Н.Баттулга: Монголын уул уурхайн салбарт Төслийн менежментийн мэргэжилтэн хомс байна

2018-10-25 10:34



Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (PMI)-гийн Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал болоод байгууллагын үйл ажиллааны талаар “Пи Эм Ай Монголиа Чаптер”ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баттулгатай ярилцлаа.


Ярилцсан Э.Жаргал         

Ярилцлагын эхэнд PMI байгууллагын талаар танил­цуулна уу.
PMI нь ашгийн бус мэргэжлийн байгууллага. Өдгөө дэлхийн 185 оронд 300 гаруй салбартай. Анх 1969 онд АНУ-д төслийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хамтран  PMI буюу Төслийн удирдлагын хүрээлэнг байгуулсан юм. Энэ нь олон нийтийн сайн дурын байгууллага бөгөөд төслийн удирд­лагын салбарыг хөгжүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлыг нэгтгэж стандартад оруулах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилготой. 

Энэ дагуу 1980 оноос хойш төслийн менежментийн PMBOK стандартыг хөгжүүлэн гаргаад байгаа юм. Стандарт боловсруулахын зэрэгцээ төслийн удирдлагын боловсрол олгож, 8 төрлийн мэргэшсэн зэрэглэл тогтоож, сертификат олгодог. Сертификатууд нь тухайн мэргэжилтний төслийн удирдлагын мэргэшсэн байдлыг илтгэх шалгуур болж, бүх улс оронд хүлээн зөвшөөрөгддөг. 

Дэлхий даяар нийт 1.5 сая орчим мэргэжилтэн PMI-ийн сертификат эзэмшиж байна. Төслийн удирдлагын олон улсын стандартыг эзэмшиж, байгууллагадаа нэвтрүүлэхийн тулд цөөнгүй жил энэ чиглэлээр суралцан мэргэших, ажиллах туршлага хуримтлуулах учиртай. 

Монгол Улсад PMI-ийн салбар хэзээ байгуулагдсан бэ?
Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ нь 2014 оны зургадугаар сард бүртгүүлсэн. Монголд PMI байгууллагын салбарыг байгуулахад “Оюутолгой” компанийн удирдлага болон тус чиглэлээр ажилладаг бизнесийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцож хөгжүүлсэн юм. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд цөөнгүй мэргэжилтнийг Монголд бэлтгэх шаардлага гарсантай холбоотой байх. Одоо бол тус байгууллагын үйл ажиллагааг монголчууд бие даан хариуцаад авч явж байна.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” нь PMI байгууллагын Зүүн Азийн бүсийн салбарт харьяалагддаг. Энэ бүсэд Монгол  болон Хятад, Тайван, Хонконг, Өмнөд Солонгос, Япон зэрэг 6 улс багтдаг. Өнөөгийн байдлаар PMI-ийн төслийн удирдлагын сертификатыг эзэмшсэн 50 гаруй мэргэжилтэн Монголд бий. Манай салбар байгууллага 150 гаруй гишүүдтэй, гишүүдийн тоо жил бүр 30 гаруй хувиар тогтмол нэмэгдэж, энэ чиглэлээр мэргэшин ажиллах залуусын оролцоо улам бүр өссөөр байна.

Миний хувьд 2017 оны нэгдүгээр сард тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр дахь жилдээ ажиллаж байна. Томоохон төсөл хэрэгжүүлэхэд боловсон хүчний мэдлэг дутагддаг асуудлыг биеэр мэдэрдэг хүний хувьд олон улсын бэлэн байгаа стандартуудыг эх орондоо түлхүү нэвтрүүлэх, монгол компаниудынхаа чадавхийг дээшлүүлэхсэн гэх хүсэл эрмэлзлээр ашгийн бус энэ байгууллагад сайн дураараа ажиллах болсон.

Олон төсөлд гар бие оролцон ажилласан хүний хувьд Монголдоо Төслийн менежментийг хөгжүүлэхийн ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ? 
Би дээд сургуулиа төгсөөд л Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд хяналтын камер суурилуулах төсөлд томилогдон ажилласан юм. Түүнээс хойш цөөнгүй төсөл дээр ажиллажээ. Хамгийн сүүлд олон улсын хэмжээний том төсөл болох Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын төсөл дээр ажилласан. Шинэ нисэх буудлын бүхий л мэдээллийн системийг манай компани суурилуулсан. Энэ ажлыг удирдсан. Төслийг олон улсын үндэстэн дамнасан SITA компанитай хамтран хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдтэй харьцуулахад энэ төслийг олон улсын стандартгүйгээр хэрэгжүүлэхэд бэрх.

