“Эрдэнэс Тавантолгой-Инноваци” зөвлөгөөн боллоо

2019-02-12 14:43
“Эрдэнэс Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьсан юм. “Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон. Хөгжлийн дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үгэндээ онцолсон. Тэрээр "Норвегийн тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай” гэлээ. 

Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл зөвлөгөө, судалгааг компанийн үйл ажиллагаанд нутагшуулахаар төлөвлөж буйг хурал зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. 

Эрдэмтэд зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах /шатдаг хий, моторын түлш, био түлш, утаагүй түлш/ эко болон ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр байгалийн баялгаа зөвөөр ашиглаж, баялгийн сан байгуулж, ард иргэддээ тэгш хуваарилсан амжилттай туршлагуудыг судлан ногдол ашиг олгох ажлаа эрчимжүүлэх, Гашуунсухайтын төмөр замыг дуусгах, тус чиглэлийн авто зэрэгцээ зам барих ажлыг эхлүүлэх зэрэг олон асуудлаар оролцогчид санал бодлоо солилцсон.  Компани дээрх төслүүдийг олон улсын зах зээлээс IPO босгон санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааны ажил чухал дэмжлэг болохыг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд тодотгов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар Техникийн ухааны доктор, зөвлөх инженер Г.Ёндонгомбо мэдээлэл хийлээ.  Тэрээр, Өмнөд говийн бүсийн цахилгаан хангамжийн асуудал хурцаар тавигдаж буйг дурдаад 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж байгуулахад  3-5 жилийн хугацаа шаардлагатай гэсэн юм. Нүүрсний давхаргын метан ашиглах цахилгаан станц байгуулж, уур хийн цахилгаан станцыг эхний ээлжинд 800 МВт (экспортын зориулалтаар) байхаар тооцоолж байгаагаа мөн танилцуулсан. 

Түүнчлэн Өмнийн говийн ус хангамжийн асуудлаар “Усны үндэсний төв” төрийн бус байгууллагын дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг илтгэл тавьж, асуултад хариуллаа. “Орхон говь” төслийн хувьд ОХУ-ын талтай тодорхой асуудлаар харилцан ярилцах шаардлагатай байгааг тэрээр онцлоод  Дэлхийн банкны төслөөр бүс нутгийн байгаль орчны үнэлгээг хийсний дараа ТЭЗҮ, БОННҮ-г хийх ёстой, үүний дараа ТЭЗҮ-ийг баталгаажуулж, уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргах гээд олон шат дараалалтай ажлууд хүлээгдэж буйг ч анхааруулсан юм. Харин “Хэрлэн говь” төсөл нь эхний ээлжинд Байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж, мөн төр засгаас хэрэгжүүлэх шийдвэр гарахын чухлыг Ш.Ганзориг зөвлөх инженер ярилаа. Өөрөөр хэлбэл, гадаргын усны нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх төслүүдийг зөв голдиролоор явуулахын тулд эхлээд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагын дагуу ТЭЗҮ-үүдийг боловсруулах нь хамгийн чухал болоод байгаа юм.    
   
Зөвлөгөөний үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн амжилтуудыг дурдсан мэдээллүүдийг холбогдох албаны хүмүүс өглөө. Тус компанийн уурхайчид 2011-2016 онд 20 сая тонн нүүрс олборлож байсан бол өдгөө үүнээс гурав дахин бага хугацаанд  буюу сүүлийн хоёр жилд 20 сая тонн нүүрс олборлосон түүхэн амжилт үзүүлсэн юм. Дэд бүтцийн чиглэлээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн амнаас “Ухаа худаг-Гашуунсухайтын боомт” чиглэлийн төмөр замын трассын ПК+970 огтлолцон “Ухаа худаг-Гашуунсухайтын боомт” чиглэлийн хатуу хучилттай авто замтай нийлэх 8.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс компанийн хотхон, “Баруун наран-Ухаа худаг” чиглэлийн хатуу хучилттай зам хүртэлх 14.2 км хатуу хучилттай замыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулна гэж компанийн ажилтнууд тодотгов.

Тавантолгой-Ханги Мандал хүртэлх 280 км авто замын бүтээн байгуулалтыг 2019 онд эхлүүлж, 1.8 жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, ТЭЗҮ-ийн хүрээнд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 30 хүртэл сая тоннын хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх, 2022 оноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох зорилтыг дэвшүүлжээ.  

Г.Идэр
    
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 23 минутын өмнө
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 16 цаг 37 минутын өмнө
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
  • 2019-07-08 12:27
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
  • 2019-07-05 14:19
    Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.