Дубнад Монголын цөмийн физик, математикийн 10 мэргэжилтэн ажиллаж байна

2018-10-15 17:22
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ын үүсгэн байгуулагч гишүүн орны нэг нь Монгол Улс бөгөөд өдгөө тус хүрээлэнд манай улсын цөмийн физик, математикийн 10 мэргэжилтэн ажиллаж байна. 1956 онд үүсгэн байгуулагдсан энэхүү шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол мэргэжилтнүүдтэй уулзах аяллыг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан "Русатом Оверсиз" компаниас зохион байгуулсан юм. Аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжилсэн тус аялалд  Монголын төрийн өмчит “Мон Атом” компанийн удирдлага, МОНЦАМЭ агентлаг болоод The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид оролцлоо.
Монголын төлөөлөгчдийг Дубна хотноо Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Дэд захирал М.Г.Иткис, хүрээлэнгийн Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирал О.Чулуунбаатар, хүрээлэнгийн хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн дарга Б.М.Старченко болон “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан "Русатом Оверсиз" компанийн орлогч захирал Д.А.Стрельников нар хүлээн авч уулзсан юм. Профессор М.Г.Иткис ЦШНИ-ыг байгуулсан түүх болоод хүрээлэнгийн бүрэн эрхт гишүүн 18 орон, ажиглагч 6 орны оролцоо, гишүүн орнуудын цөмийн физикийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа, сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар танилцуулав. ЦШНИ-ын ИБР-2М реактор нь 2МВт чадалтай, импульсийн горимд ажилдаг судалгааны реактор ба нейтроны урсгал (~1016n/cм2сек) нь дэлхийн дээр одоо ажиллаж буй судалгааны реакторуудын дунд хамгийн өндөр нь аж. ИБР-2М нь "экологид ээлтэй" бөгөөд бусад судалгааны реакторуудтай харьцуулахад маш бага цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 15-20 жилд нэг удаа түлшээ сольдог байна. Одоо уг реактор дээр судалгааны 18 төхөөрөмж суурилуулагдсан ба үүнээс 14 нь материал судлалын судалгаа шинжилгээнд 2 нь цөмийн физикийн салбарт, 1 нь цацрагийн радиографийн салбарт болон нейтрон идэвхжлийн анализийн салбарт ашиглагдаж байна.
 
Түүнчлэн, ЦШНИ-д цөмийн физикийн 40 гаруй нээлтүүд хийгджээ. Үүнд хэт хүнд элементүүдийн судалгааны хөтөлбөрийг тусгайлан дурдах хэрэгтэй. Дубнагийн эрдэмтэд 113, 114, 115, 116, 117 ба 118 атомын дугаартай, урт настай, хэт хүнд шинэ элементүүдийг цөмийн нэгдэх урвалаар гаргаж авсан байна. Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбоо (IUPAC) үелэх системийн 105 дугаар элементийг дубний (Db), 114 дүгээр элементийг флеровий (Fl), 115 дугаар элементийг московий (Mc), 118 дугаар элементийг оганесон (Og) гэж тус тус нэрлэснийг зарлаж байсан. 105 дугаар элемент дубнийг Дубна хотын нэрээр нэрлэсэн аж. 114-р элементийг хэт хүнд элементийг цөмийн нэгдэх урвалаар гаргаж авах судалгааны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндэслэгч, тэргүүлэх эрдэмтэн болох Г.Н.Флеровын гэгээн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн юм. 115 дугаар элемент московийг ЦШНИ, Дубна хот харъяалагддаг Москва мужийн (область) нэрээр нэрлэсэн. ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн эрдэмтэн, Оросын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Ю.Ц. Оганесяны хэт хүнд шинэ элементүүдийг нээхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 118 дугаар шинэ элементийг оганесон (Og) гэж нэрлэжээ. Дээрх нээлтүүд нь олон орны эрдэмтдийн 35 жилийн нөр их зүтгэлийн хүчээр бий болсон юм. 

Одоо хүрээлэнгийн хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл нь NICA (Nuclotron-based Ion Collider fаcility) бөгөөд барион материйн нягтын шинж чанарыг судлахаар загварчлагдсан Цөмийн шинжилгээний нэгдсэн институт дэхь хурдасгуурын цогц байгууламж юм. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар их тэсрэлтийн дараах 10-6 секундэд үүсэх материйн өвөрмөц төлөв болох кварк-глюоны плазмыг лабораторын нөхцөлд гарган авах (бий болгох) боломжтой гэнэ. NICA төхөөрөмжийг 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ЦШНИ-ын хэрэгжүүлж байгаа дараагийн нэг чухал төсөл бол Байгаль нуурын гүнд суурилж буй нейтринийн телескоп Baikal-GVD (Gigaton Volume Detector) юм. Уг телескоп нь хэдэн арван ТэВ-ээс их энергитэй нейтриног бүртгэх боломжтой бөгөөд огторгуйн биетүүд, сүүн зам дахь үл үзэгдэх харанхуй матери, галактикийн төв, одой одод, нар ба дэлхийн төв зэргийг судлах юм. Энэхүү төсөл нь 2015 онд эхэлжээ.   


