2015: Шавраас мултрах оролдлогын жил

2018-09-13 11:26


Б.Төгсбилэгт

2015 он бол бидний саяхны түүх. Энэ үед манай улс эдийн засгийн хувьд товчхондоо шаварт унаж орхисноо ухаарч, шавраас гарах гэж зүтгэсэн үе юм. Түүхий эдийн үнэ ханш ёроолдоо хүрч, дагаад эдийн засаг асар хүчтэй савласан. Ардчилсан намыг төр барих үед зэсийн үнэ унадаг бол Ардын намыг төр барихад зэсийн үнэ өсдөг гэх онигоо хүртэл яригдаж байв. Тийм ээ, 2015 онд улсын эдийн засаг өөдлөх янзгүй өдрүүд үргэлжилсэн билээ. Гэхдээ улстөрчид энэ шинж тэмдгийг анхаарахыг хүсэхгүй байлаа. Энэ тухай MMJ 2015 оны дугаартаа улстөрчдийг эдийн засгийг аврахад бус сандал ширээ булаацалдахад хэт анхаарч байгааг шүүмжлэн өгүүлжээ. Угтаа 2015 он эхлээгүй байхаас авахуулаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хэдэн удаа эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсныг чанга дуугаар ярьж эхэлсэн билээ. Хэрэв арга хэмжээ авахгүй бол дампуурлаа зарлах өдөр ямар ч эргэлзээгүйгээр ирнэ гэдгийг тэрбээр сануулсан.



Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэдий хүнд байсан ч энэ үед Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах тухай бүр таамаглал ч дэвшүүлээгүй байсныг дурдах нь зүйтэй. Харин бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн төслүүдийн бодит үр ашиг харагдахгүй байгааг хэвлэлүүд шүүмжилж, улстөрчид тэдгээрийг эергээр тайлбарлах гэж оролдсон үе.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг эдийн засгийн уналтын эрчмийг хазаарлаж дөнгөхгүй бол намын нэр хүндээ тэр чигт нь тавиад тууна гэдгээ мэдэж байлаа. Сонгуулийн жил болоход ердөө ганцхан жил үлдсэн байв. Тиймдээ ч Ерөнхий сайд 2015 онд зоримог хөдөлсөн юм. Гацаанд ороод байсан Оюутолгой төслийн хоёр дахь шатыг эхлүүлэх гэрээг тавдугаар сард үзэглэж, санхүүжилтийн гэрээг ч оны эцсээр үзэглээд амжсан билээ. Дубайн гэрээ асар их маргаан дагуулсан ч тэрбээр оны эхэнд ард түмнийхээ дунд стратегийн ордыг хөдөлгөхийг дэмжиж буй талаар мессеж санал асуулга явуулж, олонхийн саналаар тийм гэсэн хариулт авчихаад байсан. Тэр хэрээр Ч.Сайханбилэг өөртөө илүү итгэлтэй, зоримог байлаа. Яагаад гэвэл эдийн засгийг бүр уруудуулж мэдэх үеийн ард амжилттай гарч чадснаа тэрээр мэдэж байсан. Бараг бүтэн хоёр жил гацсан Оюутолгойн өргөтгөлийн төслийг хөдөлгөнө гэсэн цуурай Монголын эдийн засагт хонгилын үзүүрт гэрэл харагдах мэт найдвар авчирснаараа уг төслийг хөдөлгөх үйл явц 2015 оны “гол дүр” байсан гэж хэлж болно. Гэхдээ өөр бусад туслах дүрүүд ч бас өөрсдийн үүргээ гүйцэтгэснийг энд дурдах хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх асуудлыг тухайн онд шийдвэрлэсэн ч түүний хөрөнгө оруулалтын үр нөлөө нь ирэх оноос бодитоор мэдрэгдэнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Тиймээс Засгийн газарт өөр чухал шийдлүүд хэрэгтэй байв.

Уг нь Тавантолгой 2015 оны эдийн засгийг өндийлгөх үйл явцын “гол дүр” байж болох байсан. Гэхдээ Оюутолгойн хоёр дахь шатны гэрээ зурагдахаас өмнө Тавантолгойг хөдөлгөх горьдлого тасарсан юм. Бид дотроо нэгдсэн байр сууринд хүрэхгүй л бол Тавантолгойг хөдөлгөх нь боломжгүйг уг явдал батлан харуулсан билээ. Энэ тухай Хятадын дарга Си Жинпин 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг тус улсад айлчлах үеэр нь Тавантолгой төсөлд хамтаръя гэвэл эхлээд та нар дотроо учраа ологтун гэж хүртэл хэлж байсан удаатай. Тухайн онд юу болоод өнгөрснийг уншигч та ч тодхон санаж байгаа байх.

