Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто: 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн

Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох "Рио Тинто" 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна. Олборлолтын тухайд мөн 2%-иар өсч 337.8 сая тоннд хүрчээ.  Энэ нь компанийн төлөвлөсөн зорилтыг хангаж байгаа юм. Ийнхүү нийлүүлэлт өссөн нь Австралийн Пилбара дахь зарим уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлснээс гадна байгалийн гамшгаас үүдсэн уурхайн зогсолт харьцангуй цөөн байсантай холбоотой ажээ.

"Рио Тинто" компанийн хувьд дийлэнх орлогоо төмрийн хүдрээс бүрдүүлдэг учир энэхүү мэдээлэл нь компанийн үйл ажиллагаа тун урагштай явааг илтгэж байна. Энэ онд Рио Тинто 338-350 сая тонн хүдэр экспортлохоор зорилт тавьснаа мөн мэдэгдлээ. Уг тооцоололд өнгөрсөн долоо хоногт төмрийн хүдрийн Cape Lambert боомтод гарсан галаас үүдэлтэй нөлөөллийг оруулж төлөвлөснийг мөн тэмдэглэжээ.

Төмрийн хүдрийн гол хэрэглэгч болох Хятад улсын хувьд агуулга сайтай төмрийн хүдрийн эрэлт ихээхэн өндөр байх болно гэсэн төлөвт "Рио Тинто" итгэлтэй хэвээр байгаа юм. Ийнхүү төмрийн хүдрийн олборлолт өнгөрсөн онд бага зэрэг нэмэгдсэн дүнтэй байсан бол зэсийнх бүр ч илүү өсөлттэй гарчээ.

Тус компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 33%-иар нэмэгдэж 633.5 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь тус компанийн төлөвлөж байсан 510-610 мянган тонн зэс үйлдвэрлэлийн тооцооллоос давсан үзүүлэлт боллоо. Ийнхүү нэмэгдэхэд АНУ-ын Юта муж дахь Кэннэкоттийн уурхай болон Чилийн Эскондида уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Рио Тинто энэ онд 550-600 мянган тонн зэс олборлох бол 220-250 мянган тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.

"Рио Тинто"-ийн зэс үйлдвэрлэл /мян.тн/

 

Олборлосон зэс

2018 оны 4-р улирал

(Өсөлт/бууралт %-иар, 2017 оны 4-р улиралтай харьцуулахад)

2018 оны хэмжээнд

(Өсөлт/бууралт %-иар, 2017 оныхтой харьцуулахад)

Кэннэкотт уурхай

58.3 (+67%)

203.9 (+37%)

Эскондида уурхай

79.7 (-14%)

350.4 (+29%)

Грасбэрг уурхай

25.9 (+353%)

25.9 (+353%)

Оюутолгой уурхай*

13.9 (-8%)

53.3 (+1%)

Цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэл

 

 

Кэннэкотт

64.6 (+193%)

194.7 (+55%)

Эскондида

21.6 (-6%)

80.0 (+12%)

*Уурхайн нийт үйлдвэрлэл биш бөгөөд "Рио Тинто"-ийн Оюутолгойд эзэмшдэг дүнгээр тооцож үйлдвэрлэлийн дүнг харуулсан дүн болно. "Рио Тинто" нь Оюутолгойд 33.52%-ийг шууд бусаар эзэмшдэг болно.

Эх сурвалж: Рио Тинто

 

Оюутолгой уурхайн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 2017 оныхтой харьцуулахад 1%-иар нэмэгдсэн байна. Хэдийгээр өнгөрсөн онд метал авалтын хувь нэмэгдсэн ч хатуулаг өндөртэй хүдэр таарч баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн хэмжээ буурчээ. Мөн Засгийн газар болон "Оюутолгой" компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд оны сүүлд үзэглэж, Тавантолгойн бүсэд 300 МВт-ын станц байгуулж, 2023 оны дундуур ашиглалтад оруулахаар тогтсоныг тайланд онцолжээ.

“Рио Тинто” компани өнгөрсөн онд Индонезийн Грасбэрг зэс, алтны уурхай болон өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний төслүүд болон бусад хөрөнгөө худалдсанаар 8.6 тэрбум ам.долларын /татварын өмнөх/ хөрөнгийн урсгалыг бүрдүүлж чаджээ. Энэ нь тус компанийн үр ашгаа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг нэмэгдүүлэх бодлоготой бүрэн нийцсэн алхам болж байна.

 

Б.Төгс