2016 оны уул уурхайн өрнөл

2018-10-19 10:24


Сэтгүүлийн хуудаснаа 2016 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Хоёр жилийн өмнөх хуудсыг сөхье. Тэртээх өдрүүдэд эргэн зочилно уу.    


Г.Идэрхангай 

Эрдсийн зах дээр үнэ тасралтгүй унасан амаргүй үеийг туулсаар 2016 онтой золгов. Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн зах зээлийн уналтыг 2016 оны дундаас сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд горьдлого найдвар тавин хүлээж, тэсч үлдэх менежментийг дор бүрнээ хийж байлаа. Үндэстэн дамнасан гигант компаниудын үнэлэмж буурч, найдвар багатай төслүүдээ түрүүчээсээ зарж эхлэв. Нүүрс, төмрийн хүдрийн ордуудад ийм хэлцэл олноор яригдсан ч бодит худалдан авалт огт хийгдсэнгүй. “Рио Тинто”, “Англо Американ”, BHP Billiton, Glencore зэрэг үлэмж компанийн үнэлэмж, зээлжих зэрэглэл нь буурч буйг он гарсаар томоохон банкууд анхааруулж эхэлсэн юм. 

Хамгийн өөдрөг байсан “Рио Тинто” ч стратегиа эрс өөрчлөн, групп даяараа зардал хэмнэх менежментэд шилжив. Риогоос эхлээд дэлхийн уул уурхайн том компаниуд ордуудаа зарж, ногдол ашгаа танаж, зардлаа бууруулахыг эрдсийн зах зээлийн төлөв улам бүр хүчтэй тулгасан юм. Улмаар 2016 оны хоёрдугаар сард “Рио Тинто” хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгаа нэмэгдүүлэх бодлогоо орхихоор болсноо албан ёсоор зарлав. “2016 он бол 2015 оноос ч илүү хүнд жил болно” гэсэн ноён Сэм Уолшийн үг уул уурхайн компаниудыг бүр ч хүнд үед бэлтгэлтэй байхыг сануулсан хэрэг боллоо. ВHP-ийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи ч мөн Сэм Уолшийн үгийг бататгах мэт “2016 оны санхүүгийн жилийн эхний хагаст түүхий эдийн үнэ нэлээд хэмжээгээр буурсан нь салбарыг бүхэлд нь нэрмэж байна. Иймд бид үргэлжлүүлэн зардлаа танаж, үйл ажиллагаагаа сайжруулахад төвлөрөх болно” гэсэн нь нөхцөл байдлыг ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр илэрхийлсэн үг байлаа. 

Монголд ч ялгаагүй компаниуд үйл ажиллагаагаа хумьж, төсөл хөтөлбөрүүдээ царцааж эхэлснийг 2016 оны уул уурхайн нөхцөл байдал тодхон харуулдаг. Тэргүүлэх компаниудын сул зогсолт, менежментийн цомхотгол гэсэн үгс хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Арванзургаан оны амаргүй нөхцөлд гялтайх ганц сайн мэдээ нь эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлсэн явдал юм. 
Оны эхнээс л  зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч буйгаа нуулгүй илэрхийлсээр ирсэн Mongolian Mining Corporation нь ВNР Paribas болон ICВC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүйд хүрснээ гуравдугаар сарын 23-нд мэдэгдсэн нь Монголын нүүрсний салбарт “аянга” буух шиг л мэдээ болов. АНУ-д коксжих нүүрсний хэд хэдэн компани дампуурлаа зарлаад буй үед Монголын цорын ганц угаасан коксжих нүүрс борлуулдаг жишиг болсон компанийн мэдэгдэл мэдээж хүнд цохилт байсан юм. 


Нүүрс олборлогч “Монголын Алт”, “Саусгоби Сэндс”-ийн нөхцөл байдал ч хүнд байлаа. Дэлхий дахинаа “нүүрсний эрин үе дуусаж байна” хэмээн гадаад, дотоодын хэвлэлүүд бичиж байлаа. Гэхдээ долоон сарын дараа аравдугаар сард Mongolian Mining Corporation бондын хөрөнгө оруулагчид болон BNP, IСBC зэрэг зээлүүлэгчидтэйгээ өрийн бүтцийн шинэчлэлээ амжилттай тохирч чадсан билээ. Энэхүү хэлцлийг MCS группын Ерөнхийлөгч, “Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Бүтэн жилийн менежментийн үр дүнд сайн мэдээ ирлээ” хэмээн тодотгосон. Үнэхээр энэ нь “Энержи Ресурс” төдийгүй  Монголын нүүрсний салбарынханд эерэг мессеж байсан юм.