Тухайн онд Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах Ажлын хэсгийг ахлан “Энержи Ресурс”, “Шенхуа”, “Сумитомо”-гийн консорциумтай гэрээ зурахаар ихэд итгэлтэй явсан билээ. Эцсийн мөчид (дөрөвдүгээр сарын 6) УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс хэрхэн цогтой гэгч нь төслийг гацааж орхисныг хүн бүр тод санаж байгаа байх. Тэрбээр Тавантолгойн гэрээний заалт үндэсний эрх ашигтай нийцэхгүй байна хэмээн гацаасан үндэслэлээ тайлбарласан. Бүх зүйлийг зөв, буруу байсан гэж шүүх нь харьцангуй ойлголт. Одоо Тавантолгойг дахин эдийн засгийн эргэлтэд оруулахаар ид ажиллаж байгаа энэ үед өнгөрсөн энэ дурсамж тийм ч хол санагдахгүй бөгөөд ямартай ч бараг гурван жилийн дараа төрийн удирдлагын түвшинд төслийг хөдөлгөхөөр нэгдсэн саналд хүрч, холбогдох тогтоолыг батлаад байгаа билээ.

Нэгэнт Тавантолгой дээр томоохон найдвар тавьж байсан Засгийн газрын хүлээлт талаар болсон тул эдийн засгийг сэргээх өөр арга хэмжээнүүд зайлшгүй хэрэгтэй байлаа.

Засгийн газрын хэрэгжүүлсэн нэг ажил нь олон жил олгогдоогүй байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож эхэлсэн явдал юм. 2014 онд тусгай зөвшөөрлийг олгох эрх зүйн орчныг баталгаажуулсан бол 2015 онд бодит утгаар хэрэгжиж эхэлсэн. Цөөнгүй тусгай зөвшөөрөл олгогдсон. Гэхдээ орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзсан хариу өгөх явдал түгээмэл байв. Ингээд Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, орон нутагт оногдох өгөөжийг харьцангуй нэмэгдүүлэхээр болсон юм. Орон нутагт ахиу өгөөж хүртээж, тэдний аашийг зөөллөх гэсэн энэхүү оролдлого багагүй найдвар төрүүлээд байсан ч 2016 онд Төсвийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулснаар орон нутгийн өгөөж хуучин хэвэндээ орж буурсан билээ. Тухайн онд тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр хайгуулыг эрчимжүүлж, улмаар хөрөнгө оруулалт татна гэж харж байсан.
Энэ бол улсын эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүдийн нэг яах аргагүй мөн. Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээг хүртэл энэ онд боловсруулж амжив.

Эдийн засгаа сэргээх эдгээр оролдлогын хажуугаар гадаад суурь нөхцөл байдлын нэг болсон эрдсийн зах зээл сэргэх янзгүй өдрүүд 2015 оныг дуустал үргэлжилсэн. 2016 онд ч эрдсийн зах зээл сэргэхгүй гэдгийг шинжээчид анхааруулж байсан үе. Аз болоход 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээл сайжирч эхэлсэн билээ. Гэхдээ 2015 онд үүнийг хэн ч гадарлах боломжгүй байв. Учир нь 2015 онд зэс (4500 доллар/тонн), төмрийн хүдэр (40 ам.доллар/тонн), коксжих нүүрс (70-80 ам.доллар/тонн), газрын тос (38 ам.доллар/баррель) гээд бүгд олон жилийн доод хэмжээнд очиж буураад байлаа. Оюутолгойн үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн үнийн бууралтыг харьцангуй хялбар давж чадсан. Нүүрс, төмрийн хүдрийн компаниуд урт хугацааны найдварт түшиглэж, тэсч үлдэхийн тулд л ажиллаж байлаа. Харин алтны хувьд олборлолт өсч, цаашид үйлдвэрлэлээ өсгөнө гэсэн өөдрөг төлөвтэйгөөр 2015 оныг үдсэнээрээ эрдсийн салбар дундаа илүү цоглог байсан гэж хэлж болно.

Монгол Улс эдийн засгаа сэргээх гэж арга ядаж байх зуур “Хан Ресурс”-ын ураны уурхайн лицензийг цуцалсны хариу болгож, Монголын Засгийн газраас багагүй хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь Олон улсын арбитрийн шүүх дээр Монголын талын ялагдлаар дуусав. Энэ тухай анх мөн оны гуравдугаар сарын 2-нд мэдээлсэн юм. Хууль зүйн яам уг шийдвэрийг нааштайгаар эргүүлэх боломжийг судална гэж байсан ч эцэстээ Монголын талын төлбөр барагдуулалтаар энэ ажил өндөрлөсөн. Канадын компанид энэхүү төлбөрийг төлж байж л хөрөнгө оруулалтад ээлгүй орон гэгдэх таагүй нэрнээс сална гэдгээ Монголын Засгийн газар сайтар ойлгосон хэрэг. “Хан Ресурс”-ын дуулианаас өмнө “Саусгоби Ресурс” компанийн захирал Жастин Каплад татвараас бултсан хэрэгт нь өршөөл үзүүлж, үүний зэрэгцээ тус компанид эзэмшдэг хувиа “Туркойз Хилл” Хятад, Хонконгийн компанид худалдах ажил өрнөж байв.

Монголын Засгийн газар валютын сангаа зузаатгах ёстойг сайтар ойлгож байлаа. Нөгөө талд долларын ханш 2000 төгрөгт хүрэх тун ойртсон байсан. Валютын сангаа зузаатгахгүй бол төгрөгийн ханшийг барих нь хэцүү болох тул “Алт 2025” хөтөлбөрийг боловсруулж, тэр хүрээнд хөтөлбөрийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийг сурталчилж эхлэв. Үүнээс гадна “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулав. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэх, нөхөн төлбөрөөс мултрах зорилготой хуулийн өөрчлөлт байсан юм. Алтны томоохон төсөл болох Гацуурт төслийг стратегийн ордод оруулахаар тогтож, төрийн эзэмшлийн 34%-ийн оронд нэмэлт 3%-ийн роялти авахаар энэ онд шийдвэрлэсэн ч төслийг хөдөлгөх тухайд нэгдсэн шийдэлд хүрэлгүй явсаар 2015 оныг үдсэнийг бүгд мэднэ. Гацуурт төслийг эхлүүлэхээр хоёронтаа оролдоод бүтэлгүйтсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. Уг нь оны эхэнд Салбарын сайд стратегийн орд дахь төрийн эзэмшлийн оронд тусгай роялти  авдаг болох хуулийн зохицуулалтыг өргөн барих зэргээр ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч төслийг эргэлтэд оруулах ажил 2015 онд огтхон ч урагшлаагүй  юм.

Түүнчлэн Тавантолгой төслийн цахилгаан станцын барилгын ажлыг дараа оных нь хавар эхлүүлэхээр Засгийн газрын тэргүүн чиглэл өгсөн ч энэхүү ажил одоо хэр нь гацаанд байгааг бид мэдэх билээ.   

MMJ сэтгүүлийн редакци дэргэдээ байгуулсан “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аараа дамжуулан мөн онд Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээг байгуулан баруун болон хойд бүсийн сэтгүүлчдэд Сэлэнгэ, Баянхонгор аймагт сургалт явуулсан юм. Энэхүү төслийг Лунтангийн Болормаа эрхлэгч маань санаачилсан бөгөөд сэтгүүлчдийн мэдлэг, чадварыг эдийн засаг, уул уурхайн чиглэлд дээшлүүлэх зорилготой түүний энэ санаачилга эдүгээ улам өргөжин үргэлжилсээр байгаа билээ.  



Дотоод асуудал 2015 онд ийн өрнөж байхад гадаад бодлогын хувьд ч Монгол улс ихээхэн идэвхтэй байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийн Төрийн тэргүүн нартай   гурван талт уулзалтад Душанбе хотноо оролцож, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах болон бусад төсөлд холбогдох санамж бичиг үзэглэв. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор нэг компанийн төслийг санамсаргүй байдлаар ихээхэн өргөсөн юм. Тэр нь Хөвсгөл аймагт Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” компани байлаа. Ингээд 2015 онд алсдаа стратегийн ач холбогдол бүхий нэгэн төмөр замын Концессийн гэрээ зурагдсан юм. Тодруулбал 2015 оны есдүгээр сарын 3-нд Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын Концессийн гэрээг “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways-тэй байгуулсан нь жилийн бас нэг онцлох үйл явдал байлаа.

2015 он эдийн засаг, уул уурхайн салбарын хувьд ийнхүү тун баялаг үйл явдал, өрнөлтэйгээр бичигдэн үлджээ. 2015 он товчхондоо эдийн засгийн хувьд урагштай жил байсан ч 2016 оны сонгуулийн өмнөх жил байснаараа энэ бүх хүчин зүтгэлийн үр нөлөөг багагүй сүйтгэж амжсан билээ.

БОНХАЖ-ын Сайдын байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх доктор профессор Ц.Адъяасүрэн:

“Оюутолгой” төслийн хувьд гүний ус ашиглах ТЭЗҮ-тэй. Галбын говь, Гүний хоолойн их хэмжээний усны нөөцийг өөрсдөө олсон. 30-40 жил ашиглах нөөц гэж байгаа. Нэгэнт батлуулаад хөдөлчихсөн учраас “Оюутолгой” төсөл түүгээр явах байх. Гэхдээ усыг эргүүлж ашиглах хэмнэх горим баримтлах хяналттай байх нь зүйтэй л дээ. Тавантолгойн хувьд өөр. Тавантолгойн цахилгаан станц гэхэд л Балгасын улаан нуурын гүний усыг ашиглахаар ТЭЗҮ хийсэн. Энэ нь ундны цэвэр ус. Дээр хэлсэн газрын гүний ан цавын ус. Тиймээс ашиглаж болохгүй гэсэн шийдвэрийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гаргасан. Үүнээс болоод Тавантолгойн цахилгаан станцын төсөл үндсэндээ зогсчихоод байгаа. Тавантолгойд маш олон үйлдвэр барихаар төлөвлөж байх шиг байна. Уурхай, цахилгаан станц, нүүрсний давхаргын метан хий олборлох үйлдвэр барина гэж ярьж байна. Тэр бүхэнд ус хэрэгтэй болно. Аль болох ус хэрэглэдэггүй, бага хэрэглэдэг дэвшилтэт технологиудыг сонгож авах хэрэгтэй. Цахилгаан станц барилаа гэхэд агаарын хөргүүртэйг барих хэрэгтэй юм. Гэхдээ агаарын хөргүүртэй байлаа ч тодорхой хэмжээнд ус хэрэгтэй болно. Тиймээс усыг дээр хэлсэн борооны усан сангийн ус ашиглаж шийдэхээс өөр гарц байхгүй.

01.2015 (№ 01/074)

Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

Нэгэнт л “Тавантолгой” төслийг шийдэх гэж байгаа бол Засгийн газар бүрэн шийдээд явах боломжийг УИХ хангах хэрэгтэй. УИХ оролцоод, асуудлыг зөв шийднэ гэсэн баталгаа байхгүй. Ам тосдох гэж нэг асуудал байх шиг байгаа юм. Бүх асуудлыг хамж аваад бүх асуудалд оролцоод үнэхээр зөв шийдэж чаддаг байсан бол УИХ Оюутолгойн гэрээг гэрээгээ үзэлгүйгээр яах гэж баталсан юм бэ? Үүнээс өнөөдөр Монголд юу үлдэв. УИХ оролцвол дахиад тийм юм хийнэ гэсэн үг.
02.2015 (№ 02/075)




Эрнст энд Янг Монгол ХХК-ийн удирдах партнер Хятад ба Монголын уул уурхай, металын салбарын тэргүүн Петр Марки

Сүүлийн үед Хятадад өрнөж байгаа бодлогын өөрчлөлт нь хэрэглэгч зах зээлээс үйлдвэрлэгч, экспортлогч, үйлчилгээ үзүүлэгч зах зээл рүү шилжих процесс юм. Хятадын хувьд энэ нь маш том сорилт. Худалдан авагч биш худалдагч болж байгаа болохоор Хятадын зах зээлд бараа материалын үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Одоо Хятад улс авто зам, төмөр зам, үйлдвэр барилга байгууламж гээд дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтынхаа ихэнхийг барьж дуусгаж байна. Тийм болохоор хэдэн жилийн өмнөх шиг бүх юмыг худалдаж авдаг улс байхаа аажмаар больж байна гэсэн үг. Одоо тэд дэлхийн бусад улс руу аль болох ихийг зарахыг хичээж байна... Хятад улс ашигт малтмалын түүхий эд худалдаж авахаа зогсоогоогүй. Одоо ч худалдаж авсаар байна. Гэхдээ 2010 оны үед таамаглаж байсан шиг Хятадын эдийн засгийн өсөлт байхгүй болсон.

08 2015. (№ 08/081)

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-04-19 17:21
    Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
  • 2019-04-19 12:26
    “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
  • 2019-04-17 17:11
    “Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
  • 2019-04-17 11:18
    ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
  • 2019-04-16 17:01
    Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.