Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг багасгахыг зорьж байгаа

2018-12-18 16:24



The Mongolian Mining Journal /2018,010/

Олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар талууд тохиролцож, энэ оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шав тавьсан билээ. Үйлдвэртэй холбогдох дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалт, автозамын төслүүдийг  2019 оны аравдугаар сард багтаан хэрэгжүүлж  дуусахтай зэрэгцэн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэхээр төлөвлөж  байгаа.Үйлдвэрийг газрын тосны олборлолтын хэмжээтэй  нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөсөн билээ. Уг төслийг гардан удирдаж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ph.D Д.Алтанцэцэгтэй MMJ-ийн Г.Идэрхангай  ярилцлаа. 

Сүүлийн үеийн мэдээллээс харахад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажил нэлээд эрчимтэй явж байх шиг.  Төслийг удирдаж буй төрийн өмчит компанийн удирдлагын хувьд энэ талаарх мэдээллээс хуваалцана уу?
Үйлдвэрийн гадна талын дэд бүтцийг байгуулах асуудал маш чухал. Үйлдвэрээ барьж эхлэхэд техник, тоног төхөөрөмж, бараа материал, хүн хүчээ  тийшээ зөөх хэрэгтэй болно. Томоохон хэмжээний аж үйлдвэрийн цогцолборын барилга, байгууламжийн ажилд мэдээж  хүнд даацын тээвэрлэлтүүд явагдах учир хүнд даацын автозам бэлэн болсон байх ёстой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үйлдвэрийн нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэлийг  (ТЭЗҮ)  боловсруулах  ажил эхэлсний дараахан Энэтхэгийн Засгийн газар, зээл олгогч “Эксим” банк, компанийн төлөөллөөс бүрдсэн  нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж  яам, тамгын газар, мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийсэн.

Тэр үед нэн түрүүнд дэд бүтцийн ажлыг эхлүүлэх шаардлагатайг манай талд илэрхийлсэн юм. Үүнээс хойш төр засгийн зүгээс маш хурдтай ажиллаж, дэд бүтцийн ажлуудыг шуурхай эхлүүлэх, зохион байгуулах, санхүүжилтээ ямар эх үүсвэрээс хангах талаар Засгийн газраас  тогтоолууд гаргаж шийдвэрлэсэн. 

Нэгдүгээр сард дэд бүтцийн ажлуудын ТЭЗҮ боловсруулагдаж дуусаад зургаа­дугаар сарын 22-нд шав тавьснаар бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Түүнээс хойш 4 сарын дотор төмөр замын газар шорооны ажил 40%, авто зам 60%, цахилгаан дамжуулах агаарын шугам 90%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Монголчууд хурдан шуурхай ажиллабал  ямар хуга­цаанд юуг хийж чаддагаа харуулсан  гэж  боддог. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хурдтай ажиллаж, төслийн явц байдлын талаар байнга мэдээлэл авч, төсөл хэрэгжүүлэгчтэй нягт хамтран ажиллаж байгаа нь төслийн ажилд маш том дэмжлэг үзүүлж байгаа. Ер нь энэ төсөл дээр төр засгийн удирдлагууд нь нэгдсэн байр суурьтай, Ерөнхий сайд, салбарын сайд нь үйлдвэр байгуулах тал дээр сэтгэл шулуудан ажиллаж байгаа учир төслийг бүрэн хэрэгжүүлж, Монгол Улс боловсруулах үйлдвэртэй болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Бид нарийвчилсан ТЭЗҮ-ээ төлөвлө­гөөний дагуу 2018 оны гуравдугаар улиралдаа хүлээж авах байсан ч зарим шалтгаанаар хойшилж  дөрөвдүгээр улирал руу орж байна. Гэхдээ дараагийн шатны зураг төсөлтэй холбоотой ажлууд төлөвлөснөөр явах учиртай. Эдгээр ажил дуусгавар болоход  үйлдвэрийн талбай руу эхний материалуудаа зөөж эхэлнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд, нэн ялангуяа Батлан хамгаалах яам маш өндөр зохион байгуулалттайгаар үнэхээр сайн ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнийхэн ч мөн шаргуу байгааг онцолж хэлье.

Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн  хуралдаанаар есдүгээр сард  хэлэлцэ­хээр төлөвлөсөн ч  хойшилжээ. Хойшил­сон нь ямар шалтгаантай вэ?
Энэ зэргийн хойшлох, урагшлах асуудал   ийм том төслийн хувьд байх л зүйл. Газрын тосны үйлдвэр бол нарийн боовны цех байгуулахтай адилгүй.  Үйлдвэрийн  нарийвчилсан ТЭЗҮ-ийг хамгийн анх хүлээж авсан хугацаа 2018 оны хоёрдугаар сарын 19. Монголд хэрэгжих гэж байгаа  хамгийн чухал, энэ том төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг  “хавтастай зузаан материал ирлээ, одоо шууд хүлээгээд авчихъя” гэх эрх бидэнд  байхгүй. Нарийвчилсан  ТЭЗҮ-д Монголын хөрсөнд буухгүй,  зарим оновчлол, чамлууштай, дутуу дулимаг зүйлүүд байсан. Энэтхэгчүүдийн  хийсэн ажлыг муу гэж хэлж байгаа юм биш. “Инженерс Индиа Лимитед” бол инженерчлэлийн ихээхэн туршлагатай, Энэтхэгийн төрийн өмчит компани. Технологийн маш олон сонголт, янз бүрийн хувилбаруудыг  судалсан. Цаг хугацаа бага зэрэг алдсан нь судалгааны түвшин, ажлын шаардлагыг дээшлүүлэхийн төлөө хоёр тал ажилласантай холбоотой гэж хэлж болно. Нарийвчилсан ТЭЗҮ-ийг хувийн зүгээс одоо ч гэсэн 100% таалагдаж байгаа гэж хэлэхгүй ч судалгааны ажлыг аль болох сайжруулахын төлөө  өнөөг хүртэл ажилласны үр дүнд харьцангуй сайн, хүлээж авахуйц болсон.

Ингэж сайжруулахын тулд Италийн зөвлөх компанитай маш олон удаа  санал  солилцож, тайлбар авч, зарим тохиолдолд нэлээд халуун мэтгэлцээн өрнүүлж, тодорхой зарим  асуудлыг  улс төрийн түвшинд шийдүүлэх зэргээр явж ирлээ. Ялангуяа үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлын дүнг бид анх тооцоолсноор   хүлээж аваагүй. Хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлыг багасгахыг  зорьж байна. Энэ томоохон бүтээн байгуулалтын техник технологи, эдийн засаг, байгаль орчин гэсэн гол асуудлуудын хамгийн оновчтой уулзах цэгийг олох нь хамгийн гол сорилт юм. 

Д.Сумъяабазар сайд Энэтхэг улсад айлчлахдаа төслийн хөрөнгө оруулалтыг бууруулах талаар холбогдох албаны хүмүүстэй уулзсан байх аа?
Тийм ээ. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах талаар удаа дараа оролдлого хийсэн. Д.Сумъяабазар сайд энэ оны зургаадугаар сард Шинэ Делид биечлэн очиж Энэтхэгийн Гадаад хэргийн яам, “Эксим” банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөллүүдтэй уулзаж зардлыг бууруулах, технологийн сонголтын талаар ярилцсан. Мөн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх зургаадугаар сарын 22-нд Монгол Улсад ирэхдээ ТЭЗҮ гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай дахин уулзалт хийгээд төслийн хөрөнгө оруулалтыг манайхаас  сонгосон технологид тулгуурлаж бууруулах талаар тохиролцоонд хүрсэн. Энэ яриа хэлэлцээрүүдийн үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хэмжээгээр буулгасан ч 1 тэрбум ам.долларт багтаагүй. Гэхдээ бүх зүйл бодитой байх ёстой. Нэг талаас түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаатай холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ дагаад өсч байгаа, нөгөө талаас техник, бараа материалын үнэ жил бүр тодорхой индексээр байнга өсч байдаг тул хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум ам.долларт багтахгүй байгааг ойлгож болно. Манай төр засаг Энэтхэгийн Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулна гэсэн болохоос яг энэ дүнд багтааж хийнэ гэж ойлгох нь учир дутагдалтай. Тэр үед тооцоо судалгааны нарийвчилсан ажил хийгдээгүй байсан шүү дээ. Анх 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулахад зээлийг өөр зориулалтаар ашиглах нөхцөлтэй байсан. Боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд зарцуулна гэдгийг манай талаас сүүлд шийдвэрлэсэн юм.

