“Алтан Цагаан-Овоо”-г зорьсон аяллын тэмдэглэл 

2019-04-04 10:21

 

Дорнод аймгийн “Дорнод медиа” группийн сэтгүүлч Э.Отгонтуяа

“Өглөө долоон цагт шүү” гэж Эрхлэгч маань сануулав. Дорнод аймгийн сэтгүүлчид алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй  “Степ голд” компанийн үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байгаа нь энэ. Миний мэдэхийн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас хэвлэл мэдээллийн бүх байгууллагаас төлөөлөл оролцуулж, танилцах аялал зохион байгуулж байгаа нь  анхных. Харин миний хувьд “Оюутолгой”, “Эрдэнэс Таван толгой” гэхчлэн уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдож байсан. Монгол орны хөгжлийн тулах цэг, эрч хүчээ авах дэвсгэр болсон уул уурхайн салбарыг бид зөвөөр ойлгож, үнэн зөв мэдээлэлтэй байх учиртай. Үүнд сэтгүүлчид голлох үүрэгтэй.

Бидний дийлэнх нь ам дамжсан аар саархан яриагаар бүгдийг төсөөлж, огтоос мэдэхгүй хэр нь муучилж, “харлуулдаг” гэм бий. Энэ нь уул уурхайн салбарт хамгийн ихээр мэдрэгддэг. Уул уурхай л гэвэл хамгийн болохгүй, бүтэхгүй, хортой гэж ярина. Харин ямар технологиор хэрхэн ажилладаг, тусгай зөвшөөрлөө хэрхэн  авдаг, хөрөнгө мөнгө босгох гэж ямар зам туулж,  хууль дүрэм, стандарт баримталдгийг мэддэггүй. Аргагүй юм даа, хариуцлагагүй уул уурхайн хор хохирлыг амссан болохоор анхны ойлголт тархинд нь нэвт шингэчихсэн хэрэг. Яг иймэрхүү мэдээлэл дутмагаас болж өнгөрсөн намар “Степ голд” компани Цагаан-Овоо сумын зарим иргэдийн дунд үл ойлголцол үүсч, цахим сүлжээгээр нэлээд шуугиад авсан. Газар нутгаа гэсэн чин сэтгэлтэй нутгийнхны хажуугаар шантааж хийж байна уу даа гэж хардахаар хүмүүс тэр дунд “хөшигний цаанаас” турхирч суусныг хэвлэлийнхэн бид ажиж л байсан. Харин минийхээр бол уул уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, бодит байдлыг биеэр үзэж, бүрэн дүүрэн мэдээлэлтэй болсны дараа хянаж шаардах, зөвтгөж буруутгах учиртай болов уу. 

 


 

Хариуцлагатай уул уурхайг жишиг болгоно

“Степ голд” компани Чойбалсан хотоос 152 км, Цагаан-Овоо сумаас 32 км зайд тус сумын 2 дугаар багийн нутагт байрладаг. Бидний энэ удаагийн аялалд “Дорнод” сонин, “Дорнод” телевиз, “TV6” телевиз, “Дөл” сонин, “E news” агентлаг, “Мижи” телевизийн сэтгүүлчид нэгджээ.  Өглөө эртлэн цугласан бид хоёр машинд хуваагдан замд гарлаа. Биднийг “Галуут гүүр” туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх захирал Э.Болор-Эрдэнэ, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Чинзориг нар хөтөчлөв. Туулах замын тухтайг бодож Хөлөнбуйр сумаар дайран өнгөрөх засмал замыг сонгожээ. Ийн тойрч явахад хоёр цаг гаруй хугацаа шаардагдана. Миний хувьд “Степ голд” компанийн тухай мэдэх зүйл гэвэл өнгөрсөн онд Цагаан-Овоо сумын 64 оюутанд тэтгэлэг олгож, сум хөгжүүлэх зорилгоор улирал бүр 40 сая төгрөг хандивлаж байгаа тухай сонссоноос цаашгүй. Бид давхисаар “Степ голд” компанийн Алтан Цагаан-Овоо төслийн орд газар, ажилчдын кемпид ирэв. Ажилчдын кемп рүү нэвтрэхэд нарийн бүртгэж, “зочин” гэсэн үнэмлэх олголоо. Үнэмлэхээ байнга ил авч явахыг харуулын албанаас сануулж байв. Өглөө эртлэн гарсан бидэнд цай унд хэдийнэ зэхээтэй. Шинэхэн талх, нарийн боов, халуун цай гээд бүгд тун ч амттай байлаа. Цайлсны дараа бид аюулгүй ажиллагааны зааварчилга сонсон уурхайн үйл ажиллагаатай танилцах “эрх”-ийг авав. Ямар нэг аюул осол тохиолдоход тусламж үзүүлэх яаралтай утсыг ч тэмдэглүүлж байна. Энд 24 цагийн турш эмч ажилладаг юм билээ. Бас нэг олзуурхууштай нь тамхийг зөвхөн тодорхой цэгт л татна. Газарзүйн онцлогоос хамаарч ажилчдын кемп салхины урсгал дагуу байрладаг учраас аюулгүй ажиллагааны дүрэм нь ийм гэнэ. Үдшийн 22 цагаас хойш энд “нам гүм”. Өдөр ч ялгаагүй. Шөнийн ээлжийн ажилчид амарч байхад хэн нэгэн саад учруулахгүйгүйгээр “сахилгажуулж” чаджээ. 

“Степ голд” компанийг 2016 онд Төмөр-Очирын Батаа гэдэг хүн анх үүсгэн байгуулж, дараа жил нь Канадын зах зээлээс хөрөнгө босгосон байдаг. Гаднын зах зээлээс хөрөнгө оруулалт татахын тулд тэнд нь бүртгүүлчихсэн болохоос биш угтаа Монгол компани аж. “Степ голд”-ынхон Канад хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд Олон улсын стандартын дагуу ажиллахын зэрэгцээ Монгол Улсын хууль, журмыг чанд баримталж хариуцлагатай уул уурхайг жишиг болгох зорилготой. “Алтан Цагаан-Овоо” төслийн хувьд 2003 онд анх “Кожеговь” компани хайгуулын лиценз авчээ. Түүний дараа “Кожеговь” компани 2010 онд “Сентерра голд Монголиа” компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлж, ТЭЗҮ-ийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2013 онд батлуулсан байдаг. Тэр үеийн тооцооллоор энэ төсөл 11 жил үргэлжлэх явцдаа улсын төсөвт 240 тэрбум төгрөг төвлөрүүлж, байгаль орчин нөхөн сэргээх зардалд 20.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг.

Ер нь уул уурхайн салбарын хамгийн том эсэргүүцэл нь байгаль орчны асуудал гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Ард иргэд ч нутаг усаа сэндийчүүлж, өөрсдөө эрүүл мэндээрээ хохирохгүй байхсан гэж эсэргүүцнэ. Тийм болохоор “Степ голд” компанийнхан нутгийн иргэдэд болон уурхайтай танилцаж буй зочдод уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, тэр дундаа ирээдүйд хийгдэх нөхөн сэргээлтийн туршилт, судалгаа, орчны хяналт шинжилгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөгөө ил тод нээлттэй байлгаж, тогтмол мэдээллээр хангах зорилт тавин ажиллаж байна. Үүний дагуу тус компанийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Г.Мөнхжин бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөн юм. Г.Мөнхжингийн хувьд арав гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Тэрээр энэ компанид ажилд ороод нэн түрүүнд “Байгаль орчны бодлого”-ыг боловсруулж, компанийн бүх ажилчид, туслан гүйцэтгэгчид бүгд мөрдөж байхаар тусгаж чадсан байна. Тус компанийнхан алт, холимог металаа байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх аргаар боловсруулах юм. Анхдагч болон исэлдсэн хүдрийг хоёр өөр технологиор гарган авдаг аж. Анхдагч хүдэр гэдэг нь газрын гүнд, харин исэлдсэн хүдэр нь газрын гадаргад ойр байдаг юм билээ. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах аргаар, харин анхдагч хүдрийг хөвүүлэн баяжуулах технологиор боловсруулна. Тус компанийн 5492 га бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайгаас  426 га-г нь  ашиглах аж. Нуруулдан уусгах технологиор алтыг ялган авахад “цианит натри” ашиглах юм байна. Угтаа технологийн горимыг ягштал баримталж ажиллавал хөрс, усанд цианит нэвчих ямар ч боломжгүй гэх. Нуруулдан уусгах технологи гэдэг нь усыг байж болох хамгийн бага хэмжээгээр хэрэглэж, үйлдвэрийн усны нийт хэрэгцээгээ 95%-тай дахин ашигладаг ажээ. Тус компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө дагуу Орчны хяналт шинжилгээг сар тутам ус, хөрс, агаарын дээжлэлт хэмжилтийг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, лабораторийн шинжилгээний хариу, гарсан дүнг холбогдох газруудад тайлагнан ажиллаж байна. 


Өнгөрсөн онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт 90 сая гаруй төгрөг зарцуулжээ

Уул уурхайн компаниуд хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохын тулд ТЭЗҮ, үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэхчлэн бүх бичиг баримт, тооцоолол, стандарт шаардлагыг хангах ёстой байдаг гэнэ. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ л гэхэд тухайн газар орны ургамал, амьтан, хөрсний бүтэц, гүний ус, гадаргын ус, тэр бүү хэл орчны айл өрхийн судалгаа гээд бүгдийг судалж, сөрөг нөлөөллийг үнэлж, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээг тодорхойлсон томоохон бүтээл, судалгааны ажил байдаг гэсэн. Мөн үүнээс гадна жил бүрийн уулын ажилтайгаа уялдуулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулах ёстой байдаг. Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн жил байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй уурхай хэвийн ажиллаж байсан тохиолдол манай аймагт гарч нэг хэсэг шуугиад авсныг санаж байна. Юутай ч “Степ голд” компани өнгөрсөн жил ямар нэг олборлолт, үйл ажиллагаа явуулаагүй ч байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээлтийн туршилт, судалгааны ажилд 90 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, уурхайгаас 10 км-ийн радиуст орчны хяналт шинжилгээ хийж, үнэлсэн байна. Энэ шинжилгээгээр уул уурхайн үйл ажиллагаа орчны бүрдэл хэсэг болох ус, агаар, хөрс, амьтан, ургамалд ямар нэг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтмол хянана гэсэн үг. Сар бүр, улирал тутам дээж авч, ямар нэг сөрөг нөлөө байгаа эсэхийг стандарттай харьцуулах, өмнөх суурь судалгааны үед хийсэн дүнгүүдтэй харьцуулж тодорхойлдог байна. Тоос, тоосонцорыг л гэхэд 17 цэг дээр хянаж, тоосжилт ихэсвэл дарах арга хэмжээ авна гэсэн үг юм билээ. Тэд ийнхүү орчны хяналт шинжилгээг тогтмол хийхийн зэрэгцээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ёс журмынх нь дагуу үнэлүүлж, батлуулж иргэдэд нээлттэй танилцуулж байна. Энэ онд л гэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Цагаан-Овоо сумын Засаг даргад, ИТХ-ын даргад, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, 2 дугаар багийн даргад, аймгийн Байгаль орчны газар, Хэрлэн голын сав газрын захиргаанд гэхчлэн холбогдох бүх байгууллагад хүргүүлжээ. Тэгэхээр компанийн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтээ хэрхэн хийж байгааг хянаж шалгахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэсэн үг байгаа биз. Энэ мэтчилэн сэтгүүлч бид сонирхсон асуултдаа хариулт авч чадсан. Кемп хариуцсан менежер Т.Мөнхтуяатай цөөн хором  хөөрөлдөж цэгцтэй мэдээлэлтэй болж авав. Тус компани мах, сүүн бүтээгдэхүүнээ Цагаан-Овоо сумаас худалдан авч байна. Сүү л гэхэд долоо хоног тутам 100 литрээр нь хоёр нөхөрлөлөөс авчихдаг гэнэ. Харин мах нийлүүлэх сонирхолтой малчид их байдаг учир баг бүрээс тэгш тоогоор хүлээж авахаар зохицуулж, хамгийн өндөр үнээр худалдан авдаг тухайгаа кемп менежер хэлж байсан. 

