Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Т.Энхтүвшин:  Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан ч хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 50%, АМНАТ-ын 5%-ийн төлбөрөөс 2019 онд Дорноговь аймагт 7.6 тэрбум төгрөг хуваарилагдана -

Дорноговь аймгийн уул уурхайн бодлого зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-аас төвлөрөх хөрөнгө, хэрэгжиж буй төсөл, үйлдвэрлэлийн талаар Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.

 

Э.Оджаргал


Дорноговь аймагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр, аймгийн нийт газар нутгийн хэдэн хувийг хамарч байгаа вэ?
Дорноговь аймгийн Засаг даргын ажлыг анх авах үед буюу 2016 оны долдугаар сарын байдлаар, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын нийт 561 тусгай зөвшөөрөл байсан. Орон нутгийн зүгээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоог бууруулах арга хэмжээг бодлогын хэмжээнд зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар 367 хүртэл бууруулсан. Цаашдаа ч бууруулах бодлого барьж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж, байгаль орчин хамгаалах төлөвлөгөөгөө орон нутгаар батлуулан хайгуулаа цаг хугацаанд нь хийж байгаа компаниудыг аймгаас дэмжин ажиллана. Харин байгаль орчин хамгаалах төлөвлөгөөгөө батлуулдаггүй, хайгуулын ажлаа хийдэггүй 173 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газарт (АМГТГ) санал хүргүүлснээр хүчингүй болгож цуцалсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрөл нь аймгийн нийт газар нутгийн 13.5%-ийг эзэлж байна.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-ийг  орон нутгийн Хөгжлийн сан руу хуваарилдаг болсон. Энэ төлбөрөөс хэр хэмжээний мөнгө Дорноговь аймагт төвлөрөх бол?
Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 100% Улсын нэгдсэн төсөв рүү орж, эргээд дахин хуваарилалтын зарчмаар орон нутгийн Хөгжлийн санд ордог байсан. Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн(АМНАТ) 5% гээд 2019 онд Дорноговь аймагт 7.6 тэрбум төгрөг хуваарилагдахаар байна. Энэ мөнгийг орон нутгийн Хөгжлийн сангаар дамжуулан аймгийн хамгийн их тусгай зөвшөөрөлтэй сумдад 500 гаруй сая төгрөг, лиценз багатай сумдад 200 гаруй сая төгрөг ойролцоогоор хуваарилагддаг. 2020 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн болоод АМНАТ-ийн төлбөрүүд 100% орон нутагт хуваарилагдсанаар Дорноговь аймагт 20 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломж бий болох юм. 

Энэ тохиолдолд Хатанбулаг, Даланжаргалан, Мандах гэх мэт уул уурхайн үйл ажиллагаа ихтэй сумдад хайгуулын тусгай зөвшөөрлийн болоод АМНАТ-ийн төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг оногдох тооцоо бий.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-ийг  орон нутгийн Хөгжлийн сан руу хуваарилах болсон нь аймагт ямар ач холбогдолтой гэж Та үзэж байна вэ?
Миний хувьд, газрын баялгаа ашиглуулж байгаа бол тухайн сумдын иргэд ч ашиг хүртэх ёстой гэсэн байр суурьтай. Өмнө нь 100% Улсын нэгдсэн төсөвт ордог, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулах гэж тухайн сум, орон нутагт маш их эсэргүүцэлтэй тулгардаг байсан. Газар нутгийг ухаад байдаг ч орон нутгийн хөгжилд нэмэртэй зүйл байхгүй гэж иргэд эсэргүүцэж, дургүйцэх нь зүй. Харин одоо хайгуулын тусгай зөвшөөрлийн болоод АМНАТ-ийн төлбөр орон нутагт хуваарилагдсанаар тухайн сум бүрт 200-500 гаруй сая төгрөг очно. Ингэхээр аймаг, сумд бие даан энэхүү хөрөнгөөрөө зам тавих, бүтээн байгуулалт хийх нөхцөл бүрдэж байна. Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа аймаг, сумд иргэдээрээ хэлэлцүүлээд, төсөл ажлуудаа эрэмбэлж хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Бусад тулгамдаж буй асуудлаа шийдэх, ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа явагддаг сумдын иргэд баялгийн үр өгөөжийг бодитоор хүртэх болно.  Харин тухайн аймаг, сумд уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгийг хэрхэн зарцуулснаас нутгийн иргэддээ тайлагнах ёстой.

Дорноговийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамгийн их олгогдсон аймгуудын нэг. Тэр хэрээр уул уурхайн салбарт улсын болоод хувийн хэвшлийн төслүүд нэлээд хэрэгжиж байна. Компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийг хөгжилд үзүүлэх үр нөлөө, иргэдэд баялгаас хүртээх зэрэг хурцаар яригддаг асуудлуудыг Дорноговь аймаг хэрхэн шийдэж байна вэ? Энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
Дорноговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дунд “Хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөнийг 2016 оноос зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж хэлэлцэх, уул уурхайн компаниудад гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах, сум орон нутаг болоод мэргэжлийн, төрийн байгууллагууд мэдээллээ иргэдэд өгдөг. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд аймагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж байна. Аль аль талдаа хариуцлагатай байя. Компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлээ орон нутагт  цаг тухайд нь төлөх, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдаас тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, байгаль орчинтой зохистой харьцах, нөхөн сэргээлтээ цаг хугацаанд нь хийх гэсэн шаардлагыг аймгийн зүгээс тавьж байгаа юм. Эргээд компаниудыг үйл ажиллагаа явуулахад нь орон нутгийн зүгээс хүнд сурталгүй, саад тотгор учруулахгүй, дэмжиж ажиллана. Үүний үр дүнд компаниудын хариуцлага ч нэмэгдэж байна. Аль аль талдаа байнгын харилцаатай, ойлголцож, эргэх холбоотой болдох сайн талтай. Тухайлбал, өнөөдөр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "МАК Евро цемент", ”Монцемент” зэрэг үндэсний томоохон компаниуд татвараа орон нутагт шилжүүлээд ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч татвараа орон нутагт төлөөд явж байна. Нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд зөвхөн 2018 онд Даланжаргалан суманд 75 хүүхдийн цэцэрлэг, Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг, Айраг суманд наадмын талбай баригдсан бол одоо Даланжаргалан суманд Спорт заал баригдаж байна.

 Амьдралын эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох, аймагт нэн шаардлагатай инженер техникч, багш, эмч мэргэжлээр суралцах хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дааж байна.

Нөгөөтэйгүүр, аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд өөрсдөө санаачлан “Дорноговь Их хөгжил” сан байгуулж, сайн дураар хандивын хөрөнгөө төвлөрүүлж, компаниудын удирдах албаны төлөөлөл нь сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд (ТУЗ) орж, орон нутагт сангаасаа хөрөнгө оруулж, захиран зарцуулалтдаа өөрсдөө хяналт тавьдаг болсон.

Өмнө нь уул уурхайн компаниуд аймаг, сумын Засаг даргын тамгын газарт (ЗДТГ) хандив, дэмжлэг өгдөг. Тэрхүү хөрөнгө мөнгө нь орон нутгийн удирдлагуудын үзэмжээр үр дүнгүй зарцуулагддаг байсан. Хэн нэгэн Засаг дарга дуртай үедээ хандив гуйдаг, аливаа асуудлаа шийдүүлэх гэж уулзаж учирдаг байсан нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанидаа ч дарамт, шахалттай. Төрийн бус байгууллага нь ч мөнгө нэхдэг, сургууль цэцэрлэг нь ч хандив гуйдаг, Засаг дарга нар нь ч тусламж гуйдаг байж. Хандив, дэмжлэгийн мөнгөө үр дүнгүй зарцуулж, эргээд компани болоод орон нутгийн удирдлагуудын хооронд үл ойлголцол гарах тохиолдол цөөнгүй байсан. “Дорноговь Их хөгжил” сан байгуулагдсанаас хойш аймаг, орон нутгаас ирүүлсэн төслийг сангийн ТУЗ-өөр хэлэлцэж хөрөнгө оруулалтаа хийдэг болсон. Бодитой үр дүнтэй, орон нутгийн хөгжилд эерэг нөлөөтэй, ард иргэдэд ч захиран зарцуулалт ил тод болж байгаа юм. Энэ нь зөв, зүйтэй шийдэл гэж үзэж байна. “Дорноговь их хөгжил” сан нь үүсгэн байгуулагдаад 3 жилийн хугацаанд аймгийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг бүхий л чиглэлд хөрөнгө оруулаад буй. Сэлэнгэ, Булган гээд бусад аймгуудад ч жишиг болж, сангийн үйл ажиллагааны арга барилтай танилцаж байна.

Манай аймгийн хувьд хамгийн урт төмөр зам болоод авто замтай, агаарын шугамтай. Байнгын ажиллагаатай Замын-Үүд, Ханги гэсэн хоёр том боомттой. Аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд Улсын нэгдсэн төсөвт тэгшитгэл хэлбэрээр татаас өгдөг онцлогтой.

