Б.Баярсайхан: Засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд хэрэгжээд явна

2019-02-18 10:45


The Mongolian Mining Journal /001.2019/

Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн  зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч  Э.Оджаргал ярилцлаа. 

-Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бодлого зорилт бүхий цөөнгүй баримт бичиг байдаг. Төрийн бодлогын энэ олон баримт бичигт “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрхэн уялдаж, хэрэгжиж байгаагаас яриагаа эхэлье.
Үндэсний хөгжлийн газраас “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2017 онд батлуулах ёстой байсан. Гэтэл тухайн үед Монгол Улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих шийдвэртэй давхацсан.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг танах гэх мэт ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу Засгийн газарт хүргүүлээд байсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дахин боловсруулах хэрэгтэй болсон юм. Сангийн яамтай дахин Ажлын хэсэг байгуулж “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийг шинээр нягталж боловсруулах явцад засаг солигдсон. Үүний дараа шинэ Ерөнхий сайд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын  I үе шатны зорилт болоод Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг уялдуулан Засгийн газар 2020 он хүртэл мөрдөж ажиллах бодлогын баримт бичиг гаргах хэрэгтэй болсон юм. Ингээд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гарч, үүний суурь баримт бичиг   “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн оны тавдугаар сард баталсан.  Урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тохируулан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гаргасан нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анхны тохиолдол болж байгаа юм.

Тодорхой хугацаатай, төлөвлөгөөтэй  “мөрөөдлийн” жагсаалт цөөнгүй. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр яаж анхаарч байгаа вэ?
“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг  амжилттай хэрэгжүүлэхэд төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, санхүүжилтийн эх үүсвэрүүд тодорхой  байх ёстой. Санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хэвшилд бүрэн даалгах гэсэн дөрвөн үндсэн чиглэлд тодорхой хуваарилсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар хэрэгжих асуудлыг Сангийн яам болоод холбогдох бусад яамдууд хариуцаад явж байна. Төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт санхүүжилтийг хариуцаж байгаа нь Үндэсний хөгжлийн газар юм.

Нөгөөтэйгүүр, төрийн бодлогоор төлөвлөгөөтэй ажлуудаа хэрэгжүүлэх, эргээд хэрэгжилтээ хянах,  дүн шинжилгээ хийх тогтолцоо чухал нь үнэн. Тиймээс “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилт болоод хуваарийн дагуу төслүүд хэрэгжиж байгаа эсэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэх чиг үүрэг Үндэсний хөгжлийн газарт бий. Хоёрдугаар сарын 15-нд багтаан  яамдуудаас тайлан авч, хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хэрэгжсэн ажлуудыг хянаж,  дүн шинжилгээ хийх юм.

Батлагдсанаасаа хойш хөтөлбөрт төслүүдийг нэмж, хасах өөрчлөлт орсон уу?
Жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тодотгол хийх юм. Жилийн хугацаанд төслүүдийн хэрэгжилт явц, нэмж хасах, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох яамдуудаас санал авч, тэдгээрийн ирүүлсэн тайлангуудын дүн шинжилгээнээс хамаарч тодотгол хийнэ гэсэн үг. Одоогоор яамдуудаас тайлангуудыг авч байна.     

Уул уурхайн төслүүд, тэр дундаа Тавантолгойн дэд бүтцийн багц төслийн ахиц ямар байгаа вэ?
“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т багтсан төслүүдээс томоохон нь Тавантолгойн дэд бүтцийн багц төсөл юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-ийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалж, босгосон хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэн уул уурхайгаас бу­сад салбараа дэмжих бодлого УУХҮЯ-наас барьж байгаа. Бирж дээр хөрөнгө босгохын тулд Тавантолгой төслийн үнэ цэн өндөр байх ёстой. 

Одоо Гашуунсухайт боом­т   чиглэсэн ганц авто замаар олон машин зөрөлдөж чадахгүй нөхцөл байдалтай байна.  Тавантолгой ордын сайн чанарын коксжих нүүрсний экспортын олон гарцыг нээж эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого, ашигт ажиллагаа сайжирна. Төсвийн хөрөнгө оруулалт таналттай энэ цаг үед  Тавантолгойн дэд бүтцийн багц төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарсан. Экспортын шинэ гарцуудыг нээх зорилгоор юуны түрүүнд Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО-ны Баяннуур аймаг,  Цагаандэл-  Уул боомтоор Альшан аймаг, Ханги боомтоор Бугат хоттой тус тус холбогдох чиг­лэ­лийн авто замуудыг Тавантолгой ордоос барих юм. Үндэсний хөгжлийн газар төр-хувийн хэвшлийн түнш­лэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Концессыг хэрэгжүүлж байгаагийн хувьд дээрх төслүү­дэд шалгаруулалтыг зарлаж, явуулсан. 

