Д.А.Стрельников: Монголд баригдах цөмийн судалгааны реакторын хүчин чадлыг хэлэлцээрээр тогтооно

2018-12-06 15:27

The Mongolian Mining Journal /2018.010/

Ярилцсан Э.Оджаргал

Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Цөмийн Энергийн Комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хооронд санамж бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо байгуулсан билээ. Энэхүү төсөл болоод Монгол, Оросын цөмийн салбар дахь хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан “Русатом Оверсиз” компанийн орлогч захирал Дмитрий Анатольевич Стрельниковтай ярилцлаа.

Ярилцлагын эхэнд Та “Русатом Оверсиз” компанийн үйл ажиллагааны талаар манай уншигчдад танилцуулна уу.
Төрийн өмчит “Росатом” корпораци нь хилийн чанад дахь төслүүдээ “Русатом-Олон улсын сүлжээ” охин компаниар дамжуулан хэрэгжүүлдэг. “Русатом-Олон улсын сүлжээ” компани нь Европ, Африк, Латин Америк, Хойд Америк, Ойрхи Дорнод, Азид нийт 11 салбар буюу Бээжин, Мумбаи, Сингапур, Дубай, Рио де Жанейро, Астана, Парис, Сендтон, Будапешт, Прага зэрэг хотод олон улсын төслүүдийг хариуцаж байна. Эдгээр бүс нутагт “Росатом” корпораци нь атомын цахилгаан станц (АЦС) болон цөмийн эрчим хүчний реактор барьж байгуулах, инженерингийн үйлчилгээ болон цөмийн эрчим хүчний түлшний худалдааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  Зүүн Азийн бүс хариуцсан компани нь “Русатом Оверсиз” бөгөөд Бээжин хотноо төвлөрөн ажиллаж байна. Корпорацийн Зүүн Азийн бүс нутагт Монгол, Хятад, Япон улс дахь хамтын ажиллагаа хамаарч байгаа юм.

Монгол Улс дахь хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд өрнөж, ямар төслүүдэд төвлөрч байна вэ?
Монгол дахь хамтын ажиллагааг эхлүүлээд төдийлөн удаагүй байна. Гэхдээ хамтын ажиллагаанд томоохон ахиц гарч байгаа. Тодруулбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Цөмийн энергийн комисстой хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төсөлд төвлөрч байгаа. “Русатом Оверсиз” компанийн зүгээс Монгол Улсын цөмийн салбар хариуцсан дээд байгууллага болох Цөмийн Энергийн комисс (ЦЭК) болоод төслүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Мон-Атом” компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна.

Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийн чиглэлээр бид Цөмийн Энергийн комисстой хэлэлцээр явуулж байгаа, хэд хэдэн уулзалт хийсэн. Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотноо “Орос улсын загвар бүхий Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвүүд” семинарыг хамтран зохион байгуулсан. Семинарт “Росатом” корпорацийн цөмийн шинжилгээ, судалгааны барилга байгууламжийн мэргэжилтнүүд, Монголын цөмийн салбарын бүх шатны төлөөлөгчид оролцсон.  

Төслийн яриа хэлэлцээр ямар шатандаа явж байгаа вэ?
Энэ нь Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн үндсэн суурь болох судалгааны реакторыг барих төсөл юм. Өнөөгийн байдлаар төслийг боловсруулж байна. Судалгааны реакторын хүчин чадал, үзүүлэлтийг одоо явж байгаа яриа хэлэлцээрээр тогтоох юм. Энэ төслийг Монголын талаас Цөмийн Энергийн комисс, Оросын талаас “Росатом” корпораци хариуцаж байгаа. 2018 онд багтаан талууд төслийн барилга, байгууламжийн техникийн ерөнхий шийдлийг баталгаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Судалгааны реактор гэхээр түлш ашиглагдана. Түлшний хаягдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлж өгнө үү?
Манай корпорацийн барьж байгуулсан томоохон хүчин чадалтай АЦС, дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа цөмийн бүтээгдэхүүнүүд бүгд экологийн өндөр стандартад нийцсэн гэдгийг бид үргэлж цохон тэмдэглэдэг. Монгол Улсад барих боломжтой Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн хувьд судалгааны реакторт ашиглагдсан түлшний хаягдлыг бид Орос руу эргүүлэн татаж авах нөхцөл санал болгож байгаа.  

Төслийг хэрэгжүүлэх өртөг ямар байх вэ?
Одоогоор яг тодорхой дүн хэлэхэд хэцүү байна. Ойролцоогоор 350-400 сая ам.доллар байх болов уу.