Монгол Улсдаа тохирсон, хамгийн сайн орчин үеийн үйлдвэрийг хэрхэн эдийн засгийн хэмнэлттэйгээр байгуулж чадах вэ гээд бодохоор маш олон шаардлага тавигддаг. Энэ үйлдвэр техник технологийн хувьд ч, гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь манай стандартын шаардлага, байгаль цаг агаарын орчинд тохирсон байх ёстой. Цаашид энэ үйлдвэр өөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нефть-химийн үйлдвэр болж өргөжих боломжийг бид бас харгалзах учиртай. 

Монгол Улсад тулгараад байгаа бензин шатахууны асуудлыг шийдвэрлэхэд Газрын тос боловсруулах үйлдвэр томоохон үүрэг гүйцэтгэх ёстой. Товчхондоо, манай улсын шатахуун үйлдвэрлэх ганц томоохон үйлдвэр болохын хувьд бид эх орондоо тохирсон үйлдвэр байгуулах ёстой юм. Бусад орон шиг газрын тосны 15 дахь үйлдвэрээ  байгуулах гэж байгаа бол бид эдийн засаг, нийгэм тойрсон бүх асуудлыг харгалзан үзэх шаардлагагүй ч байж болно. Тиймээс маш олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж байж үйлдвэрээ  байгуулах шаард­лагатай. Мөн олон улс орнууд зарим техно­логиос татгалзаж, шинэ дэв­шил­тэт технологийг сонгож буй  нийтлэг чиг хандлагыг мөн харгалзан үзэх хэрэгтэй. 

Үйлдвэрийн зардал нэмэгдсээр 1.7 тэрбум ам.доллар боллоо гэдэгт тайлбар өгнө үү.  Мөн цаашид  зардал нэмэгдэхгүй гэсэн баталгаа бий юу?
Нефть боловсруулах үйлдвэр хэд хэдэн дагалдах үйлдвэртэй байдаг.Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговьд аймаг дахь аж үйлдвэрийн байгууламжуудтай танилцсан. МАК-ийн 340 сая ам.долларын өртгөөр, Дани улсын технологиор босгосон цементийн  үйлдвэртэй танилцаад миний хувьд бахархсан. Газрын тосны үйлдвэрт  үүн шиг л хэд хэдэн байгууламж  байгуулагдана шүү дээ. 1 тэрбум ам.доллар давсан өртөгтэй  үйлдвэр байгуулагдахад  ямар өндөр үнэтэй юм   гэж бодох нь өрөөсгөл  хэрэг болно. Дэлхий дахинд инфляци байнга явагддаг. 1970-аад оны нэг ам.доллар өнөөгийн нэг ам.доллартай адилгүй. Энэтхэгчүүд  1 тэрбум ам.доллар давсан зардлыг бодитой гэж үзэж байгаа бол бид аль болох  бууруулахын төлөө ажиллаж байна. Цаашид тендерийн болон лиценз эзэмшигч сонгох түвшинд зардлыг бууруулан шийдвэрлэж болох хувилбарууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Монголын талын оролцоотой ажил үйлчилгээ ч  байж болно.

