Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ

2018-11-30 13:20


Сурвалжилсан Э.Жаргал

001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа. Хот бараадах зардал чирэгдэлгүй, биедээ авч явах аюул эрслэлгүйгээр иргэд орон нутагтаа алтыг олон улсын зах зээлийн ханшаар худалдах нэг цэгийн үйлчилгээ ийнхүү хөдөөд ойртсон нь энэ.


Салбар лабораторид  50 гр алтыг ч сорьцолно

Эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт 2” үндэсний хөтөлбөрийг манай улс хэрэгжүүлээд хоёр  жил болж байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх зорилго тавьсан. Өнгөрсөн онд Монголбанк түүхэндээ 20 тонн алт худалдан авсан бөгөөд энэ онд хоёр тонноор ахиулахаар төлөвлөж байна. Эхний арван сарын байдлаар 15.8 тонн алт худалдан авчээ. Алтны нийт худалдан авалтын 80% нь арилжааны 11 банкаар дамжиж, үлдсэн 20%-ийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс Төв банкинд тушаажээ. Монголбанк орон нутагт алтны албан худалдааг эхлүүлснээр бичил уурхайчдын алтыг татан төвлөрүүлж, алтны худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа юм.

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, зохистой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, бичил уурхайгаас ажлын өөр байранд шилжүүлэх өргөн цар хүрээтэй ажлыг 2005 оноос Швейцарын хөгжлийн агентлаг Тогтвортой бичил уурхай төслөөр дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн. Тогтвортой бичил уурхай төслийн IV үе  шатанд “алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох, ашгийг бодит эзэнд нь хүргэх, алтны худалдааны төвлөрлийг сааруулах” зорилттой юм. Энэхүү чиг зорилтыг “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянтай уялдуулан  хэрэгжүүлснээр орон нутагт алтны сорьц тогтоох лабораторийг хамтран байгуулаад байна.

Төвийн болоод Баруун бүсийн Үнэт металын сорьц тогтоох лаборатори бүхий Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв Дархан-Уул, Баянхонгор аймагт нэгэн зэрэг ийнхүү ашиглалтад орж байна.  Нийт 794 сая төгрөгийн өртгөөр бай­гуул­сан уг ажилд Монголбанк 200 сая, Тогтвортой бичил уурхай төслөөс 394 сая төгрөгийн хөрөнгө оруулсан юм.

Орон нутгийн лаборатори нь олон улсын алтны арилжаанд хүлээн зөвшөөрөгддөг ISO 11426 стандартаар зөвхөн алт шинжилнэ. Лабораторид 1-12 кг хүртэлх алтыг хайлж, гулдмайлан, сорьц тогтоох юм. Хэмжээнээс хамаарч алт хайлах хугацаа 10-40 минут үргэлжлэх бөгөөд 1 гр алтыг хайлах үнэ 50 төгрөг аж. Түүнчлэн, лаборатори нь өдөрт химийн 28 шинжилгээ хийж, нийт 14 гулдмай цутгах хүчин чадалтай. Гулдмайн хэмжээнээс хамаарч химийн шинжилгээ 10-100 мянган төгрөгийн төлбөртэй. Хамгийн гол нь лабораторид сорьц тогтоохдоо алтны гарал үүслийг тодорхой болгох олон улсын зах зээлийн шаардлагын дагуу аль аймаг, суманд олборлосныг бүртгэж эхэлжээ. 



Хаягдал шламаас олж буй ашиг

Бичил уурхайчдын олборлосон алтыг цэвэршүүлэн, хайлуулах нэгэн “бичил лаборатори” Баянхонгор аймагт бас бий. 2010 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс гравитацын аргаар алтыг бусад металлаас салган авах технологийг анхлан Төв аймгийн Борнуур суманд бичил уурхайн салбарт нэвтрүүлж байсан юм. Уг технологиор ажиллах цехийг “Хонгорын хүдэр” компани байгуулсан нь өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулан,  бичил уурхайчдад үйлчилгээ үзүүлж, басхүү аймгийн төсөвт чамлахааргүй орлого төвлөрүүлж байна.