Эрдсийн захын хямрал бага зэрэг цаашилж, долдугаар сарын дунд үеэр төмрийн хүдрийн үнэ, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний үнэ ч мөн адил өсөх тал руугаа хандаж эхэлсэн нь зах зээл шинжээчдийн төдийгүй салбарын компаниудын хувьд аз тохиосон хэрэг болов. Хятадын түүхий эдийн эрэлтийн өсөлт саарсан ч тус улс дотоодын үр ашиг багатай жижиг уурхайнуудыг хаах бодлого хэрэгжүүлснээр ийнхүү зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлсэн юм. 
Уул уурхайн салбарт зах зээлийн нөхцөл байдал хэдий хүнд байсан ч олон  чухал бодлого, шийдвэрүүд гарч байсныг дурдалгүй өнгөрч боломгүй. 

Аж үйлдвэрийн яам 2016 онд суурь аж үйлдвэрийн төслүүдийг хөдөлгөх томоохон амбициа ил тодоор зарласан нь MMJ-ийн хуудаснаа үлджээ. Өмнөх жил нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо Үйлдвэрлэлийг дэмжих хуулиудтай хамтад нь батлуулчихсан тус яам ойрын 15 жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ерөнхий зураглалаа гаргачихсан итгэл төгс ажиллаж байж. Тэдэн дотроос нефть, зэс хайлуулах үйлдвэрийн төсөл жин дарж байлаа. 30 жил яригдсан энэ хоёр мега төсөл сонгуулийн жилд л амь ороод, замхарч алга болох вий гэсэн болгоомжлол тухайн үед олон нийтэд төрж байсныг нуух аргагүй юм. Эрдэнэт, Цагаансуварга, Оюутолгойг түшиглэн Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгуулахаар болсон тухай салбарын сайд Д.Эрдэнэбатын итгэл төгс мэдэгдэл, Монголд хүнд үйлдвэр, тэр дундаа хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын суурь бичиг баримтууд 2016 онд нэлээд чамбай боловсрогдон гарч ирснийг энд онцлох учиртай. Тэр ондоо бүтээн байгуулалт нь эхлээд, өдийд бараг ашиглалтад орсон байхаар яригдаж байсан Зэс хайлуулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогдод, Газрын тосны үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтан-ширээ суманд байгуулах  шийдвэрийг дараагийн  Засгийн газар гаргасан билээ. 

2016 оны уул уурхайн өнгийг тольдохуйд Монголын ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэд орохоор бэлтгэгдсэн тухай мэдээлэл MMJ-ийн хуудаснаа үлджээ. “Мон Атом” компани Францын “Арева” групптэй  хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах  суманд орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордыг ашиглахаар “Орд ашиглах гэрээ”-гээ амжилттай байгуулсан төдийгүй төдхөн “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь”-ийн уран ашиглах тусгай зөвшөөрлүүдийг “Арева Майнс”-д шилжүүлсэн тухай мэдээлэл тухайн үед онцгой анхаарал татаж байсан билээ. 

Ийнхүү  сайн муу, сайхан муухай сүлэлдсэн уул уурхайн их өрнөл дунд хэсэг хугацаанд нам жим байсан Тавантолгойн асуудал дахин анхаарлын төвд орж ирсэн удаатай. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай зэрэгцээд “Саусгоби Сэндс” компанийг Тавантолгойд олборлогчоор ажиллуулах Засгийн газрын шийдвэр гарав. Гэхдээ эдгээрээс илүү чухал нэг мэдээлэл нь Тавантолгойн төмөр замын санхүүжилттэй холбоотой асуудал байсан юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Энэтхэгийн тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэн, богино хугацаанд барьж дуусгах итгэл найдвар замхран одов. Учир нь Энэтхэгийн зээлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барихыг Хятадын тал дэмжихгүйгээ илэрхийлсэн тухай мэдээлэл MMJ-д нийтлэгджээ. Ингээд өнөө маргаашгүй тавьчихна гэсэн төмөр зам ямар ч санхүүжилтгүй хоцров.  Өөрөөр хэлбэл, энэ төмөр замд дахин санхүүжилт хайх ажил дараагийн Засгийн газрын толгойн өвчин болж үлдсэн билээ. 

