“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо нэмэгджээ 

2019-04-10 18:01

Хариуцлагатай уул уурхайг чухалчилсан “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд энэ удаад хамгийн олон компани оролцож буйгаараа онцлог. Дэлхийн 20 гаруй орны 150 гаруй компани уул уурхайн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, тэргүүлэгч техник, машины механизм зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.

Монгол Улс дахь гадаадын Элчин сайдын яамдууд үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, өөрсдийн орны компаниудыг сурталчлахаар тогтмол оролцох болсон нь “Mongolia Mining”-ийг өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч арга хэмжээ болсныг илтгэнэ.

Үзэсгэлэн нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлсэн бөгөөд ёслолын хүндтэй зочноор Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар,  Канад, Их Британи, Беларусь, Турк, АНУ, Япон, Лаос, Энэтхэг, Казахстан зэрэг орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бодлогын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд, ашигт малтмалын эрдэсжилтийн хуримтлал бүхий талбайд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн томоохон төслүүдийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгасан. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой бөгөөд энэ салбарын ямар ч үйл ажиллагааг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс төрийн бодлогын тогтвортой байдал, төр-хувийн хэвшил, орон нутаг, бизнесийн байгууллага, иргэд хоорондын харилцан ойлголцол, нягт хамтын ажиллагаанд тулгуурладаг онцлогтой салбар” хэмээн цохон тэмдэглэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “ДНБ-ний 24%, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 75%, улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар хураамж бүрдүүлж буй уул уурхай нь Монголын эдийн засгийн томоохон салбар юм. Засгийн газартай хамтран МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг Монголын “Топ 100” аж ахуйн нэгжийн 22 нь уул уурхайн салбарынхан байна. Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд нь өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийн зэрэгцээ улсад татвар төлж, жижиг дунд бизнесийг дэмжин, орон нутгийн иргэдэд зориулан дэд бүтцийн болон нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн” болохыг  онцолсон.

"Mongolia Mining” үзэсгэлэн Ерөнхий зохион байгуулагч “Майнекс” компанийн Гүйцэтгэх захирал Т.Баттулга “”Mongolia Mining” үзэсгэлэн анх 2011 онд зохион байгуулагдаж ирснээс хойш жилээс жилд өргөжиж Монголд үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулж болох хамгийн том талбай “Буянт Ухаа” цогцолбор ордонд багтахааргүй болтлоо тэлжээ. Тиймээс энэ жил цогцолборын гадна талд өргөтгөсөн талбайг тохижуулснаар Монголын уул уурхайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх сонирхолтой компаниудыг үзэсгэлэнд оролцох боломжийг бүрдүүлсэн. Ер нь Монголд уул уурхайн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ ханган нийлүүлж буй 10 мянга гаруй компанид байдаг бөгөөд тэр бүгдийг үзэсгэлэнд оролцуулах хараахан боломжгүй юм. Гэхдээ ханган нийлүүлэлтийн хамгийн шилдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд үзэсгэлэнд оролцож буй гэдгийг зочид төлөөлөгчдөд хэлэхэд таатай байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, орон нутаг, хувь хүний хөгжилд уурхайн салбарын оролцоо, хувь нэмэр тун чухал бөгөөд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө энэ жилийн “Mongolia Mining” үзэсгэлэнгийн уриа болгосон” гэдгийг хэлсэн юм.

Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Трансвест”, “TSBON” болон бусад томоохон оролцогч “Вагнер Ази”, Орос, Европын компаниудын орчин үеийн шинэлэг шийдэлтэй, содон засалттай павильонууд зочдын анхаарлыг татаж байлаа. Уурхайн үйл ажиллагаанд машин техник ашиглахыг бодитоор харуулсан алсын удирдлага бүхий хөдөлгөөнт “макет” энэ удаагийн үзэсгэлэнгийн содон үзмэр байв.

Компаниудын оролцоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн маркетингийн арга хэлбэр, талбайн засал чимэглэл, үзэсгэлэнгийн зохион байгуулалт ч олон улсын энэ төрлийн арга хэмжээний түвшинд ойртон хөгжиж буйг энэ удаагийн “Mongolia Mining”-аас анзаарагдсан.

“Mongolia Mining” үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд арга хэмжээний хоёр дахь өдөр уламжлалын дагуу салбарын бодлого, зорилт, чиг хандлагын талаарх семинарууд зохион байгуулагдана. Семинарт УУХҮЯ, АМГТГ, “Оюутолгой” компани, Хараат бус судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид илтгэнэ тавина.

Түүнчлэн, энэ жилийн үзэсгэлэнгээр анх удаа уул уурхайн машин техникийн жолооч нарын ур чадварын уралдаан гаднах талбайд зохион байгуулагдах юм.

Э.Од   

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 4 цаг 57 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
  • Уржигдар 17 цаг 45 минутад
    Уул уурхай Монгол орны хөгжлийн тулах цэг, эдийн засгийн хөдөлгөх хүч гэж зарим нь ярьдаг. Харин зарим нь байгаль орчныг сүйдлэгч хамгийн хэрэггүй салбар гэдэг. Тэгвэл уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй бол цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт бидэнд тулгарч байна.   
  • Уржигдар 14 цаг 02 минутад
    Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “Энержи Ресурс” компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд ДЦС байгуулах ажлыг эхлүүлэхээр ТЭЗҮ-ийг батлах гэрээг талууд үзэглэлээ.