“Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллуулах уу, мега ажиллуулах уу?

2018-07-31 12:00
Их хурал хаврын чуулганы хаалтын өдөр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолыг баталж, Засгийн газарт ажиллах боломжийг олгов.

Олон асуулт хариулт нэхэж байсан ч “Хэдий болтол ингэж байх вэ. Явуулах гээд үзье” гэдэг байр суурь Парламентад давамгайлсан ба баасан гаригийн хуралдаан дээр гишүүдийн ёс болгож хэлсэн өнгөцхөн үгсээс энэ нь илэрхий байсан. Парламентын гишүүдийн хувьд Ажлын хэсгийн танилцуулсан шийдэл үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт тийм ч итгэлтэй бус байна. Гэхдээ Тавантолгой төслийг урагшлуулж, ЭТТ-г олон нийтэд нээлттэй компани болгож, хөрөнгийн биржүүдийн стандартад нийцэж ажилладаг жишиг рүү явах нь чухал. Олон нийт ийн эрмэлзэж байгаа тул Засгийн газар шийдэмгий ажиллаж, амласандаа хүрэх ёстой юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ахалсан Ажлын хэсэг Тавантолгой төслийг эрчимжүүлэх үндсэн зарчмаа “Олон улсын хөрөнгийн захад Тавантолгой төслийн 30 хүртэл хувьд IPO хийж, хөрөнгө босгон, “Эрдэнэс Тавантолгой”-н дэд бүтцийн төслүүдийг хэсэгчлэн, уул уурхайн төслүүдийг бүрэн санхүүжүүлнэ” гэж тодорхойлсон. Түүнчлэн IPO-ийн үр дүнг харгалзан, OFF-TAKE гэрээгээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байгаа юм.

•    Олон улсын Санхүүгийн болон Техникийн зөвлөхүүд сонгон ажиллуулж, IPO хийх бэлтгэлийг хангана. УУХҮЯ-ны урьдчилсан судалгаагаар Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд дээр гарах боломж байна. Шанхайн хөрөнгийн бирж мөн боломжтой.
•    Санхүүгийн зөвлөхөөр ажиллахаар JP Morgan, Goldman Sachs, Nomura, Deutsche, Credit Suisse зэрэг талууд сонирхлоо илэрхийлсэн.
•    Техникийн зөвлөхөөр ажиллах боломжтой талуудыг судалж байна гэдгээ УИХ-д танилцуулсан.         

Яг одоо энэ асуудлаар Ажлын хэсэг хүрээгээ улам өргөжүүлэн зуны урт өдрүүдэд толгой өндийх сөгөөгүй сууна. Зургаадугаар сарын 29-нд хаалтаа хийсэн Парламентад Сумъяабазар сайд бэлтгэлийг 180 хоногт багтаан амжуулах хугацаат амлалт өгсөн юм.

Эхний 30 хоногт элдэв үр дүн гараагүй, ядахдаа санхүү, техникийн зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг зарлачих болов уу гэсэн хүлээлт байсан ч амжсангүй. Засгийн газрын шахалтаар бизнесийн зарчмаасаа цаг үргэлж гажиж ирсэн төрийн өмчит компанийг ийм хугацаанд хөрөнгө оруулагчид итгэл үзүүлэх компани болгож хувиргана гэдэг нь IPO гаргахаасаа илүү амаргүй зорилт. Тавантолгойн гол асуудлыг өөр зүгт санаатай хандуулан мушгин гуйвуулагчид алдаа гаргахыг анан суудаг нь ажлын нөхцөлийг улам хүндрүүлэх нь ойлгомжтой.

Гэхдээ үүнийг үл өгүүлэн Тавантолгойг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх төсөл, шаардагдах хөрөнгө оруулалт тойрсон асуудалд уншигч таныг анхаарал хандуулахыг хүсье. 

Ажлын хэсгийн танилцуулснаар Тавантолгой төслийг эрчимжүүлэх хүрээнд 7.11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай юун мега, бүр гега төсөл цаасан дээрээс буугаад ирэв. Энэ нь Тавантолгой, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал юм. Бараг тус тусдаа мега гэхээр төслүүд. Дээрх 7.11 тэрбумын хөрөнгө оруулалтаас 5.95 тэрбумынх нь 2018-2021 оны хооронд хийгдэнэ. Гэхдээ эдгээр төслийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын зардлыг хэдий хугацаанд, хэрхэн нөхөхийг нотолсон туйлаас ерөнхий ч гэлээ тооцоог өдгөө хэн ч хэлж ярихгүй байгаа. Ойрын 4-5 жилд ийм ашгийг ингэж олно гэсэн эдийн засгийн хамгийн энгийн тооцоо хаана байна вэ. Энэ талаар нарийн ширийнийг чуулганы танхимд ил яриагүй юм. 

