Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

2025 оноос говь нутаг усны хомсдолд орж болзошгүй байна




“Өмнийн говь нутагт усны нөөц хомс тул уул уурхайн нүсэр том үйлдвэрлэлүүд хүндхэн байдалд орж болзошгүйг усны салбарын мэргэжилтнүүд эртнээс анхааруулж, сэрэмжлүүлсээр ирсэн. Гэвч төр,  засгийн зүгээс өнөөг хүртэл бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажил алга байна. Төрөөс усны талаар баримтлах бодлогын баримт бичиг цаасан дээр л сайн хэрэгжиж байна” хэмээн Алтайн Өвөр говийн усны сав газрын захиргааны дарга Д.Чандмань The Mongolian Mining Journal-д өгсөн ярилцлагадаа өгүүлэв. Хуучнаар ЗХУ-ын Ташкент хотноо Усжуулалт механикийн их сургуулийг усжуулалтын инженер мэргэжлээр төгссөн тэрээр “Усны нөөцийг хэмнэх, хөдөө аж ахуйн усалгааг автоматжуулах боломж” гэсэн сэдвээр ХБНГУ-д докторын зэрэг хамгаалсан, салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.


Ярилцсан Г.Идэрхангай


Алтайн Өвөр говийн усны сав газар нь Монгол улсын газар нутгийн хэдий хэр хэмжээтэйг хамардаг вэ?
Алтайн Өвөр говийн сав газар нь Монгол орны өмнөд хэсэгт оршдог. Монгол Улсын нийт газар нутгийн 11%-ийг хамардаг, 29 сав газраас хамгийн их газар нутагтай, гадаргын усны хомсдолтой, гадагшаа урсгалгүй ай савд багтдаг, гүний усаар хэрэглээгээ хангадаг өвөрмөц бүс нутаг юм. Сав газарт Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 20 сум хамрагддагаас 7 сумын нутаг бүхлээрээ, 14 сумын төв нь хамрагдаж байна.

Түүнчлэн сав газрын нутаг дэвсгэрийн 37.4%-ийг Өмнөговь аймаг, 36.9%-ийг Говь-Алтай аймаг, 23.6%-ийг Баянхонгор аймаг, 2.1%-ийг Өвөрхангай аймаг эзэлдэг. Мөн Монгол улсын стратегийн томоохон ордууд болох Өмнөговь аймгийн Нарийнсухайтын нүүрсний орд, Баянхонгорын Хотгорын нүүрсний орд, Говь-Алтай аймгийн Таяннуурын төмрийн хүдрийн орд газрууд манай сав газарт харьяалагдаж байна.

Танай сав газрын захиргааны зүгээс голчлон ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Алтайн Өвөр говийн усны сав газрын захиргаа үндсэндээ газрын доорх болон гадаргын усны тоо бүртгэлийн ажлыг нэлээд сайн явуулж байна. 2014 онд байгуулагдсанаас хойших  дөрвөн жилийн хугацаанд бид улирал бүр зургаан удаагийн давталттайгаар сав газрын бүх нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийг хийлээ. Ерөнхийдөө  5300 гаруй гүний усны худаг, 1200 орчим булаг, 19 рашаан, 62 жижиг гол горхи, 75 нуурыг бүртгэсэн байна. Мэдээж ийм өргөн уудам нутагт нэг удаагийн явалтаар  усны тооллогыг бүрэн хийгээд дуусна гэж үгүй. Сэгс цагаан богд шиг хааш хаашаа 200 км,  хүн амьтангүй зэлүүд газарт судалгаа хийх нь хүндрэлтэй. Ийм нөхцөлд нутгийн ард иргэд, байгаль хамгаалагчдын дэмжлэг бидэнд ихээхэн хэрэг болж байна.

