Хөрөнгө оруулалтын хурлууд

2018-08-29 11:01
Н.Ариунтуяа

Монголын уул уурхайн талаарх олон улсын мэдээллийн эрэлт хэрэгцээ “Оюутолгой” асуудал зөрчилтэй үед үүсч, шийдвэрлэгдмэгц намждаг тухай Германы сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф MMJ-д өгсөн ярилцлагадаа нэгэнтээ өгүүлж байв. Өдгөө Монголын уул уурхайн талаарх олон улсын мэдээллийн хэрэгцээ яг тийм эрэлттэй нөхцөлд байгаа ба харамсалтай нь таагүй, сөрөг мэдээлэл давамгайлан байна.

Монголын Засгийн газар хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той Олон улсын арбитрын шүүх дээр уулзаж болзошгүй ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байна. Английн Дээд шүүхээс Монголын хоёр дахь том зэсийн төсөл “Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкинд 98 сая ам.доллар төлөх, эд хөрөнгийг нь битүүмжлэх шийдвэр өнгөрсөн сард гаргасан. 36 удаа хойшилсон Гацуурт төсөлтэй холбоотой шүүх хурал 37 дахь дээрээ шийдвэрээ гарган, Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” компанид хамаарах дөрвөн лицензийг цуцлахыг АМГТГ-т даалгасан ба лицензүүд цуцлагдах тохиолдолд асуудал арбитр дээр шийдэгдэж болзошгүй.

Иймэрхүү мэдээлэл, нөхцөл байдлууд манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрхэг, итгэлгүй харагдуулан байна.

Зэрэгцээд УИХ-аас “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 73 дугаар тогтоолыг баталж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-ийг дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах, төмөр зам, автозам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шийдэл гарсан билээ.

Тавантолгойн коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн  “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г гадаадын бирж дээр хийх ойрын ирээдүйн ажлын бэлтгэл энэ өдрүүдэд эхэлсэн төдийгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанийн 49%-ийг гадаадын хөрөнгө оруулагчид санал болгох яриа хэлэлцээр эхлүүлээд байгаа. Тавантолгойн тогтоолыг УИХ-аар батлуулахдаа ЭТТ-н IPO-г 180 хоногт багтаан хийнэ гэж андгай тангараг өргөх нь холгүй амласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар эдүгээ уулзсан хүн, очсон газар бүхэндээ энэ IPO-гийн талаар дуулгаж явна. Хонконг руу гарах уу, Шанхайн бирж зүгээр үү, Нью-Йорк ямар бол гэсэн бодолд автсан тэрээр удахгүй дэлхийн санхүүгийн төвүүд рүү хүмүүсээ илгээн Тавантолгойн IPO-гийн роудшоуг эхлүүлэх төлөвтэй.  

Яг ийм нөхцөлд Монголын уул уурхайн салбарын байдал, чиг хандлагыг тольдож болдгийн хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд зохиогддог томоохон хоёр хурал Улаанбаатарт зэрэг шахам болох гэж байна. Намрын хурлуудын ууган арга хэмжээний салхийг найм дахь “Coal Mongolia” хагалж, залгуулаад арван зургаа дахь “Дисковер Монголиа” чуулга уулзалт буухиаг үргэлжлүүлнэ.   

Хөрөнгө оруулалтын орчин савлагаатай, зөрчил маргаантай асуудлууд давамгайлж, Монголыг өөдрөг бишээр харж байгаа хэдий ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай учраа ололцох, тэдний анхаарлыг татахаас аргагүй нөхцөл байдалд байна. Ийм тохиолдолд уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт болдог, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ боломжуудын талаар төвлөрч ярилцдаг, бодлого шийдлийг танилцуулдаг, мэдээлэл солилцдог эдгээр чуулга уулзалтуудад төрийн яамд, тэр тусмаа уул уурхай, дэд бүтэц хариуцсан Салбарын яамд, төрийн агентлагууд хариуцлагатай танилцуулга хийх ёстой билээ.

Хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол  Улсын Засгийн газар ямар итгэл өгөх бол, өнөө маргаашдаа ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлтээр эдгээр хурлыг зорин ирэх нь дамжиггүй.    
“Дисковер Монголиа”, “Coal Mongolia” чуулга уулзалтууд хөрөнгө оруулагчдад бодлого шийдлээ ярих, задалж тайлбарлаж, ойлгуулах чухал нэгэн талбар юм. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчдад боломж бололцоогоо таниулах өдрүүд хаяанд ирлээ.         
Хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол  Улсын Засгийн газар ямар итгэл өгөх бол, өнөө маргаашдаа ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлтээр эдгээр хурлыг зорин ирэх нь дамжиггүй.   

Нүүрсний бүх төрлийн нөөцтэй Монгол Улсын хувьд нүүрс нь бизнесийн компаниуд   төдийгүй улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон тул коксжих нүүрсний зах зээлд гарч буй өөрчлөлт, чиг хандлага, стратеги нь анхаарлаас гадуур өнгөрөөх аргагүй сэдэв юм. Тиймээс Coal Mongolia хурлыг угтан The Mongolian Mining Journal нь нүүрсний салбарт төвлөрсөн мэдээллийг сэтгүүлийн шинэ дугаартаа цогцоор нь хүргэж байна. Тавантолгойн ордын ТЭЗҮ-г боловсруулсан, тус ордын ашиглалтын талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байсан Оросын эрдэмтэн А.А.Белинкинийг энэ дугаартаа урьж ярилцлаа. Түүнчлэн, Тавантолгойн IPO, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам тойрсон шинэ мэдээллүүд, коксжих нүүрсний зах зээлд гарч буй өөрчлөлт, чиг хандлага, Монголын нүүрсний компаниудын олборлолт, экспортын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багтаалаа.  Тухлан уншина уу.  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 34 минутын өмнө
    Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
  • 6 цаг 0 минутын өмнө
    Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
  • 6 цаг 2 минутын өмнө
    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ? Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой.
  • 2019-12-13 11:27
    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
  • 2019-12-12 16:38
    Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.