Г.Батцэнгэл: Эрх баригчдын үйлдлээс л уул уурхайн салбарын ирэх жилүүдийн хөгжил хамаарна

2018-12-13 10:25


The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар уншигчдад хүрээд 10 жил болжээ. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүл мэндэлж, нэгэн арваныг туулахад хамтдаа өсч өндийсөн  бүтээн байгуулалт бол үндэсний мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр боссон Ухаахудаг төсөл. Энэхүү түүхэн мөчлөг дээр Ухаахудаг төслийг удирдсан “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ны Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уул уурхайн салбарын нэгэн арван жилийн хөгжлийн сэдвээр ярилцлаа.  


Ярилцсан Э.Оджаргал


Уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон төлөөллийн нэг “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагааг одоогоос яг арван жилийн тэртээд эргэн харвал сонирхолтой байх болов уу?
2005 онд Монголын хувийн хэвшлийн консорциум хэлбэрээр “Энержи Ресурс” компани байгуулагдаж байлаа. Компанийн үйл ажиллагаа олон нийт, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын  иргэдийн өмнө анхнаасаа ил тод, нээлттэй явж ирснийг хүн бүхэн мэднэ. Компани арван жилийн өмнө яг өдийд Ухаахудаг хэмээх анхны төслөө эхлүүлж байлаа. 

Дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн төслийг Монголын хувийн хэвшил гардан хийж чадна гэдгийг нотолж харуулах чин зорилгоор  энэ төслийг хэрэгжүүлсэн. 





Олон улсын жишгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгалийн баялгийг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж, компанид төдийгүй хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдэд ч үр өгөөжтэй, цаашлаад улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах ёстой гэсэн зарчимд тулгуурлаж ажилласан. Ингэхдээ олон нийт, орон нутагт хүртээмжийг нэмэгдүүлэх цар хүрээтэй, цогц байдлаар төслөө хэрэгжүүлэхийг зорьсон.

Үнэндээ Ухаахудаг төсөл хэрэгжихээс өмнө Тавантолгойн бүсэд шороон замаар нүүрс тээвэрлэдэг, байгаль орчны доройтолтой, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болоод ажлын байр зэрэг нийгмийн хүсэн хүлээдэг зүйлс харагддаггүй байсан гэхэд болно. Тиймээс Ухаахудаг төслийг уурхайн олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн зам, цахилгаан станцтай цогцоор нь байгуулахдаа нийгмийн дэд бүтцийг ч хамтад нь шийдье гэж зорьж ажилласан. 


2008 оноос хойш таван жилийн хугацаанд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж, бонд гаргаж, ЕСБХБ, Германы Хөгжлийн банк гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгох байдлаар төслүүдээ санхүүжүүлээд явсан. Ингэснээр жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах баяжуулах үйлдвэр байгуулсан нь Монголдоо анхдагч ажил байлаа. Үүнийгээ дагаад үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, гадны туршлага, техник технологийг нутагшуулах хэрэгцээ шаардлага тавигдсан. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс усан хангамж, эрчим хүчний нийлүүлэлтийг ч давхар шийдвэрлэсэн. Монголын компаниуд консорциум болж, үндэсний инженерүүдийн бүтээн байгуулсан 18 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Овор багатай ч дэлхийн стандартуудыг бүрэн хангаж, утаа болон хорт бодис ялгаруулалтыг багасгах цахилгаан шүүлтүүрийг цахилгаан станцад суурилуулсандаа бид  олзуурхдаг. 



Энэ нь агаарын хөргүүртэй анхны цахилгаан станц бөгөөд 1КВт эрчим хүчинд ногдох усны зарцуулалт харьцангуй бага. Усан хангамжийн тухайд бүрэн автоматажсан, усны алдагдал, хорогдлыг багасгасан, эргэлтийг сайжруулснаас гадна Баяжуулах үйлдвэрийн хог хаягдлыг усгүйжүүлэх, усаа эргэн татах зэрэг ажлыг хэрэгжүүлснээр усны дахин ашиглалтыг 90 орчим %-д хүргэсэн. Ийм шинэлэг технологиудыг Монголдоо нутагшуулжээ.

