Нүүрсний зах зээлийн шинэ боломжийг Монгол ашиглаж чадах уу?

2018-10-17 10:33

The Mongolian Mining Journal 2018.009/118

Э.Оджаргал

Монгол Улсын нүүрсний салбар 2008 оноос хойших өнгөрсөн 10 жилд зах зээлийн өсөлт, уналтын аль аль мөчлөгийг туулсан билээ. 2016 оны сүүлээс зах зээл сэргэж, үнийн өсөлт тогтвортой үргэлжилж буй таатай мөчлөгийн энэ үед монголчуудад хоёр дахь боломж гарч ирж байна. 

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өнгөрсөн жилийн “Coal Mongolia” чуулган дээр Хятадын зах зээлд Монголын нүүрсний өрсөлдөх боломж, экспортын зорилтот зах зээлийг үндсэн гурван бүсэд хуваан тодорхойлж байсныг уншигч та бүхэн санаж буй бизээ. Тэрээр “А бүс буюу Өвөрмонголын Бугатын төмөрлөгийн үйлдвэр, томоохон хэрэглэгчид байрласан Вухай муж нь Тавантолгойн нүүрсний өрсөлдөхүйц зах зээл. Энэ бүс нутаг нь Гашуунсухайт-Ганцмод боомтоос 500-800 км зайтай оршдог. Уг бүсэд Австрали, Канад, Оросын нүүрс “бараа сураггүй”. Ийш чиглэх Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт “ногоон” бодлогын хүрээнд буурч буй тул Монголын нүүрс давамгайлах боломжтой. В бүс нь нүүрсээ төмөр замаар тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэх Гансү, Хэбэй, Шанси, Нинша муж юм. 

Энэ бүсэд Монголын нүүрс Хятадын дотоод болоод Австралийн нүүрстэй өрсөлдөнө. C бүс буюу Хятадын гүнд орших гол зах зээлд түүхий эдийн хамгийн их үйлдвэрүүдтэй, эцсийн хэрэглэгчид бий. 

Худалдаа нь далайгаар хийгддэг. Тянжины боомт, Шандун муж орших энэ бүсэд одоогоор Монголын нүүрсний өрсөлдөх чадвар тун бага. Зах зээлд нүүрсний үнэ өссөн үед өртөг өндөртэй ч Монголын нүүрсийг хүргэж тодорхой хэмжээнд борлуулах боломжтой. Нүүрсний үнэ буурсан тохиолдолд Монголын нүүрс энэ бүс нутагт Хятадын дотоодын болон Австралийн нүүрстэй өрсөлдөж чадахгүй” гэж байсан билээ. Тэгвэл энэхүү чиг хандлага улам тодорч байна.  



Чиг хандлага 

Монголын нүүрс давамгай өрсөлдөхүйц дээрх бүс нутгуудад эрэлт улам нэмэгдэж байгаа нь энэ жилийн “Coal Mongolia” чуулганы гол мессэж байлаа. Хятадын төрийн “ногоон” бодлогын нөлөөгөөр далайн эргийн хотууд болоод төвийн бүсийн үйлдвэрлэл танагдаж байгаа ч зах зээлийн нийт эрэлт байгаа учир үйлдвэрлэлийн эрч, хэмнэл эх газар руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний хүрэх гэж эрмэлздэг зах зээлийн эрэлт хэрэгцээ улам ойртож байна” хэмээн “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ удаагийн илтгэлдээ нүүрсний гол зах зээлийн шилжилт хөдөлгөөний хандлагыг тодотгосон юм. 

