Тавантолгойд зориулсан таван зам

2018-08-28 16:06

The Mongolian Mining Journal /007.2018/


Б.Төгсбилэгт

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” хэмээн нэрийдсэн тогтоолыг УИХ хаврын чуулганаар наадмын өмнөх дулаан уур амьсгал зонхилсон үед чимээгүйхэн батлав. Угтаа УИХ-аар батлуулав. Батлуулсан хүн нь салбарын сайд Д.Сумъяабазар. Үүний хамт Ерөнхий сайдын зөвшөөрөнгүй, Ерөнхийлөгчийн эсэргүүцэлгүй байдал дэмжлэг болон хүч хавсарсныг тэмдэглэх нь зүйтэй. Салбарын сайд тэгтлээ яарсны учир нь 2019 он гэх улстөрчдийн хувьд айдас хүргэмээр шошготой элсэн цаг тасралтгүй доош урсан дуусах мөч ердөө энүүхэн хаяанд тулж ирсэнтэй холбоотой. 2019 онд сонгуулийн улирал хэнээс ч хамааралгүйгээр морилж, парламентынхны ааш аяг засарч, олон сайхан шийдвэр ар араасаа угсран гарна. Тэр дунд мэдээж хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдэд олгох, нүүрс хот руу оруулахгүй байх зэрэг шийдвэрээ эргэн харахад хүрнэ. Ард түмэндээ таалагдах гэж энэ мэтээр хичээсээр юун мега, гега төслүүд рүү анхаарахтай мантай болно.

Тиймээс парламентынхны энэ занг сайн ойлгож буй Салбарын сайдын ингэж яаруу давчуу зүтгэхийг зөвтгөх үндэстэй. Ямар ч байсан эхний алхам амжилттай болж, тогтоол батлуулав. Түүхэн үйл явдал. Гэхдээ IPO-ийн ард гарсны дараа л сайдад ялалтын баяр хийх сэтгэгдэл төрнө.

Тогтоолын нэрийн хувьд бага зэрэг зориг муутай талдаа. Учир нь Тавантолгойг зүгээр л эрчимжүүлнэ гэсэн нэр хайрлажээ. Эрчимжүүлнэ гэдэг нь ямарваа нэг ажлыг эрчимжүүлнэ, хурдасгана, яг хөдөлгөнө гэж амлахаас зайлсхийсэн утгатай мэт санагдана. Нэрнээсээ авахуулаад учир дутагдалтай санагдах энэ тогтоол нь Тавантолгой төслийг гацаанаас гаргах алтан замыг нэг мөр татлаа хэмээн хэвлэлүүдээр ам уралдуулан магтах энэ цаг үед уг тогтоол үнэхээр Тавантолгойг хөдөлгөх юм гэж үү гэсэн итгэж ядсан байдал салбарынхны дунд байгаа нь дамжиггүй. 

Тогтоолын хувьд хамгийн их уулгалан довтолсон хүчирхэг хэсэг нь дэд бүтэц юм. Тиймээс энд тогтоолд багтсан дэд бүтэц, тэр дундаа төмөр зам, авто замын төслийн талаар товчлон хүргэе. Гадаадын хөрөнгө оруулагчид Тавантолгойг, ер нь манай уул уурхайн салбарыг дэд бүтэц муутайгаар нь гоочилдог. Харин үүнд бодитой хариулт өгөхүйц санааг тогтоол дахь дэд бүтцийн цар хүрээнээс харж болно. Гэхдээ ямар ч сайхан зүйл ихдэхээрээ асуудал дагуулдаг нь бас үнэн.


“Дэд бүтэц мандтугай” уриатай тогтоол

Салбарын сайд УИХ-д Тавантолгойн тогтоолыг өргөн барихдаа нэгэн зүйлийг зоригтой хийсэн нь дэд бүтцийн төслүүд болно. Энэ дунд алдарт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байгаа нь нэг их гайхаад байх зүйл биш. Угаас эхлүүлчихсэн ажлыг дуусгах нь зүйн хэрэг. Харин уг чиглэлд дан ганц төмөр зам тавиад зогсохгүй одоо байгаа нэг авто замын хажууд дахин нэг зам байгуулж, хос  замтай болгохоор төлөвлөжээ. Эдгээр зам нь Тавантолгойн нүүрсийг зах зээлд хүргэх, тэгэхдээ хямд өртгөөр их хэмжээгээр дамжуулах гэсэн санаа.

