Шинээр тодрох уул уурхайн төмөр замууд

2018-11-23 11:52

The Mongolian Mining Journal /Sep.2018/

Э.Оджаргал

Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа. Тэр тусмаа төмөр замын төслүүдийг хөдөлгөх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарал тавьж, энэ жилийн хувьд нэлээд эрчимтэй ажиллаж байна.

2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичигт өөрчлөлт оруулж, хоёр чиглэл нэмсний зэрэгцээ бодлогын баримт бичигт туссан уул уурхайн зориулалтын төмөр замын төслүүдийг хариуцах компаниудыг шинээр байгуулах зэрэг үйл явдал төмөр замын салбарт өрнөөд байна.  

Зургаадугаар сарын 29-ний өдөр УИХ-ын хаалтын чуулганаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл  батлагдсан юм. Нэмэлт өөрчлөлтөөр бодлогын баримт бичигт Эрдэнэт-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр чиглэлийг нэмж тусгасан. Ингэснээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт-Шивээхүрэн 45.5км, Тавантолгой- Гашуусухайт 267км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380км, Хөөт –Бичигт 200 км   зэрэг 900  км дээр нэмээд Эрдэнэт-Арцсуурь 780км болон Зүүнбаян-Ханги 280км  нийтдээ 1900 орчим км зам болж байгаа юм.

“Тавантолгой төмөр зам”


“Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолыг наймдугаар сарын 8-ны өдөр баталсан. Шинээр байгуулах компани нь Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой ордоос хилийн Гашуунсухайт боомт хүртэлх 267 км төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгож байгаа. 

“Тавантолгой төмөр зам” компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын төр буюу “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшинэ. Харин “Тавантолгой төмөр зам” компанийн 49% гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй. Өөрөөр хэлбэл, төслийн 49%-д хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагч нь урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, гуравдагч зах зээл рүү транзит тээвэр хийх зэрэг чадвартай гадаадын хуулийн этгээд байх шаардлагыг Монголын Засгийн газраас тавьж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчийн тухайд одоогоор Хятадын “Шенхуа” групп  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 49%-д хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.    

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил  нь  үндсэндээ 8 дахь жилдээ яригдаж байна. Жилд 30 сая тонн тээвэрлэх хүчин чадал бүхий нарийн царигтай төмөр замын төсөл нийт 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй.  Төсөлд төрөөс 279 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд өнөөгийн байдлаар замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай, газар шорооны ажил 86%-ийн хэрэгжилттэй байгаа юм.

“Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах чиглэлээр  “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой”-н хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээр хэлэлцэж байгаа эхний асуудал бол төрөөс төсөлд оруулсан 279 сая ам.долларыг “Монголын төмөр зам” компаниас шинээр байгуулагдах аж ахуйн нэгж (Тавантолгой төмөр зам) рүү шилжүүлэх ёстой. Аудитын байгууллагаар баталгаажсаны үндсэн дээр хөрөнгө “Тавантолгой төмөр зам” компанийн дүрмийн сан руу орох юм байна. Хоёрдугаарт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг хэлэлцэх учиртай. Шаардлагатай 790 сая ам.долларын тодорхой хэсгийг санхүүжүүлэх эрхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Засгийн газрын зүгээс  олгосон. Компани 200 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой. Ингэхдээ нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх замаар хөрөнгө оруулалтаа шийдэхээр төсөөлж байна.

Ажлын хэсэг  есдүгээр сард багтаан “Тавантолгой төмөр зам” компанийг улсын бүртгэлд бүртгүүлэн, төслийн ажлыг энэ онд   эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ жилийн хувьд төслийг хөдөлгөх хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийж, ирэх оны хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлэн маш богино хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж дуусгах зорилттой ажиллаж байна. 

“Шивээхүрэн төмөр зам”

Наймдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компанийг “Нарийнсухайтын төмөр зам”-тай хамтран байгуулж, хамтарсан компанийн төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” -д эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. “Шивээхүрэн төмөр зам” компанийн 51%-ийг “Монголын төмөр зам” компани эзэмших бол  49%-ийг МАК, “Өсөх зоос”, SGS, “Чинхуа МАК” зэрэг компаниуд багтсан Консорциум удирдах юм. Одоо “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулах асуудлаар “Монголын төмөр зам” нь Консорциумтай гэрээ хэлэлцээр байгуулах ажил ид явж байна.

“Шивээхүрэн төмөр зам” компани нь Өмнөговь аймгийн хилийн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх  үүрэгтэй. Энэхүү чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны III улиралд багтаан эхлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар Засгийн газрын тогтоолд заахдаа барьж, шилжүүлэх Концессоор хэрэгжүүлэхээр тусгасан. Ойролцоогоор 15 жилийн хугацаатай Концессийн гэрээ байгуулахаар яригдаж байгаа тухай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Цэнгэл хэлж байна. “Шивээхүрэн  төмөр зам” компанийн 49%-ийг эзэмших МАК компанийн тэргүүлсэн Консорциум  100% төслийн хөрөнгө оруулалтыг хариуцна. Консорциумын зүгээс хөрөнгө оруулалтын асуудлаар Хятадын түнш компаниудтай хэлэлцээр хийж буй аж. БНХАУ-ын талын хөрөнгө оруулалтыг компаниуд нүүрсээр төлж барагдуулах урьдчилсан тохиролцоо яригдаж байна.  

