Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Бямбацогт: Колумб алт сорьцлолт болон алтны худалдааг либералчилсан, харин Эквадор манайхтай адил системтэй




Өнгөрсөн тавдугаар сард Колумб, Эквадор улсад албан томилолтоор ажиллахдаа тус улсын алтны салбарын үйл ажиллагаатай танилцсан талаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

Колумб, Эквадор улсад ажилласан томилолтын зорилго юу байв? Ач холбогдлыг Та хэрхэн харж байна?
Тал бүрийн ач холбогдолтой, үр дүнтэй ажлын аялал боллоо. Цаг хугацааны хувьд манайд одоо яригдаж буй алтны худалдааг албажуулах, бүртгэл, гарал үүслийг тодорхой болгох, алт сорьцлолтын төвлөрлийг сааруулах, цэвэршүүлэх үйлдвэр барих зэрэг ажлын эхлэлтэй давхацсан нь сонирхолтой байлаа.

Бид Колумб, Эквадор хоёр улсад алтны нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн албажуулж, зохицуулдаг талаар ажиглалт, харьцуулалт хийн, нэвтрүүлэхүйц сайн туршлага байвал суралцах зорилгоор энэ ажлын айлчлалыг хийлээ. Онцолж хэлэхэд бичил уурхайн албажуулалтын түвшингээр манай улс энэ хоёр орноос нэг алхам урд явж байна. Заримдаа бид өөрт байгаа сайн зүйлээ харахын тулд урт зам туулах хэрэгтэй болдог юм байна. Тиймээс энэ сайн талаа цаашид хэрхэн тогтворжуулах, улам сайжруулж дэлгэрүүлэх талаар ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй.

Алтны худалдааны хувьд Колумб нэлээд ажил хийж байна. Манайхтай адил дийлэнх алтаа Европын Холбооны улсуудад нийлүүлдэг тул тэндээс тавьж буй шаардлага, дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай болдог. Ялангуяа алтны худалдааны бүртгэл, гарал үүслийг тодорхой болгосон нь албан сүлжээнд хууль бус алт нийлүүлэгдэхээс сэргийлэх тустай алхам болжээ.

Хоёр улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ хоорондын харилцан адилгүй системийн ялгаа нь юунд байна вэ?
Колумб нь алт сорьцлолт болон алтны худалдааг либералчилжээ. Тухайлбал, сорьцлох, цэвэршүүлэх үйл ажиллагааг хувийн хэвшил гүйцэтгэдгээрээ манайхаас ялгаатай. Төр нь зөвхөн хянах, зохицуулах, татвар хураамжаа авах, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг.

Харин Эквадор манайхтай адил системтэй. Төв банк нь алтаа худалдан авч валютын нөөцөө бүрдүүлдэг. Хэдий хоёр орон харилцан адилгүй системтэй ч ижил төстэй хүндрэл тулгардаг юм байна. Хилээр хууль бусаар алт гаргах, хяналт тавихад тулгардаг манайхтай адил бэрхшээлүүд байх жишээтэй.

Алтны худалдааны төвлөрсөн байдал нь аль ч улсад хүндрэл авчирч байна. Энэ хүндрэлийг Колумб хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, Эквадор манайхтай адил сорьцлох, худалдан авах төвүүдийг олборлолтын бүсэд байгуулах замаар шийдвэрлэж байна. Аль аль нь ашигтай хувилбар. Гэхдээ алт сорьцлох үйл ажиллагааны хувьд шилжүүлэх нь илүү сайн хувилбар байж болох талтай. Төр харин өөрийн үндсэн үүргийн дагуу хянах, татвар авах үүргээ гүйцэтгээд явбал илүү ашигтай байж болох юм. Үүнийг судлах шаардлагатай.

Дэлхий нийтээр олборлох үйл ажиллагаанд химийн хорт бодис, ялангуяа мөнгөн ус хэрэглэхийг хориглож байна. Колумб, Эквадор, Монгол Улс ч эгнээнд нь нэгдэн орж Минаматагийн конвенцийг хэрэгжүүлж байна. Харин байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй орлохуйц техник, технологийн шийдлийг төрөөс бодлогоор чиглүүлж өгөх хэрэгтэй гэдэг нь хоёр орны туршлагаас харагдсан. Ингээгүй тохиолдолд химийн хорт бодисын хэрэглээ улам нууц, аюултай түвшинд шилжих нь манай улсын өмнөх туршлагаас харагдаж байгаа. Монгол Улсад 2005 оноос хойш хэрэгжиж буй Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санаачилгаар мөнгөн ус ашиглахгүйгээр алтыг хүндийн хүчний аргаар ялган авах технологийг Монголд нэвтрүүлсэн нь сайшаалтай юм.

