Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Баруун аймгууд дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болох цаг ойртов уу

www.khovdtimes.mn  сайтын Эрхлэгч, редактор Ж.Саруул 

 

Аливаа улс орон эрчим хүчний өөрийн эх үүсвэргүй гадны улсаас хараат байна гэдэг бол улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хөгжилтөд олон талын сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, Монгол улсын баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгууд нь ОХУ, БНХАУ, Ховд аймгийн Дөргөний УЦС зэрэг гурван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна. Эдгээр аймгийг Баруун бүсийн цахилгаан түгээх Сүлжээ ХХК дээрх гурван эх үүсвэрийн цахилгаанаар ханган түгээх үйл ажиллагааг хийдэг бөгөөд үүний 20 орчим хувийг Дөргөний УЦС-ын цахилгаанаар хангадаг. Тодруулбал, бид цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг дотоодын эх үүсвэрээс хангадаг гэсэн үг.  

Ийнхүү Баруун бүсийн эрчим хүчний систем нь өнөөгийн байдлаар 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2,77 рубль буюу ойролцоогоор 110 төгрөг, БНХАУ-аас 0,65 юань буюу 240  төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа. 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 100 төгрөг. 1 кВт.ц тутам 100 төгрөгийн алдагдал хүлээдэг байна. Алдагдлыг хаахын тулд жил бүр 7-8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасаар иржээ. Энэ бүхнээс үзэхэд энэ мэт гадны улс орноос хараат хэвээр бас дээр нь төсвийн татаасаар явсаар байх уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Үүнийг шийдвэрлэх арга зам, эх үүсвэр манай улс оронд байна гэдгийг эргэн харах хэрэгтэй. 

Монгол орны хувьд байгалийн баялаг их нөөцтэй орон. Түүний нэг нь эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо хангах усны нөөц. Магадгүй өнөөдрийг хүртэл бид яагаад гаднаас заавал үнэтэй хэрэглээтэй явсаар ирсэн бэ гэдэг нь олон талын хариулт шаардах байх. Магадгүй зарим их гүрнүүдийн эдийн засгийн хөшүүрэг нь бид ч байж мэдэх. Байгалийн баялгаа үнэгүйдүүлчихээд, гадны өртөг шингэсэн өндөр хэрэглээгээр хэдэн жил ард иргэд, улс эх орныхоо эдийн засгийг мэрэх вэ? Тэгвэл бидэнд ямар боломж байгаа юм гэдгийг уншигчиддаа таниулах гэж хичээе. 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Шижигтийн хавцал гэх байгалиасаа сайхан өгөгдөлтэй, усан цахилгаан станц барихад маш тохиромжтой газар бий гэдгийг судлаачид хэлдэг. Энэ байгалийн тогтоцыг ашиглах тухай олон жил Монгол улсын засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагуудын түвшинд ярьж ирсэн төдийлөн биелэлээ олж чадахгүй явсаар ирсэн байдаг. Тэгвэл энэ ажил ойрын 1-2 жилд нааштай  шийдэлтэй байгаа билээ. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төсөл нь  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтад орсон. 90-100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг 288,5 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөр барихаар Монгол Улсын Засгийн газраас батлаад нэг жил гаруй болж байна. Гэсэн хэдий ч уг ажил эхлэх явц төдийлөн хурдацтай биш явсаар ирсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос дээрх УЦС-ын төслийн ТЭЗҮ-ийг дахин боловсруулах ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж эхэллээ. Учир нь 2007 онд боловсруулсан ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн  бөгөөд дахин ТЭЗҮ боловсруулахад хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардагдаад ажил зогсонги байдалд хүрсэн байсан. Харин БНХАУ-ын талаас буюу хариуцагч компаний зүгээс ТЭЗҮ хийх санхүүг өөрсдөө гаргахаар шийдвэрлэсний дагуу ийнхүү БНХАУ-ын “ВRT” гэх компанийн мэргэжилтнүүд ТЭЗҮ хийх ажлаа эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт уг ажлын хэсэг Ховд аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж мэдээлэл солилцлоо. 