“Алтан Цагаан-Овоо” төсөлд гүйцэтгэгчээр зургаан компани ажиллаж байна. Уулын ашиглалтыг “Хишиг арвин индустрал” компани, барилга угсралтыг “Саадэ” компани, кемпийн үйлчилгээг “Пенин” компани, хамгаалалтыг “Хүннү” компани гүйцэтгэнэ. Харин хүдрийн овоолгыг “Засагт хаан” ХХК гүйцэтгэж, усны барилга байгууламжийг тусгай мэргэжлийн компани болох “Усны эрчим” хийж байгаа юм байна. Эдгээр компаниуд энэ сараас эхлэн Цагаан-Овоо сумын “Хаан банк”-аар цалингаа тавьж, сумандаа татвар төлөхөөр болсон сайхан мэдээ дуулгасан.

Ингээд бид ажилчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцлаа. Тэдний хоёр дахь гэр болсон энэ газар тохижилт, тав тухын хувьд боломжийн. Олон жил болсон зарим уул уурхайн компанийг бодоход ёстой өөр байна аа гэж ярих хүн ч бидэн дунд байсан. Кемп тойруулан мод тарихаар газраа бэлтгэжээ. Учрыг асуувал, нөхөн сэргээлтэд ашиглагдах мод, ургамлыг энд туршилтаар тарих юм байна. Тухайлбал, 10 төрлийн модыг 3 янзын тарих аргаар, 2 өөр тарих хугацаанд турших гэнэ. Туршилтын үр дүнд эндхийн хөрс, цаг уурт зохицсон мод, ургамлуудыг сонгон тарьж ойн зурвас үүсгэхээр төлөвлөжээ. 

Дараа нь бид уурхайн үйл ажиллагаа ид буцалж буй үйлдвэрийн хэсэг рүү жижиг оврын автобусаар явлаа. Тэнд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Том оврын машинууд, бутлуур, ажилчид гээд энд тэндгүй хүмүүс бужигнана. Ямар нэг асуудал гарахгүй бол төлөвлөгөө ёсоор энэ оны 3 дугаар улиралд багтаан анхны бүтээгдэхүүнээ “Степ голд”-ынхан хүлээн авч, “Монгол банк”-д тушаах юм. Ийн бид өдрийн хугасыг “Степ голд” компанид өнгөрүүлж, Монгол залуус хариуцлагатай уул уурхайг жишиг болгохоор зүтгэж байгаа юм байна гэсэн итгэл дүүрэн, сэтгэл өег буцаж ирсэн. 
 

Сэтгэгдэл (2)

  • ДОРЖХАНД ЭНХБОЛОР
    Байнгын ажлын байртай болгож өгөхийг миний зүгээс хүсч байна
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Хариуцлагатай уул уурхайг үлгэрлэн харуулж эхэлж байгаа Стэп Голд компанийнхандаа баяр хүргэе
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 21 цаг 45 минутын өмнө
    Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
  • Өчигдөр 12 цаг 26 минутад
    “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
  • 2019-04-17 17:11
    “Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
  • 2019-04-17 11:18
    ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
  • 2019-04-16 17:01
    Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.