Хоёр төсөлд гэрээ байгуулах, нэгэнтэй нь яриа хэлэлцээр хийх чиглэлийг 2018 оны аравдугаар сард Засгийн газраас өгсөн. Тавантолгой-Цагаандэл Уул чиглэлийн 270 км авто замыг барих төслийн гэрээ хийгдэж бэлтгэл ажилдаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хос авто замын тухайд, гадаадын хөрөнгө оруулагч тал санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүх асуудлаа шийдээд, 1 тэрбум төгрөгийн дэнчин тавьж гэрээгээ хийх л асуудал үлдсэн. Ойрын хугацаанд гэрээ хийгдэнэ. Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж гэрээ хийхээр ажиллаж байна. Энэ төсөлд Хятадын томоохон хөрөнгө оруулагч орж ирсэн. Тиймээс Тавантолгойн багц төслийн гурван авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг гуравдугаар сард эхлүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр зохицуулах чиглэл Үндэсний хөгжлийн газарт ирээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл анхлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн учир үлдэгдэл санхүүжилтийг мөн адил   шийдээд явахаас өөр аргагүй. Гэтэл ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтыг танасан байгаа. Тэгэхээр Тавантолгой дээр хөрөнгө мөнгө босгож байж төмөр замын ажлыг дуусгах юм уу, хэрхэх талаар салбар яамдууд хоорондоо хэлэлцэж байгаа байх. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр, тогтоол гарсан. Тогтоолын дагуу 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” эзэмшиж байгаа, 49%-д нь хөрөнгө   босгох зарчимтай. Хөрөнгө оруулах тал дээр “Монголын төмөр зам” компани ажиллах ёстой. Хөрөнгө оруулагч талтай түншлэл болсны дараагаар Үндэсний хөгжлийн газар Концессын  гэрээний хэлэлцээрт орно. Одоогийн байдлаар түншлэл болох талтай яриа хэлэлцээр, тохиролцоо зэрэг цаг хугацаа шаардсан ажлууд хийгдэж буй гэж ойлгож байна. Энэ төсөлд өмнө нь хийгдсэн ажил болох трассын асуудал бас бий. Урьд нь Тавантолгой-Сайншанд чиглэлд төмөр замын трасс яригдаж байсан бол одоо Зүүнбаян чиглэл  болж өөрчлөгдсөн.

Хөтөлбөрт багтсан төслүүдээс Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг шинэ хөрөнгө оруулагч худалдан авлаа. Эртний өв соёлтой хамааралтай гэсэн шалтгаанаар уг төслийг хэрэгжүүлэхийг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг Та хэрхэн харж байна вэ?
Гацууртын   ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өмнөх засгийн үед УУХҮ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг Үндэсний хөгжлийн газар хариуцаж байгаа учир энэ Ажлын хэсэгт би ажилласан. Канадын “Сентерра Гоулд” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар яригдаж, талууд тохиролцож чадахгүй явсаар засаг солигдон дараа  нь хувьцаа эзэмшигчид ч өөрчлөгдлөө. Тэгэхээр Засгийн газар болон УУХҮЯ-наас Гацуурт төслийг хэрэгжүүлэх талаар бодлого, чиглэл, тодорхой төлөвлөгөө гарсны дараа Үндэсний хөгжлийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний  хэлэлцээрт орно. Хувьцаа эзэмшигч нь солигдсон асуудлын тухайд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж харсан үүднээс л хөрөнгө оруулахаар орж ирсэн байх.

Тэгвэл Цагаансуваргын төсөлтэй холбоотой зарим улстөрч мэдэгдэл хийж төрд авах асуудлыг хөндөж байна. Энэ нь төслийн хэрэгжилтэд нөлөөлөх эрсдэлтэй болов уу?
Нэгэнт хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд хэрэгжүүлж байгаа төсөл учир цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цагаансуваргатай адил төстэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зохион байгуулалт хэрэгтэй. Яг ингэж хэрэгжиж байгаа нэг төсөл бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр шүү дээ. Дэд бүтцийг нь барьж байгуулан ордыг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулахдаа улсад татвар төлж, орлоготой ашигтай, ажлын байр бий болгохоор төр-хувийн хэвшлийн түншлэлээр Концессын  гэрээ байгуулсан. Ийм хэлбэрээр томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж хардаг.

Улс төрийн тогтворгүй байдал, зарим талаараа төслүүд дэх төрийн оролцоо нь Монгол Улсад  хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр Үндэсний хөгжлийн газраас хэрхэн анхаарч, ямар ажлууд  хийж байна вэ?
Монгол Улсын эдийн засаг сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдэж, ДНБ-ий өсөлт 7-6%-д тогтсон энэ байдал цааш үргэлжлээд явбал их хэрэгтэй байгаа юм л даа. Гэвч улс төрийн өнөөгийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтын орчныг онц харагдуулахгүй байгаа нь үнэн.