Д.Сумъяабазар сайд Энэтхэгт айлчлахдаа төслийн “Энэтхэгийн бус оролцоог” нэмэгдүүлэх талаар “Эксим” банктай ярилцсан байгаа. Би үүнийг зардлыг бууруулах нэг боломж  гэж харж байгаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар хуралдааны гишүүний хувиар хэлэхэд томоохон хүнд үйлдвэрийн төслийн санхүүжилт ер нь 2 тэрбум ам.доллараас доош байдаггүй. Одоо яригдаж байгаа том төслүүдийг нэрлэх нь зохимжгүй ч  эдгээрээс 2 тэрбум ам.доллароос  доогуур  өртөгтэй төсөл ер нь байхгүй гэж хэлж болно.  Түрүүчийн Засгийн газрын үед яригдаж байсан нүүрс шингэрүүлэх, занараас шатахуун үйлдвэрлэх, зэс хайлуулах зэрэг төслийн өртөг ер нь л 2-4 тэрбум ам.доллар гэж яригдаж байсныг санаж байна.

Газрын тосны үйлдвэрийг 1 тэрбум ам.долларын өртөгт багтаахдаа асуудлын  гол нь биш, Энэтхэг улсаас авч байгаа хөнгөлттэй зээлийг энэ үйлдвэрт зориулъя гэсэн шийдвэр нь чухал байгаа юм. 

ТЭЗҮ батлагдсаны дараа үйлдвэрийн газар шороо,  дэд бүтцийн ажлыг  эхлэх ёстой гэх байр суурь байдаг. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж Хөгжлийн банкнаас олгосон 250 орчим тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдаж байна вэ?
Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд бүгд өөрсдийн ТЭЗҮ-ээр хийгдэж байгаа. Энэ бол Монголын Засгийн газар шийдвэрээ гаргаад хөрөнгө мөнгөөрөө санхүүжүүлэн  үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй  ажил юм. Бүтээн байгуулалтын ажлууд Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-тэй холбоогүй. Манай компани Хөгжлийн банкнаас зээл авч  бүтээн байгуулалтын ажлуудыг хийлгэж байгаа. Хөгжлийн банк ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэн ажиллаж байна. 

Италийн “Кинетикс Текноложи” компанийн  нарийвчилсан ТЭЗҮ-д хий­сэн  хяналт, шүүмжийг  УУХҮЯ  хүлээж аваад Энэтхэгийн талд хүргүүлсэн. Энэтхэгийн тал үйлдвэрийн технологитой холбоотой шийдлүүдэд зарим нэг  засвар хийсэн гэж сонссон?
Манай Засгийн газар олон улсад нээлттэй тендер зарлаж нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажилд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргаж зөвлөгөө өгч ажиллах Захиалагчийн инженерээр олон улсын нефть-химийн аж үйлдвэрийн салбарт өргөн туршлагатай Итали улсын “Кинетикс Техноложи” компанийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Тус компани нь ТЭЗҮ-ийн үе шатны тайлангуудад үнэлэлт, дүгнэлт хийж бидэнтэй нэг баг болж маш сайн хамтран ажилласан. ТЭЗҮ-ийн эцсийн тайланд үнэлгээ хийснээр зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу тус компанийн ажил дуусгавар болно. Ялангуяа технологийн асуудлуудаар алдаа дутагдал олж, засварлуулах тал дээр Захиалагчийн инженер үнэлэлт, дүгнэлт өгч маш сайн ажиллалаа. 

