Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд усны асуудал тулгамдаж байна

2019-01-16 10:20


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оноос эхэлж хэрэгжих зорилттой “Хүнд аж үйлдвэрийн хөтөлбөр”-ийг Салбарын яамнаас боловсруулж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төслүүдэд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцжээ. Хөтөлбөрт багтсан Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил эхлээд байгаа юм. Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орсноор 2022-2025 онд энэ уурхайгаас жилд 1.8-2 сая тонн зэсийн баяжмал гаргах төлөвтэй. 

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулснаар Оюутолгойн зэсийн баяжмалыг цэвэршүүлэн  99,999%-ин сорьцтой зэс, алт, мөнгийг ялган авах боломж бүрдэнэ. Бүтээгдэхүүнийг металын биржээр дамжуулан арилжаалж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, явцын талаар Төслийн нэгжийн менежер Х.Владимирээс  MMJ-ийн Э.Оджаргал тодрууллаа. 

2018 оны хувьд төсөлд ямар ажлууд хийгдээд байна вэ?
2017 оны гуравдугаар сард “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газраас баталсан 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах төслийн нэгж УУХҮЯ-ны дэргэд байгуулагдан ажиллаж байна. Жилд 1 сая тонн хүртэлх зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний  тайлан, “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн хэлтэстэй хамтран  Монгол Улсын зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн хүчлийн зах зээлийн судалгааны тайлан тус тус боловсрууллаа. Түүнчлэн, байгаль орчны ерөнхий  үнэлгээг  гаргуулахаар  БОАЖЯ-д холбогдох материалыг хүргүүлээд байна. Барилга хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150  га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрт Өмнөговь аймгийн иргэдийн хурал, Ханбогд сумын иргэдийн хурлаас  зөвшөөрлүүдийг гаргаж  Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа.

Үйлдвэрийн дэд бүтцийн төлөвлөлт ямар шийдэлтэй байгаа бол?
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр замыг барьж дуусгахаар тусгасан. Оюутолгойн уурхайн ойролцоо Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулахаар тогтсон тул үйлдвэрийн салаа төмөр замыг ТТ-ГС чиглэлээс Оюутолгойн уурхай хүртэл барих салаа төмөр замаас татна. Зураг төслийн дагуу ТТ-ГС чиглэлийн 1435 мм царигтай төмөр замын 147-150 дугаар км-т аль ойр байгаа өртөө зөрлөгөөс салаалахад боломжтой гэсэн дүгнэлт гарсан. 

Тэгэхээр ТТ-ГС чиглэлийн  төмөр зам ашиглалтад орсноор Оюутолгой уурхайгаас холбогдох төмөр замын асуудал шийдэгдэх болно.

Оюутолгойн үйлдвэрийн эрчим хүчний асуудал яригдаж байгаа учир уурхайн ойролцоо байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн эрчим хүчний хангамжийг  уялдуулах уу?
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн эрчим хүчний эх үүсвэрийг дотоодын эрчим хүчний системээс хангах талаар Эрчим хүчний яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал боловсруулсан. Үйлдвэрлэлийн хэмжээ болон нэвтрүүлж буй технологиос хамааран 50-100МВт чадал шаардлагатай. Оюутолгой уурхайн гадна талбайгаас 8 км зайд төвийн эрчим хүчний системээс 220 кВ-ын хоёр хэлхээт шугамтай 125 МВт чадлын хоёр трансформаторт бүхий дэд станц улсын төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон. Одоогоор Хятадын 220 кВ-ын цахилгаан сүлжээтэй холбогдоогүй байна. Цаашдаа Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад ороход  энэ дэд станцын хүчин чадал нэмэгдэх юм. Хятадаас ирсэн 220 кВ-ын шугамаа Оюутолгойн уурхай,  баяжуулах үйлдвэр цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Эрчим хүчний яамнаас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай  хангах боломжтой тухай дүгнэлт ирүүлээд байгаа.

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх шаардлага байгаа вэ?
Одоо тулгамдаж байгаа асуудал усны хангамж юм. Өмнийн говьд шинээр барьж байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц, бусад төслийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх” төслийг хэрэгжүүлж болох эсэхэд шаардлагатай ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг холбогдох яамны сайд нарт даалгасан байдаг. Засгийн газрын зүгээс холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан боловч санхүү хөрөнгө, төсвөөс хамаарч хэрэгжилт удаашралтай байгаа юм. Үүнд анхаарч БОАЖЯ-тай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хамгийн гол нь говийн бүсэд хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслүүдийн гадаргын усан хангамжийн судалгааны зардал 2018, 2019 оны санхүүгийн төсөвт суугаагүй учраас биелэлтгүй байна л даа.

Төслийн хөрөнгө оруулалтын асуудал дээр тодорхой хийгдэж буй ажил юу байна?
Ханбогд суманд байгуулагдах үйлдвэрийг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулна. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах бэлтгэлийг хангаж байна. Үүнд, төслийн хөрөнгө оруулагчийг  шалгаруулах журмыг Сангийн яамтай хамтран боловсрууллаа. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт болон Хөрөнгө оруулалтын гэрээ /ХОГ/-ний төслүүдийг боловсруулах ажил хийгдэж байна. Хөрөнгө оруулагчтай байгуулах ХОГ-ний төслийг Хөрөнгө оруулалтын тухай хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх ёстой. Эдгээр бичиг баримт  бэлэн болсны дараа хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна.

2019 онд төслийн хэрэгжилтээр төлөвлөж буй ажил юу вэ?
Төслийн нэгжийн хувьд хамгийн чухал асуудал бол хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж  гэрээ байгуулах, холбогдох яам, тамгын газруудаас зөвшөөрлүүд авах, төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийлгэх, байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ болон  үйлдвэр барих ажлын иж бүрэн зураг төсөл, үйлдвэрийн ерөнхий  төлөвлөгөөг боловсруулан батлуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 47 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр даваа гаригийн байдлаар (2020.07.06) нэг тонн зэсийн ханш 6112 ам.долларт хүрч хаагдсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс хойших хамгийн өндөр дүн боллоо.  Зэсийн ханш ийнхүү өсч байгаа нь дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 25%-аас илүү хэсгийг бүрдүүлдэг Чили улсын уурхайчдын дунд шинэ коронавирусийн өвчлөл өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид тайлбарлалаа. Тухайлбал нийт 2433 уурхайчин уг өвчний халдвар авсан болохыг Чилийн зэс олборлолтын чиглэлээр ажилладаг төрийн өмчийн “Codelco” компани мэдээлсэн байна. Улмаар компанийн зэсийн томоохон төсөл болох El Teniente уурхайн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон ажээ. 
  • 12 цаг 42 минутын өмнө
    УИХ-ын Анхдугаар чуулганы (2020.07.07) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82% нь дэмжив.
  • 15 цаг 20 минутын өмнө
    Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.
  • Уржигдар 12 цаг 05 минутад
    2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ. Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ. 
  • Уржигдар 11 цаг 22 минутад
    Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг  ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ. Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж.