Discover Mongolia 2018: Уул уурхайд өөдрөг хандлага зонхилж байна

2018-09-06 15:21


Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Discover Mongolia 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хурлын гол хуралдааны эхний илтгэлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавьсан бөгөөд илтгэлдээ Тавантолгой нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж буйгаас гадна уг ордыг Ханги-Мандалын боомт руу төмөр замаар холбох яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж буй тухай мэдэгдсэн нь анхаарал татлаа. Мөн Оюутолгой төслийн цахилгаан станцыг төслийг хариуцаж буй компани уурхайн дэргэд байгуулах зөвшөөрөл өгснийг мэдэгдсэн юм.

Дараагийн илтгэлийг “”Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес тавьсан бөгөөд төслийн хувьд баяжмал экспортолж эхэлснээс хойш дөнгөж таван жил өнгөрсөн ч багагүй үр дүнд хүрснийг онцлоод далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байгааг тайлбарлалаа.

“Уул уурхайн мөчлөг ба Монгол улс” илтгэлийг уул уурхайн хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн компани “Лайон Менежер”-ийн захирал Хэдли Виддап тавьсан юм. Одоогийн байдлаар уул уурхайн мөчлөг сайжрах шатандаа яваа ч энэ салбарт хангалттай их хөрөнгө орж ирээгүй хэвээр байгааг тэрээр тайлбарлалаа. Монгол шиг орны хувьд хайгуул, ашиглалтын салбарт хөрөнгө оруулалт татахад ихээхэн боломж бий ч хөрөнгө оруулагчид эрсдэлийг ихээхэн анхаарах болсныг тэрбээр сануулж байна.

Хурлын бас нэгэн сонирхолтой илтгэл нь “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгийнх байлаа. Тэрбээр тус компани өөрийн охин компаниуд болох Шивээ-Овоо, Багануурын хувьцааг хөрөнгийн бирж дээр борлуулахаар төлөвлөж буй бөгөөд гангийн үйлдвэрийн төслийн ажил ихээхэн урагштай байгааг хурлын үеэр тэмдэглэлээ.



Хуралд томоохон компаниудаас гадна жижиг дунд өсч яваа компаниуд идэвхтэй оролцдог уламжлалтай. Энэ удаад Монголын алтны салбарт шинээр төрөн гарч ирж буй “Степ голд” компанийн илтгэл ихээхэн сонирхолтой байлаа. Мөн “Эрдэнэ Ресурс”, “Занаду Майнз”, “Кинкора Коппер” зэрэг багагүй хугацаанд тууштай ажиллаж буй компаниуд өөрсдийн хайгуулын төсөл дээрээ хэрхэн урагштай ажиллаж буйгаа танилцуулсан. Хөвсгөлд Овоот коксжих нүүрсний төсөл дээр ажиллаж буй “Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл хувьцааны арилжаагаар нэмэлт хөрөнгө татахаар төлөвлөж буй бөгөөд тус компани Монголын нүүрсний экспортын 30 хүртэлх хувийг эзлэх боломжтойг дуулгалаа.

Өнөөдрийн хурлын үдээс хойших хэсэг Засгийн газрын санаачилга сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд үүнд Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн бирж, “Эрдэнэс Монгол”-ын хөгжил, “Эрдэнэс Тавантолгой”-н бизнес хөгжлийн чиг хандлага зэрэг чиглэл багтана. Залгуулаад Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачилагуудын тухай хэсэгт орон орны элчин сайд нар гадаад нөхцөл байдал уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх талаар санаа бодлоо хуваалцана.

Маргаашийн хуралд уул уурхайн салбарын татвар, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг, орон нутаг, байгаль орчны чиглэлийн санаачилга, хөрөнгө оруулалт , томоохон компаниудыг татах чиглэлд төвлөрнө.

Салбарын сайд Монголын цаашдын 20-30 жилд уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх үүрэгтэй багана байх бөгөөд хууль бус, салбарын нэр хүндийг унагаж буй уурхай эрхлэгчидтэй хатуу тэмцэж ажиллахаа илэрхийллээ.

Энэ жилийн “Дисковер Монголиа” хуралд өөдрөг хандлага зонхилж байна. Энэ нь уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаатай ихээхэн холбоотой. Харин энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатайг талууд онцолж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-02-21 17:01
    Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
  • 2020-02-21 13:59
    “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
  • 2020-02-21 13:46
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
  • 2020-02-21 13:21
    2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
  • 2020-02-21 12:25
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.