Хөгжлийн банк алт үйлдвэрлэгчдэд 19 тэрбум төгрөгийн зээлийг олгоно

2019-03-22 18:00

Г.Идэр

“Mongolia Gold 2019” олон улсын  чуулган энэ жил  “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ. Гурав дахь жилдээ болж буй тус чуулган өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 31 байгууллага үзэсгэлэнгээ гаргаад буй юм. “Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ удаагийн чуулган чиглэж байгаа” хэмээн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон танилцууллаа. 

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Чуулганд оролцогчид уг хуулийн хэлэлцүүлэгт анхаарал тавьж буйгаа илэрхийлэн “Алтны роялти 2,5-5%-ийн хооронд батлагдах болов уу” гэсэн хүлээлттэй байна гэж байлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголбанкин дахь алт тушаалтыг 22 тонноос доошгүй байлгах нь чухал. Гэхдээ аж ахуйн нэгжүүд  алтны нөөцийг өсгөх ажлыг өөрсдөө зохион байгуулж, орлогынхоо тодорхой хэсгийг үүнд зарцуулах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тэрээр мөн “Алт олборлолтын явцад хаягдал их гардаг. Иймд хаягдал болон алтны захын агуулгыг аль болох бууруулах ёстой” гээд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яам орон нутагт хуулийн дагуу олгохгүй байгаа нь алт олборлогчдын талаар буруу ойлголт төрүүлэхэд хүргэдэг” хэмээсэн юм.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Бадарч “Алтны салбарын өнөөгийн байдал, тулгарч буй саад бэрхшээл” сэдэвт илтгэлдээ “Уул уурхайн үйлдвэрлэл явуулахын тулд   аж ахуйн нэгжүүд 31 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа нь маш их хүндрэл үүсгэдэг. Иймд алтны салбарын  хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлага бий” гэлээ. Алтны салбарынхны хамгийн их сонирхсон  мэдээлэл нь Хөгжлийн банкны зүгээс алт олборлогчдод үзүүлж буй зээл, түүнтэй холбоотой тулгамдсан  асуудлууд байв. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алт-2 үндэсний хөтөлбөрт Хөгжлийн банкны оролцоо” илтгэл тавьж, оролцогчдын зарим асуултад хариулсан юм.  Тэрээр, алт олборлогчид дан ганц банкны зээл биш, аль болох санхүүгийн олон эх үүсвэрээр хөрөнгө оруулалтаа шийдэж байх нь зүйтэй. Хөгжлийн банкнаас зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдээс  Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ) гэсэн хоёр бичиг баримтыг шаарддаг. Гэвч зээл олгох явцад хэд хэдэн хүндрэл үүсч байна. Ихэнх нь уулын ажлын төлөвлөгөө, БОНҮ-гээ ирүүлдэггүй. Зээлээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй, голдуу өмнөх авсан зээлээ  шинээр авсан зээлээрээ төлөх сонирхолтой байдаг. Өнгөрсөн  хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгжээс ердөө нэг нь л хугацаандаа зээлээ төлсөн” хэмээн учирлаж байв. Хөгжлийн банкны зүгээс ч зээл олголтдоо алдаа гаргаж байснаа тэрээр хүлээн зөвшөөрч, ялангуяа алт олборлогчдын бизнесийн мөчлөгтэй уялдуулан ажиллах чадаагүй гэсэн хариултыг өгч байлаа. 

Хөгжлийн банкны хувьд алтны аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн лизингийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тиймээс дэргэдээ “Хөрөнгө оруулалтын менементийн компани” байгуулж, Ногоон хөгжлийн, Дэд бүтцийн, Уул уурхайн сангуудыг байгуулсан гэдгээ дуулгалаа. “Алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд санхүүгийн зах зээлд оролцох боломж хэр байгаа вэ” гэсэн оролцогчийн асуултад Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “Алтны компаниуд өндөр үнэтэй техникүүд ажиллуулдаг. Үйл ажиллагаа явуулахдаа голдуу банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг гээд олон шалтгаан байдаг учраас санхүүгийн зах зээлд ороход хүндрэлтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол 2019 онд  19.16 тэрбум төгрөгийн зээлийг олгох аж. Зээлийн жилийн хүү 12%-тай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. 

“Алтны салбарын зах зээл дээр өрсөлдөж буй аж ахуйн нэгжүүдийн гарал үүсэл, чадамж өөр байгаа нь социализмын үед хайгуул хийгдсэн, баталгаат нөөц нь тогтоогдсон ордууд дээр зарим компани ажиллаж байдагтай холбоотой.Ийм учраас шударгаар өрсөлдөх боломж тааруу байна. Тиймээс УИХ алтны татварыг ядаж 2.5-5%-ын хооронд батлана гэдэгт итгэлтэй байгаа. Улстөрд танил талтай цөөн хэдэн компани л Хөгжлийн банкнаас зээл авдаг жишиг Монгол Улсад үйлчилдэг” гэсэн үгийг  Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд унагав.

“Mongolia Gold 2019” олон улсын  чуулганд Хятадын төлөөлөгчид олноор хүрэлцэн иржээ. Хятадын Алтны холбооны дэд Ерөнхийлөгч Ванг Шенгбин “Хятадын алтны аж үйлдвэрлэлийн талаарх шинэ санаа” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. 2018 оны судалгаагаар Хятад улс нийтдээ 14 мянган тонн алтны нөөцтэй гэсэн тооцоо гарсан ба тус улсын зүүн, баруун бүс нутгуудад алтны томоохон ордууд илэрсэн байна. Эдгээр бүсэд гэхэд 300-400 тонн нөөц бүртгэгдээд буй аж. БНХАУ нь “Алт суурилсан болон Олон метал” хөгжлийн стратеги бодлогыг хэрэгжүүлж буй  төдийгүй 2011 оноос гадаадын орнуудад чиглэсэн хөрөнгө оруулалтад 40 орчим ам.долларыг зарцуулсан байна. Ялангуяа  алт үйлдвэрлэлийн судалгааны чиглэлээр  ОХУ, Казахстан улстай амжилттай ажиллаж байгааг Ванг Шенгбин онцлон тэмдэглэсэн. Тус улсад  алт олборлогч маш олон жижиг компани үйл ажиллагаа явуулж байсныг сүүлийн жилүүдэд нэгтгэх бодлогод түлхүү анхаарч байгаа аж. Одоогоор 361 шороон ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж буй бөгөөд үүнээс 100 гаруй нь ил аргаар олборлож байна гэсэн мэдээллийг тэрээр өгсөн юм. 

“Хятадын Алтны групп”-ын (Jinyu gold materials corporation) төлөөллүүд тус чуулганд илтгэл тавьж, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Тус групп нь  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компанитай бөгөөд Европын улсуудаар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг экспортлодог байна. “Манай групп хилийн чинад дахь ашигт малтмалын нөөцийн хөгжилд маш их туршлага хуримтлуулсан. Тиймээс бид Монголын алтны  салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн  “Jinyu gold materials corporation”-ын Худалдааны хэлтсийн менежер Лу Шузонг онцолсон юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-13 11:27
    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
  • 2019-12-12 16:38
    Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
  • 2019-12-12 12:56
    "Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.
  • 2019-12-12 12:22
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ (2019.12.11).
  • 2019-12-11 12:32
    Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.   “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан.