Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл  байр суурь дутагдалтай

2019-04-09 09:49

Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ. Уг төслийн талаарх бие даасан судлаач, шинжээч, эрдэмтдийн байр суурийг MMJ сэтгүүл хүргэж байна. Эдийн засагч Ч.Отгочулуутай сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа. 

 

The Mongolian Mining Journal /March.2019/

Чили, Норвеги улсад уул уурхайн салбарт нь төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулахын тулд тэдгээр компанийг жишээлэх явдал цөөнгүй байдаг л даа. Таны хувьд IPO гаргахаар тэмүүлж буй   “Эрдэнэс Тавантолгой”-н өнөөгийн удирдлагын менежментийг хэрхэн харж байна вэ? 
Норвегийн жишээнээс харахад төр засаг нь хувьцаа эзэмшигчийн үүргийг гүйцэтгэхдээ зөвхөн мэргэжлийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг томилох хүрээнд л оролцдог. Компани сайн ажиллавал, өөрөөр хэлбэл ашигтай байвал ТУЗ-ийг үргэлжлүүлнэ, муу байвал солино. ТУЗ-ийн гишүүд нь хувийн компанийн адил ашгийн төлөө арилжааны зарчмаар ажилладаг.ТУЗ нь мөн мэргэжлийн Гүйцэтгэх захирлыг томилно. Гүйцэтгэх захирлын хувьд өрсөлдөх чадвартай, өндөр цалинтай ажиллаж, өөрөө багаа бүрдүүлнэ.

Харин Чилид төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Зэсийн консул гэж бий. Мөн Өрсөлдөх чадварын үндэсний зөвлөл нь удирдлагаар хангаж ажиллана. Ингэснээр компанийг  сонгуулийн мөчлөг, улс төрийн сонирхлоос хамгаалж байгаа юм. Өрсөлдөх чадварын үндэсний зөвлөл, төрийн өмчийн компаниудын зорилго нь тухайн компанийг олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай байлгахад чиглэдэг. 

Дэлхийн жишиг, ашигт ажиллагаа хаана байна, зардал нь хэд юм, бүтээмж нь хэр хэмжээтэй байгаа вэ зэрэг  үзүүлэлтээр хариуцлага тооцож ажилладаг онцлогтой.

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) хоёрт засаглалын стандартууд бий. Эдгээр стандартыг төрийн өмчийн оролцоо бүхий компаниудын засаглалын менежментэд хэрэглэдэг. Манай төрийн өмчтэй компаниудын хувьд санаа авахаар олон улсын ийм засаглалын бэлэн  стандартууд байна. 

Компани бизнесийн зарчмаараа үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Монголд энэ байдал эсрэгээрээ явагддаг. Сонгуулийн дараа   төрийн өмчийн компанийн захирлууд солигдчихдог шүү дээ?
Солигдоод зогсохгүй зарим нь улсын төсөвт бага татвар төлсөн хэрэгт бас унадаг. Төрийн өмчит компани өрсөлдөх чадвар сайтай байх ёстой. Үүндээ тохирсон зардлын бодлого явуулж ерөөсөө чаддаггүй. Шахааны хүмүүсийг олноор нь томилж ажиллуулдаг гээд олон асуудал бий. Ерөнхийдөө Монголд төрийн өмчит компаниудын захирлууд "хоёр эзний нэг зарц" шиг л ажилладаг. Огт өөр хоёр ашиг сонирхлыг нэгэн зэрэг гүйцэтгэнэ гэдэг боломжгүй зүйл л дээ. Тухайн компаниас улсын төсөвт маш өндөр татварыг төвлөрүүлэх тал дээр бол татварын байцаагч шиг ажиллана, томилсон эрх мэдэлтнүүдийнхээ ах дүү, хамаатан садныг ажилд оруулна, дээр нь компанийн зардлыг бага байлгах гэж зүтгэнэ. Ийм нөхцөлд чанартай үйлчилгээ авах боломжгүй. “Оюутолгой”  компани гэхэд их татвар төллөө, зардал хэтрүүллээ гэж буруудсан. Дараа нь, хуулийн дагуу, олон улсын стандарт, гэрээ хэлцлийн хүрээнд татвараа бууруултал “Өө, татвараас зайлсхийсэн байна” гээд  бас буруутгагдсан. Уг нь хувийн хэвшлийн компанийн адилаар хуулийн дагуу бага татвар төлж, зардлаа оновчлоод явж байгаа бол урамшуулах ёстой ч Монголд тэгдэггүй. Яагаад бага татвар төлөв гээд л хэрэгт хийдэг л дээ. Иймэрхүү зүйлсээс л компанийг хамгаалах хэрэгтэй байгаа юм. 

Өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед бизнесийн байгууллагын удирдлагууд улстөрчдөд болон ард иргэд, татварын байгууллагад таалагдсан, тэгсэн хэрнээ өөрийн компанийн урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах боломжгүй. Зарим нөхцөлд, бүр тодруулбал түүхий эдийн үнэ унасан тохиолдолд шаардлагатай цомхтголыг шууд хийдэг байх ёстой гэж үздэг хүмүүс бий. Таны байр суурь юу вэ?
“Эрдэнэс Тавантолгой” компанид нэг хэсэг 600 гаруй хүн ажилладаг байсан. Тэгсэн мөртөө бүх ажлаа операторуудаар хийлгэчихнэ. Ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад хэд дахин их хүн “Эрдэнэс Тавантолгой”-д ажилладаг хэрнээ үр дүн, бүтээмж муу  байсан. Ингээд 200 хүний ажил үүрэг нь давхцаад байсан учраас өөр ажилд шилжүүлье гэтэл нэг ажилтан нь өөрийгөө хэвлэлийн хурлын үеэр шатаах гэж оролдсон шүү дээ. Түүхий эдийн үнэ унаж, компани алдагдалд орсон үед хувийн компани болохоор цомхотгол хийж болоод байдаг улсын компани  яагаад болдоггүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Төрийн өмчит компани гэдгээрээ богино хугацаанд цөөнгүй хүмүүсийг ажилтай байлгаж байгаа ч урт хугацаандаа бол тухайн компанийг  өрсөлдөх чадваргүй болгоод зах зээлээс шахна. Урт хугацаандаа аж үйлдвэрлэл нь дампуурна. Энэ өнцгөөс харвал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ийг босгоно гэж ярьж байгаа ч бодит байдал дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид, санхүүчид хөрөнгө оруулахаас айх байх. Учир нь тэд эдийн засгийн шийдвэр гаргах гэж орж ирнэ. Манайд гэтэл бүх зүйл улс төрөөр хэмжигдэнэ. Оюутолгойн жишээг харъя. Энэ компанийн 66%-ийг нь олон улсын  хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсан том хөрөнгө оруулагч нар, тэр дотроо 50.5%-ийг нь эзэмшдэг “Рио Тинто гээд дэлхийд гуравт ордог том компанитай  Монголчууд хэрхэн харьцаж байна вэ? Рио-Тинтотой ингэж харьцаж байгаа юм чинь 30%-ийн хувьцааг аваад 3 тэрбум ам.доллар өгөх хөрөнгө оруулагч олдох болов уу.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж, үлдсэн 70% хувь нь Засгийн газарт үлдэх юм байна. Компанийн энэ хэсгийн засаглал нь үнэхээр ойлгомжгүй. Улс төрөөс маш их хараат, төрийн оролцоо ихтэй, ямар тоглоомын дүрмээр явах нь тодорхойгүй. Тийм учраас засаглалын сайн стандартыг хангаж, менежмент нь улс төрөөс хараат бус, ашгийн төлөө арилжааны зарчмаа баримтлан  хөрөнгө оруулагчийн эрх ашиг, хяналтыг биелүүлж чадвал Тавантолгой төсөлд хэн ч орж ажиллана. Яг өнөөдрийн нөхцөл байдлаас харвал Тавантолгой төсөлд гадаадын  байтугай, дотоодын хөрөнгө оруулагч орж ажиллахад хүндрэлтэй байна. Түүнээс гадна Засгийн газрын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа байр суурь маш ойлгомжгүй. Ялимгүй асуудал гарангуут хууль эрхзүйн боломжоо алгасаад шууд л барина, хорино, хураана гээд явчих жишээтэй. 

