21 аймгийн сэтгүүлчид Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа

2018-10-16 16:58

 Г.Идэрхангай

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй тус төслийг 2015-2017 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр дэмжин санхүүжүүлсэн юм. 2018 оны сургалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци Оюутолгой” ХХК болон МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн нийт 35 сэтгүүлчид хамрагдаж байна.

2018 оны сургалт гурван үе шаттай үргэлжлэх юм. Өнгөрсөн тавдугаар сард сэтгүүлчид  Улаанбаатар хотноо онолын семинарт хамрагдсан бол тэрхүү мэдлэг ойлголтоо бататган уул уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүднээс “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зочилсон юм. Аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд сэтгүүлчид “Оюутолгой”-н Оюут ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрсдэлийг үзүүлэх төв болон гүний уурхайн бүтээн байгуулалттай бодитоор танилцав.   

Оюут ил уурхай 24 цагаар ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ.  


20.8 сая тонн зэс, 23,5 сая унц алтны нөөц бүхий Оюутолгой уурхай нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны нөөцтэй ордын нэгд зүй ёсоор ордог. Одоогоор ил уурхайгаас олборлолт явуулж байгаа бөгөөд 2020 оноос өндөр агуулга бүхий гүний уурхайгаас хүдрээ олборлож эхлэх аж.

Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай. 2017 онд “Оюутолгой” нийтдээ 157,4 мянган тонн зэс, 114 мянган унц алт, 974 мянган унц мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэжээ. Боловсруулсан зэсийн баяжмалаа ачааны тэргээр тээвэрлэн Хятадын зэс хайлуулах үйлдвэр, зэсийн худалдаа эрхлэгчдэд нийлүүлж байна. Уурхайн үйл ажиллагаа гүний уурхайн олборлолт руу шилжих тусам хүдрийн агуулга нэмэгдэж, тэр хэрээр жилийн үйлдвэрлэлийн хэмжээ өснө гэдгийг “Оюутолгой” компанийнхан онцолсон.

Сэтгүүлчдийн хувьд энэ удаагийн аяллаас хамгийн сонирхолтой хэсэг нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт байлаа. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюутолгойн ашиг орлогын гол цөм юм. Гүний уурхайн бүтээн байгуулалт таван жил үргэлжилнэ. Аравдугаар сарын байдлаар 20 км нэвтрэлт хийгдээд байна. Өдөрт ойролцоогоор 30-40 метр буюу сард 1000 метрийн нэвтрэлт хийж байгааг далд уурхайн инженерүүд хэлж байв.

Ирэх дөрвөн жилд  нийтдээ 200 км хонгил байгуулах тооцоотой байна. Анхны хүдрээ гаргаж авахын тулд 60 орчим  километр хонгил ухах шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, дахиад 40 км хонгил байгуулж, төлөвлөсөн ёсоор 2020 оны гуравдугаар улиралд хүдэр олборлох цэгтээ тулж очих юм. Одоогоор 1300 метрийн гүнд гүний уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж буй бөгөөд өдөрт 610 ажилтан доош нэвтэрдэг бөгөөд 160 тоног төхөөрөмж тасралтгүй ажиллаж байна. Гүний уурхайд таван босоо ам байх ёстой бөгөөд нэг нь үйлдвэрлэлийн, бусад нь агааржуулалтынх байх ба хоёрдугаар Босоо ам, агааржуулалтын тавдугаар Босоо амын нэвтрэлтийн ажлыг бүрэн хэмжээгээр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгүүлчдийг Оюутолгойн үйл ажиллагаатай танилцах үеэр Эрсдэлийг үзүүлэх төвдөө аюулгүй ажиллагааг дагаж мөрдөөгүй, анзааргагүй, хэнэггүй байдлаас болж ямар аюултай нөхцөл байдалд орж болохыг ойлгуулсан богино хугацааны өгөөжтэй сургалтыг зохион байгуулсан юм. Тус төвийг “Оюутолгой” компани 2013 онд нээсэн юм. Уурхайн ажилтан, албан хаагчдад тулгарах эрсдэл, болзошгүй хор хохирлыг тус төвийн сургалтын танхимд хамтын оролцоотойгоор, сонирхолтой байдлаар үзүүлдэг.

Сэтгүүлчдэд танилцуулсан олон сонирхолтой зүйлсийн нэг нь Ёс заншлын өргөө байв. Тус өргөө нь “Оюутолгой” компанийн талбарт байрлах бөгөөд Ханбогд сумын ахмадууд ээлжээр гэртээ ирж, ирсэн зочид гийчдийг айраг цагаагаар дайлан, нутгийн өв уламжлал, түүхэн мэдээллийг өгдөг аж. Түүнчлэн  сэтгүүлчид Ханбогд суман дахь “Малын эрүүл мэндийн төв”, “Цэвэр усны байгууламж”, “Мод үржүүлгийн төв”, “Мэргэжил сургалтын төв”, “Үлэмжийн чанар” соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Оюутолгой” компани Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ыг бүтээн босгосон юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон цогцолборыг 6.9 сая ам.долларын өртгөөр байгуулжээ. Цэвэр усны байгууламжтай болсноор Ханбогд сумын иргэдэд ундны цэвэр усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэдэг аж. Эхний ээлжиндээ 13 мянган хүн амыг ундны усаар хангах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадлыг өргөтгөх боломжтой аж.

Ийнхүү 21 аймгийн 35 сэтгүүлч “Оюутолгой” компанийн төслийн талбайд зочилж, өмнийн говьд  өрнөж буй их бүтээн байгуулалтын эрчмийг мэдрээд нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.      

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.