Тэгвэл хөрөнгө оруулалтыг яаж шийдвэрлэх бол?
Энэ асуудлыг одоогоор талууд мөн л ярилцаж байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой хөрөнгө оруулж магадгүй. Аль эсвэл хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Оросын талаас санхүүжилт олгож болох юм.  Нөгөөтэйгүүр, Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв нь эрдэм шинжилгээний суурь судалгаа хийгдэх, цөмийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна арилжаа, ашиг орлогын чиг үүрэгтэй байх юм. Анагаахын салбарт нэн хэрэгцээтэй цацрагт изотопыг худалдах боломжтой. Өнөөдөр Монгол Улсын анагаах болоод хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж байгаа изотопын дийлэнхийг дэлхийн зах зээлээс худалдан авч байна. Тиймээс Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв бүхий цогцолбор барьж байгуулснаар изотопыг Монголдоо үйлдвэрлэх боломж бүрдэх бөгөөд дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд худалдах давуу талтай.

Ойрын хугацаанд Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг барьж байгуулах боломж, нөхцөлийг Та хэрхэн харж байна?
Юуны түрүүнд, “Росатом” корпорацийн зүгээс энэ төслийг маш ирээдүйтэй, ашигтай гэж үзэж байгаа. Хэрэв талууд төлөвлөсний дагуу энэ ондоо багтаан төслийн техникийн ерөнхий шийдлээ баталгаажуулж чадах юм бол 2019 оноос төслийг хэрэгжүүлж эхлэх боломжтой.

Төслийн хэрэгжилтэд хэр хугацаа шаардагдах вэ?
Ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж бодож байна.

Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэглээнд ямар хүчин чадалтай АЦС барихад хангалттай байх бол?
Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Дорнын эдийн засгийн форум”-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрс ашигладаг ДЦС-аас татгалзаж, үүнийг орлуулах цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд байгуулах боломжийг судалж буй талаар мэдэгдсэнийг бид анхааралтай сонссон. Манай компанийн туршлагаас харахад өндөр хүчин чадалтай реактор нь эрчим хүчний өндөр үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, их бага хүчин чадалтай ялгаагүй реакторын дэд бүтцийг барьж байгуулах өртөг нь ижилхэн байдаг. Өөрөөр хэлбэл, бага хүчин чадалтай реактор барих нь хямд тусахгүй гэсэн үг. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэглээг хангахад ойролцоогоор тооцоолоход 1200 МВт хүчин чадалтай реактор барих байх.

Ийм хэмжээний хүчин чадалтай реактор барихад хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ? 
Манай компани 1 реакторыг дунджаар 5 тэрбум ам.долларын өртгөөр барьдаг. Хамгийн багадаа цөмийн эрчим хүчний 2 блок барих ёстой. Олон улсад дунджаар цөмийн эрчим хүчний 4 блоктойгоор АЦС барьж байна. Хятадын Тяньванийн АЦС гэхэд цөмийн эрчим хүчний 8 блоктой байх жишээтэй. 

Дахиад түлш ашиглалт, хаягдлын талаар лавшруулж асууя. Учир нь цөмийн хаягдлын асуудал нь монголчуудын хувьд маш эмзэг сэдэв юм?
“Росатом” нь олон улсад хамгийн их захиалга авч, төсөл хэрэгжүүлж байгаа компани гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар манай компани Оросын хилээс гадна дэлхийн 12 оронд цөмийн эрчим хүчний нийт 36 блок барих төслийг янз бүрийн шатанд хэрэгжүүлж байна. Гэрээ хэлэлцээр дөнгөж байгуулсан нь ч бий, баригдаж байгаа ч нь бий. Ихэнх төслүүдэд түлшний ханган нийлүүлэлтийг манай компани хариуцдаг. Учир нь түлшний загвар тухайн ашиглагдах реакторын технологиос бас их хамаардаг. ВВЭР технологийн реакторт ашиглагдах түлш өөрийн онцлогтой. Жишээ нь, Хятад мөн л уран баяжуулж, цөмийн түлш үйлдвэрлэдэг. Гэхдээ тэрхүү түлшний загвар нь Оросын технологид тохирдоггүй. Америк, Францын үйлдвэрлэдэг цөмийн түлш өөр өөр загвартай байдаг. Манай компани ВВЭР технологиор реактор, АЦС, блок барьж, түүндээ тохирсон загвар бүхий түлш нийлүүлдэг. Үүний дагуу нийлүүлж буй түлшний аюулгүй байдал, чанар, хаягдлыг бид өөрсдөө хариуцдаг.  