2019 оны гуравдугаар улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах ажлаа эхлүүлнэ гэж байгаа. Ерөнхийдөө Засгийн газраас зарласан 180 хоногийн хугацаандаа багтаж, хувьцаагаа гаргахаар ажиллаж байна. Хонконгийн хөрөнгийн биржийг сонгосноо компанийн удирдлагууд мэдэгдсэн. “Энержи Ресурс” компани бараг гурван жил бэлтгэж байж олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож байсан туршлага бий. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ богино хугацаанд Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч амжих болов уу?
Өнгөрсөн жилийн есдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн Гүйцэтгэх удирдлага “Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст бид ногдол ашиг тараана” гэж мэдэгдэл хийсэн. 2018 он ард хоцорч, 2019 оны нэгдүгээр улирал дуусч байна. Ногдол ашиг тараалаа гэж би л лав сонссонгүй. 2019 оны гуравдугаар улиралд тус компани IPO гаргана гэж байгаа юмуу, эсвэл IPO босгох бэлтгэл ажлыг эхлүүлнэ гэж байгаа юм уу гэдэг нь шууд ойлгогдохоор биш байна. Бизнесийн болон арилжааны зорилгоор орж ирэх хөрөнгө оруулагч бол 2020 оны парламентын сонгуулийг хүлээх байх гэж бодогдож байна. 

IPO гаргахын өмнө иргэдэд ногдол ашиг тараах шийдвэрт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хүрчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ч ийм байр суурь, тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэтэл ногдол ашгийг IPO  гаргахтай зэрэгцэн олгох нь тийм ч зөв алхам биш гэж үзэх хүмүүс байна?
Арилжааны зарчмаар ашгийн төлөө орж ирэх хөрөнгө оруулагчийн сонирхол бол ногдол ашиг авахад оршино. Мөн ногдол ашиг тараах талаар маш нарийн зохицуулалт шаарддаг. Гэтэл манай тохиолдолд ногдол ашгийг нэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал, нөгөө бол  төрийн өөр институт хөндлөнгөөс нь орж ирээд ингэж тараана, тэгж хуваарилна гээд яриад байна. Төрийн өндөрлөгүүд тус бүртээ  “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг ямар нэг байдлаар зарцуулна гэдгээ зарлачихлаа.Ингэж тус тусдаа өөр өөр зүйл яриад байгаа нь хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал үүсгэнэ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO амжилттай болох эсэх нь дэлхийн нүүрсний зах зээл, түүхий эдийн үнээс ихээхэн шалтгаална. Эдийн засагчийн хувьд Та нүүрсний зах зээлийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ?
Нүүрсний зах зээлийн тухайд судлаачид хоёр хуваагдсан байна. Зарим нь нийлүүлэлт өсөх учраас коксжих нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүсч, үнэ унана гэсэн таамаглалыг дэвшүүлж байхад нөгөө хэсэг нь “үнэ тогтвортой байх болно” гэж байна. Хятадын эдийн засаг саарахад  нүүрсний үнэ дагаад унадаг. Гэтэл өнөөдөр Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч саарч байгаа ч тус улс дотооддоо зориудаар нэмэлт эрэлт бий болгохын тулд баруун хойд бүс нутагтаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг ихээхэн хийж байна. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Төв Азийн орнууд руу том хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Энэ нь гангийн болон коксжих нүүрсний хэрэглээг дэмжинэ гэсэн таамаглал бий.Эдгээр таамаглалаас үл хамааран коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч нарт байгалийн болон улс төрийн бэрхшээл байгаа. Австралид саяхан үер болсон бол Индонез нүүрсний экспортоо нэг бол зогсоогоод, үгүй бол зөвшөөрөх, том хөрөнгө оруулагч нараа хөөх зэргээр популист бодлого явуулж байна. Ингэснээр коксжих нүүрсний нийлүүлэлтийн томоохон шок үүсэх магадлалтай,  улмаар нийлүүлэлтийн хомсдолд хүргэнэ. Өөр нэг нөлөөлөх хүчин зүйл нь Америк-Хятадын худалдааны дайн юм. Энэ дайн хэзээ зогсох вэ гэдэг бүрхэг байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын удирдагч Си Жиньпин нарын яриа хэлэлцээ олигтой үр дүнд хүрэхгүй, хойшлогдоод л байна. Тэд энэ гуравдугаар сард хэл амаа бас ололцсонгүй. Хэрэв хоёр улс бие биедээ тавьсан тарифуудаа нэмээд, худалдаагаа блоклоод байвал Хятадын экспортод сөргөөр нөлөөлнө. Хятадын экспорт унавал манай түүхий эдийн экспортод бас сөрөг нөлөөтэй.