Монгол Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад тулгарч байгаа учир дутагдалтай талыг Та хэрхэн харж байна вэ?
Олон асуудал бий. Гэхдээ хамгийн эхлээд төвлөрсөн байдлыг халж чадвал олон асуудлыг шийдэх боломжтой. Тухайлбал, газар дээрээс нь алтыг худалдаж авснаар алтны нийлүүлэлт нэмэгдэнэ, тухайн орон нутагт үлдэх ашиг өндөр болно, зардлыг бууруулж, худалдааны олон шат дамжлагыг хална, эрсдэлийг багасна гэх мэт. Худалдааны дундын зуучлалын системийг халахад хүндрэлтэй байж болох юм. Гэхдээ энэ системийг албажуулснаар төр авах ёстой татвар хураамжаа авах боломжтой болох юм.

Өнөөгийн манай алтны худалдааны хууль эрх зүйн орчныг Та хэрхэн харж байна вэ?

Өнөөгийн байдлаар Монголбанк, арилжааны банкууд л алт худалдан авах эрхтэй байгаа. Гэтэл орон нутагт “ченжүүд” гэсэн нэршил бүхий хэсэг бүлэг иргэд алт худалдан авч байна. Эдгээр иргэдийг зохицуулсан дүрэм журам одоогоор байхгүй байна. Монгол Улс бичил уурхайн талаар дүрэм журам гаргасан ч алт худалдан авах үйл ажиллагаанд албан ёсны бичил уурхайн байгууллагуудыг дурдсан, дэмжсэн үйл ажиллагаа байхгүй. Мөн алтны худалдаанд оролцогчдыг, тэр дундаа албан ёсны бичил уурхайн нөхөрлөл хоршоод, алтны худалдаачдыг нэгдсэн бүртгэлд хамруулснаар тэд нараар дамжин худалдаалагдаж буй алтыг бүртгэж, хянах, улмаар зохих татварыг ногдуулах боломжтой. Колумб улс ийм бүртгэлийн нэгдсэн систем хийж чадсан байна. Бид ингэж чадвал татвараас зайлсхийх болон хууль бус үйл ажиллагааг хязгаарлахад томоохон түлхэц болно.



Хариуцлагатай алт, Шударга олборлолтын алт гэж сүүлийн үед их ярих боллоо. Энэ талаар ямар сайн туршлагууд байна вэ?
Бичил уурхайн байгууллагууд хариуцлагатай бичил уурхайн олон улсын стандартыг даган мөрдөж, ингэснээрээ олборлосон алтаа нэмүү өртөг шингээн зарж борлуулах боломжтой болж байна. Колумб улсад төвтэй Хариуцлагатай уул уурхайн холбооноос нэвтрүүлсэн Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагууд нь олборлосон алт химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулснаар олборлосон 1кг алт тутамдаа 4-6 мянган ам.долларын урамшуулал хүртдэг юм байна.

Монгол Улсаас бичил уурхайн нэг байгууллага энэ стандартыг мөрдөж ажиллаж байгаа. Европ болон барууны бусад оронд сертификат бүхий эко алт худалдан авах сонирхол, хандлага нэмэгдэж байгаа тул цаашид энэ стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагын тоо болон экспортлох алтны хэмжээг нэмэгдүүлэх нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд түлхэц болох, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд өсөх, эргэн нөхөгддөггүй байгалийн баялгаа нэмүү өртөг шингэсэн үнээр худалдаалах боломжтой болох юм. Chopard, Gucci зэрэг 100 гаруй томоохон брэнд Шударга олборлолтын алтыг өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хэрэглэдэг юм байна. Мөн Нобелийн шагнал, Каннын кино наадмын шагналыг Шударга олборлолтын гэрчилгээ бүхий эко алтаар үйлдвэрлэжээ. Манай улсын эко алтанд ч ийм боломж бий. Тиймээс эко алтыг зохих хууль, дүрэм журмын дагуу экспортод гаргахад миний зүгээс дэмжих бодолтой байгаа.