Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй

2019-02-13 10:20

Э.Оджаргал 

Асгатын ордыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компа­нийн мэдэлд шилжүүлэх тухай Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. Цагаан сарын өмнө ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өгчээ. Тэрээр “Асгатын холимог буюу полиметалын ордыг “Монголросцветмет” нэгдлээс “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл УУХҮЯ, АМГТГ-т өгсөн. Ингэснээр Асгатын ордыг “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа эзэмшигч 3 сая иргэний өмчид шилжүүлж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учир одоогийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хөрөнгө гарган хайгуул хийсэн эрсдэл байхгүй"  хэмээн  тодотгов. Хэрэв нэг сарын хугацаанд ашиглалтын бэлтгэх тодорхой ажил  хийгдээгүй бол “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудад хариуцлага тооцохоо ч сануулсан.

БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд 1973 онд байгуулсан  хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид хоёр улсын хил орчим Монголын нутгийн 100 км гүнд геологийн судалгаа явуулснаар Хөвсгөлд фосфор, Дорнодод алт, Баян-Өлгийд мөнгөний ордыг нээн илрүүлсний нэг нь Асгат юм. Монгол Улсын баруун хойд хэсэгт ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс болоод Туватай хиллэх зааг дээр орших Асгатын орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос 170, Ногооннуур сумаас 70, Цагааннуурын дамжлага баазаас 110 км зайд байршилтай. 

Эл орд нь хоёр улсын хил дамнан цааш үргэлжилж, Оросын 3-4 ордтой геологийн тогтцын нэг судалд хамаардаг. Оросууд тэдгээр ордыг дангаар нь  ашиглахад эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг. Тиймээс Монголын талтай нэгдмэл байдлаар Асгатыг түшиглэн өөрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол бий. Анх зөвхөн Оросын талаас Асгатын ордод очих боломжтой байсан тул тухайн үед Монголын талаас зам тавьсан түүхтэй. Энэхүү зам нь зөвхөн геологийн ангийн суурин хүрэх бөгөөд одоо ч зайлшгүй Оросын хилээр гарч байж   ордод хүрнэ. Хэрэв Оросын хилээр орохгүй гэвэл геологийн ангийн суурингаас уурхай хүртэл бүхэл бүтэн уулыг сэтэлж, туннель ухах шаардлагатай болно. Тэгэхээр хоёр улсын хил дээр орших Асгатын ордыг ашиглахад хүссэн хүсээгүй Оросын талтай ярилцах, энэ улстай хамтрахаас өөр сонголтгүй юм.
 
“Монголросцветмет” нэгдлийн мэдэлд 1993 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлснээс хойш Асгатын ордыг ашиглахаар “Асгат мөнгө” компани, дараа  нь ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улстай “МС Асгат” компанийг тус тус байгуулсан удаатай. Хамгийн сүүлд 2006 онд Оросын “Полиметал” компани ордыг сонирхсон хөрөнгө оруулагчаар тодорч байв. Хамтарсан “Асгат Полиметал” компанийг байгуулах санамж бичгийг Москва хотноо 2006 оны арванхоёрдугаар сард үзэглэсэн. Үүнээс нэг сарын дараа УИХ-аас Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг батлахдаа Асгатын ордыг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад  суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.В.Азизов “Жагсаалтын 15-д Асгатын орд дугаарлагдсан санагдаж байна. Оросын талын ойлгож буйгаар, хувийн хөрөнгө оруулалтаар ордын хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бол төслийн 34%-ийг Монголын төр, 66%-ийг компани эзэмшинэ. Хэрэв төрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн бол төслийн 51%-ийг Монголын төр мэдэлдээ авна. Энэ хууль дүрмийн дагуу Асгатын ордыг ашиглахад Оросын тал бэлэн байсан. Харамсалтай нь хоёр улсын хамтарсан компанийг бодитоор байгуулж чадаагүй. Гэхдээ Асгатын ордыг ашиглалтад оруулах талаар бодит бололцоотой бүхий л саналыг холбогдох нөхцөл хангагдвал авч үзэхэд Оросын тал бэлэн” хэмээн 2018 онд MMJ-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Эндээс Асгатын орд дахь оросуудын сонирхол одоо ч хэвээр гэдэг нь төвөггүй ойлгогдоно.

