М.Энхжаргал: Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хайгуулын шинэ талбай шаардлагатай

2019-03-09 13:35

The Mongolian Mining Journal /2019.002/

 

Хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд юуны өмнө төрийн тогтвортой бодлого нэн чухал. Нөгөө талаас хайгуулын талбай олгогдохгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт орж ирэхгүй  байна. Хөрөнгө оруулагчдад хэтийн төлөвтэй талбай шаардлагатай гэдгийг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Салбарын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Орлогч дарга М.Энхжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    

 

Манай улс хайгуулын салбарын хөрөнгө оруулалтад онохоосоо алдсан нь их гэж салбарынхан дүгнэдэг. Хөрөнгө оруулалт идэвхжих дүр зураг харагдаж байна уу? 

Хайгуулын  салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр 90-ээд оны дунд үеэс төрөөс түлхүү анхаарч эхэлсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль энэ зорилгод шууд чиглэгдсэн гэж хэлж  болно. Уг хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл авах, хайгуул хийх нөхцөл, боломжийг сайжруулснаас гадна хөрөнгө  оруулагчдын эрх ашгийг хамгаалж, баталгаажуулж байлаа.  Энэ ч утгаараа хайгуулд оруулах хөрөнгө оруулалт  жилээс жилд нэмэгдсээр 2011,  2012 онуудад оргил үедээ буюу 320 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байсан.

 

2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдаж, гэнэтийн ашгийн  68%-ийн татварын хууль зэрэг хөрөнгө оруулалтын орчныг дордуулсан хуулиуд ар араасаа гарч ирсэнээр хайгуулын салбарт оруулах хөрөнгө оруулалтад нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зөв байх. 

 

Нөгөөтэйгүүр 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хориглосон хууль гарч 2015 он хүртэл үндсэндээ тусгай зөвшөөрөл олголт зогссон. Хөрөнгө оруулалт ч эрс багассан. 2015 онд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр 2016 онд хайгуулын зардал нэмэгдсэн. Гэтэл   тэр жилээ  өргөдлөөр тусгай зөвшөөрөл олголтыг дахин зогсоосноос болж  2017 онд  хайгуулын зардал буцаад  буурсан  юм.  

 

Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан хайгуулын салбарын сэргэлтийг Монгол Улс ашиглаж чадахгүй л байна. Үнэ өсөхөөс өмнө  хайгуул хийх эрэлт байсаар байсан. Хайгуулын талбай олгогдохгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчдад хэтийн төлөвтэй ажил явуулах талбай байхгүй. Ядаж л хэтийн төлөв байгаа эсэхээ тодорхойлох шаардлагатай байгаа юм. 

 

Голлох хөрөнгө оруулагчид нь аль улсын ямар компаниуд байна вэ? 2017 онд хайгуулын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн тайлангаас харахад нийт тусгай зөвшөөрлийн 2/3-т нь алтны шороон болон үндсэн ордын хайгуулын чиглэлээр ажилласан   байх юм. Өнгөрсөн онд энэ тоо хэр өөрчлөгдсөн бэ?

Нийт хайгуул, ашиглалтын 3066 тусгай зөвшөөрлийг 1888 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагийн 84% нь дотоодын компаниуд байна. Үүнээс  18% нь  хамтарсан хөрөнгө оруулалттай, үүн дотроо 6% нь  100%-ийн гадаадын хөрөнгө оруулалттай  компани эзэлж байна. Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувийг Хятад, Сингапур, Хонконгийн компаниуд бүрдүүлж байна. 

 

2018 онд 1674 тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил явуулах  төлөвлөгөө ирүүлснээс  70 орчим хувь нь  үнэт болон өнгөт металлын хайгуул, 14% нь метал бус ашигт малтмалын, 9% нь  шатах ашигт малтмалын,  8 орчим хувь нь газрын ховор элемент болон ховор металынх  байна. Энэ оны хоёрдугаар сарын  байдлаар 7 сая гектар талбайг хамарсан 1386 хайгуулын, 1.6 сая гектар талбайг хамарсан ашиглалтын 1680 тусгай зөвшөөрөл хүчинтэй  байна.

 

Үүнээс (2017 болон 2018 онд) ашиглалт руу шилжсэн хэдэн тусгай зөвшөөрөл байгаа бол?

2017 онд 77, 2018 онд ашиглалтын 61 тусгай зөвшөөрөл шинээр олгогдсон.   