Энэтхэг улсаас зээл авч үйлдвэр байгуулахаар тохиролцсон болохоор төслийн менежментийн зөвлөх компанийг тус улсаас сонгох ёстой гэдэг. Гэхдээ Энэтхэгийн “Эксим” банкнаас тавьдаг шалгуурыг давсан компани л  Газрын тосны үйлдвэрийг байгуулахаас түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх ажлыг хариуцна гэж ойлгож байгаа?
Бидний дараагийн ажил бол Төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) компанийг шалгаруулж, үйлдвэрийн суурь инженерчлэл, техникийн зураг төслийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ ажил нэлээд хугацаа шаардана. “Эксим” банкны Зээлийн гэрээнд төслийн менежментийг хэрэгжүүлэх компани нь Энэтхэгийн компани байх ба зээл олгогч орны  техник технологи,  бараа ажил үйлчилгээний ихэнх хувийг тухайн улсаас худалдаж авах нөхцөлийг тусгасан байдаг. ТМЗ компани нь ТЭЗҮ бэлэн болсноос хойш үйлдвэрийг манай талд хүлээлгэж өгөх хүртэлх үе шатуудад төслийн менежментийг хэрэгжүүлэх юм. “Эксим”банкнаас урьдчилан сонгон шалгаруулсан компаниудаас бид Монголын тендерийн хуулиар ТМЗ компанийг шалгаруулна. 

Тендер нь маш их цаг хугацаа авдаг ажил. Өнгөрсөн жил  Италийн зөвлөх компанийг шалгаруулах техникийн даалгаврыг боловсруулсан хүмүүсийн нэг нь би. Техникийн даалгавар боловсруулж эхлэхээс сонгон шалгаруулсан компанитай гэрээ байгуулах хүртэл нийт 4-5 сарын хугацаа зарцуулсан.

 Улс орны тулгамдсан яаралтай шийдвэрлэх асуудал дээр тендергүйгээр зарим асуудлыг шийдэх боломж байдаггүй юм болов уу гэж хувьдаа боддог.

Үйлдвэрийг түлхүүр хүлээлгэж өгснөөс хойш  Монголын талын мэргэ­жилтнүүд дагнан хариуцаад явах уу?
Төслийн менежментийн компанийн ажил түлхүүр хүлээлгэж өгснөөр дуусах ёстой. Гэхдээ бид цаашид энэ үйлдвэрийг тодорхой хугацаанд авч явах талаар Энэтхэгийн талтай ярьж хэлэлцсэн зүйлс бий. Бид өмнө нь ийм үйлдвэр  барьж, ажиллуулж байгаагүй болохоор мэргэжлийн боловсон хүчин манайд үнэхээр дутмаг. Газрын тосны чиглэлээр олон хүн мэргэжил эзэмшсэн   ч яг боловсруулах технологийн чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүс ховор. 

Газрын тосны дээш урсгал буюу хайгуул, олборлолтын чиглэлээр цөөнгүй төгсөгчид бий. Мөн газрын тосны тээвэр, хадгалалтын чиглэлээр ч олон хүн мэргэжил эзэмшсэн. Бидэнд газрын тос боловсруулах технологич инженер, өөрөөр хэлбэл тус цогцолбор үйлдвэрийн бүхий л дамжлага, үйл ажиллагааг  удирддаг, ажиллуулдаг, хянадаг мэргэжилтнүүд нэн түрүүнд шаардлагатай байна. Бидэнд бас дулаан, цахилгаан, автоматжуулалт, электроникийн  нарийн мэргэжлийн инженерүүд, өндөр ур чадвартай гагнуурчид, техникчид хэрэгтэй. Гэхдээ монголчууд аливаа зүйлийг маш хурдан сурч эзэмшдэг болохоор мэргэжилтэн бэлтгэгдэх тал дээр өөдрөг үзэлтэй байгаа. Мэргэжил боловсролоос гадна хариуцлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй сайн хүн хэрэгтэй.

Үйлдвэрт төрөл бүрийн инженерийн хэрэгцээ байгаа учир инженерийн суурь боловсролтой хүмүүсийг газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр нарийн мэргэшүүлэх зорилгоор гадаадад сургаж, үйлдвэрүүд дээр  дадлагажуулах төлөвлөгөө бидэнд бий. 

