Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хөгжлийн банк 500 сая долларын бонд амжилттай босгов

Хөгжлийн банк санхүүгийн зах зээл дээрээс 5 жилийн хугацаатай 7.5%-ийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг амжилттай босгосон байна. Энэхүү бондыг босгосноор улсын өр төлбөр барагдуулах, валютын нөөцийн зохистой хэмжээг хадгалахад дөхөм болно гэж тайлбарлаж байна. Ирэх долоо хоногийн эхээр бондын мөнгө шилжиж орж ирэхээр хүлээгдэж байгаа ажээ. Өр дарах зорилгоор босгосон энэхүү бондын худалдан авалтын захиалга хол давж биелсэн бөгөөд бондыг эргүүлэн төлөх хугацаа нь 2023 оны аравдугаар сарын 23-наар товлогджээ.

Монголын гадаад бондын өгөөжийн түвшин сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрсэн нь манай улсад бонд босгоход ерөнхий нөхцөл байдал ашигтай байсныг харуулж байна. Нөгөөтэйгүүр Монголбанкны Ерөнхийлөгч бондыг Засгийн газрын баталгаагүйгээр босгосон нь нэгэн амжилт болсныг тодотголоо. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд эрдсийн үнэ ханш дээшилж, үүнийгээ дагаад Засгийн газрын орлогын хэмжээ нэмэгдэж байгаа юм. Энэ нь манай улсын гадаад үнэт цаасны эрсдэл буурч байгаа гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад өгч буйн илэрхийлэл ажээ.  

Засгийн газрын хувьд ирэх онд 380 сая ам.долларын өр төлбөр төлөхөөр хүлээгдэж байгаа юм байна. Харин энэхүү бондыг босгосноор гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой явдал болж байгааг төв банк мэдэгдлээ.

Төв банкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 2.86 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 78.5%-иар өссөн ч өмнөх сарынхаасаа даруй 100 орчим сая доллар буюу 3.35%-иар буурсан үзүүлэлт боллоо.

Төв банк валютын нөөц бүрдүүлэх бас нэгэн арга хэрэгсэл болох алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч алт худалдан авалт эхний есөн сарын байдлаар 14.3 тоннтой байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ялимгүй буурсан үр дүнг харуулж байгаа юм.