Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын ховор элементийн Томторын орд 2021 онд ашиглалтад орно

Якутын нутагт орших газрын ховор элементийн Томторын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл 2021-2022 онд эхлэх төлөвлөгөөтэй. Энэ тухай төслийг хэрэгжүүлэгч “Восток Инжиниринг” компани мэдэгджээ.

Эл орд нь ниоби, терби, иттри, сканди агуулсан 154 сая тонн хүдэр болоод дагалдах ураны нөөцтэй аж. Төслийг хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг ОХУ-ын Эрдэс баялаг ашиглах асуудал эрхэлсэн холбооны агентлаг өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан байна.

Томторын ордын төслийн хүрээнд жилд 150 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий гидрометаллургийн үйлдвэрийг Забайкалын хязгаар мужид байгуулахад 110 сая ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Үйлдвэр 2021 онд ашиглалтад орох аж. Ордоос жилд 150-200 мянган тонн хүдэр олборлоно.

Одоо Оросын ДУМ газрын ховор элементийн олборлолтын татварыг бууруулах тухай хуулийн шинэчлэлийг ид хэлэлцэж байна. Оны эхээр өргөн барьсан төсөл юм. Хуулийн төслөөр газрын ховор элементийн олборлолтын өнөөгийн 8%-ийн татварыг 4.8% болж бууруулах учиртай. Батлагдвал ирэх оноос мөрдөгдөж эхэлнэ. Уг хуулийн шинэчлэлээр Оросын газрын ховор элементийн салбар дахь хөрөнгө оруулалт 40 тэрбум рубльд хүрнэ гэсэн тооцоотой. Тухайн ашигт малтмалын олборлолт 17-20 мянган тонн буюу өнөөгийнхөөс бараг 10 дахин өсөх төсөөлөлтэй.

Э.Од