Жишээ нь Шангри-Ла зочид буудлын бүтээн байгуулалт маш том төсөл. Төсөлд хамтран ажиллах олон компанийг уялдуулан, хөрөнгө оруулалт татах, зөв зохистой зарцуулах, ажлуудаа төлөвлөгөөний дагуу цаг тухайд нь гүйцэтгэх зэрэг нарийн үйл ажиллагаанууд нэгэн зэрэг явагддаг. Төвөгтэй энэ олон үйл ажиллагааг төслийн менежмент, удирдлагаар л зохицуулдаг.

Өнөөдөр Монгол Улсад асар олон төсөл хэрэгжиж байна. Тэр бүхэнд өндөр зардлаар гадаадаас Төслийн менежментийн удирдлага, баг урьж ажиллуулдаг. Манай улсын хөгжлийн нэн чухал энэ цаг үед олон улсын туршлагаас суралцах, төслийн менежментийн стандартуудыг эзэмших, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэлхийн түвшинд хүргэх нь зайлшгүй шаардлага болон тулгарч байна.

Эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төслүүдийг үр ашигтай, амжилттай хэрэгжүүлэхэд мэдээж төслийн менежмент, удирдлагын мэргэжилтэн чухал үүрэгтэй.  Уул уурхайн салбар дахь Төслийн менежментийн өнөөгийн байдлыг Та хэрхэн харж байна вэ? Энэ чиглэлээр юу хийх шаардлагатай гэж үздэг вэ?
Ирээдүйд Монгол Улсад уул уурхайн салбар илүү далайцтай явах нь тодорхой. Хайгуул, олборлолт, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд уул уурхай, түүнийг дагасан бүхий л төслүүдэд төслийн менежмент зайлшгүй шаардлагатай. Үүнийг дагаад төслийн менежментээр мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээ ч нэмэгдэнэ. Одоо ч уул уурхайн салбарт төслийн менежментийн мэргэжилтэн хомс байна. Байгаагаа илүү мэргэшүүлэх, чадавхжуулах шаардлагатай. Төслийн менежментийг эзэмших нь хувь хүн, мэргэжилтнүүдэд төдийгүй цаашлаад Монгол Улсад ч чухлыг онцлон хэлье.

Уул уурхайн салбарт төслийн менежментийг сайн хэрэгжүүлж байгаа “Оюутолгой”, “Энержи Ресурс” гээд компаниуд цөөнгүй. Тодорхой хөрөнгө оруулалт хийж, тодорхой хугацаа зарж, уул уурхайн мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчин, судлаач, мэргэжилтнүүдээс гадна барилга, технологи, инженерингийн чадавхтай олон компаниуд оролцож байж төсөл хэрэгждэг. Ялангуяа мега төслүүдийг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд олон улсын стандартуудыг чандлан мөрдөж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Үнэнийг хэлэхэд, олон улсын чанартай томоохон төслүүдийг Монголын компаниуд дангаараа гүйцэтгэх бололцоо байхгүй. 

Тэгвэл Төслийн менежментийн стандарт гэж юу вэ? Олон улсын ямар стандартууд байдаг юм бэ? Монголд ямар стандартуудыг нэвтрүүлээд байгаа вэ?
Аливаа төслийг хэрэгжүүлэхэд төслийг хөгжүүлэхээс эхлээд гүйцэтгэж дуусгах, үр дүнг танилцуулах хүртэлх бүхий л процессыг олон улсын стандартын дагуу явуулах учиртай. Төслийн менежментийн чиглэлээр олон стандарт бий. Их Британи, Япон, Өмнөд Солонгос гээд улс орнууд өөрийн стандартуудтай. Тэдгээрээс хамгийн түгээмэл ашиглагддаг, шалгарсан PMBOK стандартыг АНУ-ын Пенсильван мужид төвтэй PMI байгууллагаас гаргасан юм. PMBOK  стандарт дээр суурилсан Төслийн удирдлагын ISO 21500 стандарт нь Монгол Улсад 2013 онд батлагдсан. ISO 21500 стандарт улс орнуудын Төслийн менежментийн стандартуудын сайн жишгийг авч, хураангуйлан товч боловсруулсан стандарт юм.

