“Mongolia Mining 2019”: ЦБОН компани уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг онцолж байна

2019-03-15 14:35

Өнөөдөр 10 цаг 45 минут


Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Олон улсын “Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгчээр оролцох талаар ЦБОН компанийн Гүйцэтгэх захирал Э.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

Юуны өмнө MMJ сэтгүүлийн уншигчдад TSBON компанийн талаар танилцуулна уу?

Манай ЦБОН ХХК нь 1999 онд байгуулагдаж эдүгээ 20 жилийн ой тохиож байна. Анхлан байгуулагдаад шугам хоолой болон түүний дагалдах хэрэгсэл, нарийн хэмжил зүйн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэгийн суурилуулалт, нийлүүлэлтийн ажлуудаар эхэлж байлаа. Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөж, ханган нийлүүлэгчээр 6 дах жилдээ амжилттай ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн 10 мянга гаруй төрөл бараа бүтээгдэхүүнийг гадаадын 200 гаруй түншүүдээс авч уул уурхайн салбарт нийлүүлдэг. Үүнээс 20 гаруй компанийн албан ёсны дистрибютрээр ажиллаж байгаа.

Тухайн үеийн уул уурхайн салбарын уналт, хүнд бэрхээс эмээлгүй компанийн үйл ажиллагаагаа тэлэхээр энэ салбарт зоригтой орж байж шүү. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулах ач холбогдлыг хэрхэн харж байна?

Компанийн менежментийн тогтолцоог 2012-2013 онд хэлэлцэж бизнесийн үзэл баримтлалаа 2 зүйлд тулгуурлан гаргаж байсан юм. Нэгд, бизнесийг хөдөлгөх үндсэн хүчинд дэмжлэг болох. Хоёрт, уул уурхайн салбарт түншлэгч хэлбэрээр орох. Энэ зорилтоор уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон юм. Тухайн үед дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш ч, дотоодын улс төрийн нөхцөл байдлын хувьд ч уналтын үе байлаа. Гэхдээ үүнээс эмээх биш харин ч найдвартай, сайн түншлэлээр уул уурхайн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулъя гэж зорьсон. Энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөө байх юм. ЦБОН компани “Аж үйлдвэрийн түнш” уриатайгаар ажилладаг бөгөөд уул уурхай болон бусад дэд бүтцийн төслүүдийг онцолж буй.

Тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЦБОН компани энэ жил “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцох гэж байна. Ивээн тэтгэгчээр ажиллах болсон учир юу байв? Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн үнэлж байгаа вэ?

ЦБОН компани “Mongolia Mining” үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш танилцуулахаас гадна эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдах юм билээ. Тухайн бизнесийн түншүүдтэйгээ нэг дор цуглаж туршлага солилцох, дэлхий дахины уул уурхайн салбарт гарч байгаа шинэ технологиудаас суралцах зэрэг олон улсын хэмжээний үйл ажиллагаа болдог учраас ихээхэн том цар хүрээгээр жил ирэх бүрт хүлээлттэй оролцдог болж байна. Тиймээс ч энэ жилийн хувьд нэлээд ач холбогдол өгч Алтан ивээн тэтгэгчээр оролцоно.

Уул уурхайн салбарт ЦБОН компанийн нийлүүлж буй бүтээгдэхүүний онцлог болоод давуу тал?

Уул уурхай гэдэг аюулгүй ажиллагаа шаардсан, маш том хариуцлага ардаа дагуулж байдаг нүсэр ажил. Уурхайн тасралтгүй үйл ажиллагаа аюулгүй байх, сэрэмж өндөртэй байх шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Тиймдээ ч бидний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн байхаар ажилладаг хэдэн зарчим бий. Бид төдийлөн хямд үнээр өрсөлддөггүй, харин нийлүүлэлтийн богино хугацаа, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, шаардлагатай тохиолдолд суурилуулалтын маш оновчтой шийдэл боловсруулж түгээдэг. Энэ нь бидний онцлог юм.

Танай компани одоо Монголын уул уурхайн ямар компаниуд, уурхай, төслүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

Өнөөгийн байдлаар ЦБОН компанийн гол ханган нийлүүлэлт уул уурхайн салбарт чиглэж байна. Уул уурхайн томоохон компаниудын дийлэнхтэй нь хамтран ажиллаж байгаа. Оюутолгой,  “Thiess Mongolia”,  “Redpath”,  “Jacobs”,  Шарын гол гэх мэт томоохон компаниудыг дурдаж болно. 2016 оноос хэрэгжиж буй Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын шугам хоолойн төсөл дээр амжилттай ажиллаж байна. Тодруулбал, гүний уурхайн цэвэр усны хангамжийн хуванцар бүх хоолойг нийлүүлж буй.

ЦБОН компанийн ойрын зорилтуудыг сонирхуулна уу?

Олон улсын зах зээл дээр Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байгаа компанийн хувьд өрсөлдөхүйц байх шаардлагатай. Тиймээс компанийн менежмент, мэдээллийн технологийн тогтолцоог сайжруулахад анхаарна. Ингэхдээ захиалга, хэрэглэгчийн үйлчилгээ, хүний нөөцийн зэрэг менежментийг тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлж ERP системд бий болгох ажил хийгдэж байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 450001, чанарын 9001 стандартуудыг (хуучин OHSAS) нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Бид өөрсдийгөө сайн хөгжүүлж байж уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, хувь нэмрээ оруулна гэж үздэг.

Ярилцсанд баярлалаа.

Э.Од  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 25 минутын өмнө
    ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас  “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал ба уул уурхай” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэхүү семинарыг Канадын Бритиш Колумын Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран явуулсан юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, ашигт малтмал баяжуулалтын технологийн магистр, докторын сургултын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нийгэм, байгаль орчин, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг гадаадын ижил төстэй сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах, салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх, цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх, олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.    
  • 16 цаг 12 минутын өмнө
    ​​​​​​​Даваа гаригийн байдлаар, Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 6012 ам.доллар/тонн (гурван сарын гэрээт үнэ) хүрчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Зэсийн үнэ тус бирж дээр арванхоёрдугаар сарын эхээр 5877 ам.доллар/тонн байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн зэсийн үнэ өсч эхэлсэн нь АНУ-ын эдийн засгийн эерэг мэдээ болон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр харьцангуй урагштай байгаатай холбоотой. Мөн Хятадын зэсийн импортын өсөлтийн тухай мэдээ цацагдсан нь зэсийн ханшийн өсөлтийг нөхцөлдүүлж байна.
  • Уржигдар 12 цаг 11 минутад
    Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай  хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ.
  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.