Улс төрийн албан тушаалтнуудын энэ бужигнаанаас томоохон төслүүд хамаарахгүйгээр явах хэрэгтэй.  Энэ дунд гол асуудал нь төрийн албаны тогтвортой байдал юм. Улс төрийн намууд бужигнаж, засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд үргэлжлүүлэн хэрэгжээд явна. Улс төрийн албан тушаалтан болоод төрийн алба гэсэн зааг бий. Энэ заагийг маш сайн ялгаж өгөх Төрийн албан хаагчийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ хуулиа чанд сахиж ажиллах хэрэгтэй юм. Жишээ нь, 2020 онд УИХ-ын сонгуулийн дараа засаг өөрчлөгдсөн ч төрийн албаны том аппарат нь хэвийн ажиллаад явж байх ёстой. Нэгэнтээ бодлого нь байгаа учир тэр дагуу ажил явагдах учиртай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч төр засгийн өөрчлөлт, хөдөлгөөн байдаг л асуудал. Монголд улс төрийн бужигнааныг дагаад төрийн албан хаагчид халагдаж солигддог тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг бухимдуулдаг.

Үндэсний хөгжлийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орчныг тогтвортой болгох тал дээр сүүлийн хоёр жил тодорхой хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” (Investment policy statement)  баримт бичгийг боловсруулж байна. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар батлуулна. Гадаадын хөрөнгө оруулалтын богино, дунд болон урт хугацааны бодлого, хийх өөрчлөлт, аль салбарт хөрөнгө оруулалт татах стратеги зэргийг олон улсад нээлттэй зарлах юм. Аль ч төр засгийн үед энэхүү бодлогын дагуу ажиллана гэдгээ тодорхойлж буй хэрэг. Оны эхний хагаст багтаан “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл”-ийг зарлах төлөвлөгөөтэй. Энэ ажлыг Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран хийж байна. Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 1-2 удаа томоохон өөрчлөлт орж, үүний уршгаар гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, буурсан үе бий. Өнөөдөр ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд ямар бодлого барих нь ойлгомжгүй байгаа учир бодлогын мэдэгдэл маягаар олон улсад зарлах нь чухал. Бодлогын мэдэгдэл гаргахын тулд Монгол одоо хаана, ямар нөхцөл байдалтай  байгаагаа мэдэх, тодорхойлох хэрэгтэй. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банктай хамтран ажиллаж судалгаа хийсэн. Энэхүү судалгааны тайланд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйг сайжруулахад шаардлагатай, шинэчлэл хийх зүйлүүдийг тодорхойлсон. Судалгаанаас үүдээд “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” гаргахаар болсон юм. 

Бас нэг томоохон ажил бол “Хөрөнгө оруулагчдын гомдол барагдуулах механизм” гэсэн онлайн систем байгуулж байна. Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдэхгүй Арбитрын шүүх дээр очих, улс орны нэр хүндийг унагах асуудал гарч байсан. Тэгэхээр жижиг гэлтгүй асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэх механизмыг бий болгох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгож, хөрөнгө оруулагчийн санал гомдлыг онлайнаар хүлээн авч, 2-3 оператор цаг тухайд нь хариуцсан яамдууд руу хуваарилна. Шийдэгдэхгүй бол араас нь нэхэж шаардана. Том асуудал үүсэхээр шинжтэй бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Ажлын алба буюу Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ. 

Ажлын алба гомдолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын болоод олон улсын гэрээ, дотоодын хууль журмыг зөрчсөн эсэхийг нягтална. Энэ дагуу тухайн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Ажлын алба нь холбогдох хууль бус шийдвэрийг гаргасан төрийн байгууллагад гаргасан шийдвэрээ өөрчлөх арга хэмжээ авах талаар Зөвлөмж хүргүүлнэ. Хэрэв Ажлын албаны Зөвлөмжийг заасан хугацаанд хэрэгжүүлээгүй бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, цаашлаад Засгийн газарт өргөн барьж, хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулж ажиллах механизм, тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулагч Монголд ирээд компани байгуулах, төсөл хэрэгжүүлье гэхээр хаана очиж, хэнтэй уулзахаа мэддэггүй. Ойлгомжгүй байдал, хэл нэвтрэлцэхгүй, төрийн    албаны хүнд суртал зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Нэг үгээр, манай төрийн үйлчилгээ тааруу. Герман, Лондон, Токио,  Хөх хотод удаа дараагийн форум зохион байгуулж байхад, гадаадын хөрөнгө оруулагч­дад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байгуулах санал хүсэлтүүд хөрөнгө оруулагчдаас ирж байсан. Нэг цэгийн үйлчилгээ байгуулах үүрэг чиглэлийг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Энэ дагуу нэг жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд төсөв өгөөгүй. Тиймээс Үндэсний хөгжлийн газар  төсөв, хөрөнгө босгох шаардлагатай болж, донор байгууллагуудтай уулзсан. Тэдгээрээс Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээг туршилтаар нэгдүгээр сарын 2-ноос эхлүүлж үйл ажиллагааг нь тогтворжуулж байна. Энэ сарын 24-нд албан ёсоор нээлтээ хийнэ.  Хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар гэсэн төрийн агентлагуудаас гадна Үндэсний хөгжлийн газар  Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг асуудал хариуцаж ажиллах юм.