 

Америк, Австрали, Канадын хөрөнгө оруулагчид бараг бүгд гарлаа. Монголд ойрын жилүүдэд хайгуулын салбарт барууны том хөрөнгө оруулагчид орж ирэхгүй гэсэн болгоомжлол бий. Энэ тал дээр Таны байр суурь?

Барууны хөрөнгө оруулагчид үндсэндээ гарсан гэж хэлж  болно. Шинээр барууны хөрөнгө оруулагчид бүртгэгдэхгүй байна. Харин Хятад болон Азийн улсуудын хөрөнгө оруулалт тогтвортой хадгалагдаж байна. Өнгөрсөн онд Япон-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай  компаниудын хайгуул хийх сонирхол нэмэгдсэн чихэнд чимэгтэй мэдээ бас бий.

 

Геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтыг Та сүүлийн 10 жилийн зураглалаар    хэлж өгнө үү?  Аль жилүүдэд илүү өсөлттэй,  уналттай байгааг тоон утгаар илэрхийлбэл ямар үзүүлэлт гарах вэ?

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг сүүлийн 10 жилээр авч үзэхэд,

  

2007 онд  115,6 тэрбум, 

2008 онд  155,5 тэрбум, 

2009 онд  124,1 тэрбум, 

2010 онд  173.3 тэрбум, 

2011 онд  301,7 тэрбум, 

2012 онд  323,97 тэрбум,  

2013 онд  150,1 тэрбум, 

2014 онд  160,4 тэрбум, 

2015 онд  113,9 тэрбум, 

2016 онд  190,3 тэрбум, 

2017 онд  132,4 тэрбум 

 

төгрөг байна. 

 

Тусгай зөвшөөрөл хэвийн олгогдож байсан үед хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж байгаад 2010 оны дөрөвдүгээр  сард олголтыг зогсоосны дараа  буюу 2013 оноос хөрөнгө оруулалт жил бүр  буурсан байна.  2015 онд олгож эхлэнгүүт 2016 оны хөрөнгө оруулалт дээр өсөлт гараад 2016 онд олгохоо зогсоонгуут 2017 онд буцаад бууж байгаа дүр зураг   харагддаг. 

 

Зөвхөн ганц сонгон шалгаруулалтад найдсан одоогийн  тогтолцоо хайгуулын салбар болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ямархуу нөхцөл байдлыг бий болгож байна вэ? Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо улам багасч байгаа гэх юм?

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр өсч 2009 оны байдлаар нийт 5177 тусгай зөвшөөрөлтэй байсан. Харин тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосноор  нийт тусгай зөвшөөрлийн тоо ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурч 1400 орчим болсон байна. 

 

Дан ганц сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь учир дутагдалтай. Учир нь сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хангах, зарлах, материал хүлээн авах, шалгаруулах зэрэг бүхий л процесст цаг хугацаа, хүн хүч ихээхэн  шаардлагатай болдог. Иймд   Засгийн газраас баталсан  сонгон шалгаруулалтын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нэлээд хугацаа шаардагдана. Хөрөнгө оруулагчдад энэ үйл явц   маш удаан, төвөгтэй санагдах нь мэдээж.

 

Иймд өргөдлөөр олгох тогтолцоог сэргээж хамтад нь явуулбал хамгийн зөв шийдэл болно.  Олон улсын туршлага ч тийм  байдаг.   

 

Хайгуулын ажил ашиглалтаас дор хаяж 15-20 жилээр түрүүлж явах учиртай. Жил бүр геологийн нөөцийг өсгөх ёстой. Харамсалтай нь нөөцийг өсгөх ажил зогсонги байдалд орсон. Өнөөдөр байдал ямар байна вэ?

Тийм ээ. Геологи, хайгуулын судалгааны ажил дор хаяж 10-20 жилээр төлөвлөгөөтэйгээр хийгддэг байсан.  Сүүлийн жилүүдэд улсаас нарийвчилсан эрэл, хайгуулын ажлуудад хөрөнгө мөнгө зарцуулсангүй. 

 

2018 онд  хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн болон нөөцийн тодотгол 135 тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 15 удаагийн хуралдаанаар  хэлэлцэж  107 ордын  нөөцийг ашигт малтмалын төрлөөр улсын нэгдсэн санд  бүртгэсэн. Үүнд: алтны үндсэн ордын-5, шороон ордын-42, зэсийн-3, төмрийн-3, газрын ховор элементийн-2, ураны-1, нүүрс-9, гянтболдын-1, хайлуур жоншны-8, шохойн чулууны-4, мөнгө-холимог металын-1, улаан хасын-1, барилгын чулууны-15, базальтын-1, элс-хайрганы-3, цахирын-2, элсний-3, шаврын-3 ордоор Монгол Улсын эрдэс баялгийн нөөц нэмэгдсэн байна.