Төслийн менежментээр мэргэших, PMI стандартуудад суралцах мэргэжилтнийг хэрхэн бэлтгэдэг вэ?
“Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Төслийн менежментийн олон улсын стандартыг эзэмшүүлэх сургалтууд юм. Стандартуудыг сэдэв сэдвээр нь хуваасан 14-15 төрлийн сургалтын хөтөлбөртэй. Сургалтын дараах шалгалтад тэнцсэн мэргэжилтэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгогддог. Төслийн менежмент, удирдлагад мэргэшсэн сертификат олгох сургалтад хамрагдахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Хамгийн багадаа гурван жил төсөл удирдсан байх гэх мэт. Шаардлага хангасан тохиолдолд 6 сараас нэг жилийн хугацаанд сургалтад хамрагдана. Төслийн менежмент, удирдлагад мэргэшихэд 3-5 жил шаардагдана.    
       
Түүнчлэн, төслийн удирдлагаар мэргэшихээс өмнөх шатны сертификат олгох сургалтын хөтөлбөр манайд бий. Бүх хүмүүст нээлттэй, тодорхой шалгуур тавигдахгүй. Сургалтын 30 цагт хамрагдсан тохиолдолд Төслийн менежерээр мэргэшсэнийг нотлох сертификат олгодог. Манай байгууллагаас олгодог PMP сертификат олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Төслийн удирдлага, менежерийн чиглэлээр дэлхийн аль ч улсад ажиллах эрхтэй. 

Сургалтаас гадна төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааг “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллага явуулдаг. Компаниуд өөрийн хэрэгжүүлж буй төслийн тэргүүн туршлагаас хуваалцаж ярилцдаг сар бүрийн уулзалт байна. Мөн Ментор хөтөлбөрөөр төслийн чиглэлээр өндөр туршлагатай мэргэжилтнийг дагалдан суралцдаг. Гадаадаас төслийн мэргэжилтэн багшаар урьж сургалт явуулдаг. Хамгийн сүүлд гишүүддээ зориулан Өмнөд Солонгосын Йонсей Их сургуулиас мэргэжлийн багш урьж Төслийн менежментийн  чиглэлээр сургалт зохион байгуулсан. “Пи Эм Ай Монголиа Чаптер” нь хувь хүн гишүүдэд суурилсан байгууллага бөгөөд гишүүн болсноор олон давуу талыг эдэлж, дээрх арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болдог.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” нь үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхийн тулд компаниудтай нягт хамтран ажиллах ёстой юм байна. Компаниуд, байгууллагуудын хамтын ажиллагааныхаа талаар сонирхуулахгүй юу?
Тийм шүү. Боловсон хүчин бэлтгэх сургалт хөтөлбөрүүд, сайн туршлагаасаа бусадтай хуваалцах зөвлөлдөх уулзалт, олон улсын бага хурал зохион байгуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг маань компаниуд дэмжиж хамтран ажилладаг. “Оюутолгой” компанийн мэргэжилтнүүд, төсөл дээр ажиллаж байгаа залуучууд манай байгууллагын сургалтад түлхүү хамрагддаг. Мөн “Эрдэнэс Монгол” компанийг онцгойлон дурдахыг хүсч байна. Тус компани нь манай байгууллагын олон улсын хурлыг хоёр жил дараалан дэмжиж, сургалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Сургалтын гэрээний хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн олон мэргэжилтэн Төслийн удирдлагын сургалтад хамрагдаж байна. “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл сарын хуралд маш сонирхолтой илтгэл тавьсан. Уул уурхайн төслийн удирдлага болон бодит туршлагаасаа хуваалцсан чухал илтгэл болсон. Мөн үндэсний томоохон компаниуд болох “Юнител” групп, “М Си Эс Проперти”, “Интернэйшнл” болон “Премьюм” групп (2 жил дараалан ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа), “Ай Ти Зон” зэрэг олон компани идэвхтэй дэмжин хамтран ажилладаг. 