Монголд АЦС барих боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Энэ боломжийг бий болгох үндэс суурь нь Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв гэдгийг хэлье. Уг шинжлэх ухааны хүрээлэн, цогцолборыг байгуулснаар юуны түрүүнд АЦС-ыг ажиллуулах Монголын мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэн, боловсон хүчний бааз бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын онцлогт тохируулан үндэсний мэргэжилтнүүд цөмийн физикт суурилсан шинжлэх ухааны  чиг баримжаатай бусад төслүүдийг бие даан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой. Хамгийн чухал зүйл бол нэн тэргүүнд боловсон хүчин. Мэдээж, дараагаар нь хөрөнгө санхүүгийн асуудал. Хөрөнгө мөнгө байгаад ч тухайн хөрөнгөөр босгох үйлдвэрлэл, төслийг хэрэгжүүлж чадах боловсон хүчин нэн чухал гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.          

Монгол, Орос улс уул уурхай, тэр дундаа ураны салбарт хамтран ажиллахаар яриа хэлэлцээр идэвхтэй явуулан, 2010 онд хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани байгуулж, ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдаж байлаа. “Росатом” корпорацийн хувьд Монголд ураны орд ашиглах, төсөл хэрэгжүүлэх сонирхол бий юу?
Монголын ураны ордуудын талаар ярьж байгааг бид сайн ойлгож байна. Гэхдээ одоогоор энэ сонирхлын тухай ярихад хараахан тохиромжгүй юм. Учир нь дэлхийн ураны зах зээлийн нөхцөл байдал төдий л тааламжтай биш байна. Японы Фүкүшима АЦС-ын ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш огцом унасан. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнээс ч хямд өртгөөр олборлолт явуулж байгаа ураны маш олон орд бий. Ураны зах зээлийн өнөөгийн байдалд ураны орд ашиглах, ийм чиглэлд хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Магадгүй, зах зээлийн нөхцөл байдал сайжрахад энэ асуудлыг бид эргэн харна. Зах зээлийн таатай нөхцөлд ураны бэлэн ордуудыг ашиглах нь зүйтэй. Тэр тусмаа Монголын ураны зарим ордод өнгөрсөн он жилүүдэд судалгааны маш их ажил хийгдсэн шүү дээ.

Дорнод дахь ураны Мардайн ордын тухайд оросуудын ажиллаж байсан гүний уурхай нь Оросын ураны хамгийн том орд болох Стрельцовскийн бүлэг ордтой геологийн тогтцын хувьд тун төстэй. Энэ утгаараа бидэнд ордыг ашиглах ихээхэн туршлага бий. Гэхдээ энэ чиглэлд бид ажиллах эсэх нь зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тодорхойгүй байна. Яг одоо бол ийм төлөвлөгөө компанид байхгүй гэж ойлгож болно.

Танай компани Хятадад ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
“Росатом” корпорацийн хувьд Хятад нь маш чухал талбар. Манай компанийн “Усан удаашруулагч, хөргөлттэй эрчим хүчний реактор” буюу ВВЭР хэмээх аюулгүй технологийн томоохон хүчин чадалтай АЦС-ууд баригдаж байгаа улс бол Хятад юм. Өнөөгийн байдлаар тус улсын Тяньванийн АЦС-д цөмийн эрчим хүчний дөрвөн блок барьж дуусгаад байна. Энэ онд багтаж ашиглалтад орно. Мөн Тяньванийн АЦС-д нэмэлт 2 блок болоод шинэ талбайд 2 блок барих тухай санамж бичгийг “Росатом” корпораци Хятадын China National Nuclear Corporation (CNNC)-тэй энэ оны зургаадугаар сарын 8-нд байгуулсан.

Түүнчлэн, манай компани Хятадад анх удаа хурдан нейтроны АЦС барих төслийг хэрэгжүүлж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсад “Росатом” корпорацийн технологи, загвараар барьж байгуулсан реакторуудад бид цөмийн түлш, баяжуулсан уран зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байна. Эндээс  Хятадтай хамтын ажиллагаа хэр өргөн цар хүрээнд явагдаж байгаа нь харагдаж байгаа болов уу.   