“Хятадын зах зээлийн нөхцөл байдлыг авч үзвэл сүүлийн жилүүдэд гангийн үйлдвэрлэл тогтворжсон. “Ногоон” эдийн засгийн бодлогын хүрээнд агаарын бохирдолд нөлөөлөх үйлдвэрүүдийг хаах, илүүдэл хүчин чадлыг танах зорилт нь зах зээлийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлсэн гэж харж байна. Гангийн үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлыг шат дараалалтайгаар танаж байгаа ч үлдсэн хүчин чадлын ашиглалт сайжирч байна. Тэгэхээр гангийн үйлдвэрлэлийн үр ашиг нь нэмэгдэж, үйл ажиллагаа нь илүү тогтворжиж байгаа юм. Зах зээл нь тогтворжоод ирэхээр гангийн эрэлт өсөлттэй байна. Хүнд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танах бодлого нь дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт, импортын хэмжээг ч хязгаарлаж байгаа. Гангийн үйлдвэрлэл тогтвортой өсөлттэй байгаа тул нүүрсний нийлүүлэлтийн хомсдол үүснэ. Хомсдол үүссэнээр зах зээлд нүүрсний үнэ өндөр тогтоно. Гэхдээ Хятад нь өөрөө асар том зах зээл учир бүс нутаг, муж болгоны үйлдвэрлэлийн хандлагыг анзаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Бээжин хот, далайн зүүн эргийн бүс нутгийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой хүнд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танах төрийн бодлогын хэрэгжилтээр энэ бүс нутагт гангийн үйлдвэрлэл, түүнийгээ дагаад коксын үйлдвэрлэл хасах үзүүлэлттэй байгаа юм. 

Гэтэл нэг сонирхолтой зүйл бол Монгол Улстай хил залгаа ӨМӨЗО-ны мужуудад гангийн үйлдвэрлэл, түүнийг даган коксын үйлдвэрлэл өсч байна. Хятадын нийт зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байгаа учир зарим бүс нутагт үйлдвэрлэл буурах хэмжээг нөхөж нөгөө бүс нутагт үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн хэрэг. Тэгэхээр Хятадын төрийн “ногоон” бодлого нь Монголтой хил залгаа бүс нутгийн гангийн болон коксын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс Монгол Улсад ойрын хугацаанд бодитоор   хилийн Цагаандэл уул, Ханги боомтуудаар нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шийдэл чухал” гэсэн нь түүний илтгэлийн гол агуулга байлаа. 


Боломж

Өнөөдөр Хятадын зах зээлд экспортолж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ Австрали тэргүүлж байна. Тус улсын экспортын хэмжээнээс 15%-иар бага үзүүлэлтээр Монгол Улс удаалж буй. Өнгөрсөн онд манай улс нийт 26.3 сая тонн коксжих нүүрс Хятадын зах зээлд нийлүүлсэн нь 2016 оны дүнтэй харьцуулахад 11%-иар өссөн үзүүлэлт юм. Коксжих нүүрсний зэрэгцээ эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт 2.7 дахин өсч 7.7 сая тоннд хүрсэн.  Монголын араас Канад явж байсан ч одоо Орос гүйцэж орж иржээ. Оросуудын хувьд энэ байр сууриа бататгахын тулд нэлээд шаргуу ажиллаж байна. Тус улсын нүүрсний жуниор үйлдвэрлэгчид Хятадын хэрэглэгчидтэй харилцаа холбоогоо бататгах, ойртох тал дээр санаачилгатай ажиллаж байгааг “Фэнвэй Энержи Информэйшн Сервисэз” компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лю илтгэлдээ тодотгосон юм. 

2018 оны эхний хагаст Хятадын коксжих нүүрсний импорт 11.5%-иар өмнөх оны мөн үеэс буурчээ. 

Энэ хугацаанд Монгол Улсаас 14.3 сая тонн нүүрс импортолсон нь 9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Оны жилийн эцсийн дүнгээр Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн жилийн 69 сая тонн хэмжээнээс доогуур буюу 63 сая тонн гарна гэсэн төсөөллийг Хятадын шинжээч хэлсэн юм. Тэрээр БНХАУ-ын Засгийн газраас импортын нүүрсний биет хэмжээг бууруулах бодлогод Монгол Улсаас худалдан авалтыг хориглож, хязгаарласан асуудал байхгүй гэдгийг онцолсон. Хятадын аж үйлдвэрлэлд коксжих нүүрс маш их дутагдалтай байгаа бөгөөд тэр хэрээр импорт ихээхэн үүрэгтэй, чухал ач холбогдолтой болохыг тодорхойлов. 