Гэхдээ дэлгэмэл уртаараа 39 км Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн боомтын төмөр замын царигийн асуудал шийдэгдээгүй байгаа юм. Царигийн хэмжээг УИХ-аас тогтоох журамтай. УИХ-ын Намрын чуулганд тус чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг өргөн барихаар “Монголын төмөр зам” компани төлөвлөжээ. Одоогоор консорциум төмөр замыг өргөн, нарийн аль царигаар барих саналыг холбогдох яамдаас авах ажил хийгдэж байна. 

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд 2017 онд нийт 11.9 сая тонн нүүрс авто машинаар тээвэрлэсэн. Хүнд даацын автомашинаар жилд 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэх, нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурах давуу талтай хэмээн энэ төмөр замын ач холбогдлыг тодорхойлж байна. 

Өнөөгийн байдлаар Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд газарт 5-6 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нүүрс угаах 4-5 үйлдвэр баригдаж, зарим нь эхнээсээ ашиглалтад ороод байгаа юм. Түүнчлэн тус орд газрын хавьцаа шинээр үйл ажиллагаа явуулахаар 10 орчим компани эрх авчээ.


“Зүүнбаян төмөр зам”

Тавдугаар сарын 23-ны өдөр батлагдсан Засгийн газрын 153  дугаар тогтоолоор Монголын төрийг төлөөлж “Монголын төмөр зам” компанийн 51%, “Дорнын төмөр зам” компанийн 49%-ийн оролцоотой хамтарсан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулахаар болсон билээ. “Зүүнбаян төмөр зам” компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Энэхүү төслийг зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн Концессоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Жилд 25 сая тоннын хүчин чадалтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн өргөн цариг бүхий төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах өртөг 3.1 их наяд төгрөг буюу 1.2 тэрбум ам.доллар гэсэн тооцоо байна.

“Зүүнбаян төмөр зам” компанийн 49%-ийг эзэмших “Дорнын төмөр зам” нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хөрөнгө оруулалтыг хариуцах юм. Энэ дагуу “Дорнын төмөр зам”  компани Хятадын 3-4 аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийж байгаа талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл мэдээлсэн. Тэрээр талуудын оролцоотой хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, “Зүүнбаян төмөр зам” компани байгуулах асуудлаар яриа хэлэлцээр хийгдэж байгааг ч дуулгасан.   

 “Зүүнбаян төмөр зам” компанийн 49%-ийг эзэмших “Дорнын төмөр зам”-ын тухайд “Болдтөмөр Ерөө гол” компанийн охин компани юм. 2012 оны Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Сайншанд -Тавантолгой  чиглэлийн 225 км  өргөн цариг бүхий  төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх Концессийн 20 жилийн гэрээгээр “Дорнын төмөр зам” компанид хэрэгжүүлэх эрхийг өгч байжээ. “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьд Засгийн газрын 2008 оны 134 дүгээр тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу уул уурхайн хүнд даацын 1520 мм царигтай нийт 115 км дэлгэмэл урттай төмөр замыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт барьсан. Энэхүү Баянгол төмөр зам нь Монгол Улсад сүүлийн 40 жилд анх удаа хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын суурь бүтэц юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэл нь Тавантолгой ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян баг дахь УБТЗ-ын төмөр замын өртөөтэй холбогдох учиртай. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын төмөр замын төв магистральтай холбогдон, хойшоо Оросын Алс Дорнодын боомтоор дамжин, гуравдагч зах зээлд хүрэх хилийн шинэ гарц нээх зорилттой. 

Нөгөөтэйгүүр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Хятадтай хиллэх Ханги боомт хүртэл 281 км төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичигт нэмж туссан 2 чиглэлийн нэг. Зүүнбаян-Ханги чиглэлийн өргөн цариг бүхий төмөр замыг барихад ойролцоогоор 1 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай. Энэ тооцоог Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын өртгөөр жишжээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн өргөн цариг бүхий төмөр зам нь жилд 15-21 сая тонн ачаа тээвэрлэх  хүчин чадалтай байх юм.   Уг төслийг ямар компани хэрэгжүүлэх талаар Засгийн газраас шийдвэрлээгүй байгаа. 

“Нортерн рейлвейс”

Төр-хувийн хэвшлийн түншлэлээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсад хэрэгжүүлэх нэг төсөл бол Эрдэнэт-Овоот чиглэлийн 574 км төмөр зам юм.

Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймагт орших нүүрсний Овоот орд хүртэлх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  “Аспайр Майнинг”-ийн Төмөр зам хариуцсан салбар компани “Нортерн рейлвейс” эзэмшиж байна.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг зураг төсөл боловсруулах, барих,  ашиглах, шилжүүлэх  нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай Концессоор хэрэгжүүлэх гэрээг Монголын Хөрөнгө оруулалтын газартай 2015 онд байгуулсан байдаг. Концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Урьдчилсан тооцоогоор 4-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн нийт өртөг 1.25  тэрбум ам.доллар буюу 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай. Жилд 22.2 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын төмөр замын (China Railway) салбар компаниуд болох CR20BG, FDSI хариуцах юм.

Төслийн өнөөгийн явцын тухайд ТЭЗҮ-ийг энэ оны эхний улиралд дуусч, одоо ТЭЗҮ-ийг орчуулах шатанд явааг “Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл мэдэгдсэн.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам нь   УБТЗ-ын суурь бүтэцтэй холбогдох учир компани “Нортерн рейлвейс”, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Ажлын хэсэг УБТЗ, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замууд дээр  нэмж ирэх ачаа тээврийн хүчин чадлыг уялдуулан тооцох судалгаа хийж байна. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.   

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д нэмж туссан Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замын нэг хэсэг бөгөөд Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төмөр замын Хойд коридорын “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” бүрэл­дэ­хүүнд багтаж байгаа юм. 


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.