Олон улсын ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ?
Дэлхийн бүх л томоохон компаниуд PMI байгууллагын гишүүд.  Олон улсын хэмжээнд сертификат эзэмшдэг 1.5 сая мэргэжилтэн тэдгээр компанид ажиллаж байна. Сүүлд БНХАУ-ын “Алибаба” групп Зөвлөх компанийн статустайгаар PMI байгууллагын гишүүнээр элссэн. Энэ жилийн олон улсын бага хурлын Платинум спонсор болж буй дэлхийд тэргүүлэгч “Huawei” компани мөн л PMI байгууллагын идэвхтэй гишүүн. Бүхий л салбарт төсөл хэрэгжүүлж байгаа дэлхийн томоохон компаниуд PMI-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулан олон улсад өрсөлдөхүйц болохдоо боловсон хүчнээ PMI байгууллагаар бэлтгэх нь чухал ач холбогдолтой.

Энэ чухал ажлыг Монгол Улсын төр засгийн зүгээс хэр анхаарч дэмждэг бол?     
Төр засаг руу хандсан хэд хэдэн уулзалтыг “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагаас зохион байгуулсан. Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж саналаа танилцуулсан. 

Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ жилээс “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын зөвлөхөөр ажиллаж байна. Судалгаанаас үзэхэд Монгол Улсад хэрэгжиж байгаа нийт төслийн дийлэнхийг Засгийн газраас удирддаг юм билээ. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгждэг маш олон төсөл бий. Тиймээс бид төслийн менежментийн удирдлагын чиглэлээр Засгийн газарт хамтран ажиллах хүсэлт тавиад явж байна. Уриалгахан хүлээн авч байгаа. Энэ хүрээнд Удирдлагын академийн сургалтыг PMI-ийн сургалтын хөтөлбөрөөр явуулах тухай санамж бичгийг “Пи Эм Ай Монголиа Чаптер” тус академитай энэ жил байгуулсан. Санамж бичгийн дагуу Удирдлагын академийн суралцагчдад Төслийн менежментийн хичээл PMI-ийн хөтөлбөрөөр явагдах болсон нь бидний хувьд том дэвшил юм.
 
Цаашдаа Төслийн менежментийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажил их бий. Тэр бүхэнд төр засагтайгаа хамтран ажиллахад бололцоо нээлттэй. Улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа бидний хувьд төр засагтайгаа хамтран ажиллах нь сайн дурын үйлсэд маань урам зориг, итгэл өгөх учраас төрийн бүх л түвшний байгууллагуудаас боловсон хүчнийг олноор хамруулах, түлхүү оролцуулахыг хүсч байна. Тиймээс манай байгууллагын үйл ажиллагааг Засгийн газраас дэмжинэ гэдэгт найдаж байгаа.

Манайд төслийн менежментийг хөгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, цаашдын боломжийг хэрхэн харж байна вэ?
Дэлхийн хэмжээнд төслийн менежментийн сертификат авсан мэргэжилтнүүдийн тоотой харьцуулахад манай улсад маш цөөхөн хүн мэргэшсэн. Өнөөдрийн 50 гаруй мэргэжилтний тоог дор хаяж 500 хүргэх ёстой. Мэргэжилтний тоог нэмснээр Монгол Улсын төслийн менежментийн өрсөлдөх чадавхийг эрс сайжруулна. Мэргэшсэн мэргэжилтнийг олноор бэлтгэх хэрэгтэй байна. Энэ нь тийм ч хүнд ажил биш. Өмнө нь мэргэшсэн сертификатыг маш өндөр зардлаар хилийн чанадад суралцаж авдаг байлаа. Одоо бол Монголдоо суралцаад авах боломж байна. Энэ бол  монгол мэргэжилтнүүддээ олгож буй маш том боломж юм.  