Түүнчлэн, профессор М.Г.Иткис Монгол Улсын академич Н.Содном, Ч.Цэрэн болон профессор Д.Чүлтэм, Д.Түвдэндорж нар нь ЦШНИ-ын анхны мэргэжилтнүүд байсныг онцолж байв. Тухай үеийн залуу мэргэжилтэн Н.Содном олон орны хамтарсан цөмийн физикийн хүрээлэнд судлаач, лабораторийн эрхлэгчээс дэвшин дэд захирлаар 2 удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө ч Дубна хот дахь ЦШНИ-ын хотхонд түүний нэрэмжит гудамж байх аж.


Хүрээлэнг үүсгэн байгуулалцсан цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсаас эрдэм шинжилгээний 100 гаруй ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим мэргэжилтэн дэд эрдэмтэн (PhD), 9 мэргэжилтэн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалжээ. Өнөөгийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10 гаруй байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ын онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлийн 16 сэдэвт судалгааны ажилд оролцож буй талаар ЦШНИ-ын Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирал О.Чулуунбаатар ярьж байна. Түүний хувьд 19 дэх жилдээ ажиллаж байгаа мэргэжилтэн юм. Төрийн соёрхолт, физик-математикийн шинжлэх ухааны доктор тэрээр “гарынхаа шавиар” Монгол, Орос хоёр залуу эрдэмтнийг бэлтгэж байгаагаа өгүүлж байлаа. Мөн ЦШНИ-ын бүрэн эрхт гишүүн 18 орны жил бүр төвлөрүүлэх хөрөнгийн хувь оролцоо, Монголын санхүүжилт нь мэргэжилтнүүдийн цалин, тэдний эрдэм шинжилгээний суурь судалгаанд зориулагддаг талаар сонирхуулав.

Уулзалтын дараагаар Монголын төлөөлөгчдөд ЦШНИ-ын Нейтроны физик, Цацрагийн биологийн  болон Цөмийн асуудлын лабораториуд, РЕГАТА төхөөрөмж, туршилтын танхим, Анагаах ухаан-техникийн цогцолбортой удирдах эрдэмтэд танилцуулсан юм. Энэ үеэр цацрагийн биологийн шинжлэх ухааны чиглэлд Монгол мэргэжилтнүүдийн баг хүний тархи, нейроныг судлах суурь судалгааны арга аргачлал хэрэгжүүлээд байгааг хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд цохон тэмдэглэж байлаа. Эдгээр лабораторид ажиллаж байгаа ирээдүйн Монголын цөмийн физикийн шинжлэх ухааны эрдэмтэд болох залуу мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдгээрийн ажил мэргэжлийн онцлог, эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзлийн талаар ярилцах завшаан тохиосон юм. Монголоос хамгийн олон буюу 4 мэргэжилтэн Нейтроны физикийн лабораторид ажиллаж байна.

Цөмийн судалгааны нэгдсэн институт нь олон улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага юм. Хүрээлэн нь Онолын физик, Цөмийн асуудал, Цөмийн урвал, Их энергийн физик, Нейтроны физик, Цацрагийн биологийн,  Мэдээллийн технологийн гэсэн үндсэн 7 лабораторитой. Өдгөө 62 жилийн түүхтэй энэ хүрээлэн  5500 гаруй ажиллагсад, 1200 судлаачидтай бөгөөд үүний 400 гаруй нь гишүүн орнуудын эрдэмтдээс бүрдэж байна. ЦШНИ нь дэлхийн 62 орны 800 гаруй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж буй.  Өөрөөр хэлбэл олон улсын эрдэмтэд цөмийн физикийн судалгаанд суурилан дэлхийн шинжлэх ухааны хөгжилд  хамтран ажиллаж байна.


Дубна хотоос 250 гаруй км зайд орших Обнинск хотноо цөмийн физикийн шинжлэн ухааны чиглэлээр Монгол Улсын 2 оюутан “Росатом” корпорацийн 100%-ийн тэтгэлгээр суралцаж байна. Эх орны цөмийн салбарын шинэ үеийн боловсон хүчинтэй уулзах боломж тохиож Монголын төлөөлөгчид Обнинск хотноо зочилсон юм. Эл хотод ЗХУ-ын анхны Атомын цахилгаан станц баригдаж байжээ. Орос орны цөмийн технологийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол хот гэгддэг.   

Оросын “Росатом” корпораци нь 2018 оны хоёрдугаар сард Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны хүрээнд Монгол Улсын Цөмийн энергийн комисс хооронд “Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан билээ. Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулснаар эрдэм шинжилгээний ажил хийх орчин бүрдэх, цөмийн физикийн судалгаанд суурилан шинжлэх ухааны бусад салбаруудыг хөгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийг нэвтрүүлэх, цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглах зорилттой гэдгийг “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан "Русатом Оверсиз" компанийн орлогч захирал Д.А.Стрельников хэлж байлаа.

Э.Оджаргал

ОХУ-ын Дубна хот, 2018-10-12

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 32 минутын өмнө
    Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
  • 21 цаг 27 минутын өмнө
    Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
  • 22 цаг 10 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
  • Уржигдар 20 цаг 35 минутад
    “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
  • Уржигдар 14 цаг 48 минутад
    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.