Ихэнх судлаач  нүүрсний үнэ тогтвортойгоор унах хандлагатай гэж үзэж байна. Гэхдээ коксжих нүүрсний зах зээл дэх хоёр том өрсөлдөгч болох Австрали, Индонезийн нөхцөл байдал хэрхэх нь тийм ч тодорхой биш байна?
Тийм ээ. Үүнээс гадна Хятадын өмнөд тэнгист хилийн том маргаан дэгдэж байна. Филиппин, Вьетнам, дээр нь Тайвань, Хятадын харилцаа хурцадлаа. 

Америкийн хувьд Филиппин, Тайванийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Австрали улс Америктай хамтраад цэргийн сургууль хийнэ гээд бас  зарлаад эхэллээ. Магадгүй үүнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьж болзошгүй юм. Энэ тохиолдолд нүүрсний үнэ өсч магадгүй. Гэхдээ нөгөө талдаа, нүүрсний үнэ буурахад нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь Хойд Солонгос, Америк хоёр хэл амаа олоод Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригуудыг сулруулбал тус улсын асар их хэмжээний нүүрс Хятадын зах зээл рүү орно. Мөн манай хойд хөрш Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ, тээвэрлэх хүчин чадлаа асар хурдтай өсгөж байна. Энэ бүхний үр нөлөөг харвал нүүрсний үнэ унах талдаа байх болов уу.

Тавантолгой ордын төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бараг зургаа дахь удаагийн оролдлогыг энэ Засгийн газар хийж байна. Улс төрийн талаасаа, нүүрсний үнэ ханш, бусад хүчин зүйл талаасаа одоо л хөдөлгөх цаг хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон яамны удирдлагууд үзэж байгаа. Таны хувьд энэ хэр боломжтой цаг үе вэ?
Тавантолгой орд дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой алтан мөчүүдийг бид арван жилийн өмнө зэс, нүүрсний үнэ өсч байх тэр үедээ алдчихсан. Миний сонссоноор Бразилийн“Вале”, АНУ-ийн “Пибоди Энержи” зэрэг хөрөнгө оруулагчид хэлэлцээр хийсний урамшуулал гэж зөвхөн гарын үсэг зурсны шагнал болгон 1 тэрбум ам.долларыг амалж байсан гэдэг. Нүүрсний үнэ өндөр байсан, хөрөнгө оруулагчид мөнгөөр бороо оруулна гэж өрсөлдөж байсан тэр сайхан үеийг алдсан нь харамсалтай. Мэдээж энэ том ордыг бид Хятад, Япон зэрэг улсгүйгээр олон улсын зах зээлийн хэмжээнд ашиглаж чадахгүй. Олон улсын консорциумуудтай монголчууд хэл амаа ололцож чадаагүйгээр үл барам нэр хүндээ алдчихсан. Одоогийн улс төрийн сайн мөчлөг гэдгийг би УИХ дээр нэг нам олонх болсныг хэлж байгаа юм болов уу гэж ойлгосон. Гэхдээ эрх баригч намын дотоод ойлголцол ямар түвшинд байгааг хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үед манай төрийн гурван чухал институтийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой”-г хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр өөр өөр мэдээллүүд өгч байна. Энэ нь төрийн дээд удирдлагын түвшиндээ нэгдсэн ойлголт, нэгдсэн зөвшилцөлд хүрээгүйг харуулж байгаа юм. Уг нь Монгол Улс дотроо эхэлж зөвшилцөлд хүрээд гадагшаа нэг үгээр, нэгдмэл байр сууриа илэрхийлж ярьдаг болмоор байна. 

“Чайна Энержи” компани Тавантолгойн төсөл дээр орж ирэхээр бэлтгэж, гэрээ хэлэлцээр, харилцан ойлголцлын түвшинд явааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага саяхан мэдэгдсэн. Тавантолгой төслийг Хятадын аль нэгэн төрийн өмчит томоохон компанитай хамтарч хөдөлгөхөөс өөр гарц байхгүй нь харагдаж байна л даа?

Хятадын төрийн өмчит компаниуд Тавантолгойн төслийг мэдээж сонирхоно.Тус улс аль болохоор Монголын ашигт малтмалыг түүхийгээр нь худалдаж авах сонирхолтой. Хятад  ӨМӨЗО-нд  байгаа боловсруулах үйлдвэрүүдээ хямд найдвартай түүхий эдээр хангах, тэнд байгаа ажлын байраа хадгалж үлдэх бодлоготой л улс шүү дээ. Дээр нь Өмнөд Хятадын боловсруулах үйлдвэрүүд ч тэр зэсийн баяжмал, коксжих нүүрс зэргийг олон эх үүсвэрээс авч үнийг нь унагах сонирхолтой байдаг. Австрали, Монгол, Индонез, Орос гэсэн нийлүүлэгч улсуудын дунд тоглолт хийх замаар түүхий эдийн худалдан авалт дээрээ хооронд нь өрсөлдүүлж, үнийг өсгөхгүй байх зорилготой гэсэн үг юм. Хятад   нүүрсний импортын хувьд Австралиас ихээхэн хараат байсан. Австралийн компаниуд ч нүүрсээ үнэ хүргэн зарж чаддаг. Тэгэхээр Австрали болон Индонезитэй хэлэлцээрийн давуу байдал олж авахын тулд Хятадын төрийн өмчит компаниуд Монголын Тавантолгойд 3 тэрбум ам.доллар оруулах нь асуудал биш. Гурван тэрбумыг оруулсан, оруулаагүй энэ хэмжээний мөнгийг Австрали, Индонез, Оросоос авч байгаа импортын нүүрсний үнэ дээр жаахан хэлцэл хийх, үнийг буулгаж хэмнэлт үүсгэх замаар богино хугацаанд нөхөөд авчихна.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрлийг улсын мэдэлд авах мэдэгдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн. Энэ нь дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад багагүй цохилт өгч байна. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах гэж буй энэ эгзэгтэй цаг үед ийм гэнэтийн мэдэгдлүүд салбарыг улам л хүнд байдалд оруулах уу?
УИХ-аас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 2014 онд баталсан. Бодлогын баримт бичгийн гол санаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхдээ хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжүүлэх чиг баримжааг тунхагласан. Жишээ нь хайгуулын салбар маш их эрсдэлтэй, зардал өндөртэй. Энэхүү эрсдэлийг хувийн хэвшлийнхэнд үүрүүлээд, харин төр татвар, роялти авах зохицуулалт үйлчилж байгаа. Үндсэн хуулиараа газрын хэвлийд буй баялаг бол төрийн өмч мөн. Харин тэрхүү баялгийг ухаад гаргаж ирсэн хойно хаана, хэнд борлуулах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх юм. Одоо байгаа төрийн хууль нь өөрөө ийм. Хуулиа  ягштал баримтлаад явбал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг төр тухайн компаниас нь дуртай үедээ шууд хурааж авах боломжгүй. Харин үйл ажиллагаа явуулаагүй, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлийн талбайг төр өөр дээрээ буцааж авдаг, авах ч болно. Хайгуулын тусгай зөвшөөрлүүд сүүлийн хэдэн жилд шинээр олгогдоогүй. Тэгэхээр жам ёсоороо олон жилийн өмнө авсан тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусч байх ёстой. Ихэнх нь төрийн мэдэлд буцаж ирж байгаа. u


