Анхны дугаар, арван жил

2018-11-29 13:47


Н.Ариунтуяа 

The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ. Монголын уул уурхайн салбар дахь анхны төрөлжсөн сэтгүүл MMJ монгол, англи хэлээр уншигчидтайгаа эхэлж уулзсанаас хойш 10 оныг өртөөлөн, 120 дахь дугаараа Уншигч таны гар дээр тавьж байна. 
  
Уул уурхай төдийгүй сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн, төрөлжсөн сэтгүүл бий болж, төлөвшин тогтсон энэ үе цаг Монгол орны хөгжлийн онцгой он жилүүдтэй давхацжээ. 96 жилийг туулж яваа эрдэс баялгийн салбарын намтрыг зузаалсан түүхэн мөчлөг болон хадгалагдах арван он байлаа. Оргилдоо тулж, бас ёроол руу ч унаж үзсэн арван жил юм. Эдийн засгийн өсөлт тэлэлт, уруудалт уналт бүхэн уул уурхайн салбарын хөгжилтэй уялджээ.


  
MMJ сэтгүүл мэндэлсэн 2008 он буюу Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр эхэлсэн тэр өдрүүдээс салбарын хөгжилд шинэ үе ирсэн юм. Дэлхийн эдийн засаг хямарч, Монгол Улс ч санхүүгийн гүн хямралд ороод байсан эгзэгтэй үед  Засгийн газар стратегийн ордод байгуулах анхны гэрээний хэлэлцээрт орж байв. Гадаад таагүй орчин нөхцөл, дотоодын эсэргүүцэл тэмцэлтэй зэрэгцэн жил орчим үргэлжилсэн хэлэлцээрээр ерөнхий зарчмаа тохирч, таван жил царцсан төслийг хөдөлгөснөөр түүх шинээр бичигдэж эхэлсэн. 

Тэр өдрүүдээс хойш манай улсын уул уурхайн салбарт асар их бүтээн байгуулалт өрнөжээ. Зэлүүд уудам тал нутагт орчин цагийн уурхайнууд шав тавьж, хөрсөө хуулж эхлэв. Улмаар үйлдвэрлэл эрчимжиж, гадагшаа экспорт хийж, эдийн засгаа тэлсэн он жилүүд байлаа.  

Энэ арван жилд Монгол Улсын экспортын бүтцэд өөрчлөлт орсон юм. Нүүрсний экспорт анх удаагаа зэсийг давамгайлсан нь /2010 он/ “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулснаас хойшхи гурван арван жилд тохиосон түүхэн үзүүлэлт байлаа. Нэг бүтээгдэхүүний бүтцээс ийнхүү олон нэр төрлийн бүтээгдэхүүний экспортоос хамаарах бүтцэд шилжсэн нь эдийн засагт суурь том хүчин зүйл болсон билээ. Арван жилийн өмнө сураггүй байсан нүүрсний экспорт эдүгээ нийт экспортын 40 гаруй хувийг эзлэхүйц нөлөө бүхий салбар болж хувирчээ. Нүүрснээс гадна газрын тос,   аливаа улс орны хувьд стратегийн чухалд тооцогддог төмрийн хүдэр нь экспортын бүтээгдэхүүний төрөлд өөр, өөрийн байр суурийг баттай эзэлж чаджээ.   

Боломж, эрч хүчээр дүүрэн, залуу зах зээл рүү тэмүүлсэн өрсөлдөөний үр дүнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх компаниуд Монголд орж ирсэн, бас буцаад ч гарсан юм. Эрдсийн салбарын хүрээ, далайц өргөжихийн хэрээр бүхий л төрлийн ханган нийлүүлэлт, үйлчилгээ энэ салбарт нэвтрэхдээ олон улсын өндөр стандартыг нутагшуулж, дагаад үндэсний компаниуд дэлхийн стандартаар өсөн дэвжсэн билээ. 

Салбарын хөгжил эрчимжихэд Монголын уул уурхайнхан бизнесээ тэлэх шинэ орон зайн эрэлд мордон, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс шингэн түлш гаргаж авах СТL зэрэг технологийн судалгаанууд руу ханцуй шамлан орж байлаа.  

Арван жилийн дараах өндөрлөгөөс харахад урагшилсан, ахьсан зүйл арвин их. Бас удааширсан, гацсан, царцсан, зогссон ажил түүнээс мундахгүй олон. 

Эрдсийн захын өндөр өсөлтийн үед Азийн Саудын Араб болно хэмээн хөөрч дэвэрч явахдаа нүүрс коксжуулна, ураны үйлдвэрлэл явуулна, зэс хайлуулна, төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлнэ гэж мөрөөдөж байжээ. Сэтгэлийн хөөрлөөр цаасан дээр үйлдвэрлэлийн цогцолборууд олноор босгож, элдэв макетад өч төчнөөн хөрөнгө үргүй хийсгэж орхисон туршлага бас л энэ арван жилийнх. 

Гэхдээ хоосон макет, тэнгэрийн мөрөөдөл биш ажил хэрэг болчихоор олон гоё төсөл байлаа. Харамсалтай нь явах гэж байсан төслүүд гацаж, царцаж, зарим нь үлгэн салган мөлхөж байгаа нь бодит үнэн юм. 

Тавантолгойг Оюутолгойн дайтай цогц том төсөл болгож, бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах, хувь заяаг нь бөмбөрцгийн том компаниудад даатгаад, татвар хураамжаа тултал аваад сууж байх, авто замаар нүүрсээ гэлдрүүлэх биш, төмөр замаар сүнгэнүүлэх, өмнийн говьд цахилгаан станц байгуулах, зэс, алтны салбарт Цагаансуварга, Гацууртын төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих боломжууд байсан билээ.  