Харин Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй, бүр ихэд ач холбогдол өгч мэдээлсэн. Төсөл амжилттай хэрэгжсэнээр ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөж, экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоолол байна.
Хэрэгжүүлэх төслүүд, шаардагдах хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьсан танилцуулгад тусгагдсанаар танилцуулъя.

Хөрөнгө оруулалтын төслүүд:
1.    Конвейерийн систем. Хэрэгжих хугацаа 2018-2020 он. Шаардлагатай хөрөнгө оруулалт 75 сая ам.доллар.
2.    Олборлолтын техник  тоног төхөөрөмж. Төслийг хэрэгжүүлснээр 2021 онд олборлолт 35 сая тоннд хүрнэ. Хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.доллар.
3.    Хайгуул судалгаа. Хэрэгжих хугацаа 2019-2030 он. Шаардлагатай хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар.   
4.    Нүүрс баяжуулах үйлдвэр. Хэрэгжих хугацаа 2019-2021 он. Шаардлагатай хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар.  
5.    Ус хангамж.  Шаардлагатай хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар.
6.    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам. Үлдэгдэл санхүүжилт  824 сая ам.доллар.  
7.    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих төсөл.  Шаардлагатай хөрөнгө оруулалт 1.24 тэрбум ам.доллар.  
8.    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам.
9.    Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын төсөл.
10.    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэ­лийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаандэл уулын хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл.
11.    Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц. Хэрэгжих хугацаа 2018-2021 он. Шаардлагатай хөрөнгө оруулалт 1.0 тэрбум ам.доллар.     

Уншигч та 3 авто зам, 2 төмөр зам, 30 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, 450мВт-ын цахилгаан станц гээд цааш үргэлжлэн буй том том тоо тавьсан нүсэр ажлын жагсаалтыг харж байна. Эндээс “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллуулах гээд байгаа юм уу, мега ажиллуулах гээд байгаа юм уу гэх асуулт эрхгүй төрнө. Хэрэгжүүлэх ажил хэтэрхий олон, фокус муутай. Гэтэл ганц төмөр зам барьчихаж чадахгүй найман жил маргалдаж яваа юм, бид. Уг нь арайхийж ажил явуулах визээ авсных асуудлаа зөв фокуслаад, нэн тэргүүнд хамгийн бага зардлаар дэд бүтцээ шийдээд, хамгийн хямд тээвэрлэлтээр зах зээлдээ хүрэхийн төлөө ажиллах ёстой санагдана.    
 
ЭТТ-н хувьд төмөр зам, нүүрс угаах үйлдвэрээ хэдий хурдан ашиглалтад оруулна, төдийчинээ нүүрсний экспортоос илүү орлого олох болно. Өртөг хямдарч, өрсөлдөөний тухай ярих эрхтэй болно. Ингэхдээ тээврийн бүх дэд бүтцийг биш зөвхөн ашигтай дэд бүтцийг байгуулсан тохиолдолд. Энэ нь мэдэхгүй, анзаарахгүй өнгөрч үл болох эдийн засгийн асуудал юм. ЭТТ-н дэд бүтцийн дутагдалтай тал, зардал ихтэй тээвэрлэлтийн систем нь компанийн үнэлгээг ижил төрлийн гадны компаниудаас хэд дахин бага болгож байгаа тухай MICC-ийн судалгаа MMJ-ийн гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэнийг сануулахад илүүдэхгүй бизээ. Дэд бүтцийн төслүүд, тэр тусмаа Тавантолгойн авто зам, төмөр замын асуудлаар энэ дугаарт Б.Төгсбилэгтийн “Тавантолгойн замууд” нийтлэлд тусгайлан хөндсөнөөс дэлгэрүүлэн уншина уу. 

Чингис бондын мөнгийг судалгаа тооцоо муутай тал тал тийш цацаж, гарын салаагаар үр ашиггүй урсгасан ойрхны жишээ бидэнд бий. Төлөөсийг нь улсаараа одоо төлж яваа. Мега төлөвлөж, мини дуусдаг энэ аргынхаа сайн мууг бид хангалттай мэдэх болсон учир ЭТТ дээр алдааг давтахгүй урагшлах нь дөт бөгөөд зөв зам юм.
Бас IPO хийгээд ийм хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгож чадах уу гэдэг ч эргэлзээтэй асуудал. 180 хоногийн дараах нөхцөл байдлаар сайндаа л 1-2 тэрбум ам.доллар босгоно гэсэн таамаглалыг хөрөнгийн захын мэргэжилтнүүд хэлж ярьсаар байгаа.     

Нөгөө талаар Ажлын хэсгийн урьдчилсан тооцооллоор “Эрдэнэс Тавантолгой”-н одоогийн олборлолтын хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх буюу үйлдвэрлэлийн хэмжээг ихээхэн өсгөх нь байна. Ийм их нүүрс гаргахаар борлогдох уу, зах зээл нь шингээх үү, өнөө боомтын нэвтрэлт шийдэгдсэн үү. Түүнийг шийдлээ гэж үзэхэд ийм их нийлүүлэлт үнээ унагахгүй юу, үнэ ямар байх юм, урт хугацаандаа үнийн түвшин хадгалагдах уу, дандаа өндөр гялалзаад байх уу. Тухайлбал, коксжих нүүрсний үнэ 150 ам.доллараас доош орвол урт хугацаандаа ашигтай ажиллаж чадах уу гэдэг тооцоолол хамгийн гол асуулт билээ. Гэхдээ тийм тооцоо судалгаа ард нь байгаа гэж найдъя.  

Ердөө хоёр жилийн өмнө баяжуулсан коксжих нүүрсийг 40 ам.доллараар борлуулъя гэхэд авах хүн олдохгүй хэцүү байдалтай байсныг MMС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэвлэлд ярьсан байсан. Зах зээлд цаашид үнэ тийм ч өөдрөг биш, гол зах зээлийн эрэлт өсөхгүй байх таамгийг зах зээл шинжээчид гаргасаар байгаа. Төмөр зам, угаах үйлдвэр гээд дэд бүтцийн байгууламжууд ЭТТ-н өрсөлдөх чадварыг сайжруулах боловч үнэ унавал асар их хөрөнгө оруулалтын зардлыг хэрхэн нөхөх вэ гэдэг том зовлонд унана. Ийм тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-г мега ажиллуулах бус ашигтай ажиллуулах нь номер нэг зорилт юм.

Энэ компанид хэрэгжүүлэх ёстой, асар их хөрөнгө оруулалт шаардсан төслүүд бий нь үнэн. Гэхдээ ашигт ажиллагаа бүхнээс чухал нь туйлаас үнэн билээ. IPO хийх тохиолдолд төмөр замаа бариад, түүгээрээ дамжуулан, олон зах зээлд нүүрсээ нийлүүлэх суваг нээгдэхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд орно. Хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэхийн тулд олборлолтоо нэмэх үү, зардлаа танах уу, илүү үр ашигтай техник худалдаж авах уу гэдэг нь өнөөдрийн улс төрийн бус харин компанийн цаашдын засаглалын шийдвэр билээ. Санхүү, Техникийн туршлагатай зөвлөхүүдийг зөв сонгон ажиллуулахын зэрэгцээ ЭТТ-н менежментийг улс төрөөс салгаж, бизнесийнх нь зарчим руу оруулж чадвал одоогийн урьдчилсан төлөвлөгөөн дэх энэ мэт хийдэл, улс төрийн чанартай дэвэргэн төсөөллийг залруулаад явах нь дамжиггүй. Харин тэр гольдрол руу оруулах нь Д.Сумъяабазар тэргүүтэй Ажлын хэсгийн барьж авах ёстой гол ажил юм.    
 
Өнгөрсөн зургадугаар сард Монгол Орос хоёр улсын Засгийн газар хооронд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ. Хэлэлцээрийн үр дүнд Монгол улс дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хөнгөлөлт авах боломж бүрдлээ гэж сайд дарга нар амаа чилтэл ярьж байгаа ч угтаа тухайн нөхцөлөөр ямар хөнгөлөлт авч байгаа, тээвэрлэлтийн зардал хэд болох нарийн тооцоог хэн ч хэлээгүй байна. Хэлэлцээрийг үзэглэсэн хэдий ч оросууд хөнгөлөлтөө баталгаажуулах ямар ч алхам хийлгүй, үйл явдлын өрнөлийг анхааралтай хүлээж байгаа юм. Хэлэлцээрийн цаана яригдаж буй хөнгөлөлтийн нөхцөлөөр тодруулбал Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтоор гуравдагч оронд экспортлох тээврийн өртгийг хэрхэн бууруулах, түүнчлэн Хятадаар дамжин гурав дахь зах зээлд нийлүүлэх нүүрсний тээврийн зардалтай өрсөлдөхүйц байж чадах уу гэсэн асуултад хариулт эрсэн Э.Оджаргалын “Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ?” нийтлэл The Mongolian Mining Journal-ийн долдугаар сарын шинэ дугаарт хэвлэгдлээ.

Түүнчлэн “2020 онд говь нутаг хоногт 200 мянган шоо метр гүний усны  хомсдолд орно гэдэг нь ерөөсөө Тавантолгой, Оюутолгой ордтой л холбоотой асуудал. Тиймээс Орхон говь, Хэрлэн говь, Онги гол төслүүдээ нэн яаралтай хэрэгжүүлэхээс аргагүй байдалд Монгол улс орж байна” гэж Алтайн Өвөр говийн усны сав газрын захиргааны дарга Д.Чандмань The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангайд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Говийн бүсийн ус тойрсон асуудлыг түүний ярилцлагаас дэлгэрүүлэн уншина уу.




Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 13 цаг 40 минутын өмнө
    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
  • Уржигдар 18 цаг 22 минутад
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
  • Уржигдар 10 цаг 36 минутад
    Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
  • Уржигдар 00 цаг 00 минутад
  • 2019-06-21 15:38
    Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.