Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Сүхбаатар аймгийн 16 уурхай үйл ажиллагаагаа  түр зогсоожээ

“Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч  Д.Улаанаа

“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд боллоо. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал газрын тосны газар,  Сүхбаатар аймгийн  тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 7 сумын удирдлага болон  орон нутгийн иргэд оролцсон  юм.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 76 аж ахуй нэгжийн 102 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс ашиглалтын 62, хайгуулын 40 тусгай зөвшөөрөл бөгөөд газрын тосны хайгуулын  тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж буй тухай аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс мэдээллээ. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цайрт минерал” ХХК /цайр/, “Эм Эл Цахиурт Овоо” ХХК /төмрийн хүдэр/, “Олгой булаг” ХХК /нүүрс/, “Цэгээн үүдэн” ХХК /нүүрс/, “Монгол жүюаньли” ХХК /жонш/, “Хунт-өгөөж” ХХК /жонш/, “Бадмаараг хаш” ХХК /нүүрс/ зэрэг компаниудын 7 уурхай хэвийн ажиллаж байна. Харин “Каскейд майнинг” ХХК /төмрийн хүдэр/, “Сунхунголд” ХХК /жонш/,  “Эрдэнийн олз” ХХК /нүүрс/, “Эрдэнийн босго” ХХК /нүүрс/, “Андын Илч” ХХК, “Нагааранз” ХХК /нүүрс/, “Премиум көүл” ХХК /нүүрс/,  “Нутгийн анар” ХХК /гянтболд/, “Эф Жи Пи Эм” ХХК /жонш/, “Говьмастер” ХХК /жонш/,  “Ананд баян тал” ХХК, /жонш/, “Макс ойл” ХХК /газрын тосны хайгуул/, “Кожеговь” ХХК /уран/, “Монголиум ураниум ресурс” ХХК /уран/,“Эф Эм Ай” ХХК /холимог металл/ гэсэн 16 уурхай 2019 оны хайгуул ашиглалтын  төсөв төлөвлөгөө батлахтай холбогдуулан үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

Уул уурхай хөгжихийн хэрээр иргэдийн амьдрал сайжирдаг хэмээн ойлгодог. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд ядуурал 47%-тай, ажилгүйдлийн түвшин 10.9% хүрчээ. Мэдээлэл дутмагаас орон нутгийн иргэд уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд эргэлзэж, хардаж  сэрдэж байна. Өөрөөр хэлбэл олон нийт уул уурхайн салбарын талаар хаалттай хаалганы гадна байгаад л учир байгаа юм. Иймээс уул уурхайн компаниуд олон нийтэд мэдээллээ ил тод хүргэх, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулахад анхаарах, орон нутагтай нягт хамтын ажиллагаатай байх хэрэгтэйг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар уул уурхай эрхлэгчдэд санууллаа. Тэр дундаа Уул уурхайн компаниуд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй асуудлыг удаа дараа гарган тавьж буйг ч онцлов. Тэрээр Эрдэнэцагаан суманд ажиллахдаа уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа нөхцөл байдалтай танилцжээ. 

Эрдэнэцагаан сум 7000 гаруй хүн амтай бөгөөд  4000 гаруй нь сумын төвд амьдардаг.  Уурхайн тээвэрлэлтийн хүнд даацын машинууд олон салаа зам гаргаснаас хөрс эвдэрч, тоосжилт ихээр үүссэнээс иргэдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөлд маш хүндээр тусч байгааг чуулганд хүрэлцэн ирсэн сумын иргэд хэлж байлаа. Уул уурхайн компаниудын  тээвэрлэлт тус сумын нутгаар дамжин Бичигт боомтоор БНХАУ руу нэвтэрдэг нь сумын иргэдэд ийн хүндрэл үүсгэж байгаа ажээ. Тодруулбал, салхины  дээд талаар буюу сумын төвийн баруун дээд хэсгээр тээврийн цуваа явж өнгөрдөг байна. 

Тээвэрлэлтээс үүсэх тоос шороо, орчны бохирдол, замын эвдрэл зэрэг нь нутгийн иргэдийн амьдрах нөхцөлд шууд нөлөөлж байгаа учир иргэдийн эрх ашгийг анхаарч тээвэрлэлт хийж, шаардлагатай бол тээврийн маршрутын дагуу хатуу хучилттай зам тавихыг сумын иргэд уурхайн удирдлагуудаас шаардаж байгаа юм. Хэрэв  шаардлагыг  шийдэхгүй бол иргэд эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ ч илэрхийлэв. Иргэд болон уурхайн компаниудын хооронд үүссэн энэ нөхцөл байдлыг аймгийн удирдлагууд ойлголцлын хүрээнд авч үзэн, харилцан ойлголцож нэн түрүүнд тээвэрлэлтийн маршрутын дагуу хатуу хучилттай замын ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг уурхайн компанийн төлөөллүүдэд анхаарууллаа. 

Зөвлөгөөний төгсгөлд, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олборлох үйлдвэрлэлийн (уул уурхайн салбар) ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх аймаг, сумдын Дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд Засгийн газрын  2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу нутгийн захиргааны байгууллага болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүртэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Уул уурхайн компани, орон нутгийн хооронд тулгамдаад буй хөрсний эвдрэлээс сэргийлэх, хатуу хучилттай зам тавих асуудал тодорхой шийдвэрт хүрэлгүй хэвээр үлдэж байна.


 
 

Сэтгэгдэл (1)

  • Bitgii xudal medeelel oruulaacheeee. Naad xurald chin suusan ajlaa zogsoologchoogvi bn (202.9.45.246)
    Zochin
    2019 оны 03 сарын 28 | Хариулах