Говийн бүс, тэр дундаа Өмнийн говийн гүний усны нөөц багасч байгааг салбарын мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд хүчтэй ярьж байна. Ялангуяа уул уурхайн ашиг­лалтын улмаас ирээдүйд гүний усны нөөц хомсдох вий гэсэн айдас говь нутгийнханд нийтлэг байдаг. Гүний усны нөөц ямар шалтгаанаар багасч байна вэ?
Говийн гүний усны нөөцийг ярихаас өмнө хэдэн тоо хэлье. Монгол орон нийтдээ 609.5 шоо км усны нөөцтэй. Үүнээс 500 шоо км ус нь ашиглах боломжгүй буюу нуурын ус. Өнөөдөр нуурын усыг усан тээвэрт л ашиглаж байна. Үлдсэн 63 шоо км ус нь ихэвчлэн мөнх цас, мөсөн голд хамаарагддаг бол зундаа  ашиглах боломжтой, өвөлдөө огт хэрэглэдэггүй усны нөөц 34.6 шоо км байна. Ингээд бодохоор 10.8 шоо км нь ус газрын доорх буюу бидний хэлдгээр гүний усны нөөцөд хамрагддаг.

Монгол Улсын усны нийт ашиглалтын 85%-ийг газрын доорх уснаас авдаг. Газрын доорх усны ихэнх нь Хангайн бүсийн усархаг хэсэгт оршдог байхад говийн бүсийн усны нөөц туйлын хомс. Ялангуяа өмнийн говийн гүний усны ашиглалт бүр хэтэрчихээд байна. Газрын доорх усны нөөцийг ордоор нь баталж тогтоодог. Орд гэдэг нь хайгуул, судалгааны ажлын дүнд усны хэмжээг судлаад, өрөмдлөг шавхалт хийгээд нөөц нь тогтоогдсон усыг хэлж байгаа юм.

Одоогоор өмнийн говийн бүсэд Балгасын улаан нуур, Галбын говь, Борзонгийн говь, Наймдайн хөндий зэрэг усны 53 ордын нөөц батлагдаад байна. Эдгээр 53 ордын батлагдсан нөөц 140.417.3 м3/хоног, таамаг нөөц 343.105.3 м3/хоног байгаагаас  хүн амын унд, ахуйд тохирох цэнгэг устай 38 орд (60.670.1 м3/хоног), эрдэсжилт ихтэй 15 орд (79.747.2 м3/хоног) байна. Хоногт 140 мянган шоо метр усыг нэг хоногт авч хэрэглэх боломжтой гэсэн үг. Гэтэл ахуйн ундны хэрэгцээнд ашиглах боломжтой нь 60.7 мянган шоо метр гүний ус л байна. Бусад нь шорвог, давсархаг, хужиртай, хатуулаг өндөртэй.

Тэгэхээр нийт гүний усны нөөцийн зөвхөн 5%-ийг л  үйлдвэр, технологийн зориулалтаар  ашиглах боломжтой. Газрын доорх усны 53 ордын нийт нөөцийн 50 гаруй хувь нь (70.000 мянган м3/хоног) Өмнөговь аймагт бий. Энэ үзүүлэлтээс харахад манай аймагт гүний усны хэрэглээ нөөцийн хэмжээнээсээ бараг давчих гээд байгаа. Гүний усны нөөцийн хомсдол  бий боллоо гэж яриад байгаагийн учир энэ.

2020 он гэхэд говийн бүсэд хоногт 204.513 шоо метр (2,367 л/с) хэмжээний гүний усны нөөцийн дутагдалд орно гэдгийг судлаачид шинжлэх ухааны тоо баримтаар таамагласан. Тэгэхээр энэ 200 мянган шоо метр усыг хаанаас, яаж нөхөх вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Тэр тусмаа Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын ашиглалт өдөр өдрөөр өргөжин тэлж буй өнөөдрийн нөх­цөлд говь нутагт гүний усны нөөцийн хомсдол нүүрлэх нь түгшүүр төрүүлдэг.

Говийн гүний усны нөөцийг цаашид хайгуул, судалгаагаар нэмэгдүүлж, нарийвчлан тогтоох ёстой. Гэхдээ судлаад судлаад үлдсэн нөөц хүрэлцэхгүй. Тийм учраас Хангайн бүсээс хур борооны усыг нөөцөлж, шилжүүлэн урсгах ажил гарцаагүй бидний өмнө нэн яаралтай тулгамдчихаад байна.  

