Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Дорноговь  тусгай зөвшөөрөл дамжуулан худалдаж ашиг олох явдлыг таслан зогсооно

Э.Оджаргал

Сүүлийн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад Засгийн газрын тэргүүн, Шадар сайд болоод бүх л яамдын сайд,   гадаадын Элчин сайд нар, төлөөлөгчдийн айлчлалын хөл хөдөлгөөн Дорнын говь нутгийн зүг тасарсангүй. Ашигт малтмалд тулгуурлан импортыг орлох барилгын материалын үндэсний хоёр ч үйлдвэр сүндэрлэж, дотоодын Газрын тос боловсруулах анхны үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчний станцууд, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр ложистикийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтууд энэ орон нутагт өрнөж байна. Төрийн бодлогоор Ханги боомтыг чиглэсэн авто болон төмөр замыг барьснаар Тавантолгой ордын нүүрс болоод бусад уул уурхайн түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлээд буй.

Дорноговь нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоогоор 21 аймгаас тэргүүлж ирсэн. Тиймээс аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөнийг 2016 оноос   зохион байгуулах болсон бөгөөд жил бүр зөвлөгөөний үр дүн, ахиц дэвшил, шийдвэрлэгдээгүй асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Гурав дахь удаагийн зөвлөгөөнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгуулав.

Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг дарга нар, уул уурхайн компаниудын удирдлагууд оролцож, салбар яам, агентлагийн төлөөлөгчид төрийн бодлого, зорилт, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хийн, нутгийн иргэд ч тулгамдсан асуудал, сонирхсон асуултдаа хариулт авч 2018 оны үр дүнг хэлэлцлээ.

2016 оны байдлаар, Дорноговь аймгийн нутагт дэвсгэрт хүчин төгөлдөр ашигт малтмалын 561 тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 60 гаруй хувийг хамарч байжээ. Тэгвэл өнөөдөр тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 367 болж буурсан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал хамааралтай, үйл ажиллагаа явуулдаггүй, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө сум, орон нутгийн мэргэжилтнүүдээр хууль зөрчиж батлуулсан, байгаль орчны төлөвлөгөө гаргадаггүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшилтэй 173 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Цаашид ч аймгийн нутагт хамааралтай ашигт малтмалын лицензийг дамжуулан худалдах гэсэн, ашиг хонжоо хайсан асуудлыг таслан зогсооно гэдгээ аймгийн удирдлагууд зөвлөгөөний үеэр мэдэгдсэн. Мөн Хамрын хийд орчмын газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон тухай чамгүй шуугин, улс төржсөн асуудалд, бурхан шашны түүхтэй газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. Аймгийн зүгээс уул уурхайн компаниудын зөв зохистой үйл ажиллагааг дэмжин ажиллах бодлого барих бөгөөд хариуд нь хариуцлага нэхнэ гэдгийг ч анхааруулав.

Дорноговь аймгийн ЗДТГ-аас уул уурхайн компаниудтай “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байна. Гэрээнд, компаниудыг  үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагт шилжин ирж хүн амын орлогын албан татвар (ХАОАТ), нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн, газрын, техникийн татваруудыг төлөх, уурхайд ашиглагдаж буй машин техникууд аймгийн дугаартай болох, хүний нөөцийн 60 хүртэлх хувийг орон нутгаас авч ажиллуулах, бараа, ажил үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнийг сум, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авах, байгаль орчны болон нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах зэрэг заалтуудыг тусгажээ. Өнгөрсөн онд уул уурхайн 56 компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан байна.

Уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулснаар 2018 онд аймгийн төсөвт 69 аж ахуйн нэгж 11.46 тэрбум төгрөгний татвар төвлөрүүлжээ. Өмнөх оны дүнтэй харьцуулбал татварын орлого 40.7%-иар өссөн байна. 

 

Гэрээний дагуу “Монголын Алт” үндэсний томоохон компани орон нутагт шилжин ирж, холбогдолтой татваруудаа аймагт тушаан, нийгмийн хариуцлагын тодорхой ажлуудыг хийж байгаа жишээг татсан юм. Даланжаргалан суман дахь “МАК евро цемент” үйлдвэрт зөвхөн тухайн сумаас 200-300 иргэн ажиллаж байна. Өргөн суман дахь “Монцемент” үйлдвэрийн нийт ажиллагсдын 70 гаруй хувийг аймгийн иргэд бүрдүүлэх аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дорноговь аймгийн 2600 иргэн ажлын байраар хангагджээ. Уул уурхайн компаниуд нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудал тодорхой ахицтай байгаа ч хангалттай биш гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байв. Зарим уурхай, боловсруулах үйлдвэрүүдийн ажилчдын 60-70% бусад орон нутгийн иргэд, гадаадын ажилчид болох нь судалгаа, шалгалтаар илэрснийг анхааруулсан нь тэр.   