Цехийн үйл ажиллагааг өнгөцхөн харвал бүдүүн баараг, болхидуу гэмээр ч хамгийн гол нь мөнгөн ус, цианит зэрэг ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр хүдрээс  алтыг ялгаж авах ажээ. Хүдрийг нойтон аргаар боловсруулж алтыг хүндийн жингээр тунгааж салгах төхөөрөмжийг “сэгсрэх ширээ” гэх. Хүдэр боловсруулж буй усаа эргэлтийн циклээр дахин ашигладаг байна. ТЭЗҮ-ийн тооцооллоор  цех нь жилд 3040 тонн хүдэр боловсруулж, 84 тонн алт ялгах хүчин чадалтай. Гэхдээ өнөөдрийн үйлдвэрлэлийн гарц 80 орчим хувийг нь хангаж буй гэнэ. Цехийн бутлах, нунтаглах, цэвэршүүлэх буюу хүдрээс алтыг ялган цэвэршүүлэх, хайлуулах гэсэн нийт дөрвөн дамжлагаар 1 тонн хүдрийг боловсруулахад 150-200 мянган төгрөгийн үйлчилгээний хөлстэй. Энд дээд тал нь 100 гр-ын хэмжээтэйгээр алтыг хайлж цутгадаг. Гурван цаг орчим үргэлжлэх энэхүү ажиллагаанд үйлчлүүлэгч өөрийн биеэр байлцаж, хөндлөнгөөс хяналт тавина.  

Уг цехэд боловсруулах хүдрээс алтыг 70-74%-тай ялган авдаг байна. Хаягдал шламд 25 орчим хувийн алт агуулагдаж буй гэсэн үг. Тэгэхээр 1 тонн шламд 7-10гр алт бий гэсэн тооцоо гарна. Үүнийгээ худалдан борлуулж, олсон нийт орлогын 50%-ийг аймаг орон нутагт, 30%-ийг цехийг үүсгэн байгуулагч “Хонгорын хүдэр” компани, 10%-ийг Баян-Овоо сумын ЗДТГ, 10%-ийг бичил уурхай эрхлэгчдэд тус тус хувааж байхаар 2015 онд тогтжээ. Энэ дагуу цехийн шлам борлуулсны орлогоос 1.7 тэрбум төгрөгийг аймгийн “Хөгжлийн сан”-д хандивласнаар нутагтаа авто зарим барих болоод бусад бүтээн байгуулалтад зарцуулжээ. Өнгөрсөн 2017 онд цехийн шламыг худалдсан орлогоос 500 сая төгрөгийн ашгийг аймагт тушаасан байна.   

Монголбанкны Эрдэнэсийн сангийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа:

Орон нутагт алтны албан худалдааг эхлүүлснээр хил гаалиар алт гаргах албан бус худалдааг бууруулах, нөгөөтэйгүүр Улаанбаатар хотыг зорьж очин алтаа сорьцлуулаад Монголбанкинд худалдахаас төвөгшөөж албан бус худалдаа хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хөнгөвчилснөөр Монголбанкны алтны худалдан авалтыг бодитоор нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн мэдээллээр алтны бичил уурхай эрхлэгчид Баянхонгор аймагт нэлээд түлхүү байгаа гэж үзээд Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн нэг салбарыг энд байгуулсан. Лабораторид алтны гарал үүслийн мэдээллийг бүртгэж эхэлснээр албажсан болоод албажаагүй бичил уурхайчдаас хэр хэмжээний алт Монголбанкинд тушааж байгаа нь ирэх жилээс илүү тодорхой харагдах болов уу. Цаашид 2019 онд нэмж хоёр аймагт Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг шинээр нээхээр  төлөвлөж байна. УУХҮЯ, АМГТГ болон бусад холбогдох байгууллагуудтай судалгаа хийсний үндсэн дээр лаборатори байгуулах аймгуудыг сонгоно. 

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбагана:

Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэгт хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын үр дүнд 2017 онд 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн журмыг шинэчиллээ.  Долоон жилийн дараа шинэчлэгдэж байгаа юм. Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ орон нутагт байгуулагдаж байна.  Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг орон нутагт байгуулснаар хэрэгжүүлж байгаа нэг ажил бол алтыг сорьцолж, худалдан авахдаа аль аймаг, сумаас алт тушааж байгаа мэдээллийн бүртгэл юм. Орон нутагт алт худалдан авахдаа бүртгэл хийснээр бичил уурхайчин, ХАМО, аль эсвэл техникжсэн “нинжа” гэдгийг тодорхой хэмжээнд ялгах боломжтой болно. Энэ нь алт олборлолтын гарал үүслийг ил тод болгоход бас нэг шат ахиж байгаа хэрэг юм. Олон улсад алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох хууль эрх зүйн шаардлага өндөр тавигдах боллоо. 