Гүний ус хамгийн багаар бодоход 10 мянга, цаашлаад 30 мянга, нэг сая жилийн дараа  л нөхөгддөг. Алт зэс байхгүй боллоо гээд аюул болохгүй, харин усгүйгээр амьдрал үргэлжлэхгүй учраас онцгой анхаарах ёстой. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орж, амьдрал хэцүү болно. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөс хэтрэх учраас зөв зохистой ашиглахын тулд шинжлэх ухаанч хандлага бидэнд хэрэгтэй. Хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40%-иар нэмэгдүүлнэ гэж холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр нь цаашлаад ашиглалтынх болж, уурхайнуудын тоог нэмэгдүүлэх вий. Байгаль орчин талаасаа энэ нь зүй зохистой бодлого биш.

Өмнийн говь нутагт уул уурхайн томоохон баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж байна. Саяхан “Монголын Алт” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Цаашид ч хэд хэдэн үйлдвэр ашиглалтад орохоор яригдаж байна. Эдгээр үйлдвэрийн усны хэрэглээнд танай сав газрын захиргаа хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
Нарийнсухайтын бүлэг орд манай Алтайн Өвөр говийн сав газрын нутаг дэвсгэрт харьяалагддаг. Энэ утгаараа бид гүний усны нөөц хэрэглээнд илүүтэй анхаарал тавьж ажиллах ёстой. Учир нь Нарийнсухайтын бүлэг орд орчмын газрын доорх усны нөөц маш бага түвшинд тогтоогдсон байдаг. Гурвантэс орчимд гүний усны орд байдаг ч зөвхөн эндхийн ирээдүйн усан хангамжийн зориулалтаар нөөц нь тогтоогдсон орд.

Тиймээс газрын доорх усны нөөцөө тогтоолгож өрөмдлөг, шавхалтын ажлаа хийлгэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бид энэ ордод үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад өгдөг. Одоогоор компаниуд гүний усыг уурхайн тоосжилт дарах, шүүрлийн ус зайлуулах зэрэгт ашиглаж байна. 

Байгаль орчин, аялал жуулч­лалын яамнаас аж ахуйн нэгжүүдэд ус ашиглах зөвшөөрөл өгдөг бөгөөд бид тэрхүү зөвшөөрөл, дүгнэлтэд үндэслэн хамтран ажиллах гэрээ байгуулж, ус ашиглалтын төлбөрийг нь орон нутгийн орлого болгодог.

Одоогоор уул уурхайн компаниуд гүний усны 5 худгаас ус татаж байна. Таван литр секунд, дээд талдаа 7-8 литр секундын ундаргатай худгууд гаргаад уурхайн үйлдвэрлэлд бага сага хэрэглээд явдаг гэсэн үг. Эдгээр нь том хэмжээнд тогтоогдсон гүний усны нөөц биш учраас одоогоор ус хомсдох бэрхшээл учраагүй байна. Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа төрийн байгууллагын хувьд тэдгээр худагт мониторинг, хяналт тавьж ажиллаж байна.
Худгийн ойролцоо хяналтын цооног өрөмдөж, тэр цооног дотроо гүний усны түвшинг тогтмол хэмждэг хэд хэдэн багаж суурилуулчихдаг юм. Усны даралт, агаарын даралт, түвшин, чанарын үзүүлэлт болон усны температурыг хянадаг гэсэн үг.



Хоногт дөрвөн удаагийн давтамж­тайгаар хяналт хийж, мэдээлэл авч байна. Манай газрын доорх усны хяналт хариуцсан мэргэжилтнүүд цооногийн баахан түлхүүр халааслаад явж байдаг.

Цооногт суурилуулсан төхөөрөм­жөөрөө дамжуулж авсан таван зүйлийн мэдээллээ компьютерт хийгээд, оффисын серверт тусгайлан хадгалж, нэг хувийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төв сервер рүү илгээдэг.