“Хариуцлагатай уул уурхай” анхдугаар зөвлөгөөний үеэр уул уурхайн компаниуд “Дорноговь Их хөгжил” сан байгуулах санаачилгыг дэвшүүлсэн нь өнөөдөр бодит ажил хэрэг болжээ. Сан гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Компаниуд уг санд төвлөрүүлэх хандивын хөрөнгөө аймагт нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтад өөрсдөө захиран зарцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавихдаа, хөрөнгө оруулалтаа иргэдэд нээлттэй ил тод байдлаар, тухайн бүрт нь тайлагнан мэдээлдэг аж.

“Эх оронч” нэр зүүж төрийн бус байгууллагын халхавчин дор уул уурхайн компаниудыг дарамталж, үйл ажиллагааг нь зогсоож, аймаг сумдын дарга нар ч элдэв мөнгө, хандив нэхдэг асуудал орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрүүл бус хандлагаар явагдах нөхцөл болж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэдэг байдал бусад аймагт ч бий. u

Сүүлийн хоёр  жилд “Дорноговь их хөгжил” сангаас Сайншанд, Замын-Үүд, Даланжаргал, Алтанширээ, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Хатанбулаг сумдыг хамарсан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хөрөнгө оруулжээ. Томоохон ажил нь аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн барилгын бүтээн байгуулалт бөгөөд нутгийн өмчид шилжүүлэн өгчээ. Зөвхөн өнгөрсөн онд нийгмийн хариуцлагын хүрээнд “Цайрт Минерал” компани Сайншанд суманд иргэдийн амралт зугаалгын “Гэр бүл” талбайг шинээр байгуулан тохижуулж, “Фрейндшиф ресурс” компани Даланжаргалан суманд 75 хүүхдийн цэцэрлэг, “Доншен” компани Замын-Үүд сумын алслагдсан багт 50 хүүхдийн цэцэрлэг тус тус барьжээ. Одоо “Чингисийн хар алт” компанийн хөрөнгө оруулалтаар Даланжаргал суманд Спорт заалны барилгын ажил явагдаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны асуудлыг  мөн зөвлөгөөнөөр хөндсөн юм. Тайванийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, Дорноговь аймгийн газар нутгийн 70% цөлжиж, хамгийн их цөлжилттэй аймгийн гуравт оржээ. 2018 онд аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 1124.1 га газар бүртгэгдснээс 392.95 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Техникийн нөхөн сэргээлт хийсэн нийт талбайн 43.3% буюу 170.1 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Даац хэтрүүлсэн авто машины тоо нэмэгдэж байгаа тул уул уурхайн компаниуд аймгийн нутагт зам тавьж тээвэрлэлтээ хийх, уурхайн тээвэрлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах шаардлагыг тавьж байлаа. Говийн бүс нутгийн аймаг тул  усны ашиглалтад онцгой анхаарч тодорхой дэвшилт гарсныг аймгийн Засаг дарга онцоллоо. Уул уурхайн компаниудын ашиглаж байгаа усны 58 худгийг бүгдийг нь тоолууржуулах ажил бүрэн дуусч, үүнд аймгаас 271 сая төгрөг зарцуулжээ.  

Зөвлөгөөний төгсгөлд, Дорноговь аймагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцын талаар танилцуулав. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 20 орчим км төмөр болоод авто зам, эрчим хүчний агаарын шугам байгуулах дэд бүтцийн ажил явагдаж байгаа бөгөөд ирэх долдугаар сард дуусна. Үргэлжлүүлэн үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт орсноор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нэмж тусгасан. Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 км төмөр замыг хоёр өртөө, 10 зөрлөгтэй барихаар ТЭЗҮ хийгдэж дуусчээ. Түүнчлэн, Зүүнбаянгаас Тавантолгой орд чиглэх 414.6 км төмөр замын төслийн ТЭЗҮ хийгдэж байна. Төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан төмөр замын ажилчдыг бэлтгэх ангийг Дорноговь аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд (МСҮТ) шинээр энэ жилээс нээхээр болжээ. Суралцагсдыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулж дадлагажуулах аж.

Засгийн газраас “21-100” хөтөлбөр буюу 21 аймагт 100 үйлдвэр барих зорилт дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн 14 сум бүрт үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Одоо Сайхандулаан суманд Японы хөрөнгө оруулалтаар “Мегатек” компани цахиур чулууны үйлдвэр байгуулж байгаа бөгөөд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Сайшанд суманд өрнөж буй. Их хэт суманд “Хөх бишрэлт” компани жоншны томоохон үйлдвэр барьж дуусчээ. Замын-Үүд суманд Бүс нутгийн Тээвэр ложистикийн төвийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Мөн тухайн суманд Монгол-Хятадын хил дамнасан Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа энэ онд эхлэх гэнэ. Тус бүсэд энэ жил 15 компани үйлдвэр байгуулах төслөө аймагт ирүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Сайншанд суманд 55 МВт хүчин чадалтай салхин парк, 30МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Замын-Үүд суманд 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Айраг суманд 20 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын төслүүд хэрэгжиж, орон нутгийн хэрэглэгчдэд эрчим хүчээ түгээхэд бэлэн болж байна. 

2018 оны үзүүлэлтээр Дорноговь нь өрсөлдөх чадвараараа 21 аймгаас дөрөвт эрэмбэлэгдсэн юм.