“Запсибгеология” хүрээлэнгийн Курайгийн экспедицийн геологичид Асгатын ордыг нээн илрүүлэхдээ хүдрийн I-V бүсийг тогтоон 1976 онд судалгаагаа эхлүүлж байжээ. Тэр үеэс хойш Монголын геологичид геологийн ерөнхий эрлийн үе шатны ажлыг хийж, зарим хүдрийн бүсүүдэд урьдчилсан үнэлгээ өгч, шинэ хүдрийн бүсүүдийг нэмж илрүүлжээ.  1987-1991 онд ордын урьдчилсан хайгуулыг Асгатын Геологийн нэгдүгээр анги Зөвлөлтийн геологийн экспедицитэй хамтран уулын ил ба далд гадаргууд өрөмдлөг, төрөл бүрийн дээжлэлт зэргийг хийсэн байна. Ингэхдээ ордын 25 км хавтгай дөрвөлжин талбайд тархсан хүдрийн 15 бүсийн мөнгө, зэс, сурьма, висмут агуулсан судалд судалгаа хийсний үр дүнгээр ордын нөөцийг доорх байдлаар тооцсон байдаг.



Үндсэн ашигт малтмалаас гадна дагалдах 490 тонн хар тугалга, 2092 тонн цайр, 4229 тонн мышьяк, 356 кг алт болоод 8.9 тонн кадмийн нөөц бий. Холимог металын орд тул хүдэрт агуулагдах мышьяк, сурьма зэрэг хортой хольц зөвшөөрөгдөх хэмжээнээс их. Тиймээс Асгатын ордыг өнөөг хүртэл ашиглахгүй байгаа гол хүндрэл нь баяжмалаас металуудыг ялгаж авах  технологийг сонгож чадаагүйтэй холбоотой. 

”Хортой бодис агуулсан баяжмалыг худалдахад хэцүү. Өндөр торгууль тавьдаг. Тиймээс баяжуулалтын технологийн асуудлыг нэн түрүүнд шийдэх ёстой. Технологийн янз бүрийн судалгаа хийгдсэн байдаг. Гэхдээ үүнийг эцсийн байдлаар хараахан шийдээгүй байгаа. Энэ чухал асуудлыг   шийдэхийн тулд барууны технологийг ашиглах хэрэгтэй. Австралийн нэгэн компанийн технологийн судалгаа хийх боломжтой гэсэн дүгнэлт бий. Гол нь үнэ өртгийг тооцох ёстой. Технологийн судалгаа хийхийн тулд хүдрийн дээж авах хэрэгтэй. Үүний тулд Асгатын орд дээр малтсан штольнуудыг нээж дахин малтлага хийнэ гэсэн үг” хэмээн  Монгол Улсын зөвлөх геологич, доктор (Ph.D, LLM, MBus)  Д.Бат-Эрдэнэ тайлбарлаж байна. Асгатын ордод мөнгө, зэсийн холимог хүдрийг боловсруулах технологийн гол туршилтыг Оросын байгууллагууд өмнө нь хийсэн бөгөөд уурхайн хам баяжмалыг тээвэрлэлтийн зай, үнэ өртгөөс хамааран Оросын төмөрлөгийн үйлдвэрүүдээс өөр худалдан авагч үгүй гэдгийг ч тэрээр хэлж байлаа.  

Ордыг 1990 оноос ашиглалтад оруулахаар бэлтгэж эхлэх үед “Монгол­росцветмет” нэгдлийн хөрөнгөөр Геологийн төв лаборатори, Оросын институттэй хамтран АНУ-ын “Dawson”, Оросын “Гинцветмет”, Уралын “Мария трейд”, Новокузнецкийн “Запсибгеолсьемка” хүрээлэнд ордын хүдрийн  I-V бүсийн дээжүүдэд технологийн туршилт хийжээ. Туршилтын үр дүн шингэн шил, керосин, ксантогенат, хушны тос зэрэг бодис хэрэглэн флотацийн аргаар баяжуулан хам баяжмал гаргаж авах нь илүү дүнтэй, хялбар болохыг тогтоосон байна. u

Асгатын ордыг ашиглах тохиолдолд далд уурхайн аргаар жилдээ 50-70 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэр байгуулах боломжтой гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд хэлдэг. Баяжуулах үйлдвэр байгуулах байршлыг зөв тогтоох, хам баяжмал дахь хорт бодисоос мөнгийг салгаж авах, үйлдвэрээс гарах хаягдлыг хэрхэн цуглуулах гээд экологи талаасаа анхаарах асуудал чамгүй. Ордоос хамгийн ойр суурин Ногооннуур суманд Асгатын баяжмалыг боловсруулах тухай ч яригддаг. Энэ нь тус суманд метал баяжуулах Хятадын үйлдвэр байдгаас үүджээ. Одоогоор энэ үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй аж. Аль ч тохиолдолд Монголын онгон дагшин байгалийн бүсэд орших Асгатын орд газарт экологид хор нөлөөгүй маш өндөр технологийг ашиглах ёстой. Оросуудын хувьд ч өөрцгүй Уулын Алтай нь ЮНЕСКО-гийн байгалийн үнэт өвд багтсан дархан цаазат нутаг. Тиймээс байгаль экологийн асуудал ч хурцаар хөндөгдөж, эсэргүүцэлтэй тулгарахыг үгүйсгэхгүй. Байгаль экологид хор нөлөөгүй  өндөр технологи хөгжсөн гуравдагч орны хөрөнгө оруулагчтай хамтрахад хүрвэл оросууд хил дээрээ саад тавьж чадна. Өөр хамтрагчийг сонгох тохиолдолд хойд хөрштэй наймаалцаж таарна.