Өнөөдөр Монгол Улсад байгаа бичил уурхайчдын 80 гаруй хувь нь алт олборлож байна. Алтыг хэр хэмжээтэй, хаанаас олборлож, хэрхэн дамжиж тушаагдаж, албан бусаар хаана зарагдаж байгаа талаар мэдээлэл хомс. 

Бичил уурхай эрхлэгчдийн тоо ч мөн тодорхойгүй. Улсын хэмжээнд 60-70 мянга гэж яригддаг. Аймаг сумд, АМГТГ, Монголбанк, Сорьцын хяналтын алба бүгд өөр өөрсдийн хэмжээнд өөр өөр мэдээлэлтэй байдаг. Энэ бүх мэдээллийг нэгтгэж мэдээллийн төвлөрсөн онлайн сан байгуулах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл АМГТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид алт, эрдэс баялгийн худалдаан дээр зөвшөөрөл олголт, хяналт зэрэг ажиллагааг албажуулан цаасан дээр буулгаж, тодорхой хууль эрх зүйн дүрэм журам гаргах шаардлагатай. Энэ тал дээр Тогтвортой бичил уурхай төсөл хамтран ажиллахад бэлэн. 

Стандарт, хэмжил зүйн газрын Дэд дарга Б.Билгүүн:
Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 275 дугаар тогтоолоор орон нутагт үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий Төвийн бүсийн лабораторийг  Дархан-Уул аймагт, Баруун бүсийн лабораторийг Баянхонгор аймагт байгууллаа. 1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын банкны (Монголбанк) дэргэд Үнэт металлын чанар шалгах тасаг анх байгуулагдсан цагаас хойш анх удаа салбар хоёр лабораторийг орон нутагт нээж байна. Төвийн лабораторийн хувьд өдөрт ойролцоогоор 60 гаруй дээжид 180 шинжилгээ хийж, 42-50 гулдмай цутгах хүчин чадалтай. Улсын хэмжээнд алт сорьцлох ганц лабораторитой байсан тул маш өндөр ачаалалтай ажилладаг. Хоёр аймагт нээгдсэн  салбарууд нийт 5 сая тонн алт хайлж, гулдмайлан сорьцлох бүрэн боломжтой. Тиймээс төвийн лабораторийн ачаалал 25%-иар буурна гэж үзэж байна. 

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн химич, шинжээч  Т.Шижирбаатар:
Орон нутгийн лабораториуд зөвхөн алт шинжилнэ. Алтны сорьцыг тодорхойлохдоо байгалийн металлыг хайлж гулдмайлаад нэгэн төрлийн хайлш үүсгэж, түүнээсээ дээж авдаг. Хайлшаас зорж авсан дээжээ цэвэршүүлэн 999 сорьцтой болгож, жингийн аргаар тооцоолох юм. Шинжилгээний зуухыг Австрали, алт хайлах болон гулдмайлах зуухыг Герман зэргээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр лабораторийг тохижуулсан.  Лабораториуд эрхлэгч, хайлагч, химич гэсэн 3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэргэжилтнүүдийг орон нутгаас сонгон шалгаруулалтаар авч, 45 хоногийн хугацаатай төвийн лаборатори дээр дадлагажуулсан. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал:
Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын 89, хайгуулын 79 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Хуулийн хүрээнд ашигт малтмал олборлох идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 орчим аж ахуйн нэгж бий. Үүнд бичил уурхай эрхэлдэг нөхөрлөлүүд ч багтаж байгаа. Бичил уурхай тогтмол эрхэлдэг 300 орчим иргэн байдаг. Гэхдээ аймагт ирж, явж байгаа бичил уурхай эрхлэгчдийн тоог авч үзвэл жилдээ 800-1000-д хэлбэлздэг. Урьдчилсан тооцоо, дүн гаргаж үзэхэд, бичил уурхай эрхлэгчид жилд цэвэр 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгийн эргэлтийг аймагт бий болгож байгаа.