Нөгөө талд ганцхан Хятад руу хүргэх зах зээлийн сонголт муутай байдлыг бууруулахын тулд хэнбугайн ч бодлоор хойд хөрш рүү гарах гарц нээх нь зөв зүйтэй хэрэг. Оросын нутгаар  дамжин хаа холын Алс Дорнодын боомт руу хүргэх нь олон хүний хувьд хэт дэврүүн санагдах авч саяхан ОХУ манайд 25 жилийн хугацаатайгаар транзит тээврийн хөнгөлөлт олгох гэрээг үзэглэсэн. Яг энэ үзэгдэл Тавантолгойн нүүрсийг хойш нь гаргах нөхцөлийг тавьж, ордыг төв шугамтай холбох зориулалт бүхий Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км үргэлжлэх төмөр замын төслийг тогтоолд багтаах үүдийг нээсэн гэж болно. Мэдээж энэ төсөл төмөр замын төв шугамын хүчин чадлыг нэмсэн тохиолдолд үр ашгаа өгөх нь тодорхой.

За ингээд болчихов уу гэж та бодож байгаа байх. Гэхдээ дахиад хоёр ч авто замын төсөл бий. Нэг нь Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн авто зам. Энэ авто замын төсөл хэрэгжих нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээс юугаараа давуутай юм гэж та асууж болох юм. Юугаараа давуу талтайг зах зээлийн боломжийг өргөжүүлсэн гэж тайлбарлах байх. Бугат нь Монголын коксжих нүүрсний хэрэглээний гол зах зээл, тэр зүгт шууд нүүрсээ тээвэрлэх нь   илүү дөт, илүү ашигтай байж мэднэ гэсэн санаа багагүй хугацаанд яригдаж байгаа билээ. Энэ чиглэлд бүр төмөр зам ч яригддаг. Харин тогтоолд төмөр зам бус авто замын төсөл хэрэгжүүлнэ гэж оруулжээ.

Тавантолгойн дэд бүтэц ийнхүү олон чиглэлд хэрэгжих нь байна. Гэхдээ бас нэг анхаарал татсан авто замын чиглэл тогтоолд бат суужээ. Энэ нь Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замаас Цагаандэл уул чиглэлийн авто зам юм. Гашуунсухайт, Ханги боомт руу дэд бүтэц татах чиглэл нь логикийн хувьд нэлээд тодорхой, зах зээлдээ ойртоо юу даа гэх таамаглалыг төрүүлэх авч, Цагаандэл уул чиглэлийн авто зам тоон дотор үсэг цохих мэт  илт сондгойрох ажээ.

Энэ бүх төслийн хэрэгжих боломж нь  мэдээж санхүүжилтийн хэмжээнээс шууд хамаарна. Тавантолгойн IPO-ийн хүрээнд ямар ч байсан 1.5 тэрбум ам.доллар босгох тооцоо гараад буй. Энэ мөнгөөр яг аль замыг байгуулах, бусад үйлдвэр байгууламжийн яг аль хэсгийг санхүүжүүлэх нь сонирхол татна. Учир нь зөвхөн төмөр зам, авто замын төсөл нь өөрөө тэрбум тэрбум долларын санхүүжилт шаардана.

Төмөр замгүй Тавантолгой одоо хоёр ч төмөр замтай болохын сацуу авто замуудаар халгих нь. Ерөнхийлөгчийн таалалд хойш чиглэлийн төмөр зам ихэд нийцэх нь тодорхой. Хоёр төмөр замын хувьд ч  авто замуудын хувьд ч  зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хямд өртгөөр нийлүүлэх зорилготой.