Уул уурхайн компаниудын ус ашиглалтыг бид 2016 оны сүүлээс хянаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2016 оны сүүлээр худгуудын ойролцоо цооног өрөмдөж, хяналтын төхөөрөмжүүд суурилуулж, дараа жилээс нь ашиглаж эхэлсэн л дээ.
Уул уурхайн компаниудын гүний усны ашиглалт ихсэхэд түвшин нь доошилж байдаг ч бүр доошоо шавхагдаад алга болчихоогүй байна. Харин ашиглалт буурсан шөнийн цагаар усны түвшин эргээд хэвийн хэмжээндээ очдог. Усны цаг тутмын ийм хяналт дор Нарийнсухайтын бүлэг ордын ашиглалт явагдаж байгаа. Ерөнхийдөө уул уурхайн компаниуд жилдээ 400 гаруй сая төгрөгийн ус ашигладаг. Баяжуулах үйлдвэрүүд  шүүрлийн усаа эргүүлэн ашиглаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ цаашдаа худгаас усаа авч ашиглана гэдэг ирээдүй муутай гэдгийг онцгойлж хэлье.

Усны 80 гаруй хувийг эргүүлэн ашиглалаа гэж үзэхэд цаана нь үлдэж байгаа 10 орчим хувийг нөхөн сэлбэлтээр аваад байхад газрын доорх гүний усны хэмжээ хэвийн горимдоо байж болно гэж бид үздэг. Хамгийн гол нь, Баяжуулах үйлдвэр ажиллуулж байгаа уул уурхайн компаниуд шүүрлийн усан дээр ууршилт хэр явагдаж байгааг маш нарийн хянадаг байх хэрэгтэй. Усны ууршилтын судалгаанд хөрөнгө мөнгө гаргаж судлах ёстой.  Бидний зүгээс ийм л шаардлага тавьж байна. Уул уурхайн компаниудын ашиглаж байгаа усыг 100% тоолууржуулсан шиг шүүрлийн усыг ч мөн тоолууржуулах зорилт тавьсан.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Зэсийн баяжмал боловс­руулах үйлдвэр байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэг­лээнд цаашид гүний ус хүрэлцэхгүй гэж мэргэжилтнүүд сануулдаг. Энэ нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт эрсдэл болох уу?
Оюутолгой, Тавантолгойн орд газар манайд харьяалагддаггүй. Галба-Өөш, Долоодын говь сав газрын усны нөөц, ашиглалттай  холбоотой асуудлыг манай  сав газрын захиргаа хариуцаж ажилладаг юм. Оюутолгойн газрын доорх усны ордын нөөцийг тогтооход оролцож  ажилласан эрдэмтэн,  судлаачийн хувьд хэлэхэд “Оюутолгой” компани өнөөдөр гүний усны боломжит нөөцийг 100% аваад дуусчихсан. Өөрөөр хэлбэл, төслийн усны хэрэглээг 2008 онд  870 л/с байхаар тогтоосон ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөл 918 л/с болгож нэмэгдүүлсэн байсан. Ямар процессоор ингэж нэмэгдүүлснийг бид мэдэхгүй. Усны хэрэглээг ингэж нэмэгдүүлж тогтоосон хэрнээ “Оюутолгой” компани 1001 л/с ус татах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулсан байна лээ. Ингэснээр ашиглах боломжтой гүний усны нөөцийг 100% ашиглаад дуусчихаж байгаа юм.

Гэтэл одоо Зэс  хайлуулах үйлдвэ­рийн усны хэрэглээ нэмэгдээд гараад ирнэ. Мэдээж Монгол Улсад  үйлдвэр хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдвэрийг хангах ус говь нутагт байхгүй.  2020 онд хоногт 200 мянган шоо метр гүний усны  хомсдолд орно гэдэг нь ерөөсөө Тавантолгой, Оюутолгой ордтой л холбоотой асуудал. Тиймээс миний дээр дурдаад байгаа Орхон говь, Хэрлэн говь, Онги гол төслүүдээ нэн яаралтай хэрэгжүүлэхээс аргагүй байдалд Монгол Улс орж байна. Улаанбаатарын саарал усыг үйлдвэр­лэлийн зориулалтаар ашиглах төсөл яригдаж байгаа. Үүнийг би хувьдаа зөв гэж боддог.