Парламентын сонгууль дөхөх тусам Ардчилсан намын сонгуулийн солиорол хэрээс хэтэрч, “Эрдэнэс Тавантолгой”-н иргэд эзэмшиж буй 1.65 их наяд төгрөгийн хувьцааг бүгдийг худалдаж авахаар шийдэв. Хувьцааг амь оруулна, мөнгөжүүлнэ гэсэн гоё чамин үгсээр халхавчлан, сонгуулийн хугацаанд 500 орчим тэрбум төгрөг тараасан нь “Эрдэнэс Тавантолгой”-г элгээр нь хэвтүүлэх шалтгаан болсныг дурдах хэрэгтэй. “Чалко”-гийн 120 орчим сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өрөөс дөнгөж 10 гаруй саяыг төлөөд байсан “Эрдэнэс Тавантолгой” улс төрийн сонгуулийн энэ мэт элдэв солиорол дарамтыг туулсаар 2017 онтой золгосон билээ. 

Зургаадугаар сарын 24.  Сонгуулийн өмнөх эл өдөр Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри Ла  зочид буудалд сүр жавхлантай өрнөснийг MMJ сурвалжлан хүргэжээ. Монгол Улсын Сайд М.Энхсайханы удирдлага дор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хийсэн олон үе шаттай яриа хэлэлцээний дүнд төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар “М-Си Эс” групп шалгарсныг энэ үеэр зарласан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс бизнест эргэн ирж байгаагийн нэгэн том үйл явц нь Тавантолгойн цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол” хэмээн индэр дээрээс цогтой нь аргагүй хэлснийг  MMJ сурвалжлан бичжээ. 

М.Энхсайхан: Өдөр тутмын ажил хэрэг, бизнесийн маш сайхан мэдээлэл болж олон түмэнд очоосой

Тавантолгой цахилгаан станц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, төслийн компанийн хооронд байгууллаа. Парламентын ээлжит сонгуулийн босгон дээр буюу сонгуулийн нүсэр их мэдээллийн урсгал дотор энэ үйл явдал болж байна. Энэ бол улс төр биш, ямар нэгэн сонгуулийн сурталчилгаа биш. Өдөр тутмын ажил хэрэг, бизнесийн маш сайхан мэдээлэл болж олон түмэнд очоосой гэж би хүсч байна. 2013 оноос эхэлсэн төслийн хүрээнд маш их ажил хийгдлээ. Гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар “М-Си Эс” групп шалгарсан. Уг төсөлд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Юутай ч  энэ хөрөнгө оруулалтын 30%-ийн санхүүжилт шийдэгдсэн. Гадаадын банкууд төслийг сонирхож байна. Тэр дундаа Япон, БНСУ-ын банкууд төслийг санхүүжүүлэхээр ярьж байгаа. Энэ жилдээ багтаад үндсэндээ хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх байх.

Гэвч энэ үйл явдлаас хойш жилийн дараа  төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар тунаж үлдсэн “Марубени” төслөөс гарч, бусад талуудын тухайд ч Тавантолгой цахилгаан станцыг сонирхох боломжгүй, сонирхсон тохиолдолд өндөр баталгаа нэхсэн дүр зураг угтсан. Хэзээ ч хагарч болох шилтэй адилтган зүйрлэж байсан Тавантолгойн цахилгаан станц төслийн хувь заяа өнөөдөр тун ч ойлгомжгүй болж хувираад байна. 

Ерөнхийдөө 2016 оны зургаа, долдугаар сард Монголын эдийн засаг, уул уурхайн хувь заяатай холбоотой олон үйл явдал шил даран өрнөжээ. Тавантолгойн цахилгаан станц төслийн гэрээ зурагдахын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 23-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүнүүд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан түүхт явдал дэлхийн анхаарлыг татсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар энэхүү гурван талт уулзалт зохион байгуулагдсан юм. 


Гарын үсэг зурах ёслолоос хэдхэн хоногийн дараа буюу парламентын сонгуулийн өмнөх өдрийн үдэш Монголын нийгэмд түгсэн шуугиант үйл явдал нь ОХУ-тай хамтран эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн Оросын талын 49%-ийг Монгол Улс худалдан авч, бүрэн эзэмшихээр болсон тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэнэтийн мэдэгдэл байлаа. Монголчуудад энэ мэдээ тааламжтай сонстоно гэдэгт Ерөнхий сайд итгэл төгс байсан ч олон сар сунжирсан улс төрийн халуун маргааны эхлэлийг тавьсан юм. Яг энэ халуун өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Хятад улс дахь албан ёсны айлчлалаа эхлүүлж, стратегийн түнш Хятад улсын удирдагч Ши Жинпинтэй 11 дэх удаагаа түүхэн уулзалт хийснийг MMJ онцолжээ. 