Хөрөнгө оруулалт татах, дэмжих, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсэн улс орнуудын туршлагаас сонирхуулахгүй юу?
Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр дэлхийд хамгийн шилдэг нь Өмнөд Солонгосын КОТРА хэмээх  гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага юм. Тус улс нь 1998 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж улсын төсвийн хөрөнгө оруулалт   танагдан, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байсан. Энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэн КОТРА байгуулагдсан түүхтэй. Уг байгууллага нь тогтвортой ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтуудыг улсдаа татаж чадсан юм. Монголын төлөөлөгчид туршлага судлахаар КОТРА-ийн үйл ажиллагаатай танилцаж байсан. КОТРА нь их нүсэр бүтэц, зохион байгуулалттай юм билээ.

Ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг таван агентлагийн төлөөлөгчид багтаж, тус улсын хөрөнгө оруулагчийн нэг цэгийн үйлчилгээтэй танилцаж, туршлага судалсан. Үйлчилгээний цомхон зохион байгуулалт нь манай улсад их тохирч байсан л даа. Япон руу өргөн бүрэлдэхүүнтэй явсан учир нь Монгол одоогоор тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ганц улс. Энэ хүрээнд Японы өндөр технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэгчдийг холбох бодлогоор Монголд хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байгуулж буйгаа мөн Токиод зарласан юм.

Японы хувьд өндөр технологи, хөрөнгө оруулах боломж байна. Монголд эрдэс баялаг, түүхий эд нь бий. Энэ дунд Орос, Хятадаас гадна Индонези, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлүүд нь байна. 

Ийм давуу талууд байгаа учир Үндэсний хөгжлийн газар, Японы жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтран ажиллахаар болсон бөгөөд хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэгчдийг холбох бизнес форумыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын талаас бэлтгэл ажлууд нэлээд бий. Эхний ээлжинд, дотоодын компаниуд Японоос шаардлагатай хөрөнгө оруулалт татах, өндөр технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ мэргэшүүлэх гээд хэрэгцээт  мэдээллээ маш тодорхой болгох хэрэгтэй. Компаниудын урьдчилсан мэдээллийг Японы тал руу илгээж, тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Монголд ирүүлэхээр зорьж байгаа. Японы    48 муж бүр өөр өөрийн үйлдвэрлэлийн онцлогтой. 

Тэдгээр үйлдвэрлэлд  тохирсон технологийн их, дээд сургуулиуд нь боловсон хүчнийг бэлтгэж байдаг. Аж үйлдвэрлэлийн энэ бүх уялдаа холбоо, арга хэлбэрээс монголчуудад суралцах зүйл их.

Монголд үйлдвэрлэл эрхлэгчид цөөнгүй ч мэдээлэл, судалгаа хомс байдаг?
Үндэсний хөгжлийн газар Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн системийг хийж байна. Монгол Улсад ойролцоогоор 6000 гаруй үйлдвэр байна. Үүнийг 21 аймаг, 9 дүүргээр бүртгэх ажлыг 2018 оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Хаанаа ямар үйлдвэрлэл явагдаж байгаа, тухайн бүтээгдэхүүн нь олон улсын стандарт шаардлагыг хангаж байна уу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ямар зах зээлд гаргахаар зорьж буйг тодорхой болгох ажил юм. Ингэснээр Аж үйлдвэрийн нэгдсэн систем нь гадаад хөрөнгө оруулагчдыг тодорхой мэдээллээр хангах, хоорондоо холбоо тогтоох, хамтын ажиллагаа үүсэх бас нэг боломж бүрдэнэ.

Танд баярлалаа. 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 16 цаг 15 минутын өмнө
    Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
  • 17 цаг 16 минутын өмнө
    Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.
  • 17 цаг 23 минутын өмнө
    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
  • 17 цаг 23 минутын өмнө
    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
  • 19 цаг 29 минутын өмнө
    Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар Монгол улс даяар хүчтэй яригдаж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орон нутагтаа байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж буйа тухай мэдээлэл яг энэ үед иргэдийн анхаарлыг маш ихээр татна. Түүний хэлснээр 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн тоо энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар 60 болж, 40%-иар буурсан. Мөн 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал шинээр ирснийг буцааж, татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Ингээд 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 135 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бий.