Энэ жил аймгийн газар нутгийн 70 орчим га талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргуулахаар АМГТГ-т хүргүүлсэн. Үүнээс өнөөгийн байдлаар 30 орчим га талбайд давхцалгүй, ашигт малтмал олборлох боломжтой гэсэн дүгнэлт ирээд байна.  

Бичил уурхайчид олборлосон алтаа маш эрсдэлтэй нөхцөлд борлуулдаг, алт худалдан авч байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсан тохиолдол нэлээд гарч байсан. Одоо орон нутагт Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв нээгдсэнээр иргэдийн аюулгүй байдал хангагдах болсонд сэтгэл өндөр байна. Салбар лабораторийг байгуулахад Баянхонгор аймгийн ЗДТГ-аас барилгын засвар, тохижилтод 34 сая төгрөг  санхүүжүүлсэн.  

“Монголын бичил уурхай” нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Д.Баярмаа:
2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа манай холбоо өнөөгийн байдлаар 15 аймгийн 45 суманд 6300 бичил уурхайчдыг эгнээндээ нэгтгээд байна. Бичил уурхай эрхлэгчид олборлосон алтаа олон шат дамжлагагүйгээр тухайн орон нутагтаа бага зардлаар өртөг өндөртэй худалдах нь чухал юм. Сумаас аймаг руу, аймгаас хот руу дамжиж явж алтаа тушаадаг учир бичил уурхайчдын гар дээр очих мөнгө нь бага байдгаас гадна биедээ тээвэрлэхэд аюул эрсдэл ихтэй.
Тогтвортой бичил уурхай төслөөс орон нутагт алт сорьцлох лаборатори байгуулах ажлыг хэрэгжүүлэхээс өмнө бичил уурхайчдын дуу хоолой, санаа бодлыг сонсоод дундын ченжээр дамжихгүйгээр бичил уурхайчид алтаа шууд тушаах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Анх 300 граммаас дээш алтыг орон нутгийн лабораторид сорьцлохоор яригдаж байлаа. Харин одоо орон нутаг хамгийн багадаа 50 гр алтыг сорьцлон, арилжааны банк тухайн өдрийн ханшаар газар дээр нь шууд худалдан авах боломж бүрдсэн их чухал ажил боллоо. 

Баянхонгор аймгийн “Хариуцлагатай бичил уурхайчдын байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн М.Цэцэгээ:
2017 онд байгуулагдсан холбоо маань төрийн бус 10 байгууллага, зохион байгуулалттай 40 нөхөрлөл, 2 хоршооны нийт 800 гаруй гишүүнтэй. Өнөөдөр гишүүдийн 400-500 нь “Спейшл Майнз” компанитай гурван талт гэрээ байгуулан, тус компанийн олборлолт явуулж байгаа Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордын Цагаан-Овоо, Улаантолгой хэмээх газруудад бичил уурхай эрхэлж байна.

Бичил уурхайн зориулалттай дүгнэлт гарсан талбай дутмаг нөхцөлд иргэд эргээд “нинжа” болох магадлал өндөр. Нөгөөтэйгүүр, холбоонд бүртгэлгүй, татвараа төлдөггүй, зохион байгуулалтад ороогүй, журамд зааснаас илүү хүчин чадалтай том оврын техникээр бичил уурхайн олборлолт явуулдаг хувь иргэд АМГТГ-аас газрын дүгнэлт гаргуулаад авч байгаа тохиолдол нэлээд байна. Ийм нөхцөлд албажсан бичил уурхайчид “ажлын байр” болох талбайгүй хохирч хоцрох асуудал бий.

Бичил уурхай эрхлэгчдийн хувьд өдөртөө олборлосон багахан хэмжээтэй алтаа 1 граммыг нь 20-35 мянган төгрөгөөр банкны ханшнаас хямд ченжид худалдаж хоногийн хоолоо залгуулдаг. Тэрхүү алт 2-3 ченжийн гар дамжин Монголбанкинд тушаагдаж байна. Харин одоо орон нутаг дахь Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээний лаборатори байгуулагдсанаар бичил уурхайчдын бага хэмжээтэй алтыг сорьцолж, арилжааны банк тухайн өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар худалдан авах боломж бүрдлээ. 
 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 16 минутын өмнө
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 9 цаг 17 минутын өмнө
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 10 цаг 9 минутын өмнө
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.