“2019 оны төлөвийг харахад Хятадын сайн чанарын нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа нь Монгол Улсад эерэг таатай нөлөө үзүүлнэ. Дэлхий нийтийн далайн чанадаас худалдан авах коксжих нүүрсний хэмжээ 111 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Металургийнбуюу коксжих нүүрсний худалдаа 2040 онд 398 сая тонн хүрнэ гэсэн тооцоолол хийгдэж байна. Дэлхийн эрэлт 25% хувь өсөх хандлага ажиглагдаж буй. Нүүрсний зах зээл сэргэж эхэлсэн 2016 оны сүүлчээс хойш нүүрсний томоохон уурхайд шинээр хөрөнгө оруулсан компани бараг байхгүй. Нийлүүлэлтийн нөөц ерөнхийдөө шавхагдах хандлага байна. 2025 онд гэхэд 65 сая тонныг нөхөх шинэ эх үүсвэр бий болгох хэрэгцээ гарна. Энэ орон зайг нөхөх боломж Монголд бий гэсэн өөдрөг төсөөллийг “Вүүд Маккензи”-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Нүүрсний зах зээл хариуцсан Ахлах шинжээч Пралаб Бхаргавага хэлж байна. Тэрхүү боломжийг ашиглах нөөц чадавхийн тухайд Шивээхүрэн-Сэхэ болон Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх боломж байгааг тодотго­сон юм. Геополитик, дэд бүтцийн сул тал, тээвэр логистик зэрэг асуудлууд байгаа хэдий ч нүүрсний зах зээл дээр Монголд томоохон орон зай, боломж байгааг тэрээр илэрхийлсэн. Гэхдээ айсуй таатай боломжийг Монгол, аль эсвэл Австрали, Орос хэн нь ашиглах вэ гэсэн асуултын хариултыг монголчууд бидэнд үлдээлээ.
Бэрхшээл

Монгол Улс наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 21.6 сая тонн нүүрс Хятад руу экспортлоод байна. Оны эхний хагаст Тавантолгойн бүс нутгаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортлогдож байгаа нүүрсний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 сая тонноор буурчээ. Нүүрсний экспортын нийт хэмжээ эргээд сэргэж өнгөрсөн оны түвшинд хүрсэн дүр зураг харагдаж байгаа ч гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомт дээр нөхцөл байдал сайжраагүй байна. Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт нь Тавантолгойн нүүрсний бассейнд олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд хамгийн сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл юм. Экспортлох нүүрсний хэмжээг хязгаарлаад зогсохгүй тээврийн өртгийг ч ихээр өсгөж байна. Гашуунсухайт боомтын ердийн нэвтрэлттэй үед уурхайгаас хил хүртэл 1 тонн нүүрсний тээврийн өртөг 15-16 ам.доллар байдаг бол боомт ачаалалтай үед тээврийн өртөг 24-25 ам.доллар болж өсдөг. Тээврийн өртөг нэмэгдсэнээр 1 тонн тутамд бараг 10 ам.доллар алдагдал гардаг. Жилд дунджаар 4 сая тонн нүүрс экспортолно гэж тооцвол 10 ам.доллараар үржүүлэхэд 40 сая ам.доллараар  хохирно гэсэн үг. Нүүрсээ зах зээлд хүрэх тээврийн дэд бүтэц байхгүй, байгаа ганц зам, хилийн гарцын хүчин чадал хүрэлцэхгүй, тээврийн өндөр өртөг өрсөлдөх чадварыг хязгаарлаж буй нь Монголын нүүрсний “сул тал” байсаар ирсэн, одоо ч хэвээрээ байгааг нүүрс экспортлогчид Coal Mongolia 2018 дээр дуулгасан юм. 

Шийдэл

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гарцыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордыг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт дэвшүүлээд байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн зориулалтаар барьж байгуулах авто болон төмөр замуудын шинэ чиглэлүүдийг тодорхойлсон юм. Эдгээр замууд нь хилийн нэг биш нэлээд хэдэн гарцыг чиглэж байгаа. Тус замуудын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төр-хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн барьж, ашиглах, шилжүүлэх буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж эхнээсээ зарим нэг ажлууд хийгдэж байгаа. 