2019 оны намар гэхэд ТЭЗҮ боловсруулж дуусгах ба Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар дээрх уулзалтын үеэр Эрдэнэбүрэний УЦС-ын төслийн нэгжийн удирдагч Ж.Лувсандандар хэлсэн үгэндээ онцолсон. Мөн энэхүү УЦС-ыг барьж байгуулах ажлыг угтаад Ховд аймагт Цементийн үйлдвэрийг улсын төсвөөр барихаар зорьж байгаа. Уг цементийн үйлдвэр 2019 ондоо байгуулахаар байгааг аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөл онцолж байгаа юм. 

Эрдэнэбүрэнгийн УЦС нь 288,5 сая ам.долларт барьж байгуулахаар зээлийн хэлэлцээрт тусгагдсан бөгөөд энэ нь ойролцоогоор 730 тэрбум төгрөг юм. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ, ажлын байр Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудад бий болно гэсэн үг. Ховд аймгийн жилдээ үйлдвэрлэдэг дотоодын нийт бүтээгдэхүүн 330 тэрбум орчим төгрөг байдаг. Тэгвэл Ховд аймгийн хоёр жилд үйлдвэрлэх хэмжээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг шингээх хэмжээний зах зээл бий болно гэсэн үг. Энэ утгаараа бүс нутгийн ард иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, ажлын байр олноор бий болох ач холбогдолтой. УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана гэсэн тооцоо байгаа аж. Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гарах 1 кВт.цаг эрчим хүчний өртөг 35-40 төгрөг байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд УЦС барих нь өндөр өртөгтэй хэдий ч үйлдвэрлэж буй цахилгаан нь хямд өртөгтэй байх тул гаргасан зардлаа эргээд нөхөх эдийн засгийн үр ашигтай төсөл гэж хэлж болно. Мөн УЦС нь хамгийн тогтвортой бөгөөд хямд үйлдвэрлэл гэдгийг судлаачид онцолдог. 

Түүнчлэн энэ төсөл нь яагаад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдгийг олон талаас авч үзэх нь зүйтэй байх. Манай улс нь үйлдвэрлэсэн цахилгаанаа шууд хэрэглээд явдаг технологитой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн цахилгаанаа нөөцлөх технологи байхгүй. Тиймдээ ч цахилгааны хэрэглээ өссөн тохиолдолд зөрүүг нь ОХУ-аас импортоор аван зохицуулж ирсэн 40-өөд жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 мВт, хамгийн бага нь 560 мВт орчим байгаа. Оргил ачаалал 850 мВт-д хүрэхэд ОХУ-аас 192 мВт эрчим хүч импортолсон байна. Манай орны хөгжлийн хэтийн чиг хандлагаар 2020 онд оргил ачаалал 1128 мВт-д хүрэх магадлалтай. Тэр үед импортоор 500 орчим мВт эрчим хүч авахаар байгаа аж. Гэтэл ОХУ-аас цахилгаан импортолж байгаа шугамын хүчин чадлын дээд хэмжээ нь 245 мВт байдаг. Хэрэв үүнээс илүү авах нөхцөл үүсвэр хэрэглээгээ хязгаарлах ёстой болно. Цахилгааны хэрэглээний хязгаарлалтад хамгийн түрүүнд өртөх хэсэг нь Баруун бүсийн эрчим хүчний систесийн хэрэглэгчид  байгаа юм. Тус систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, хоёр орчим хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна. Цахилгаан эрчим хүчний энэхүү хараат, найдваргүй байдал нь баруун бүс нутгийн хөгжил, цэцэглэлт, үйлдвэржилтийн асуудлыг тодорхойгүй, бүрхэг болгож байна гэсэн үг. Иймд энэ эрсдэлийг цаг алдалгүй арилгах зайлшгүй шаардлагатайг харж болно. Дээр дурьдсан зүйлээс харахад Дөргөний УЦС-ын цахилгаан нь импортын цахилгааны үнээс 6-7 дахин хямд байна. 