Геологийн ангийн суурин хүртэл 7.3 км зам, 72.8 метр урттай бетонон гүүрийг 2013 онд ашиглалтад орсны дараа тухайн үеийн УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт айлчлахдаа “Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Цаашдаа энд цахилгаан, эрчим хүчинд холбох, Баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг ОХУ-ын Засгийн газарт хандан,  богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. 

Ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах бодит ажил заавал хийгдэх ёстой” хэмээн Оросын талтай хамтрах асуудлыг хөндөж байсан юм. Түүнээс хойш Асгатын ордын асуудал хэсэгтээ намжиж одоо төрийн мэдэлд 100% авахаар дахин сөхөгдөж байна.  

Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг утгаараа төрийн мэдэлд байх нь зүй. Хуулиараа стратегийн ордод төр 51%-ийг эзэмших ёстой. Тусгай зөвшөөрлийг 25 жил эзэмшиж буй “Монголросцветмет” нэгдлийн 51%-ийн Монголын төрийн мэдэлд Асгатын орд  байсаар ирсэн. Төр 100% мэдэлдээ авч, “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн ч эл ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй нь өнгөрсөн он жилүүдийн оролдлого, тэр бүхэнд тулгарсан асуудлуудаас тодорхой харагдаж байна. 

Газар зүйн байршил, геологийн тогтоцын хувьд хүндрэлтэй томоохон ордыг олборлож байсан туршлага одоогоор Монгол Улсад байхгүй. Тэгэхээр ОХУ-тай хилийн асуудлаа шийдэх, боловсруулах үйлдвэр барих газраа тогтоох, эрчим хүчний хангамж, хөрөнгө оруулалт, зах зээл, экологийн асуудлаа маш сайн нарийвчлан судалж, ТЭЗҮ боловсруулсны дараа Асгатын ордыг ашиглах асуудлыг шийдэх нь илүү оновчтой байх болов уу. Гагцхүү хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд Монголын төр баталгаа болох учиртай. Манайхан, өнөөдөр хийлээ гэсэн ч маргааш нь болилоо гэх “хөлбөрөмтгий” зантай. Ийм тохиолдолд Асгатын ордын төсөлд аль ч улсын хөрөнгө оруулагч хамтрахгүй.

 Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 унц мөнгөний ханш 15 ам.доллар байна. Тухайн ханшид тулгуурлан Асгатын ордын зөвхөн мөнгөний нөөцийг тоймлон тооцож үзвэл хамгийн ихдээ 3-4 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллахаар байгаа юм. Үүнээс тал хувь нь уурхайн зардалд зарцуулагдана. Баяжмалаас мөнгийг салгах технологийн өртөг нэмэгдэнэ. Далайн түвшнээс дээш 2300-3200 км өргөгдсөн уулын оройд оршдог эл орд хан­гам­жийн төвүүдээс алс хол учир ашиг­лахад зардал бүр ч өндөр тусна. 

Тэгэхээр зах зээлийн талаас авч үзвэл, 2011 онд хамгийн дээд буюу 49 ам.долларт хүрч байсан мөнгөний ханш өнөөдөр 15 ам.доллар болтлоо буурсан одоогийн цаг үед Асгатын ордыг ашиглах нь төдийлөн тохиромжтой биш гэдгийг илтгэж байна. Гэхдээ яваандаа мөнгө үнэд орох цаг айсуй гэсэн таамаглалыг олон улсын зах зээлийн шинжээчид дэвшүүлж буй. Ашиглах цаг хугацааг зөв тооцоолж чадах юм бол зах зээл дэх ханшийн таатай үе ирэхэд Асгатын ордын үнэ цэн  илүүтэй өснө. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 21 минутын өмнө
    Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
  • 16 цаг 3 минутын өмнө
    "Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.
  • 16 цаг 37 минутын өмнө
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ (2019.12.11).
  • Уржигдар 12 цаг 32 минутад
    Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.   “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан.
  • 2019-12-10 17:44
    ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас  “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал ба уул уурхай” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэхүү семинарыг Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран явуулсан юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, ашигт малтмал баяжуулалтын технологийн магистр, докторын сургултын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нийгэм, байгаль орчин, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг гадаадын ижил төстэй сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах, салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх, цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх, олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.