Энэ хүрээнд Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замаас хилийн Цагаандэл уул боомт хүртэлх 32 км хүнд даацын авто замыг барьж, ашиглах, шилжүүлэх Концессийн төрлөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшлийнхэн ч энэ ажлыг сонирхож “Эрдэнэс Монгол” компанитай хэлэлцээрт ороод явж байгаа аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг шинэчилж, даацыг нь 100 тоннд хүргэх бөгөөд хоёр зэрэгцээ хос зам болгож өргөжүүлэх юм.

Өнөөдөр Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх нийт өртгийн 70-80%-ийг тээврийн зардал эзэлж байна гэсэн тооцоо байдаг. Тавантолгой ордоос авто замаар тээвэрлэх 1 тонн нүүрсний өртөг 20 орчим ам.доллар бөгөөд төмөр замаар тээвэрлэсэн тохиолдолд өртөг 7 ам.доллар болж буурах судалгаа бий. Төмөр замын хувьд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлд шинээр төмөр зам барьж байгуулах төлөвлөлт явж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тухайд Хятадын Мандал боомтоор дамжин Монголын коксжих нүүрс дангаар  давамгайлах А бүс буюу Бугатын гангийн үйлдвэрлэлийн бүс нутагт хүрэх учиртай. Хятадын зах зээлд Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хоёр дахь гарцыг нээх чухал ач холбогдолтой маршрут юм. Мөн тус улсын нутгаар дамжин Тянжины боомтоор далайд гарах гарцыг нээх төсөл хэрэгжиж байна. Тянжин хотын Дунзян аж үйлдвэрийн бүсийн 10 га талбайд хоёр улсын хамтарсан Тээвэр логистикийн төв байгуулах төслийг “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа юм. Төслийн ажил 2018 онд нэлээд урагштай явж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл мэдэгдсэн. Төслийг эрчимжүүлэх хүрээнд 51%:49% эзэмшилтэйгээр Хятадын талтай хамтарсан компани байгуулахаар ажил ид өрнөж буй. Үүнд Монголын талаас “Монголын төмөр зам” компани болон Хятадын талаас “Тянжин порт” групп оролцож байна. Монголын талын  49%-ийн эзэмшлийн тодорхой хувьд   гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нээлттэй оролцуулах аж. Энэ дагуу тендерт шалгараад байгаа ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжтэй “Монголын төмөр зам” компани эхний хэлэлцээрийг хийжээ. Хэлэлцээрийн дараа ӨМӨЗО-ны аж ахуйн нэгж Монгол Улсад дансаа нээж, дундын дансанд эхний санхүүжилт 20%-ийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Хэрэв Хятадын талтай төлөвлөгөөний дагуу ажиллах юм бол энэ онд багтааж, эс бөгөөс 2019 оны эхний улиралд хоёр талын хамтарсан компанийг байгуулах аж. 

Төмөр замын нүүрсний экспорт зөвхөн Хятад улсаар хязгаарлагдахгүй. ОХУ-ын Алс Дорнодын далайн 4 боомтыг ашиглах хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг арваад жилийн өмнө тохиролцсон байдаг. Тус улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн тарифыг хөнгөлөх тухай Монгол-Оросын Засгийн газрын хэлэлцээрийг өнгөрсөн зургаадугаар сард талууд үзэглэсэн. Хэлэлцээрийн дагуу Монголын уул уурхайн бүтээгдэхүүн Оросын нутгаар дамжин гуравдагч орны зах зээлд хүрэх далайн бас нэг гарц нээгдэнэ хэмээн үзэж байгаа. 

Уул уурхай нь тодорхой мөчлөгтэй. Зах зээлийн жамаар нүүрсний үнэ өсч уруудна. Хэрвээ Монголын төр засгаас дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд төлөвлөгдсөн төслүүдийг хэрэгжүүлж чадвал Монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, компаниуд ч байр сууриа тэлэх боломжтой болно. Зах зээлд хоёр дахиа гарч ирсэн боломжийг алдахгүйн тулд дээрх төслүүдээ хурдтай, бодитоор ажил хэрэг болгох нь   нэн чухал байгаа нь Coal Mongolia 2018 хурлаас тодорхой харагдлаа. 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 41 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 21 цаг 56 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Өчигдөр 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Уржигдар 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.