Засгийн газрын тогтоолоор Орхон говь, Хэрлэн говь, Онги гол төслүүдээс аль боломжтойг нь судалж сонгохоор заасан. Судал­гааны ажил хэр явж байгаа вэ?
Эдгээр том төслийг одоо л дөнгөж судлах тухай яригдаж байна. Хугацаа маш их алдаж байна даа. 1997 оноос л ярьсан зүйлийг дахиад эхнээс нь судална гэдгийг сайн ойлгохгүй байна. Орхон говь, Хэрлэн говь, Онги гол төслүүдийн алинд нь ч ТЭЗҮ алга. Хэрлэн говь төслийг судлах талаар Хятадын Засгийн газартай манай Засгийн газрын тэргүүн  ярилцсан юм шиг байна. Гэтэл одоогоор төслийн нэгж байгуулагдаад ажиллаж байгаа зүйл харагдахгүй байна.



Гүний усны ашиглалт, ирээдүй хойчдоо үлдээх нөөцийн тухайд төрийн бодлого, шийдвэр өөр хоо­рон­доо уялдаа муутай, хэрэг­жилт муутай байх шиг санагдах юм?
Төрөөс усны талаар баримтлах бодлогын баримт бичиг цаасан дээр сайн хэрэгжиж байна. 1997 онд Төрөөс экологийн талаар баримтлах бодлого гэж батлагдаж байсан. Бид бодлогын баримт бичиг боловсруулах ажилд оролцож байлаа. Дараахан нь, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гарч ирсэн. Мөн 2030 он хүртэл баримтлах Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд баталсан. 1998 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрийг 2010 онд сайжруулж баталсан гээд яриад байвал маш олон бодлого шийдвэр, үзэл баримтлал, хөтөлбөрүүдэд Орхон говь, Хэрлэн говь төслийг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байдаг. Гэтэл тэр олон үзэл баримтлалаас хэрэгжсэн нь нэг ч алга.

Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хэмээх маш том бодлогын бичиг баримтыг Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2013 онд баталсан. Энэ бичиг баримтад Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бас  тусгасан. Харамсалтай нь өнөөдөр эдгээр төслийг дахиад л эхнээс нь судлах тухай яригдаж байна. Тэгэхээр хэзээ хэрэгжих нь тодорхойгүй болчихож байгаа юм.

2011 онд Балгасын улаан нуурыг Тавантолгойн үйлдвэр­лэлийн хэрэгцээнд ус хангамжийн эх үүсвэрээр ашиглах Засгийн газрын тогтоол гарсан байсан ч Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр цуцалж байсан. Гэтэл энэ онд мөн Засгийн газар хуучин тогтоолоо сэргээж, Балгасын улаан нуурыг ашиглах тогтоол гар­га­­­чихлаа. Орон нутгийнхан уг тогтоолыг хэрхэн хүлээж авч байна вэ?
Өмнийн говийн гүний усны 53 орд газрын нэг нь Ханхонгор сумын нутаг дахь гүний хамгийн залуу, цэнгэг устай Балгасын улаан нуур. Нэгдүгээрт, Даланзадгад хоттой ойрхон, хоёрдугаарт ундны цэвэр усны нөөц гэдэг утгаараа уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах боломжгүй. Өмнөговь аймагт уул уурхайн стратегийн томоохон ордууд ашиглалтад орж, улс орны эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж буйг үгүйсгэхгүй. Аймгийн хүн ам сүүлийн хоёр, гурван жилд эрчимтэй өсч, 62 мянган хүн амтай боллоо.

Зөвхөн Даланзадгадын хүн ам 30 мянга хол давж байна. Энэ утгаа­раа хотын усны хэрэгцээ цаашид ч эрс нэмэгдэх нь. Хэдэн жилийн өмнө Балгасын улаан нуурыг ашиг­лах Засгийн газрын тогтоол, шийд­вэрийг орон нутгийн ИТХ эсэргүүцсэн тогтоол гаргаж байсан. Хэрэв Балгасын улаан нуурыг дахин ашиглах талаар эрчимтэй яригдаж эхэлбэл орон нутгийн иргэд мэдээж эсэргүүцнэ.