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгодог болсноос хойш нэг жилийн нүүр үзэж байна. Одоогоор сонгон шалгаруулалтын 60 талбай зарлагдсан. Оны өмнөхөн 6 дахь удаагийн сонгон шалгаруулалт явагдлаа. Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэнээс хойш энэ салбарт ямар эерэг үзүүлэлт гарч байна вэ. Мэдээж сөрөг тал бий байх. Засч сайжруулах, анхаармаар ажлууд юу байна вэ?

Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд нэмэлт өөрчлөлт орж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолоор 8.4 сая га талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицол батлагдсан.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам”  мөн батлагдсан.

 

Ингээд 2018 оны наймдугаар сарын 22-ноос эхлэн өнөөдрийн байдлаар 8 багцаар 84 талбайд 748 мянган гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт  зарлаж 6 удаагийн сонгон шалгаруулалтын үнэлгээг хийгээд байна.

 

Сонгон шалгаруулалтаар олгох боломжит талбайн хэмжээ 8.6 сая га. Одоогоор энэ талбайн хэдэн хувьд  тусгай зөвшөөрөл олгогдоод байна вэ?

Өнөөдрийн байдлаар 8 багцаар 84 талбайд 748 мянган гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж 6 удаагийн  /СШ-25, СШ-26, СШ-27, СШ-28, СШ-29, СШ-30/ сонгон шалгаруулалтаар 291 мянган гектар бүхий 39 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийг шалгаруулж улсын төсөвт 24 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон байна.

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан 8.4 сая гектар талбайн 3.3%-д буюу нийт 283 мянган га талбайд хайгуулын 36 тусгай зөвшөөрөл олгож улсын төсөвт 17.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

 

Хайгуулын тусгай зөвшөөр­лийн төлбөрийг орон нутагт олгохоор болж байна. 2019 оноос тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг орон нутгийн Хөгжлийн санд шилжүүлж хуваарилна. Үүнд аж ахуйн нэгжүүд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

Энэ нь маш зөв зүйтэй шийдвэр болсон. Өмнө нь тусгай зөвшөөрлийн төлбөр 100% улсын төсөвт ордог байсан бол энэ оноос эхлэн тодорхой хувь нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулагдах болно. Үүнийгээ дагаад орон нутгийн иргэдийн зүгээс  геологи, хайгуулын судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхам гарна гэж найдаж байна. 

 

Тусгай зөвшөөрлийн шилжүүлгээс татвар авахаар хуульчилснаас хойш  тусгай зөвшөөрөл дээр хэр хөдөлгөөн хийгдэж байгаа бол? Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

Тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх  өргөдлийг бүртгэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг  шилжүүлэх нь харьцангуй  багассан байдал ажиглагдсан.

 

Геологийн судалгааны ажилд буюу ашигт малтмалын нөөц нэмэгдүүлэхэд энэ онд улсын төсвөөс 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Геологийн судалгааны ажилд жил бүр зарцуулж ирсэн тоон мэдээллийг Та товч байдлаар илтгэнэ үү?

Улсын төсвийн хөрөнгөөр жил бүр 1:200000 масштабтай геологийн зураглал, 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, сэдэвчилсэн судалгааны ажил, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр ажилд 2015 онд 9.28 тэрбум төгрөг, 2016 онд 9.34 тэрбум төгрөг, 2017 онд 12.26  тэрбум төгрөг, 2018 онд 13.33 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж 100%  гүйцэтгэлтэй ажилласан. Улсын төсвөөс батлагдсан 13 тэрбум төгрөгийг 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын төсөлд зарцуулсан.  

 

Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгаа, зураглалын ажлуудын явц байдал, санхүүжилт ямархуу байна вэ? 

Сүүлийн хоёр жилд  1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 34 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. 

 

Бударын чулуу -50, Дэвсгийн нуруу-50, Цогт- 50, Хөхөлзөгийн говь-50, Улаан толгой-50, Хулгарын элс-50 зэрэг 18,987.51 кв.км талбайг хамарсан 6 төслийн  тайлан хамгаалагдсан. Гэрээг  дүгнэх шатандаа явж байна.  

Жинст-50, Шивээт-50, Өлийн-Овоот-50, Суман хад-50, Чандмань уул-50, Хайлааст уул-50, Бурхантолгой-50 зэрэг 32,967.11 кв.км  талбайг хамарсан 7  төслийн  эцсийн үр дүнгийн тайлан гарсан. Баян-Индэр-50, Галбын говь-50, Худгийн нуруу-50, Норовлин-50, Тэрэм уул-50, Сант-50, Их өлзийт-50, Цайлангийн нуруу-50, Сүүжийн говь-50, Тээгийн гол-50, Номгоны нуруу-50, Олон гол-50, Чулуунхороот-50, Шүтээн улаан уул-50, Цахир мушгай уул-50 гэсэн 56,143.5кв.км талбайг хамарсан 15 төсөл 1-3 дахь жилийн хээрийн ажил үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Түдэвтэй-50,  Асгат уул-50, Модот толгой-50, Дэвийн хонгор уул-50, Бүрхтэй уул-50, Дөч гол-50  гэх мэтчлэн 22,798.37 кв.км талбайг хамарсан 6 шинэ төсөл өнгөрсөн онд шинээр хэрэгжиж эхлээд байна.

 

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил нь Монгол орны нутаг дэвсгэрийн 33.3%-ийг хамарсан. Цаашид нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж дуусах уу?

1:200000  масштабын геологийн зураглалын ажил нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хийгдэж дууссан. 

 

Газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ,  үнэ ханш өсч байна. Гэхдээ манай орны хувьд   энэ чиглэлд хайгуул хийж байгаа компани, тусгай зөвшөөрлийн тоо маш цөөхөн. 2018 онд энэ чиглэлд хэдэн тусгай зөвшөөрөл дээр хайгуулын ажил гүйцэтгэсэн бэ?

Өнөөдрийн байдлаар газрын ховор элементийн 5 орд газарт /Халзан бүрэгтэй, Мөнхийн цагаан дөрвөлжин, Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор/ ашиглалтын нийт 9 тусгай зөвшөөрөл олгосон. Одоо­гоор ашиглаж байгаа орд байхгүй. Энэ нь газрын ховор элементийг олборлоход маш нарийн  технологи шаарддагтай  холбоотой. 2017 онд 11 тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийгдсэн.

 

Өнгөрсөн оны хувьд одоогоор мэдээ нэгтгэн гаргах боломжгүй байна.  

 

Геологи хайгуулын салбарт шинээр хөрөнгө оруулалт татах ямар боломжууд байна вэ? 

Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц ажил явуулах шинэ шинэ талбайнууд шаардлагатай. Хууль хэрэгжүүлэгч агентлагийн хувьд боломжийг бид төрийн үйлчилгээний чанар хүртээмж, түргэн шуурхай байдал  гэж харж байна.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс бодитоор хийж чадах ажил бол мэдээллийн хүртээмжийг сайжруулах явдал байх. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ямар ажил байна вэ? 

Геологийн мэдээллийг хүртээмжтэй, ил тод нийтэд хүргэх зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялаг мэдээлэл, технологийн төв дээр Австрали улсын дэмжлэгтэй  AMEP  төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд  геологийн фондод хадгалагдаж буй улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн 3600 тайлангийн товч мэдээлэл  болон  Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн төрөл бүрийн судалгааны ажлуудын картограммуудыг англи, монгол хувилбартайгаар нийтэд танилцуулахаар вебэд байршуулсан. Цаашид мэдээллийг улам нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. 

Энэхүү ажлын зорилго нь  уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, цаашлаад Монгол Улсын иргэн бүр эрдэс баялгийн   үр шимийг хүртэх боломжийг бий болгоход чиглэгдэж байгаа.

Өнгөрсөн жил “Мэдээлэл-үйлчилгээний систем” нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа агентлагийн зүгээс илэрхийлж байсан. Энэ ажил хэр бодитой, амжилттай хэрэгжиж байна вэ?

Манай агентлагийн хувьд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх, геологи, уул уурхайн мэдээллийг олон нийтэд ил тод байлгах, салбартаа хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд “Мэдээлэл-үйлчилгээний систем”-ийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. 

Олон ажлууд хийгдэж байгаагийн дотроос голлох ажлуудыг дурдвал тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд геологи хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, уулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө цахимаар ирүүлж, хянуулах, батлуулах боломж бүхий http://inforep.mram.gov.mn/ системийг хөгжүүлэн ажиллаж байгаа.

