Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  төрийн бус байгууллага


Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь The Mongolian Mining Journal-ын дэргэд, тус редакцийн сэтгүүлч баг хамт олны санаачлагаар 2010 онд байгуулагдсан. Энэхүү ТББ нь сэтгүүлчдэд салбарын тухай хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл өгөх сургалт семинар хийх, уул уурхайн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах, олон улсын санхүүгийн байгууллагууд, түүнчлэн мэдээллийн нэр хүндтэй редакциудтай танилцах аялал зохион байгуулах зэргээр уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийг өндөр түвшинд мэргэшүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. 

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын баг дотоод гадаадад нийт 20 гаруй сургалт, танилцах аялал зохион байгуулсан. Хонконгийн Хөрөнгийн биржийн тухай анхан шатны ойлголтыг Монголын сэтгүүлчдэд, улмаар уншигч, үзэгчдэд ойлгуулах аяллыг 2010 онд хийсэн бөгөөд IPO, хувьцааны арилжаа, санхүүгийн мэдээллийг хэрхэн бэлтгэх тухай шат дараалсан мэдлэг мэдээллийг хүргэх сургалтыг тасралтгүй явуулж ирэв. Эдгээр сургалт нь 2010 он буюу үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт Монголын нийгэмд төлөвшиж дөнгөж эхэлж байсан үед сэтгүүлчдэд анхан шатны мэдлэг өгснөөрөө үнэ цэнтэй, өндөр өгөөжтэй ажлууд болсон билээ.

Үүний зэрэгцээ тус байгууллага нь эдийн засаг, уул уурхай, мөн мэдээлэл технологийн салбарт тулгамдсан цаг үеийн асуудлаар оролцогч талуудын хамт төрөл бүрийн хэлэлцүүлэг, онол-практикийн хурал зохион байгуулж ирсэн. Үүнд, 2010 оны “Зэс хайлуулах үйлдвэрийг хаана байгуулах нь үр ашигтай вэ?”, 2013 оны “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” зэрэг хэлэлцүүлэг-хурал багтана.

Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн бүх байгууллагын сэтгүүлч оролцсон сургалтаа  2010 онд зохион байгуулсан бөгөөд орон нутгийн сэтгүүлчдэд эдийн засаг, уул уурхайн салбарын тухай ойлголт өгсөн анхны сургалтын ажил болсон гэдгээрээ Монголын хэвлэлийн түүхэнд үлдсэн үйл явдал юм. Энэ туршлагадаа үндэслэн 2015 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг эхлүүлж 4 жилийн турш орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн үр дүнд 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим сэтгүүлчийг хамруулсан идэвхтэй сүлжээ бий болсон юм. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл хэрэгжсэн 4 жилийн хугацаанд нийт 13 удаагийн цуврал сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан. 

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-н багийн үйл ажиллагаа улам идэвхжиж  2018 онд Сэтгүүлчдийн менторшип хөтөлбөр болон Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчийг чадавхжуулах хөтөлбөрийг тус тус амжилттай хэрэгжүүллээ. 

The Mongolian Mining Journal-ыг үүсгэн байгуулагч Лунтангийн Болормаа агсан 2010 оноос хойш энэхүү Төрийн бус байгууллагаараа дамжуулан залуу сэтгүүлчдийг сурган дадлагажуулах, улмаар Монгол орны алслагдсан өнцөг бүрт мэргэшсэн чадварлаг сэтгүүлчдийн төлөөллийг бий болгох хүсэл эрмэлзлээ тээн ирсэн нь эдүгээ ийнхүү биеллээ олон, улам тэлж өргөжсөөр байна.