Гүний усны, тэр дундаа ундны усны энэ цэнгэг нөөцийг ашиглана гэдэг тийм ч оновчтой хувилбар биш. Дээхнэ үед Тавантолгойн бүлэг ордыг ашиглахын тулд Балгасын улаан нууран дээр гүний усны хайгуул хийж байсан. Хайгуулын явцад цэвэр усны нөөц илрэнгүүт  говийн урд талын хэсэг Наймдайн хөндийд хайгуулаа үргэлжлүүлсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд гүний болон гадаргын усны нөөцийг зөв зохистой, ухаалаг менежмент хэрэгжүүлж ашиглана гэсэн ойл­голт түгэх болсон. Ухаа­лаг менежмент гэдгийг Та мэргэ­жилтний хувьд юу үздэг  вэ?
Газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх байдлаар ирээдүйгээ харж ашиглахыг ухаалаг менежмент гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр хойч үедээ үлдээнэ гэдэг нь одоо ашиглаж байгаа усны нөөцийг багасгалгүйгээр, аль болох нөхөн сэлбэгддэг хур борооны ус, говийн нөхцөлд бол Алтайн нурууны жижиг булаг шанд гэхгүйгээр хөв цөөрөм байгуулах, далан хаалт хийж том усан сан байгуулах ажлуудыг ихээр хийх хэрэгтэй байна.

Тухайлбал, манай Алтайн Өвөр говийн сав газарт  харьяалагддаг Говь-Алтайн Төгрөг, Сагсай гээд хүн дээгүүр нь алхаад гарчихдаг гол байсан. Энэ голыг Ээж хайрханы доод Хаяа руу урсгаж, урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Цээл сумын нутагт хоёр уулын хамгийн нарийссан хэсэгт далан хаалт хийж боосон юм. Би 1981 онд их сургууль төгсөөд энэ далан хаалтын техникийн анхны шийдлийг гаргаж байлаа. 1983-1986 онд монгол инженерүүд 36 метр шороон далан хаалт буюу боомт байгуулж,  түүндээ 3 сая шоо метр ус хуримтлуулж, доош нь 23 км суваг, яндан хоолойгоор урсгасан юм.

Үүний үр дүнд 600 га талбайд бороожуулах машин ямар ч тог цахилгаангүйгээр ажиллаж тариа ногоогоо тарьдаг болсон. Одоогоор тэнд 200 орчим га-д тариа ногоо тарьж байна.  Зэрлэг ан амьтад ч ундаалж байна. Хаяагийн энэ ус хуримтлуулах шороон боомт нь Азидаа эхний тавд, дэлхийд аравт ордог байгууламж. Ийм байгууламжуудыг өндөр уулын бүсүүдэд байгуулж, ус хуримтлуулж говь руу урсгах боломжтой. Энэ бол хойч үедээ үлдээж буй том хөрөнгө оруулалт байх болно. Монголчууд ийм том байгууламж байгуулж байсан туршлагатайн хувьд Хэрлэн говь, Орхон говь төс­­лүү­­­дээ хэрэгжүүлэх ёстой. Хам­гийн гол нь төр засгийн бодлого шийд­вэрээс их зүйл хамаарч байна. Хан­гайн бүсээс гол татна гэдэг буруу ойл­голт яваад байгаа. Хангайн бү­­сэд орсон хур борооны усыг олон жилийн хуримтлалтай далан бай­гуулж, хилээр гарч байгаа гол усны 1% хүрэхгүй усыг л урсацаас нь хуримт­­луулж авах эрх монголчуудад бий.
  • Зочин (59.153.113.117)
    ongiroo huur shuu azidaa ehnii 5 ch geh shig gehdee zov yum yarij bn
    2018 оны 09 сарын 05 | Хариулах