Харин цаашид бидний гол анхаарах асуудал бол ажил нэгэнт эхлэхээр ийнхүү гараанаасаа хөдлөсөн учраас уг ажлын явц, хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй. УЦС-ын ТЭЗҮ-г сайн хийлгэх нэн шаардлага бий. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатайгаар төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж талууд онцолж байгаа. Мөн Баруун бүсэд өмнө нь дунд зэргийн хүчин чадалтай хоёр УЦС баригдсан. Эдгээрээс болж байгаль орчинд ямар нэгэн сөрөг үр дүн гараагүй гэж дүгнэдэг. Завхан гол дээр баригдсан  Тайширын УЦС баригдахаас өмнө жилийн урсацын дундаж хэмжээ багассан байсан бөгөөд далан баригдсанаар далангаас доош урсацын хэмжээ тогтмолжин, нэмэгдэх хандлагатай болжээ. Харин Дөргөний УЦС сүүлийн жилүүдэд горимын дагуу бүрэн чадлаараа ажиллан одоо баруун гурван аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 22%-ийг хангаж байна. “УЦС баригдсанаар Ховд гол, Хар ус нуурт аюул учирна, загас устах аюултай” гэсэн болгоомжлол байдаг. Үүнд мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар УЦС нь усны чанарт нөлөөлөхгүй, усны уналт урсгалыг ашиглаж, хүрд эргүүлж эрчим хүч гаргаж авдаг гэдгийг онцлон хэлж байгаа юм. 

Харин барилгын явцад богино хугацааны өөрчлөлт орох боловч хяналт шинжилгээний ажлыг урьдчилан төлөвлөх шаардлагатай гэнэ. Тухайлбал, далан барих үед голын усыг хаадаггүй, далангийн барилгын шатанд голын урсгалыг өөр талаар шилжүүлэн урсгана. Ингээд далан баригдсанаас хойш ойролцоогоор 2-3 жил нийт урсацын тодорхой хувийг урсгаж, үлдсэнийг нь хуримтлуулж усан сан буюу нуур үүсгэх бөгөөд усан сан үүссэнээр загаснууд амьдрах боломжтой газар руу шилжин загасны тоо толгой нэмэгддэг гэдгийг судлаачид хэлж байв. Мөн усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуйг хөгжүүлэх бүсийг бий болгох боломжтой. Түүнчлэн орон нутагт усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэх төдийгүй усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж орон нутгийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг холбогдох салбарынхан онцолдог. 

Уг нь Монгол улсын эдийн засаг тэр дундаа баруун аймгуудын хөгжилд асар их үнэ цэнэ бий болгох энэ төсөл аль 2003 оноос яригдаж, олон  УИХ, Засгийн газрын нүүр үзсэн хэдий ч хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь төрийн албаны ажлын уялдаа холбоо муу байсны илрэл. Харин одоогийн байдлаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар бүгд ач холбогдол өгч дээрээс нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс шахаж шаардаад эхлэсний үр дүн гэж хэлж болох. 

Дээрх төсөл явахгүй удааширч ирсэн нь мэдээж олон шалтгаан байдаг байх. Магадгүй үр өгөөжтэй төсөл учраас өөр өөрийнхөө талд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэж улс төрчид булаацалддаг тохиолдол ч харагддаг. Түүнээс гадна их хэмжээний хөрөнгө шаарддаг учраас улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байсан ч байж болох юм. Нөгөө талаар энэ төслийг явуулахгүй гацаах, сөрөг улс төрийн тоглолт хийх нөхцөл байдал ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхний цаана улс эх орны холч бодлого, хөгжил дэвшил, биеэ даасан шинж чанараа хадгалж үлдэх хатуу бодлого байх ёстой гэдгийг хамгийн түрүүнд анхаарах ёстой бизээ. Чухамдаа, энэ бүтээн байгуулалтыг хийлгэж байгаа талдаа ч хөрөнгө оруулан хийж байгаа талдаа ч ашигтай төсөл. Учир нь БНСУ-ын Засгийн газрын зүгээс ч гэсэн уг төслийн ажлыг сонирхож, хийж хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар судалж, ихээхэн сонирхож байсан тохиолдол ч бий. 

Энэ бүхнээс үзэхэд манай орны улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн бий болдог томоохон шийдвэр, шийдлүүд биелэлээ олж чаддаггүй тохиолдол олон байна. Тиймээс энэ төслийн ажил бүрэн дуусах үед нь бид дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй боллоо гэж хэлэх боломжтой болно.
 
 

Сэтгэгдэл (1)

  • ondor nastan D.Oyunaa (66.181.161.22)
    bid bugd usan tsahilgaan stants barigdana gej olon jil huleej baigaa.Ajliin bair nemegdej sum oron maanich hogjino
    2019 оны 04 сарын 05 | Хариулах