Гэхдээ ганц асуулт байгаа нь үр ашиг. Хэрэвзээ коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 130-150 ам.доллараас доош орвол энэ бүх дэд бүтцийн үр ашиг, цаашлаад Тавантолгой уурхайн үр ашгийн талаар ярих хэрэгтэй болно. Зах зээл үргэлж 200, 300 ам.долларын түвшинд тогтмол байхгүй. Бүх зүйл төлөвлөснөөр болдоггүйг 2008, 2011 оны дараах зах зээлийн бууралтаас бид бүгд сайн мэднэ. Хэрэв  үр ашгийг буруу тооцвол эдгээр дэд бүтэц   маш хялбархнаар санхүүгийн томоохон эрсдэл болж хувирна. Бидэнд дэд бүтцийн туршлага байхгүй. Хэдийгээр төмөр замын төв шугам олон арваныг элээсэн ч бидэнд нүүрсний төмөр зам хэрхэн зовлон жаргалыг туулж, ямархуу ашигтай ажилладаг, ямархуу алдагдалтай ажиллаж болдог вэ гэсэн туршлага үгүй. Гадаадын туршлага Монголд хэзээ ч адил байхгүй. Монголд  Монголын туршлага л байх болно. Эрс тэс уур амьсгалтай, хоёр том хөршийн дунд далайд гарцгүй ийм орон бараг үгүй. Бид туршлагагүй зүйл рүү байгаа бүхнээ тавьж орох санааг тогтоолд тусгажээ.

Мэдээж энэ бүх дэд бүтцийн төсөл нэгэн зэрэг хэрэгжихгүй. Тодорхой үе шаттай хэрэгжинэ. Гэсэн ч эцсийн дүндээ үр ашигтай байх ёстой. Эдгээр дэд бүтцээр Тавантолгойн нүүрсийг голлон тээвэрлэнэ. Өөр бусад түүхий эд тээвэрлэнэ гэж найдах хэрэггүй. Тэгэхээр Тавантолгойн дэд бүтэц гэж нэрлэж болно. Тиймдээ ч Тавантолгойн тогтоолын хүрээнд оруулж ирсэн дэд бүтцийн төслүүд. Тэгвэл Тавантолгойд үнэхээр ийм их дэд бүтэц хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарна. Мэдээж үгүй. Хятад өгсний зоргоор авахгүй нь импортын хэмжээнээс нь тодорхой харагдана. Тавантолгойн нүүрсийг Хятадын далайн боомт, Оросын зүүн эргийн боомтоор дамжуулан цааш худалдаалаад хэр ашиг олох нь, мөн хэр их хэмжээгээр худалдаалж болох эсэх нь тодорхой биш байна. Бүтээгдэхүүний чанарт урт тээвэрлэлт хэр их нөлөөлөх эсэх гээд олон асуулт бий. Япон, Солонгос нийлүүлэгчдээ олон сонголттой болгохыг хүсч байгаа нь тодорхой. Гэхдээ тэдний нүүрсний шаардлага маш нарийн. Тэдний хүссэн бараа ирэхгүй бол манайхаас заавал аваад байх шаардлагагүй.

Манай тэргүүн эгнээний гол зах зээл бол Хятад байх болно. Гол нь Хятадын худалдан авалт хязгаартайг санах учиртай. Харин үүний яг эсрэг байдал энэ олон дэд бүтцийн төслөөс харагдана. Хятад илүү цэвэр, хаягдалгүй эдийн засагт шилжихээр хичээж байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах хүрээнд үйлдвэрүүдийг зарим улиралд хагас хүчин чадлаар нь ажиллуулж, машинаар эрдэс түүхий эд тээвэрлэхийг зогсоохоор эрчимтэй ажиллаж байна. Хуванцар хаягдал гаднаас импортлохоо ч зогсоогоод байгаа билээ.

Харин бид үүнтэй зохицож илүү цэвэр болох шаардлагатай нь тодорхой байгаа бөгөөд яаралтай төмөр замаа тавих нөхцөл байдал үүсчээ. Харин авто замын тухайд бидэнд бэлхнээ туршлага бий. Тиймээс авто замын үр ашиг, тэр нь ирээдүйн нөхцөл байдалд хэр нийцэхийг сайтар бодох шаардлага урган гарч ирж байна.