Төслийн дэд бүтцэд багтах төмөр замын бүтээн байгуулалт тодорхой шалтгаанаар хэрэгжиж чадаагүй, гацсаныг бүгд мэднэ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ ажил бодитоор биелээгүй л байна. Тухайн үедээ   Гашуунсухайт боомт хүртэлх хатуу хучилттай 245 км авто замыг Концессын нөхцөлөөр жил гаруйн хугацаанд барьж, ашиглалтад оруулсан. Одоо энэ авто зам төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн өмчид шилжсэн бөгөөд “Энержи Ресурс” гэлтгүй Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулж буй төр, орон нутгийн компаниуд бүгд ашиглаж байна. Мэдээж, шороон замтай харьцуулбал авто зам тавигдсанаар нүүрсний тээвэр аюулгүй байдал талаасаа харьцангуй сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг  нөлөө буурсан. Овор ихтэй, олон сая тонн нүүрсийг өдий хүртэл тээж, Монголын экспортыг “нуруун” дээрээ авч яваа авто зам. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдлаас Монголын хувьд эцсийн шийдэл нь төмөр зам гэдгийг эрх биш бүгдээрээ ойлгож авсан байх.

Уул уурхайн дэд бүтцийн зэрэгцээ орон нутгийн нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхэд их анхаарсан. Энэ хүрээнд 650 айлын орон сууцны хорооллоос гадна "Уурхайчин" жишиг гэр хороолол барьж байгууллаа. Үүнтэй уялдуулан 700 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн дотуур байр бүхий “Мөрөөдөл” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан. Сургууль, цэцэрлэгийг барих нийт зардлыг компаниас гаргаснаас 60%-ийг өөрийн зардалдаа суулгаж, хөрөнгө оруулсан бол үлдсэн 40%-ийг Улсын төсвийн жишгээр аймгийн төсвөөс гаргасан байдаг. 

Эдгээр бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ анхнаасаа зөвхөн компанийн ажилчид гэлгүй орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байх ёстой гэж үзсэн. Тэр ч утгаараа 700 хүүхдийн дунд сургуулийг улсын сургууль хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмжин ажилласан юм. Улсын төсвөөс өгч байгаа санхүүжилт хүрэлцэхгүй учир зөрүүг нь компаниас хөрөнгө оруулахдаа багш нарын цалин дээр нэмэгдэл олгох, Улаанбаатар хотоос англи хэл, математикийн багш нарыг урьж ажиллуулан сургалтын стандартуудыг тогтооход “Орчлон” сургуультай хамтарсан. Барилга байгууламж бариад зогсохгүй цаашаа үргэлжлэн ажиллах тогтвортой суурийг бүрдүүлэхэд ч анхаарч ажилласан нь энэ.

Мэдээж, энэ бүхний зэрэгцээ орон нутгийн урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих бие даасан хөтөлбөрүүдийг боловсрол, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байна.     
 
Өнөөдөр хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болжээ. “ТОП 5” аж ахуйн нэгжид тогтмол шалгарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд зах зээлийн хүнд хэцүү үеийг компанийн хамт олон хат суун бэхжиж, даван туулж чадлаа. 2000 гаруй үндсэн ажиллагсдын  45% нь Өмнөговь аймгийн иргэд байна. Чанартай ажлын байр бий болгох нь орон нутагт үзүүлж байгаа бас нэг үр нөлөө болов уу. Цэвэрлэгч, үйлчлэгчийн түвшинд бус мэргэшсэн, өндөр боловсрол, ур чадвар шаардсан нарийн мэргэжлээр ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн хүнд машин техник, тоног төхөөрөмжүүдийг анх ашиглаж, үүнийгээ дагаад залуус маань тэр түвшинд ажиллаж сурч, мэргэшиж байгаа. Компанийн нийт хамт олон дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулахыг хичээж, зорьж явна.  



Өнгөрсөн 10 жилийн уул уурхайн салбарын хөгжлийн өрнөлийг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
“Ухаж амьдарснаас ургуулж амьдаръя”, “Оюутолгой, Тавантолгой гэхээсээ илүү оюунтай  толгойг “ухаж” амьдаръя” гэх зэргээр уул уурхайг эсэргүүцэх хүмүүс бий. Гэхдээ бодит байдлаас харахад өнөөдөр уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болчихлоо. Экспортын 70-80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа экспортын 70%-ийг  нүүрс, зэс дангаараа бүрдүүлж   байна. Улсын төсвийн орлогын 30-40%-ийг уул уурхайн салбараас орж ирэх татвар хураамж бүрдүүлж байгаа. 