Нөгөө талаар энэтхэгчүүд үйлдвэр хүлээлгэж өгөөд явахад бид цаашид бие даан сайн ажиллуулж чадна гэж одоогоор хэлж чадахгүй. Гэхдээ зарим лицензит технологи нийлүүлэгч нар үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2-3 жилийн дотор  тухайн байгууламжийг алдаагүй ажиллуулах үүрэг хүлээсэн байдаг.

Дамжуулах хоолойн төсөвт өртгийг 300 гаруй сая ам.доллар гэж тооцоолжээ. Энэ төсөв Энэтхэгийн зээлийн санхүүжилтэд багтсан уу? Эс­вэл  санхүүгийн өөр схемээр явах  уу?
Дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг анхнаас нь үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-д багтаасан. Нарийвчилсан ТЭЗҮ нь өөрөө “Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт  байгуулах” гэсэн нэртэй. Бид энэтхэгчүүдийн боловсруулсан нарийвчилсан ТЭЗҮ-д тусгагдсан  шугам хоолойг сонгохоос хоёр шалтгаанаар татгалзсан. Нэгдүгээрт, хэт өндөр өртөгтэй. ТЭЗҮ-д анхны тооцооллоор 620 сая ам.доллар гэж тусгасан байсан. Тэр нь SECT хэмээх орчин үеийн цахилгаанаар шугамыг халааж тээвэрлэдэг технологи юм билээ. Манай улс төмөр замаасаа зүүн тийшээгээ дэд бүтэц, эрчим хүч  сул хөгжсөн. Нягт суурьшилтай, өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ технологи хэрэгтэй юу гэхээс биш  манай орны нөхцөлд цахилгаанаар халаах боломж бага байна.

Зарим нэмэлтүүдийг их хэмжээгээр холих технологиор 400 сая ам.доллар хүртэл бууруулж болох юм гэж яригдсан ч тэр технологиор тосны урсацын шаардлагатай үзүүлэлтийг хангах эсэх нь тодорхой бус. Бид захиалагч учраас аль болох Монголын хөрсөнд буусан, өртөг багатай, сайн технологи сонгож хийхээр зорьж байна. 

Монголын газрын тосыг хүнд, муу гэж ярьдаг. Тийм биш, харин ч  хөнгөн, сайн чанарын  тостой. Хүхрийн агуулга газрын тосны үнийг тодорхойлдог гол хүчин зүйл. Монголын тос дэлхийн бусад тостой харьцуулахад хүхрийн агуулга багатай. Хүнд гэж хэлдэг нь химийн найрлагатай   холбоотой. Тосонд парафины нүүрсустөрөгчийн хувь өндөр учир өндөр хэмд царцдаг. Ийм тосыг тээвэрлэхэд хүндрэлтэй ч сайн талууд бас бий. Жишээ нь анхны нэрлэгээс гарах дизелийн цетаны тоо нь өндөр.
 
Дорнодын газрын тосны XIX, XXI дүгээр талбайгаас 650 км түүхий тос дамжуулах хоолой барина гэж тооцоолсон байдаг. Энэ хэмжээ нь яг батлагдсан уу?
Түүхий тос дамжуулах шугам хоолойн уртыг  550-640 км гэж тооцоолж байгаа. Манай газрын тосны олборлолтын хоёр гол талбай бол Дорнодын газрын тосны XIX, XXI   талбай. 
XIX талбайн хувьд  үйлдвэрээс 540 км, XXI нь 640 км-ийн зайтай. Тиймээс дамжуулах  хоолойг энэ хоёр талбайн алинд хүргэх вэ гэдгээ шийднэ. 

