Петрочайна Дачин Тамсаг”: Бичигт боомт хүртэлх замыг хучих боломжгүй

2019-04-05 18:58

Сүхбаатар аймгийн удирдлагууд болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөллүүдтэй дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийлээ. Уулзалтаар, уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тээвэрлэлт хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, зориулалтын бус олон салаа шороон замуудад механик болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагыг албан ёсоор тавилаа. Хэрэв орон нутгаас тавьсан шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд компанийг Бичигт боомтоор тээвэрлэлт хийхийг зогсооно гэдгээ аймгийн удирдлагууд анхааруулав. 

“Петрочайна Дачин Тамсаг” компани Дорнод аймагт орших газрын тосны 19 дүгээр талбайгаас олборлолт хийж, Сүхбаатар аймгийн нутгаар 100 км замаар тээвэрлэлт хийж Бичигт боомтоор бүтээгдэхүүнээ экспортолдог. Компанийн хувьд одоогийн тээвэрлэлт хийж буй 100 км замыг зөвхөн засч сайжруулах бөгөөд хатуу хучилттай болгох боломжгүй тухай уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсан тул ашиггүй ажиллаж байгаа ажээ.

“Петрочайна Дачин Тамсаг” нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ хүрээнд, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй гэрээгээр хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлажээ. Харин компани уулзалтад өөрсдийн байр суурийг дэвшүүлж, замын засварт 1 сая ам.доллар зарцуулах, тээвэрлэлт хийж буй машин бүрт жилд нэг удаа 200 мянган төгрөг аймагт төлөх, мөн Эрдэнэцагаан суманд жилд нэг удаа 20 мянган ам.долларын тусламж үзүүлэх санал тавьжээ. Уг саналыг аймгийн удирдлагууд аймгийн удирдлагууд бодит тооцоо судалгаагүйн сацуу хуулиас гадуур хэлцэл хийх боломжгүй гэж үзээд хүлээж аваагүй байна. Ийнхүү талууд нэгдсэн ойлголцолд хүрсэнгүй. 

Энэхүү уулзалт нь талуудын хоёр дахь удаагийнх юм. Өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн төлөөлөлтэй Сүхбаатар аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг уулзаж дээрхтэй ижил шаардлагыг тавьж байжээ. Энэ удаагийн уулзалтаар талууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй учраас аймгийн удирдлага албан ёсны мэдэгдлийг тус компанийн Ерөнхийлөгч Жян Хун Фу-д хүлээлгэж өгөв. Ингэснээр “Петрочайна Дачин Тамсаг” компани Сүхбаатар аймагтай хэрхэн хамтарч ажиллах, орон нутгийн шаардлагад тодорхой байр сууриа илэрхийлэх хугацааг ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл байхаар тогтлоо. Компанийн хувьд Сүхбаатар аймагтай ямарваа нэгэн гэрээ, хэлцэл урьд нь хийж байгаагүй юм. 

Аймгийн нутгаар дайрах 100 км зам дагуу тоосжилт ихээр үүсч, олон салаа замаар тээвэрлэлт хийх бүрт малын бэлчээрийг талхалж буй асуудлыг шийдвэрлүүлэхээр нутгийн иргэд аймагтаа олон удаагийн хүсэлт тавьж байгаа нь талуудыг ийн хэлэлцээрийн ширээнд суух голлох шалтгаан болсон юм. “Петрочайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн 20 жилийн турш Бичигт боомт руу газрын тосны тээвэрлэлтийг шороон замаар хийж байгаа нь байгаль орчин, нутгийн иргэдийн аж амьдралд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Зөвхөн маршрутын замаар бус зэрэгцээ 6-10 салаа зам давхар үүсгэж тээвэрлэлт хийдэг нь хөрс, малын бэлчээрийг үлэмж хэмжээгээр доройтуулж байна. Тиймээс тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгохыг орон нутгийн иргэд шаардсаар ирсэн. 

Хатуу хучилттай зам болгохгүй тохиолдолд Дорнод аймгийн Баянхошууны боомтоор экспортлох асуудлыг ч Сүхбаатар аймгийн удирдлагууд уулзалтаар мөн хөндсөн юм. Олон улсын шалган нэвтрүүлэх Бичигт боомтоор 2018 оны байдлаар 59527 тээврийн хэрэгсэл нэвтэрсний 53.2%-ийг (ойролцоогоор 31700 тээврийн хэрэгсэл)  нь газрын тос тээвэрлэлтийн машин эзэлж буй. Өнгөрсөн оны хэмжээнд тус боомтоор сард дунджаар газрын тосны 2642 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. 

Сэтгэгдэл (1)

  • Сүхбаатарын уурхайнууд бас засмал зам тавих ямарч боломжгүй, сайжруулсан зам тавиад туслаад явж болж байна харин.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 28 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 5 цаг 37 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
  • Уржигдар 17 цаг 45 минутад
    Уул уурхай Монгол орны хөгжлийн тулах цэг, эдийн засгийн хөдөлгөх хүч гэж зарим нь ярьдаг. Харин зарим нь байгаль орчныг сүйдлэгч хамгийн хэрэггүй салбар гэдэг. Тэгвэл уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй бол цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт бидэнд тулгарч байна.