Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Алтны форум”-аар тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк болон “Bloomberg TV Mongolia” хамтран анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю Скай”  цамхагт зохион байгууллаа. Олон улсын геополитикийн тодорхойгүй байдлаас үүссэн, гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлэх, тогтвортой байдлаа хадгалах шийдэл нь алт болохыг зохион байгуулагчид хурлын эхэнд онцолж байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” хэмээн тодотголоо.

Форумын нээлтэд үг хэлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал” гэдгийг  онцолсон. Тэрээр, 2008-2009 онд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн их хямралыг гадаад валютын нөөцтэй улс орнууд даван туулж байсан. Тиймээс Монгол Улсын хувьд ч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтны салбар үлэмж чухал гэдгийг дурьдаад, тус  үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн зөв бодлогоор дэмжих нь зайлшгүй чухлыг тодотголоо. Энэ ч үүднээс Монгол банкны зүгээс  идэвх, санаачлагатай ажилласны дүнд Баянхонгор, Дархан-Уул аймагт Алтны сорьцын лабораторийг байгуулаад буй бөгөөд удахгүй нээлтээ хийх аж.    

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат алтны  салбарт хуулийн хэрэгжилтийг хангах, нөхөн сэргээлтийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон чиглэлийн ажлыг өрнүүлж буйгаа дуулгасан.  

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Алтын салбар-өнөөгийн байдал”, Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа”, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Бадарч “Алт үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэж, оролцогчдын асуултад хариулсан юм. Түүнчлэн “Алтны салбар, өнөөдөр ба маргааш” хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхжавхлан, “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар мэдээлэл хийлээ. 
Тухайлбал, салбарын түвшинд авч хэрэгжүүлж байгаа бодлогын томоохон хөтөлбөр болох “Алт-2”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох “Талбайн солбицлыг тогтоох” ажлыг зохион байгуулж буй.  Улсын хэмжээнд шинээр 8.5 сая га газарт хайгуул явуулж байгаа юм. 2016 онд алтны салбарт 45 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2017 онд 49 тэрбум ам.доллар, 2018 онд хагас жилийн байдлаар 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн үзүүлэлттэй явж буйг Б.Мөнхтөр дарга танилцуулсан.  Алтныс шороон орды нөөц багасч байгаа төдийгүй ойрын хоёр гурван жилээс нөөц шавхагдах нь тодорхой болж буй тул  хайгуулын ажлыг үргэлжлүүлж үндсэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын чухлыг оролцогчид тодотгож байлаа. Түүнчлэн салбарын гол тулгамдсан асуудал болоод буй бичил уурхай эрхлэлтийг цогцоор нь шийдвэрлэх, энэ чиглэлд орон нутгийн засаг захиргааны зүгээс хуулийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай байгааг ч дурьдсан. Учир нь, хууль бус алт олборлогчдыг орон нутгийн удирдлагууд далдуур дэмжиж байгааг хардаж буйгаа илэрхийлэх  хүмүүс форумд цөөнгүй байв. Харин орон нутгийн удирдлагууд өмнө олгогдсон хайгуулын лицензүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстойг онцлов. Өмнө олгогдсон лицензүүд орон нутагт үр өгөөжөө өгөхгүй байгаа нь иргэдэд олон эргэлзээг төрүүлдгийг  “Алтны салбар, асуудал ба шийдэл” хэсэгт оролцсон Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар  сануулж байсан.  Анхны “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойшхи 30 орчим  жилийн хугацаанд улсын хэмжээнд 100 тонн алт тушаагдсан байдгаас 70 тонныг нь зөвхөн Заамар сумаас нийлүүлсэн ч  бодит байдал дээр тус сумын амьдрал ахуй хоцрогдож, нийгмийн олон асуудалтай тулгарсныг ч тэрээр өгүүлж байлаа.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва удирдсан тус хэлэлцүүлэгт    УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль, орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар  оролцож, байр сууриа илэрхийллээ.     

Оролцогчдын зүгээс аль болох алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Ингэхийн тулд нэгдүгээрт, хайгуулаар үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт үндсэн ордын олборлолтыг эхлүүлэх гэсэн шат дараатай ажлыг зохион байгуулахын чухлыг онцолсон юм.   

Уулзалт, хэлэлцүүлгээр алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар түлхүү хэлэлцсэн юм. Тодруулбал, үндэсний алт олборлолтыг эрчимжүүлэх, улмаар алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар дотоодод валютын ханшийг тогтворжуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, эрдэнэсийн санг арвижуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар салбарын оролцогч талууд санал бодлоо хуваалцсанаас гадна нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан танилцууллаа. 

Сүүлийн таван жилийн хугацаанд валютын ханшийн өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алт чухал үүрэгтэй байсныг салбарынхан онцолж байна. Монгол Улс 2012 оноос Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Ингэснээр сүүлийн таван жилд Төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон юм. Тэгвэл 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа таван жил буюу 2018 оноор эцэслэх гэж буй юм. 

“Алтны форум” уулзалт хэлэлцүүлэгт УУХҮЯ, Монгол банк, Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий Газар, Тагнуулын ерөнхий Газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч компаниуд болон судлаач, шинжээчид, алтны салбарт хамаарал бүхий оролцогч талуудын төлөөлөл болсон 200 гаруй зочин оролцлоо. 
Г.Идэр