Өнгөрсөн арван жилд монголчууд бид бүгдээрээ уул уурхайн салбарын хямрал, бас  ололттой сайн талыг нь ч үзлээ. Салбар таатай үедээ гадаадын хөрөнгө оруулагчдыг “хөөгөөд” явуулж үзлээ, дотоодын хэдийгээ “нугаслах” гэж оролдлоо. Гэхдээ ингэж алдаж онохдоо эдийн засгийг уул уурхайн салбар авч яваа гэдгийг эрхбиш ойлгоцгоосон.  
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар хамаг хөрөнгө оруулагчдаа "үргээсэн". Эргээд одоо манай улсад хөрөнгө оруулаач гээд хэдэн жил ярьж, гуйгаад явж байгаа ч “Оюутолгой”-гоос өөр дорвитой төсөл алга байна. 
Зах зээл харьцангуй сайжирч, хөрөнгө оруулалтууд хийгдээд эхэлж байтал хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулахаар хуульдаа өөрчлөлт оруулчихлаа. Өнөөдөр Мон­голд хөрөнгө оруулалт хийж, сонгон шалга­руулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж яваа компани байна уу? 

Уул уурхайг дагасан улс төржилт, хэрүүл маргаан, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, бухимдлыг би алтны салбартай голчлон  холбож   хардаг. Алт нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай, стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа Төв банк, УИХ-аас дэмждэг. Сүүлийн таван жилийн хугацаанд бусад ашигт малтмалаас хамаагүй доогуур АМНАТ /2.5%-иар/ төлж ирлээ. Бодлогын хүрээнд алтны салбарыг улсаас дэмжээд байдаг. Гэтэл нийгэмд хүрч байгаа үр өгөөж нь хэр вэ гэдгийг бас харах ёстой юм шиг санагддаг. Улсын төсөв бүрдүүлэх уул уурхайн орлогын нийт 90%-ийг нүүрс, зэсээс орж байхад  бол алт ердөө 1%-ийг бүрдүүлж байх жишээтэй. Байгаль орчныг сүйдэлж, “нинжа”-даж, улсын болоод орон нутгийн түвшинд зохион байгуулалтад орж, бараг “мафи”-жиж “Татвараа нэмэгдүүлэх юм бол алтаа нууцаар хил гаргана шүү” гэж сүрдүүлэх маягтай. Түүнд нь бууж өгч буй мэт улсаас татварыг нь бууруулдаг. Монголбанкны худалдан авч байгаа алтны талаас илүү хувийг иргэдээс тушааж байна. Энэ бүх дүр зургаас алт нь “нинжа”-гийн салбар гэж харагдаад байгаа юм. Уул уурхайтай холбоотой орон нутгийн эсэргүүцлийн дийлэнх нь алтны салбар, ялангуяа шороон ордын ашиглалтаас болсон байдаг. Алтны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд”, “Алтан Дорнод” гэх мэт томоохон компаниудаа 68%-ийн татвар, эсэргүүцлийн янз бүрийн хөдөлгөөнөөр Монголоос үргээгээд явуулсан. Харин тэр орон зайд “нинжа” нар нь “найрлаад” эхэлдэг. 68%-ийн татварын үр балаг одоог хүртэл үргэлжилж, алтны салбарыг өнөөгийн байдалд оруулсан нь энэ. Гэтэл тэр муу нэр нь уул уурхайн салбарт бүхэлд нь наалддаг. Энэ тал дээр бодлого тодорхойлогчид, тэр дундаа салбар хариуцсан яам, агентлаг нь дуу хоолойгоо хүргэж, бодит байдлыг үнэн зөвөөр  ярих ёстой.


Сүүлийн арван жилийн байдлаас харахад уул уурхайн салбарыг дагасан маш их улс төржилт явагдаж, тэр нь ч нийгмийн бухимдлыг ихээр төрүүлж байна.   

Бодлогын хүрээнд уул уурхайг дагаж  нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлье гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжүүлсэн зүйл үгүй. Нүүрсний салбарт гэхэд зөвхөн “Энержи Ресурс” компани нүүрсээ баяжуулан экспортолж байгаа бол бусад нь олборлосон байдлаараа түүхийгээр нь гаргаж байна. Тэр тусмаа төрийн, орон нутгийн компаниуд үүнийг хошуулчлах байдалтай явж байгаа шүү дээ. Төрийн бодлого цаасан дээр буухдаа нэг өөр, түүнийг төрийн компани хэрэгжүүлэхдээ бас нэг өөр байгаа юм.