Дорнодын Тосон Уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 гэсэн гурван талбайн тосны баталгаат зэрэглэлийн нөөц 336.6 сая тонн, ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц нь 43.3 сая тонн. Эндээс олборлох газрын тосыг 2022 оноос боловсруулах үйлдвэрт  нийлүүлнэ гэж тооцож байгаа ч хамгийн хүндрэлтэй нь нөөцийн дутмаг байдал гэж мэргэжилтнүүд хэлж байгаа.  Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
2010 оноос л Монгол Улс  албан ёсоор газрын тос олборлогч орон болсон. Өмнө бол өөрийн тосыг боловсруулах үйлдвэр байгуулах нь  боломжгүй байлаа. Учир нь, 2010 онд газрын тосны гурван талбайн баталгаат нөөц 336.6 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 43.6 сая тонн гэж  тогтоогдсон. Энэхүү  43.6 сая тонн нь  баталгаат нөөцийн ердөө 13%.

Манай улсад  газрын тосны боломжит нөөц бүхий талбайнууд бий. Эдгээр талбайн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үйлдвэр байгуулагдаад ашиглалтад орох хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хайгуулыг эрчимтэй хийх ёстой. 1.5 сая тонн газрын тос боловсруулах гэдэг бол хүчин чадлын хувьд бага тоо. Уг нь доод тал  нь 2 сая тонн газрын тос үйлдвэрлэхийг зорих хэрэгтэй байсан. Гэхдээ бид энэ асуудлыг дараагийн шатанд харгалзаж үзнэ. 

Үйлдвэрийн технологийн сонголт хийгдээгүй байгаа.  Ямар технологийг сонгох гэж байна вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн хувьд гүн боловсруулалтын технологиос бусад нь ойлгомжтой, уламжлалт байгууламжууд. Тосоо нэрдэгээрээ л нэрнэ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх олон шат дамжлагатай  үйлдвэрийн зүрх нь  гүн боловсруулалтын технологи. Энэ технологи бидний ярианы гол сэдэв. Энэтхэгчүүдийн зөвлөсөн технологи манайд тохирохгүй гэх зэргээр бага зэрэг мэтгэлцээн өрнөсөн тал бий. Гүн боловсруулалтын технологи нь молекулын хэмжээ, бүтцэд нөлөөлж, энгийнээр хэлэхэд ямар шинж чанартай бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр гаргах вэ гэх мэт олон зүйлийг шийддэг хоёрдогч процесс. Технологиудыг эзэмшигч лицензтэй компаниуд  гэж бий. Лиценз эзэмшигчдийн дунд тендер зарлана. Жишээ нь, изомержүүлэлт  гэдэг төхөөрөмжийг үйлдвэрлэдэг  компаниудаас лиценз эзэмшигчээ сонгоно гэсэн үг. 

Монгол Улсын эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байж л үйлдвэр үр ашигтай ажиллана. АИ-92, АИ-95, дизель түлшнээс гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?
Бүтээгдэхүүний чанар байнга сайжирч явдаг учраас бид аль болох  АИ-95 бензинийг хэрэглэгчдэдээ түлхүү хүргэхээр зорьж байгаа. Ядаж  арван жилийн цаадахыг харж байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх шаардлагатай. Тэр үед чанарын шаардлага өснө үү гэхээс биш буурахгүй. 

Үйлдвэрээс гарах гол бүтээгдэхүүн бол дизель түлш. Жилдээ 800 мянга орчим тонн дизель түлш үйлдвэрлэнэ. Дизелийн бүтээгдэхүүний хэрэглээ манайд их байдаг. Бензиний зах зээлийн тухайд цахилгаан хөдөлгүүрт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг авто машинууд нөлөөлөх нь тодорхой. Бензин, дизелиэс гадна шингэрүүлсэн хий, онгоцны түлш, багахан хэмжээгээр зуухны түлш үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэдээ одоогийн бензин шатахууны жижиглэнгийн үнээс  арай доогуур үнээр хүргэхийг  мэдээж зорино.

Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 38 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 21 цаг 53 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Өчигдөр 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Уржигдар 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.