Үндэсний геологийн албыг энэ жил байгуулна

2019-03-28 18:18

Жил бүр зохион байгууллагддаг “Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган  нь Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 1000 гаруй зочид төлөөлөгчид, гадаад дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24,6 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь бид бүхний зүгээс геологийн салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол өсгөх зорилтын нэг илрэл гэж үзэж байна” хэмээн тодотгосон. Тэрээр мөн “Яг жилийн өмнө буюу Монголын геологи хайгуул-2018 чуулга уулзалтын индэр дээрээс та бүхэндээ чулуулгийн үнэмлэхүй насыг эх орондоо тодорхойлдог болно гэж хэлж байсан. Энэ ажил маань бодит биелэлээ олж, уржигдар буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Геологийн төв лабораторид “Чулуулгийн үнэмлэхүй насны лабораторийн үндсэн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө” гэсэн юм.  Ингээп  чуулганы эхэнд  оролцогчид Төрийн соёрхолт геологчдод хүндэтгэл үзүүллээ. 

Чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны  1:50.000-ны зураглалын ажил  Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 38,7%-ийг бүрхээд байгаа бөгөөд энэ чиглэлд 43 төсөл,  1:200.000-ны масштабын зураглалаар дөрвөн төсөл  хэрэгжиж байна. Мөн сэдэвчилсэн судалгааны 13, хамтарсан 2 төсөл амжилттай явагдаж байна” гэлээ. 2018 онд  хайгуулын хүчин төгөлдөр  1400 тусгай зөвшөөрөл хүчин  бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2010 онд энэ тоо 2979-д хүрч байсан бөгөөд өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 50%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм.  Монгол Улсад  Үндэсний Геологийн алба байгуулах ажил олон жил яригдаж байгаа ч  салбарын яамны зүгээс энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллан, орон тоо бүтэц, хөрөнгө зардлын хэмжээг тодорхойлж, 2019 ондоо багтан  уг албыг байгуулах боломжтой болсныг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр дуулгалаа. 

Чуулганы эхний хэсэгт УУХҮЯ-ны  Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэв, Ашигт малтмал, газрын тосны газрын  Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Н.Мөнхбилэг, Байгаль орчин, аялал жуучлалын яамны  Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран нар мэдээлэл хийсэн юм. Газрын тосны хайгуулын 18 талбайгаас 2018 онд 3 талбайд өрөмдлөгийн ажил явуулжээ. Үүнээс хэд хэдэн талбайд туршилтын байдлаар олборлолт хийж, 476 тонн түүхий тосыг тээвэрлэж, 246 тонныг БНХАУ-д экспортлосон байна. Орон нутгийн иргэдийн эсэргүүцлээс болоод  газрын тосны хайгуулын ажил явагдахгүй байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэлж байв. АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээлэл технологийн төвийн  Гео мэдээллийн цахим сан нь  2000-2018 онд хэрэгжсэн  1:50.000-ны зураглалын ажлын 140 тайлангаас   бүрдэж байгааг Н.Мөнхбилэг дарга онцоллоо. Энэ нь  жилдээ  6-8 тайлан хамгаалагдаж байсныг харуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Геологийн төв архивт 5 тайлан бүртгэжээ. 

“Дэлхийд цөмийн эрчим хүчний хэрэглээг дагаад ураны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд  эрчим хүчний хэрэглээ 30%-иар нэмэгдэх юм. Нийт  ураны нөөцийг ордын төрлөөр ангилбал элсэн чулуун ордууд зонхилж байна. Монгол Улсын хувьд ураны 13 ордын хэмжээнд 60% нь элсэн чулуун ордууд” хэмээн Цөмийн энергийн комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогт ярилаа.  Монгол Улсад өнөөдөр ураны салбарт дундын зохицуулалт шаардлагатай бөгөөд  ураны төслийн тогтвортой байдал чухал гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн. 

“Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулганы эхний өдрийн хуралдаан нь “Монголын геологи ба ашигт малтмал”, “Геологи судлал”, “Региональ судалгаа” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэ хэсэгт “Статиграфи, Монгол орны стратиграфи судалгааны цаашдын зорилт”, “Палеонтологи, Үлэг гүрвэлээс эртний бактери хүртэл”(Монгол орны эртний шим ертөнц.судалгааны чиг баримжаа, гол үр дүн), “Интрүзив чулуулаг, Монгол орны интрузив чулуулаг тархалт, гарал үүсэл” зэрэг эрдэм шинжилгээни сэдэвт илтгэлүүд тавигдсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо зэрэг байгууллага  “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг дэмжин ажиллаж байгаа юм. 


Г.Идэр  


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.