Монголчууд бидний одоог хүртэл шийдвэрлээгүй орхигдуулж байгаа нэг асуудал бол төрийн оролцоо ямар байх тухай. Төрийн өмч байх нь чухал гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Гэтэл төсөл гэдэг бол  хөрөнгө оруулалт, түүнийгээ дагаад   эрсдэлтэй. “Оюутолгой” төслийн 34%-ийг бөөн маргаан болж монголчууд бид авсан. Ногдол ашиг гэж бодож 34%-ийг автал өнөөх нь өр болж, өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Зардал хэтэрч, хөрөнгө оруулалтын дүн нэмэгдэхэд тэрхүү илүү зардлын 34% өр болж буй нь төслийн эрсдэлтэй тал юм. Төсөлд нэмэлт санхүүжилт хийх бүрт тэр бүгд өр болно.


Уг нь тухайн компани хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ашигтай ашиггүй ажиллах эсэх нь хамаагүй. Олборлолт нь явагдаад, экспорт хийгдэж л байгаа бол олон улсын жишгээр олж байгаа орлогоос нь роялти суутгаад явах учиртай. Өөрөөр хэлбэл, нөөц ашигласны төлбөр гэдэг нь борлуулалтын орлогоос шууд авдаг зүйл. Нөөц ашигласны төлбөр нь татварын хамгийн гол эх үүсвэр байх ёстой гэж би хувьдаа боддог юм.

Өнгөрсөн жилүүдийн тоо баримтуудыг үзэж суухад их сонирхолтой үзүүлэлт харагдаж байна л даа. Тухайн үед Монголын төрийн эзэмшилд 51% нь байсан “Эрдэнэт” үйлдвэр байна. Төрийн мэдэлд 51%-ийн эзэмшил байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэр манай “саалийн үнээ” байж, бид бүгдийг тэжээж байлаа гэх. Гэтэл  Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгад (ОҮИТБС)   тоо баримтуудаас ямар аж ахуйн нэгж, ямар татвар хураамжийг орон нутаг, Улсын төсөвт төвлөрүүлсэн нь тодорхой харагдана. Сүүлийн 10 жилд “Эрдэнэт” үйлдвэрээс Улсын төсөвт оруулсан орлогын 85%-иас дээших нь татвар хураамж байгаа юм. Үлдсэн 10 гаруй хувь нь л ногдол ашиг. Шууд бус утгаараа, өөрөөр хэлбэл  татвар хураамжаа төлж байсан учраас “Эрдэнэт” үйлдвэр монголчууд биднийг тэжээж байсан хэрэг. Төр 51%-ийг эзэмшсэнээр ногдол ашиг авч байсандаа биш. Оюутолгойн жишээ ч үүнтэй яг адил. Оруулж байгаа татвар хураамжийн дүн нь их сонстох ч ногдол ашгийн тухайд 0 байгаа шүү дээ. Дараагийн хэдэн жил ч төслөөс ногдол ашиг хүртэхгүй.

Тэгэхээр төр зохицуулагчийн үүргээ биелүүлж, хяналтаа тавьж, байгаль орчны болоод хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг мөрдүүлж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад ашиглалтын эрх олгосон бол татвар хураамж, шууд шимтгэлээр роялти аваад суухад уг нь Улсын төсөвт дарамт ирэхгүй, ачаалал болохгүй явж болох байсан. Гэвч төрийн өмч гэдэг зүйлтэйгээ одоо хэр зууралдаад үлдэх юм шиг байна.

Өнөөгийн нөхцөл байдлаас харахад   ард түмэндээ хайртайдаа төрийн өмчид байлгаад байдаг биш,  өөрсдийн шахааг хийж, “гар хөл” болсон хүмүүсээ томилох сонирхол байгаа нь бодит үнэн. Төрийн өмчит компаниудын захирлуудын томилгоо, халаа сэлгээний давтамж Засгийн газар солигдож буйтай давхацдаг нь ч нэгэнтээ ил. Үүнээсээ ч ичиж, санаа зовохоо байсан.
Ийм л байдалтай монголчууд бид тулгараад байна. Үүнийг хүлээн зөвшөөрөөд, байх ёстой гэж үзэж байгаа бол цаашид энэ байдлаараа л явах байх. Уул уурхайн салбарт ажилладаг юм чинь ингэж хэлэх нь аргагүй гээд миний хэлсэн зүйлийг эсэргүүцэж болох ч Монгол Улсын иргэн хүний хувьд би дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэх үүрэгтэй.

Тэгвэл компанийн ч, салбарын хувьд ч ирэх арван жилийг Та хэрхэн харж, төсөөлж байгаа бол?
Зах зээлтэйгээ уялдаад компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахыг хичээнэ. Эхний төсөл Ухаахудагийн зэрэгцээ одоо Барууннарангийн орд дээр нүүрсний хоёр дахь уурхай маань ажиллаж байна. 