Зүүн Азийн бүсэд Монгол, Хятадтай багтаж буй нэг улс бол Япон. Фүкүшима АЦС-ын ослын дараагаар тус улстай ураны салбарт хамтран ажиллаж байгаа нь сонирхол татаж байна?
Япон улстай хамтын ажиллагааны нөхцөл байдал бага зэрэг хүндрэлтэй байгаа нь нууц биш. Та бүхний мэдэж байгаагаар, тус улсад Оросын технологи, загвар бүхий цөмийн реактор, АЦС байхгүй. Өмнө нь “Росатом” корпораци Япон улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаатай байсан бөгөөд баяжуулсан уран нийлүүлдэг байлаа. Тухайн үед Японы ураны зах зээлийн 10-16%-ийг “Росатом” корпораци дангаар хангаж байсан юм. 2011 он хүртэл тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дийлэнх хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлдэг байсан. Гэвч Фүкүшима АЦС-ийн ослын дараагаар Япон улс АЦС-аас татгалзах шийдвэр гаргаж, тус улс руу баяжуулсан ураны экспорт зогсоход хүрсэн. Ойрын хугацаанд Японд шинээр АЦС баригдахгүй. Гэхдээ “Росатом” корпорацийн хувьд тус улстай хамтын ажиллагаагаа дахин сэргээж, өөрсдийн технологи болон ураны  бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр зорьж, яриа хэлэлцээрийн шатандаа явж байгааг хэлэх байна. 

“Росатом” корпорацийн загвараар барьж байгаа АЦС, реактор нь одоо хэд дэх үеийн технологи вэ?
Манай компанийн загвараар баригдаж буй реакторууд цөмийн эрчим хүчний “III+” үеийн технологи юм. Гурав дахь үеийн ВВЭР технологийн аюулгүй ажиллагаа, хамгаалалт, эрчим хүч ялгаруулах системийг илүү боловсронгуй болгосон.

Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) болон танай компанийн хамтын ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?
Оросын цөмийн эрчим хүчний цорын ганц бөгөөд гол тоглогчийн хувьд “Росатом” корпораци нь Дубна дахь ЦШНИ-тэй нягт хамтын ажиллагаатай. Компанийн зүгээс  боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, хүрээлэнгийн судалгаанд зориулагдах төрөл бүрийн захиалгыг гүйцэтгэж байна. Дубнагийн ЦШНИ-ээс гадна байгалийн цөмийн матери, элементийг таньж ойлгох, ашиглах, шинэ үеийн реактор бүтээх, түлш боловсруулах, түүхий эд баяжуулах чиглэлийн шинжлэл, судалгааны олон тооны хүрээлэнгүүд “Росатом” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг. Бүгд хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.    

Цөмийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч буй “Росатом” корпорацийн оюутны тэтгэлэгт Монголын оюутнууд ч бас хамрагдаж байгаа нь таатай санагдаж байна. Монголын хэчнээн оюутан энэ тэтгэлэгт хамрагдаж байна, цаашид яаж хамруулах талаарх мэдээлэл өгнө үү?
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 100% сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг. “Росатом” корпораци нь цөмийн мэргэжлээр суралцах оюутны тодорхой тооны квотыг Монгол Улсад олгож байгаа юм. Энэ мэргэжлээр суралцах оюутанд тавигдах гол шаардлага нь орос хэлний мэдлэг. Корпорацийн тэтгэлгээр ОХУ-ын Обнинск хотын Цөмийн судалгааны үндэсний их сургуульд одоогоор Монголын хоёр оюутан суралцаж байна. 2017 онд тус сургуулийг төгссөн Монголын  хоёр оюутны нэг нь улаан дипломтой дүүргэсэн. Ирэх жил 2019 онд Монголын таван оюутанд бакалавр, магистр, аспирантур, докторын шатанд суралцах квотыг “Росатом” корпорацийн оюутны тэтгэлгээр олгохоор төлөвлөж байна. Монгол Улсаас тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг шалгаруулан сонгох эрх бүхий байгууллага нь Цөмийн Энергийн Комисс байдаг.

Дахин тодотгон хэлэхэд, зөвхөн цөмийн гэлтгүй шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхэд мэргэжилтнүүд, боловсон хүчнийг бэлтгэхэд Монголд байгуулахаар зорьж байгаа Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв асар чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс Монгол Улс, “Росатом” корпорацийн цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа манай хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаа. “Росатом” корпорацийн санал болгож байгаа цөмийн эрчим хүчний технологи нь байгаль экологийн хувьд аюулгүй гэдгийг энд цохон тэмдэглэе.

Ярилцсанд баярлалаа. 


 
 
 





Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 0 минутын өмнө
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 8 цаг 1 минутын өмнө
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 8 цаг 54 минутын өмнө
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.