Жил болгон ирүүлдэг төлөвлөгөө тайланг цахимаар ирүүлж, шийдвэрлэлтийн явцыг аж ахуйн нэгж болон агентлагийн удирдлага хянах боломжтой болсноор үйл ажиллагаа нээлттэй, түргэн шуурхай болж байна. Мөн төлөвлөгөө-тайлан ирүүлсэн мэдээ, аж ахуйн нэгжээс олборлолт, хайгуулд гарсан зардлын мэдээллийн статистик гаргах боломжтой.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл, талбайн газар зүйн байрлалыг харуулах,  тусгай зөвшөөрөл олголтоос эхлэн, шилжүүлэх, барьцаалах, сунгах, цуцлах, хүлээлгэн өгөх бүхий л харилцааг бүртгэлжүүлэх, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс cmcs.mrpam.gov.mn  Уул уурхайн кадастрын системийг хөгжүүлэн веб-д байршуулсан.  

АМГТГ-т хадгалагдаж буй 8200 гаруй геологийн тайлан, 200 гаруй геологийн мэдээллийн давхарга, 30 гаруй төрөлжсөн мэдээллийн сангийн  мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд нээлттэйгээр хүргэх зорилго бүхий webgis.mris.mn – геологи, ашигт малтмалын нээлттэй мэдээллийн интернэтийн орчинд ажилладаг системийг мөн хөгжүүлэн ажиллаж байна.  

АМГТГ-аас хөрөнгө оруулагчдад зориулан invest.mrpam.gov.mn веб хуудсыг хөгжүүлж тэдэнд хэрэгтэй мэдээ, мэдээллийг  англи хэл, монгол хэлний хувилбартайгаар хийсэн. Хөрөнгө оруулагчдаас байнга тавьдаг асуултын хариулт, Монгол Улсын ерөнхий мэдээлэл, уул уурхайн салбартай холбоотой бүх л төрлийн мэдээлэл, хууль журмыг англи хэлний орчуулгатайгаар хүргэдэг.

Эрдэс баялгийн салбарын талаарх анхан шатны ойлголтыг хүүхэд залуус, оюутан сурагч, орон нутгийн иргэдэд олгох, судлаачдын өгүүллэг, шинэ дэвшилтэд техник технологийн талаарх мэдээлэл өгөх зорилготой олон нийтийн боловсролд чиглэсэн edu.mrpam.gov.mn  эрдэс баялгийн салбарын боловсролын веб хуудсыг хөгжүүлж тогтмол шинэчлэн ажилладаг. 

Монголын геологийн салбар үүсч хөгжсөний  80 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд АМГТГ-ын зүгээс ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

2019 оны А/10 тоот ойг тэмдэглэн өнгөрүүлэх Aжлын хэсэг байгуулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал гарсан. Ажлын хэсэг нь УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалаар ахлуулсан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын  төлөөлөл орсон нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг юм. Ажлын хэсэг удахгүй хуралдаж ойн хүрээнд хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргана. 

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэс баялгийн салбараа гадаад, дотоодод сурталчлан таниу­лах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүү­лэх,  эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулах, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуу­лах зэрэг  ажлыг хийх зорилготой  байна. Манай агентлагийн хувьд ойгоо тохиолдуулан 1:1000000 масштабын ашигт малтмалын зургаа шинэчлэн гаргаж нийтийн хэрэгцээнд гаргасан.  

"Монголын геологи-хайгуул 2019" олон улсын хурал ирэх сард болно. Та энэ хурлын зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллаж байсан. Энэ жилийн хурлын онцлог, гарах  шийдэл юу байгаасай гэж хүсч байна вэ? Хөрөнгө оруулагчид энэ хурлаас юуг хүлээж байгаа бол?  

Хөрөнгө оруулагчдын хүлээж байдаг нэг л асуудал нь төрийн бодлогын тогтвортой байдал. Геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулагч нарт нааштай, эерэг ямар шийдвэр гарч байгааг хүсэн хүлээдэг. Тэр дундаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тал дээр төр засгийн бодлого, шийдвэрт ямар ахиц гарч байгааг анхааралтай ажигладаг. 

Ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • Уржигдар 13 цаг 24 минутад
    “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
  • 2019-08-21 12:39
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • 2019-08-19 17:56
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.