Монгол Улс эрдэс баялаг дээр тулгуурласан эдийн засагтай. “Энержи Ресурс”   зөвхөн нүүрсний компани гэлтгүй, “Mongolian Mining Corporation” гэж нэрлэсэн утгаараа уул уурхайн салбарт илүү олон чиглэлд үйл ажиллагаа явуулахаар бодож, төлөвлөх ёстой гэж үздэг. Шинээр төсөл хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн үр ашиг, дэд бүтэц болоод бусад хамааралтай зүйлүүдийг тооцож, дүгнэн шийдвэр гаргана. Энэ бол дараагийн арван жилд хийгдэх ажлуудын нэг гэж бодож байна.

Уул уурхай, нүүрсний салбарын тухайд ирэх арван жилд төмөр замтай болоосой гэж залбиръя. Төмөр зам гэж яриад   арван жил өнгөрлөө. Мөн салбарын хууль эрх зүйн орчин илүү сайн болоосой гэж хүсч байна. Өмнөх алдаа, туршлага дээрээ үндэслээд хууль эрх зүйн өөрчлөлтүүд мэдээж хийгдэнэ. Харин аль болох ойлгомжтой, элдэв гэнэтийн “бэлэг” байхгүй, бүх талаас нь авч хэлэлцэн, хоорондоо ярилцаж, үр дагаврууд нь хэдэн арван жилээрээ гардаг юм шүү гэдгийг ойлгож хийгээсэй гэж хүсэх байна. Эрх баригчид, хууль тогтоогчдын үйлдлээс л уул уурхайн салбарын ирэх арван жил хамаарах учир тэр хүмүүсийн мэргэн ухаанд найдъя.    

Уул уурхайн салбарт төрөлжсөн MMJ сэтгүүл мэндэлж, энэ салбарыг “нуруундаа” үүрч яваа компаниудтай хамтдаа нэгэн арваныг туулжээ. Салбарт төрөлжсөн ийм сэтгүүл байхын ач холбогдлыг Та хэрхэн ойлгож, хардаг вэ?
Уул уурхай гэлтгүй санхүү, хөрөнгийн зах зээл гээд эдийн   засгийн тулгуур   салбаруудад  дутагдаж байгаа зүйл бол олон нийтэд мэдээллийг зөв, оновчтой, бодитоор хүргэх явдал. Салбарынхан дотроо асуудлаа яриад байгаа ч эцсийн дүндээ улстөрч, хууль тогтоогчдын шийдвэрт нөлөөлөх нь ард иргэд юм. Тэгэхээр ард түмэн зөв ойлголттой байх ёстой.

Жишээ нь эрдэс баялагт тулгуурласан эдийн засагтай Австрали, Канад улсын жишээнээс харахад, хэн нэгэн популист улстөрч уул уурхайн салбар, улс орны эрх ашгийг хөндсөн хууль батлах гэхэд нь салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонгогчид, ард иргэд нь зөв ойлгож, зөв шаардлага тавьж чаддаг.

Салбарт нарийн мэргэжлийн асуудлууд цөөнгүй ч ерөнхий зөв ойлголтыг ард түмэнд өгөх, иргэдтэй   харьцах платформ нь сэтгүүл зүй юм. Тиймээс сэтгүүлчид өөрсдөө боловсорсон, мэдлэг чадвартай байх ёстой.

Энэ соён гэгээрүүлэх үйлсийг сүүлийн арван жил The Mongolian Mining Journal сэтгүүл санаачлан, бодитоор хийж ирсэн. Тэр дундаа сэтгүүлчдийг уул уурхай, эдийн засгийн чиглэлээр тодорхой ойлголттой болгох, салбарыг таньж мэдүүлэх, энэ сэдвээр бичих ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон чухал төсөл хэрэгжүүлж, сургалт явуулж байгааг нь тун чухал ажил гэж хардаг. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч үлгэр жишээ болж байгаа болов уу. Энэ ажлыг компаниуд ч нийгмийн хариуцлага талаасаа зүй зохистойгоор дэмжих нь зөв юм. Хамгийн гол нь сэтгүүлч үнэн зөв мэдээлэл түгээх ёстой. Хэн нэгний тархи угаах, аль нэг компанийн төслийг хамгаалах учиргүй.

Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.   
    
         


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • Уржигдар 13 цаг 24 минутад
    “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
  • 2019-08-21 12:39
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • 2019-08-19 17:56
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.