“МАК евро цемент”, “Монцемент”-ийн үйлдвэр болон боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж байгаатай холбоотойгоор 2017-2018 онд аймагт уул уурхайн компаниудын татварын орлого 9.5%-иар нэмэгдсэн байх жишээтэй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай газрын түгээмэл тархацтай шороо, хайрга ашигласны төлбөр ч орлогод мөн нэмэгдсэн. Тэгэхээр аль болох бүтээн байгуулалтыг дэмжиж, ашигт малтмалын ханш өндөр байгаа энэ үед уул уурхайн компаниудын үйл ажиллагааг чөдөрлөх биш хариуцлагыг нь нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг байнгын ажлын байртай болгох, жижиг дунд бизнес эрхлэгчдээ том аж ахуйн нэгжүүдтэй холбож хөгжүүлэх бодлого Дорноговь аймаг барьж байна. 

Дэд бүтцээ дагаад аймагт ашигт малтмалын баяжуулах болон боловсруулах үйлдвэр баригдаж, аж үйлдвэрийн чиглэлээр хөгжих хамгийн их бололцоотой орон нутаг гэж хардаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг орон нутагтаа татах зорилгоор Канад улсад болсон уул уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн, Австрали, БНХАУ, БНСУ-д болдог олон улсын аялал жуулчлалын форум, уул уурхайн чуулган, арга хэмжээнд орон нутгаа сурталчилж ажилласны үр дүнд Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц улсын чанартай бүтээн байгуулалтууд Дорноговь аймагт хэрэгжиж байгааг онцлоё. Европын холбоо, Герман, Дани, Зүүн өмнөд Ази, ялангуяа Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Аймгийн хувьд, жонш, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гэхээсээ илүүтэй баяжуулан нэмүү өртөг шингээж, тогтвортой ажлын байр бий болгох зорилт, бодлого барьж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дорноговь аймагт ашигт малтмал тулгуурласан томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Үйлдвэрүүд ашиглалтад орж, шинээр байгуулагдаж, бас төрийн бодлогоор төмөр замын төслүүд ч хэрэгжих зорилттой.  Төслүүдийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд бий юу?   
Манай аймгийн хөгжлийн нэг гарц бол уул уурхай, аж үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих бүрэн боломж байна. Өнөөдрийн байдлаар манай аймагт баяжуулах, боловсруулах 10 гаруй үйлдвэр баригдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна аккумуляторын, ган боловсруулах, арьс шир боловсруулах, хуванцар, хогны зэрэг үйлдвэрүүд аймагт байгуулах талаар яригдаж байна. Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсэд 7-10 үйлдвэрийн барилгыг энэ жил эхлүүлэх санал ирсэн. Одоо Японы хөрөнгө оруулалтаар цахиур чулуу боловсруулах үйлдвэр аймагт баригдаж байна. Тус үйлдвэр л гэхэд дангаараа 10МВт цахилгаан эрчим хүч хэрэглэхээр байгаа юм. Ган боловсруулах үйлдвэр байгуулагдахаар 25МВт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Томоохон үйлдвэрүүд баригдаж байгаатай холбоотойгоор аймаг цахилгааны дутагдалд орох эрсдэл бий болж байна.  