Энэ арван жилд улсын эдийн засаг хямран доройтсноор ОУВС-гаас хоёронтаа тусламж гуйж /2009, 2017 он/, эдийн засгийг аврах хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдаад байна. Бас арван жилд эдийн засаг 17%-ийн өсөлтөөр цойлон /2011 он/, жил гарангийн дараа /2013 он/ шалдаа бууж дэлхийг гайхашруулжээ. Орд газруудаа гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах зарчмыг тодорхойлсон бодлогоо зарлан /2008 он/, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурж /2009 он/, гадаадын хөрөнгө оруулалтын гурав дахь том давлагааг эхлүүлсэн ч эргээд хязгаарлаж хумьсан хуулиар дүрвэхэд хүргэж /2012 он/, төд удалгүй хуулиа цуцлан /2013 он/, бууж болох бүх л буултыг хийн, эргэж буцан мунгинасан түүхийн мөчлөг өнгөрчээ.  

Бас улс орны түүхэнд хамгийн богино настай Засгийн газрууд эрх барьсан он жилүүд байлаа. 10 жилд 8 дахь Засгийнхаа нүүрийг үзэх гэж буй улс төрийг туулжээ. Улс төр бужигнахад дагаад улсын эдийн засаг сульдан доройтож, түүний хэрээр гол тулгуур багана болсон уул уурхайн салбар тогтворгүй, тодорхойгүй байдлын завсарт дэнжигнэн савлаж ирэв. Эргээд харахад зах зээлээс илүүтэй улс төрийн шийдлээс хамаарсан уналт, сэргэлтийг уул уурхайн салбар туулжээ. Алдаж, алдсанаа олж харж, түүнийгээ засч залруулахыг хичээсэн оролдлогуудаар баялаг он жилүүд байсан хэдий ч бодлогын тогтворгүй байдал Монголын уул уурхайн салбарын хөгжилд хамгийн том тээг, чөдөр тушаа болж иржээ. Засгийн газрын нас богиносохын хэрээр уул уурхайн салбарт алсын хараа, бодлого төлөвлөлт, залгамж чанар алдагдсаар ирснийг улирч одсон он цаг сануулж байна.

Гэвч алдаа, онооноосоо авч үлдсэн туршлага их, бас бэрхшээл сорилтыг давсан үндэсний компаниуд, боловсон хүчнээр салбар бэхэжсэн нь хамгийн том дэвшил юм. Монголын эрдэс баялгийн салбар сорилт шалгуур, эрсдэл бэрхшээлийг даван, туршлага бяд суусан он жилүүд билээ. Энэхүү туршлага, түүхээ дөрөөлөн ирэх арван жилд илүү баялаг түүх бүтээж, эрч хүчтэйгээр урагшилж чадна гэсэн итгэл өөдөө байна. 

Ирэх арван жилд Монголыг дэлхийд таниулж буй төсөл Оюутолгойн үйлдвэрлэл оргилдоо хүрнэ. Оюутолгойн нийт баялгийн 80 гаруй хувь оршдог гүний уурхай ашиглалтад орно. 2020 оны сүүлчээс гүний уурхайн анхны олборлолт эхэлж, 2027 онд нийт хүчин чадалдаа хүрснээр дэлхийн зэс-алтны хамгийн том уурхайн нэг болно. Дагаад өнөөдөр Оюутолгойгоос эдийн засаг, макро орчинд үзүүлж буй нөлөөлөл дөрөв дахин нэмэгдэнэ. 

Ирэх арван жилд уул уурхайн төмөр замд эргэлт гарна.  Монголын уул уурхайн эмзэг сэдэв болсон нүүрсний тээврийг хүссэн хүсээгүй төмөр замаар хийхээс аргагүйд хүрнэ. Дагаад Тавантолгойн орд дээрх компаниудын өрсөлдөх чадвар сайжирч, хамтдаа өндийн босч ирэх асуудал юм. 

Түүнчлэн эрдсийн салбарын эрхзүйн  зохицуулалт шинэ шатанд гарч, уул уурхайн зохицуулалтыг цогцоор нь, системтэй харсан орчинг бий болоосой гэх хүлээлт бас байна. Ирэх он жилүүдэд Монголын уул уурхай хөгжлийн шинэ шатаар урагшлах болтугай.  

MMJ сэтгүүл арван насны төрсөн өдрөөрөө өнгөрсөн 10 жилийн салбарын түүх, хөгжлийн тоймыг нэгтгэн харахыг эрмэлзсэн төрөлжсөн дугаараа Эрхэм Танаа толилуулж байна. MMJ-ийг сонгож уншдаг эрхэм Уншигч, Захиалагч, Харилцагч танд барихыг хүссэн бэлэг  билээ. 




  • Лхагвадорж (202.21.118.178)
    2008 оны Намар бараг Өвлийн эхэн сар байх УБ-с Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялалд мэргэжил нэгт нөхөдтэй хамт явж билээ тэгэхэд MMJ -ийн сурвалжлагч сэтгүүлч өндөр охин нэрийг нь санахгүй байна хамт явж ийм сэтгүүл гарч байгаа талаар хэлж мэдээлэл бэлтгэж зураг дарж хамтдаа сайхан аялсан дурсамж сэргэж байна Болороо агсны үүсгэн байгуулсан энэхүү сэтгүүл улам бүр сайжирч улсын болон хувь хүний хөгжилд тус нэмэр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байна Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • монгол (66.181.184.197)
    Баяр хүргэж амжилт хүсье
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 31 минутын өмнө
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • Уржигдар 23 цаг 06 минутад
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.  
  • 2021-02-25 16:47
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
  • 2021-02-25 13:36
    Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
  • 2021-02-24 16:37
    “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.