“Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн баярын хурал боллоо

2018-10-19 12:09


Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн  “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн баярын хурал, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр”-ээс төрсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан зэрэг алдартнууд оролцсон юм. Монгол Улсын уул уурхайн их бүтээн байгуулалтад оролцож явсан  үе үеийн төлөөллүүд  баярын хуралд уригдан  иржээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын хурлыг нээж хэлсэн  үгэндээ “2017 он бол үйлдвэрийн 40 жилийн түүхэнд онцлог жил болж өнгөрлөө. Олборлосон зэсийн хүдрийн агуулга түүхэндээ хамгийн бага буюу 0.495% байсан хэдий ч үйлдвэрийн гол үзүүлэлт болох метал авалтыг түүхэндээ хамгийн өндөр буюу 89.28%-д хүргэсэн. Үүнийгээ дагаж эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд   ч өндөр  гарлаа” хэмээн тодотгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг  хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн Зөвлөлтийн болон Оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин хамт олонд баяр хүргэж  үг хэллээ.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм” гээд   “Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд 2016 онд 183.7 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 600 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа нь нийгмийн хариуцлагаа өндөрт өргөгч, үндэсний манлай үйлдвэр гэдгээ нотлохын зэрэгцээ улс орны эдийн засгийн чадавхийг өсгөх, төсвийн сахилгыг өндөржүүлэх талаар манай Засгийн газраас тавьж буй зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр болж байна” гэлээ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан “Их бүтээн байгуулалтын үед газар газраас ирсэн илгээлтийн эздийн эрч хүч үнэхээр оргилж, өнөөдрийн бидний гайхамшигтай зорилгодоо хүрсэн түүхтэй. Энэ сайхан үйлсийг бүтээлцсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье” хэмээн мэндчиллээ.  Тэрээр  1972 оноос “Эрдэнэт үйлдвэр”-тэй хувь заяагаа холбосон бөгөөд  1988 онд буюу  үйлдвэрийнхээ 10 жилийн ойгоор уг шагналыг хүртжээ. Харин 20 жилийн ойгоор тус үйлдвэрийн анхны Монгол захирал Шагдарын Отгонбилэг агсан “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн юм. Түүнчлэн 1973 онд Г.Сандуйжав байгууллагынхаа анхны Төрийн соёрхолт цол авч байжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн  2017-2031 оны хөгжлийн Үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны олон жилийн туршлагадаа тулгуурлан боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн  сайшаасан  юм. Тус үйлдвэр нь  2018 оны эхний есөн сарын байдлаар төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-116%-иар биелүүлжээ. Ойн жилийн хүрээнд үйлдвэрийн хэтийн төлөвөө нарийвчлан тогтоож, хөгжлийн 15 жилийн үндсэн чиглэлээ гаргаж, ТУЗ-аар дэмжүүлэн батлуулж хэрэгжүүлээд байна.   

Үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөж, жил бүрийн бизнес төлөвлөгөөг нарийвчлан хэрэгжүүлэх тооцоотой ажиллаж байгааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон. Үндсэн үйлдвэрлэлийнхээ цех дамжлагуудын тоног төхөөрөмжүүдийг цех тус бүрээр 17-44%-иар шинэчилж байгаа аж.  2016 онтой харьцуулахад 2018 онд геологи, хайгуулын ажлаа хоёр дахин нэмэгдүүлжээ.  Цаашид дээр дурьдсан ажлын үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, дахиад 60 жил ажиллах боломжтой байгааг тэрээр индэр дээрээс тодотгон хэллээ.

Баярын хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр Авто тээврийн байгууллагын хүнд даацын белазын жолооч Ууган-Эрдэнэ, цахилгаан засварчин Энхболд, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэгээр засвар механикийн заводын ороомогчин   Саруултуяа, геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч  Октябарь нарыг шагнаж урамшууллаа. Мөн “Хайрлан жаргах эх орон”  хүндэтгэлийн концерт , хүндэтгэлийн хүлээн авалтаар баярын арга хэмжээ үргэлжилсэн юм.

Г.Идэрхангай

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 8 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.