Замын-Үүд суманд Японы хөрөнгө оруулалттай 15МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Герман, Франц улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар 55 мВт хүчин чадал бүхий Монгол улсын хамгийн том салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Германы хөрөнгө оруулалттай 30МВт нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард ашиглалтад орно. Түүнчлэн, энэ жил Дэлхийн банкны төслөөр Сайншанд, Замын-Үүд сумын нийт 0.6 шугамыг 10Квт хүчин чадалтай болгох ажил хийгдэж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна цахилгааны хэрэглээ нэмэгдэх нөхцөл байдалтай уялдуулан Алтанширээ сумын нутаг дахь хүрэн нүүрсний Эрдэнэцогтын уурхайг түшиглэн бага хүчин чадлын цахилгаан станц байгуулах төсөл яригдаж буй. Тус цахилгаан станц баригдсанаар шинээр байгуулагдах үйлдвэрүүдийн эрэлтийг хангах эрчим хүч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Ханги боомтоор ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх төрийн бодло­гоор Дорноговь аймагт төмөр болоод авто замын төслүүд хэрэгжүүлэхээр төлөв­лөж буй. Төслүүд хэзээнээс эхлэх бол? 
Зүүнбаян-Ханги, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн хоёр том төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь 10 зөрлөг, 2 өртөөтэй баригдах юм. Ингэснээр уурхайнууд энэхүү төмөр замтай холбогдож шууд ачилт хийх юм бол уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой тоосжилт, байгаль сүйтгэх асуудлууд бүрэн шийдэгдэнэ. Монгол Улсын экспортын бараа эргэлт ч нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ манай улсаар дамжин өнгөрөх транзит тээвэр ч өсөх юм. Өнөөдөр Замын-Үүдийн боомт ачааллаа дийлэхгүй байна. Өдөрт галт тэрэгний 14 цуваа гаргахаас 11 нь гарч байгаа юм. Гэтэл   Засгийн газраас 2019 онд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, цахилгаан станц гээд томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалаас эхлээд шаардлагатай ихэнх бараа бүтээгдэхүүн импортоор орж ирж таарна. Хятадын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтыг өргөтгөх ажил хийгдэнэ. Гэхдээ энэ жилийн бүтээн байгуулалтыг дагаад импортын ачаа эргэлт нэмэгдэж Замын-Үүдийн боомтод бөөгнөрч, хил дээр саатах нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс тус боомтыг 24 цагаар биш гэхэд уртасгасан цагаар буюу 20.00-22.00  цаг хүртэл ажиллуулах санал хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байна. Боомтоор бараа бүтээгдэхүүн саатахгүй орж ирвэл тэр хэрээр бүтээн байгуулалтууд ч цаг хугацаандаа явагдана.  

Нөгөөтэйгүүр, Гашуунсухайт боомтоор гарч байгаа Монголын нүүрс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас цаашаа Бугат хот руу татагддаг. Өнөөдөр тус боомт ч ачааллаа дийлэхгүй хэвээр байна. Тиймээс Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн нүүрс Ханги боомтоор шууд эцсийн хэрэглэгчдээ хүрч, өндөр үнээр борлуулагдах давуу талтай.

Гэтэл байнгын ажиллагаатай Ханги боомт эрчим хүчний ямар ч системгүй, гэрэл цахилгаангүй явж ирсэн. 2017 онд Хятадын талтай яриа хэлэлцээр хийсний үр дүнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас цахилгаан импортолж тус боомтыг эрчим хүчээр хангаад байна. Ирээдүйд Ханги боомт нь Монгол Улсын хамгийн том боомт болох боломж бий. Учир нь дэлхийн төмөрлөгийн томоохон кластертай Бугат хот Ханги боомтын цаад талд тун ойр байдаг. Тус боомттой хиллэх Хятадын Мандал боомт нь Бугат хотын Боомтын захиргаанд хамаардаг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас энэ жил Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлэх зорилттой ажиллаж байна. Ази, Европ тивийг холбосон төмөр замтай хамгийн ойр нь Зүүнбаянгийн төмөр зам буюу Улаанбаатар-Сайншанд-Эрээн чиглэлийн төмөр замаас 45 км зайтай. Зүүнбаянгийн төмөр зам нь Тавантолгой болоод Ханги-Мандал боомтод хамгийн ойр, Хятад болоод Орос руу ачаа тээвэр хуваарилах бүрэн боломжтой.

Танд баярлалаа.  

Сэтгэгдэл (8)

  • Ганбаяр (202.179.31.69)
    Нэг хүнийг улам баяжуулахын төлөө аймгаараа ажиллаж байгаа нь үнэн шүүдээ. Мундаг гэж магтагсдаа хүмүүсийн амьдрал улам дордож байгааг мэдэхгүй цариалаад суусаар байх уу
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.228.130.149)
    Enkhtuvshin darga maani mundag shuu
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • DARGADAA AMJILT HUSEY (43.228.130.149)
    DARGADAA AMJILT HUSEY
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.228.130.149)
    Эдний Засаг дарга овоо сэргэлэн сийрэг толгойтой хүн шиг санагдсан. Дорноговьаймаг гоё хөгжсөн байна.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Үнэхээр юм хийж байнаа Дорноговь бусад аймаг үлгэр авч ажиллаач эн (202.126.89.64)
    Сүрэн
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.228.130.149)
    Мундаг байнаа. Дорноговь аймаг үнэхээр хөгжиж чадсан байна лээ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.173)
    unher yrij bgaa shiger hij bga bol bodlogin hureend zuv shiidel gargasan bna.ad uzeh bish ashigig ni naah avah estoi ym daa
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
    • НАМУУНАА
      ЯГ ТИЙМ
      2019 оны 04 сарын 01