Монгол Улсад төслийн менежмент, системтэй удирдлага байхгүйгээс төслүүд алдагдалд орох, хэрэгжих хугацаа хойшлох, гацах, зогсох, дампуурах зэрэг эрсдэлүүд ажиглагддаг. 5 жил баригдаж байгаа байшин, 10 жил яригдаж байгаа төмөр замын төслүүдийн жишээ байна. Тиймээс юуны түрүүнд Төслийн менежмент, удирдлагын ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Ойлгохын тулд төр засаг, төсөл хэрэгжүүлэгч компаниуд PMI байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нягт хамтран ажиллах хэрэгтэй байна.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагаас зохион байгуулах V бага хурлын онцлогийг тодруулж ярина уу. Уул уурхайн төслийн менежмент, үр нөлөө, үзүүлэлтийн талаар яригдах уу? Хуралд ямар мэргэжилтнүүд илтгэл тавих бол?
Манай байгууллага жил бүр олон улсын бага хурал зохион байгуулдаг. Энэ жилийн хурал манай байгууллагын 5 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Төслийн удирдлагын V бага хурал нь томоохон төсөл хэрэгжүүлэгчдийг нэг дор цуглуулна. Монголын болон Ази Номхон далайн шилдэг төслийн менежерүүдийн бодит үр дүнд хүрсэн амжилтын түүх, лекцүүдийг сонсож, туршлага солилцох, өөрийн байгууллагадаа өөрчлөлт хийх оновчтой санаа олж авах, удирдлагын аргачлалаа шинэчлэх боломжийг олгоно. Хуралд Зүүн Азийн салбарт харьяалагддаг орнуудаас мэргэжилтнүүд, идэвхтэн гишүүд, сайн дурын байгууллагууд, АНУ-ын төв PMI-ийн дэд Ерөнхийлөгч оролцоно. Түүнчлэн, “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын түнш дэлхийн түвшний компаниуд “Huawei”, “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, МАК групп зэрэг нь Төслийн менежментийн тэргүүн туршлагаасаа хуваалцаж илтгэл тавина. Эхний өдөр шилдэг илтгэгчдийн илтгэлийг сонсоно. Хоёр дахь өдөр тэргүүн туршлагууд дээр дадлага ажил хийж, сонирхолтой кейсүүдийг ярилцах workshop зохион байгуулна. Мөн хурлын үеэр “Пи Эм Ай Монголиа Чаптер”-тай хамтран ажилладаг Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудаас “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч компани”, “Шилдэг төслийн менежер”  тодруулан шагнал гардуулна. Нэг ёсондоо хурал маань төслийн менежментийн мэргэжилтнүүдийн баяр болно.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын энэ жил хийсэн томоохон ажил нь Монгол Улсын төслийн салбарын судалгаа. Судалгааны үр дүнг хурлын үеэр танилцуулна. Монгол Улсад төслийн салбарын өнөөгийн түвшин, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, боловсон хүчний хэрэгцээ шаардлага, цаашид хэрхэн сайжруулах, төслийн нэгж байгууллагын удирдлага зохион байгуулалт, төслийн ач холбогдлыг удирдах түвшний хүмүүс хэрхэн үнэлж буй зэрэг өргөн цар хүрээ хамарсан сонирхолтой судалгаа байгаа. 

Бидний хувьд улсынхаа хөгжил, ирээдүйд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. Цахим хувьсгал, дэвшилтэт технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө цагт нийгэм, эдийн засгийн хөгжлийг төслийн менежментийн стандарттай хэрхэн уялдуулан авч явах талаар гол илтгэлүүд чиглэнэ. Үндсэн илтгэлүүдийн тухайд PMBOK стандартын шинэчлэл, технологийн эрин зуунд төслийн менежментэд түлхүү нэвтэрч, хэрэглэгдэж буй аргачлалуудыг танилцуулна. Жишээ­лэхэд төслийн менежментийн Agile стандарт маш хүчтэй явж байгаа. Энэ стандартыг хөгжиж буй оронд хэрхэн нэвтрүүлэх, ашиглах асуудлыг хэлэлцэнэ. Хурлын хүрээнд нийт 30 гаруй илтгэл тавигдах юм. 

Бага хурал “ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭХ ТӨСЛИЙН ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд  аравдугаар сарын 26-27-ны өдрүүд “Бэст Вестерн Туушин”-гийн хурлын танхимд болно. Та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урья.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 31 минутын өмнө
    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
  • Өчигдөр 18 цаг 22 минутад
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
  • Өчигдөр 10 цаг 36 минутад
    Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
  • Өчигдөр 00 цаг 00 минутад
  • 2019-06-21 15:38
    Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.