанууд үзэгддэг цаг үе байх юм. 

Энэ онд эдийн засгийн өсөлт 6.6-6.7%-тай гарах таамгийг Төв банк дэвшүүлээд байна. Гэхдээ ойрын жилүүдэд айсуй үйл явцыг харвал хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байгаа нь илэрхий харагдана. Нөгөөтэйгүүр сонгуулийн жил ойртож буйтай холбоотойгоор томоохон төслүүдийн хэрэгжилт хойшилно гэсэн таамаглал ч түгээмэл байна. Гадаад хүчин зүйлийн тухайд 2019 онд эрдсийн захын нөхцөл байдал Монголд ашигтай байдлаар эхэллээ. АНУ-Хятадын худалдааны дайн сайнаар шийдэгдвэл манай экспортын  түүхий эдийн хэрэгцээ өснө. Нэг ёсондоо гадаад нөхцөл байдал манайд ашигтайгаар эргэж байна. Өнгөрсөн оны сүүлээр улс төрийн тогтворгүй байдал нь   эдийн засагт хичнээн хор уршигтай нь УИХ-ын зогсонги байдал дээрээс тодорхой харагдсан. Сүүлийн жилүүдэд өрнөж буй эдийн засгийн үйл явцаас харахад Монголын эдийн засаг илүү томорч хянахад илүү хэцүү болсон нь харагдана. Ийм цаг үед Засгийн газрын хөрөнгө оруулалтад чиглэсэн шийдвэр, ажил хэрэг бүр ч илүү хариуцлагатай болж ирж буй нь тодорхой байна.  
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 21 цаг 1 минутын өмнө
    Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
  • Өчигдөр 12 цаг 26 минутад
    “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
  • 2019-04-17 17:11
    “Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
  • 2019-04-17 11:18
    ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
  • 2019-04-16 17:01
    Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.