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-тaй холбоотой маргаан явсаар сүүлдээ Засгийн газраас тус үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авахад хүргэж байна. Энэхүү дуулиант үйл явдлыг Та анхааралтай ажиглаж ирсэн байх. Гол зөрчил нь юунд байна гэж харж байгаа вэ?
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн тухайд ОХУ-ын “Ростех” компани л хувьчлал явуулаад өөрийн эзэмшлийн өмчийг худалдсан юм билээ. “Ростех” бол ОХУ-ын Засгийн газраасаа дутахгүй эрх мэдэлтэй, нэг сая гаруй хүн ажилладаг, дэлхийн хэмжээний компани. 
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабынх нь шууд нөлөө бас оролцоо ихтэй, Калашниковоос эхлээд сансрын хөлөг, хамгийн сүүлийн үеийн цэрэг дайны бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай. Ийм компанитай манайхан нийлж байгаад хуйвалдсан юм шиг яриад байгаа нь хоёр орны харилцаанд сэв суулгах вий. Гэхдээ “Ростех”-оос монголчуудад арай элгэмсүү хандаад үйлдвэрийн 49%-ийн эзэмшлээ монголчуудад заржээ гэж би хувьдаа ойлгосон. Үүн дээр хууль зүйн талаасаа Засгийн газар яагаад давуу эрхээсээ татгалзав,  УИХ-аас яагаад зөвшөөрөл аваагүй юм гэх зэргээр маргаан гарч байгаа байх. 

Би хуульч биш. Гэхдээ миний ойлгосноор, энэ үйлдвэрийн аль нэг тал эзэмшигчээ солих асуудлыг хоёр орны хэлэлцээрээр шийдэж, протоколд өөрчлөлт оруулдаг. Протоколд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталдаг. Яг энэ дагуу УИХ 2015 онд  протоколд өөрчлөлт оруулсан юм байна. Уг протоколд харилцагчаа өөрчлөх юм бол энэ хэлэлцээр хүчингүй болно шүү гэсэн утгатай заалт байжээ гэж ойлгосон. Дээр нь Олон улсын гэрээ хэлэлцээрийн тухай хуульд “Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд өөрөө бие дааж хэлэлцээрээс бүрэн гарч болно. Түүнийгээ нөхөөд УИХ-д танилцуулж болно” гэсэн утга бүхий заалт байдаг. 

Мөн Төрийн өмчийн тухай хуулиараа бол УИХ мэдээж төрийн өмчийг хариуцна гэдэг боловч “Төрийн өмч нь хувьцаанд хуваагдана” бас нэг сонин заалттай. Төрийн өмч гэж яг юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Хоёр орны хэлэлцээрээр өмчлөл нь шийдэгдэж байгаа тул Төрийн болон орон нутгийн тухай өмчийн хуулийн үйлчлэл яах вэ гэх зэрэг хууль эрх зүйн хувьд бол тодорхойгүй, ойлгомжгүй юм их байдаг. Үүнийг тойрсон эрүүл саруул маргаан өрнөхгүй байна л даа. Ийм маргаан өрнөхгүй байгаагийн улмаас улстөрч нар нь өөрсдийгөө мундаг эх оронч болгож харуулах гэсэн, эсвэл эсрэг намын болон нам доторх өрсөлдөгчөө муухай харагдуулах гэсэн юм  л яваад байна. Энэ бол буруу жишиг. Монгол бол жижигхэн орон. Тусгаар тогтнол нь эмзэг. Эдийн засгийн аюулгүй байдал нь уул уурхайгаасаа хамааралтай. Ийм чухал асуудал дээр хувь улстөрчийн амбициар хандаад байгаа нь харамсалтай. Үүнийг тойрсон эрүүл саруул, мэргэжлийн, эрх зүйт төрийн зарчмаа тээсэн судал­гаа, мэтгэлцээн үнэхээр үгүйлэгдэж байна даа. 

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 21 цаг 49 минутын өмнө
    Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
  • Өчигдөр 12 цаг 26 минутад
    “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
  • 2019-04-17 17:11
    “Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
  • 2019-04-17 11:18
    ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
  • 2019-04-16 17:01
    Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.