Тавантолгойн авто замууд



115 тонны даацтай Тавантолгой-Гашуунсухайт чиг­лэ­лийн 259 км авто зам

Уг авто замыг (DBOT нөхцөлөөр)-ыг одоо байгаа замын хажууд байгуулах ажлыг Засгийн газрын 166 дугаар тогтоолоор (2017.06.14-ны өдрийн) концессийн жагсаалтад багтаасан. Уг замын ач холбогдол нь нүүрс тээвэрлэлтийг 2-2.5 дахин нэмэгдүүлэх, ачаагүй, ачаатай тээврийн хэрэгслийн урсгалыг тусгаарлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна.

Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төсөл

Энэ зам нь Хятадын ӨМӨЗО-ны Бугат хотын төмрийн үйлдвэрт эрдэс бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх боломжийг бүр­дүү­лэх  ач холбогдолтой. Ингэснээр  экспор­тыг нэмэгдүүлэх, Гашуун­сухайтын дэд бүтцийн ачааллыг бууруулах, зам дагуух ашигт малтмалын ордыг ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.

Тавантолгой-Баруун­наран чиглэлийн замын төгсгөлөөс Цагаандэл уул боомт чиглэлийн 270 км авто замын төсөл

Уг зам нь Цагаандэл уул-Өлзий авто замын боомтыг өргөжүүлэхэд үлэмж хувь нэмэртэй. Монгол болон Хятад улс уг хэсэгт боомт байгуулахаар хамтран ажиллаж, 2016 оны тавдугаар сард хилийн цэгийг тохиролцсон байдаг. 2017 оны есдүгээр сарын 22-нд Засгийн газрын 279 дүгээр тогтоолоор уг төслийг концесст нэмж оруулсан.


Тавантолгойн төмөр замууд   



Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам

Хүчин чадал нь 30 сая тонн, нарийн царигтай, шаардлагатай хөрөнгө оруулалт 1.1 тэрбум доллар. Энэ дотроо 279 сая ам.долларын ажил гүйцэтгэсэн. Үлдсэн хэсгийг хувьцаа эзэмшил болон зээлийн санхүүжилтээр шийднэ. Тодруулбал 268 сая ам.долларыг 49%-ийг эзэмших хувийн хэвшил гаргаж, харин үлдсэн 553 сая ам.долларыг зээлээр шийдвэрлэх шаардлагатай.
Хил холбох цэгийг Хятадын талтай тохиролцох ажил шийдвэрлэх шатандаа орж, нөгөө тал манай талын саналыг дэмжсэн сурагтай байна.
Уг замаар нэг тонн нүүрсийг 7 ам.доллараар тээвэрлэнэ гэж тооцож буй нь тээвэрлэлтийн зардлыг үлэмж бууруулахаар байна.    

Тавантолгой – Зүүнбаян  чиглэлийн төмөр зам

Засгийн газрын 153 дугаар тогтоолоор (2018.05.23-ны өдрийн) МТЗ-ын 51%, Дорнын төмөр замын 49%-ийн эзэмшил бүхий “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулж, концессын DBOT төрлөөр барьж байгуулах үүрэг өгсөн.
Уг замын урт нь 414.6 км, дэлгэмэл урт нь 516.6 км. Өргөн царигтай, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн.    

DBOT – Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл буюу тухайн компани өөрийн хөрөнгөөр тухайн дэд бүтцийг байгуулж, гэрээний хугацаанд ашиглаж, хугацаа дуусмагц төрд шилжүүлэх нөхцөл


Сэтгэгдэл байхгүй байна

  • Баярлалаа Сайхан нийтлэл байна Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
    2018 оны 08 сарын 29 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 43 минутын өмнө
    Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж. “Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод  дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй. 
  • 17 цаг 40 минутын өмнө
    Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  
  • Уржигдар 14 цаг 52 минутад
    УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-д хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
  • Уржигдар 12 цаг 41 минутад
    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 
  • 2020-07-01 15:09
    УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.