Удалгүй хөрш Монгол Улсад 100 жилд ганц удаа тохионо хэмээн тодотгож байсан АСEM буюу Ази-Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтад оролцохоор 11 орны Ерөнхийлөгч, 24 орны Ерөнхий сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, тусгай элч, элчин сайдууд, Европын холбооны Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол Улсыг зорин ирцгээсэн юм. Монголын нэр хүнд ийнхүү дэлхий ертөнцөд сайн, саараар дуудуулсан үйл явдлууд зуны хэдэн сарыг дамнан үргэлжилжээ.  

Харин парламентийн сонгуулийн дараа бүрдсэн шинэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ гэж толгойгоо гашилгаж байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат наймдугаар сард анх улс орны эдийн засгийн талаар мэдээлэл хийхдээ хямралын нөхцөлд хүрээд байгааг онцлоод, эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж, төсвийн тодотголтой хамт өргөн барихаа мэдэгдсэн билээ. Сангийн дэд сайдын хэлснээр 26 их наяд төгрөгийн өртэй Монгол Улс 2017 онд 6.6 их наяд буюу жилийн төсвийн орлогоосоо давсан өрийн үйлчилгээний төлбөр төлөх тооцоотой байлаа. Энэ мөнгийг төлөх чадвар сульдсан эдийн засагт байсангүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы орныг, УИХ-ын дарга М.Энхболд Бээжинг зорьж, Хятадын дарга Ши Жинпинтэй ганцаарчлан уулзаж, 2  хүртэл %-ийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьсан. Ерөнхий сайд Шинзо Абэ хямралыг давахад бүх чиглэлээр хамтран ажиллана, ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдвал Япон улс хөнгөлттэй зээл олгоно гэдгээ илэрхийлсэн юм. Хямралыг эмчлэх жор нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах явдал гэдгийг улсаараа хүлээн зөвшөөрч, Засгийн газар ч энэ чиглэлд бэлтгэлийг хангахаар ажилласан нэгэн он байлаа.  

2016 оны сүүлээр Монголын парламент 2017 оны төсвөө хэлэлцэх гэж халуухан маргаан өрнүүлсэн юм. Төсвийн төсөл ДНБ-ий 9.9%-тай тэнцэх 2.6 их наядын алдагдалтай. Улсын төсөв өмнө нь ингэж олон нийтийн анхаарлын төвд хэлцэгдэж байгаагүй билээ. Түүнээс ч илүү хүлээлт үүсгээд байсан нь Эдийн засгийг хүндрэлээс гаргах онцгой төлөвлөгөө байв. Удтал хэлэлцсэний эцэст зэс, нүүрсийг өөдрөгөөр төсөөлсөн төсөв бэлдэв. Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төслийг дагасан бүтээн байгуулалт, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, Гацууртын алтны орд, ДЦС-3-ыг 250 МВт-аар өргөтгөх төсөл гээд томоохон төслийг хөдөлгөж эхлүүлснээр эдийн засгийг 3%-иар өснө гэсэн төсөөлөл 2016 оных. Харин өдгөө дээрх төслүүдээс Оюутолгойгоос бусад нь “хөдөлсөнгүй”.  

2016 онд Салбарын яамны хувьд уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөрүүд эхлүүлэх чиглэлээр янз бүрийн гарц хайж байсан нь сэтгүүлийн нийтлэл, сурвалжлагуудаас тодхон харагддаг. Тусгай зөвшөөрөл олгох талбайг Төрөөс зарлахаас өмнө орон нутгаас эхэлж санал авах зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгахаар ажиллаж, Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тусгай роялтигаар орлуулах асуудлыг УИХ-д оруулсан, Уурхайн хаалтын хуулийн төсөл боловсруулсан гээд олон үйл явдал 2016 оны уул уурхайн салбарын өнгийг тодорхойлдог. Харамсалтай нь өнөөдөр тусгай зөвшөөрлийн асуудал улам будилж, Гацууртын ордын төсөл гацаж, Уурхайн хаалтын хуулийн агуулгыг Уул уурхайн тухай хуулийн төсөлд багтаасан ч аль нь ч ажил хэрэг болж чадалгүй бүдгэрээд байна.  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 59 минутад
    Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
  • Уржигдар 18 цаг 56 минутад
    Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.  Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
  • Уржигдар 18 цаг 26 минутад
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.
  • Уржигдар 13 цаг 17 минутад
    Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
  • Уржигдар 10 цаг 14 минутад
    Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.